Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 0009

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Н.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ч-д холбогдох эрүүгийн 1925008720510 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Ч

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Ч нь 2019 оны 12 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн Люкс хотхон 27-24 тоотод Д.Пэлжээгийн нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Ер нь болсон явдлаа хагас, хугас санаж байна. Бид хоёр архи уусан. Бид 2 хамт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ажил төрөл ярьж байгаад маргалдсан байх. Буруу зүйл хийсэн. Маш сайн ойлгож байгаа. Хохиролд 200.000 төгрөг өгсөн. Энэ хэрэг үйлдсэн хутга манай гэрийн хутга мөн. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Надад учирсан гэмтлийг Чинбат учруулсан. Би Чинбатын гэрээс гарах гээд үүдний хэсэгт байхад Чинбат миний араас ямар нэгэн үзүүртэй зүйлээр хатгах шиг болсон. Би тухайн үед яг юугаар намайг хатгасан гэдгийг би хараагүй. Яг хатгах үед эвгүй мэдрэмж төрсөн. Гэрээс нь гадуур хувцсаа авч гараад өмссөн чинь миний нуруу хэсэг нойтон болсон юм шиг санагдаад гараа нуруу руугаа явуулаад тэмтрээд үзээд хартал цус болсон байсан. Тэгээд Чинбат миний нуруу руу хутгалчихлаа даа, би одоо яаралтай эмнэлэг рүү явах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд шууд эмнэлэг рүү явсан гэсэн мэдүүлэг /хх 14-16 ху/

 

-Насанд хүрээгүй гэрч Ч.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 12 сарын 05-ны өдөр ...намайг орж ирэхэд манай том өрөөний ширээ хөдөлсөн, дээр нь байсан бололтой аяга, таваг газар унасан байхаар нь би хөглөрсөн, бохирлогдсон аяга тавгийг аваад гал тогооны угаалтууранд бохирлогдсон зүйлүүдийг угаасан гэсэн мэдүүлэг /хх 24 ху/

 

-Яллагдагч Н.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Пэлжээ манай гэрт 1 шил архитай ирсэн. Манай эхнэр хоол цай хийгээд явсан. Бид хоёр согтоод ажлын талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан. Би Пэлжээгийн нуруун тус газар хутгаар хатгасан. Тухайн үед нилээн согсолттой байсан болохоор яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан ажлын талаар ярилцаж байсан санагдаж байна гэсэн мэдүүлэг /хх 57-58 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 01 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.П-н биед нуруунд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2019 оны 12 сарын 05-нд үүссэн байж болно

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 27 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 01 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Eden” гэсэн бичиглэлтэй 1 литрийн архины шилнээс 1 ширхэг гарын мөр илэрнэ, хутганаас гарын мөр илрэхгүй байна.

2. Шинжилгээний явцад илрүүлж, бэхжүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна.

3. Шинжилгээний явцад илрүүлж, бэхжүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй байх тул адитгалын шинжилгээ хийх боломжгүй байна гэсэн дүгнэлт / хх 33-34 ху/,

 

            -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх 3-4 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт / хх 5-6, 35-36, 42, 45-46 ху/

            -Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх 43 ху/

            -Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 44 ху/

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай / хх 47 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 49 ху/

-Н.Чыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 53, 57-58 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Ч нь 2019 оны 12 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн Люкс хотхон 27-24 тоотод Д.Пэлжээгийн нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Ер нь болсон явдлаа хагас, хугас санаж байна. Бид хоёр архи уусан. Ажил төрөл ярьж байгаад маргалдсан байх. Буруу зүйл хийсэн. Гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Пэлжээгийн “...Би Чинбатын гэрээс гарах гээд үүдний хэсэгт байхад Чинбат миний араас ямар нэгэн үзүүртэй зүйлээр хатгах шиг болсон. Би тухайн үед яг юугаар намайг хатгасан гэдгийг би хараагүй. Яг хатгах үед эвгүй мэдрэмж төрсөн. Гэрээс нь гадуур хувцсаа авч гараад өмссөн чинь миний нуруу хэсэг нойтон болсон юм шиг санагдаад гараа нуруу руугаа явуулаад тэмтрээд үзээд хартал цус болсон байсан” гэсэн /хх 14-16 ху/ мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ч.Хөххийморийн /хх 24 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед нуруунд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Н.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч Д.Пэлжээ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

                       

            Шүүгдэгч Н.Ч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, “Эдэн” нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Ч нь торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд сард 100.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, “Эдэн” нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА