Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 3679

 

Талуудын эврэлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Санроуд 7 давхарт байрлах Эбердигм Монгол ХХК /РД:5578264/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 61с байрны 28 тоотод байрлах Эрдэнэт постока ХХК /РД:2745259/-нд холбогдох 352,294,000.00 төгрөг болон 560,439,000.00 төгрөгийн үнэ бүхий экскаватор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2013 онд Эрдэнэт постока ХХК-тай 061/2013 тоот Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, DX500LCA маркийн 560,439,000.00 төгрөгийн үнэлгээтэй экскаваторыг 24 сарын хугацаатай 1 /нэг/ сарын 1.5 хувийн хүүтэй зээлээр тус компанид худалдахаар болсон.

 

Худалдан авагч нь тус экскаваторын урьдчилгаа төлбөрт 219,466,000.00 төгрөг төлсөн ба хамгийн сүүлд 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 8 дахь хуваарьт төлбөрийг төлж, үүнээс хойш 1.5 жилийн хугацаанд хуваарьт төлбөрийг огт төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалсан.

 

Тус гэрээний 4.1-т зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд экскаваторыг ашигласны хугацааг түрээсийн хугацаанд шилжүүлж, 1 /нэг/ сарын түрээсийн төлбөрийг 46,200,000.00 төгрөг байхаар тус тус тохирсон юм.

 

Хүйтний улиралд экскаваторыг ашигладаггүй тул өвлийн улирлыг хасч, 2013 оны 08 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд 592 өдөр буюу 18.73 сарын хугацаанд экскаваторыг ашигласан байх тул түрээсийн төлбөр 911,526,000.00 төгрөг, үүнээс хариуцагч талын өмнө нь төлсөн 219,466,000.00 төгрөгийг хасч, манай компанийн зүгээс 339,766,000.00 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, нийт 352,294,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн худалдан авагч тал экскаваторыг буцаан өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байх тул тус экскаваторыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, холбогдох баримтыг тус тус баталгаажуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийг үндэслэн хариуцагч Эрдэнэт постока ХХК-нд тус экскаваторыг ашиглахгүй байхыг даалгасан 11823 тоот захирамж гаргасан байна.

 

Зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, дараах зүйлийг тохирчээ. Үүнд:

 

  1. Нэхэмжлэгч 10126 тоот аралын дугаартай DX500LCA маркийн экскаваторыг хариуцагч тал гэрээнд заасан нөхцлийн дагуу худалдан авах боломжийг олгох,
  2. Хариуцагч нь экскаваторын үлдэгдэл төлбөр 478,883,101.00 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй Эвлэрлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх,
  3. Хариуцагч нь төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч талын зүгээс экскаватор болон түүний түрээсийн төлбөр 352,284,000.00 төгрөгийг хариуцагчаас албадан гаргуулахаар тус тус тохирчээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай бөгөөд эвлэрэл нь гагцхүү Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

 

Талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнээс үзвэл нэхэмжлэгч тал Түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 352,294,000.00 төгрөг, Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсантай холбогдуулан DX500LCA маркийн 560,439,000.00 төгрөгийн үнэлгээтэй экскаваторыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  өмнөх Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг үргэлжлүүлж, экскаваторыг хариуцагчид зээлээр худалдах, ингэхдээ экскаваторыг хариуцагч Эрдэнэт постока ХХК-нд үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл зохигчид 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 560,439,000.00 төгрөгийн үнэ бүхий экскаваторыг 24 сарын хугацаанд сарын 1.5 хувийн хүүтэй Эрдэнэт постока ХХК-нд худалдахаар тохирч, хариуцагч талаас урьдчилгаа 80,000,000.00 төгрөгийг төлж, үлдэх 480,439,000.00 төгрөгөөс 139,466,000.00 төгрөгийг мөн төлсөн байна.

 

Ийнхүү талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнд зааснаар хариуцагчийн зүгээс үлдэх төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хуваарьт заасан хэмжээгээр төлөхөөр болжээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар зохигчдын хооронд Зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаж гаргасан энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч нарт болон шүүхэд илэрхий байдлаар мэдэгдэж байгаа эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээд байхгүй, талууд эвлэрснээр зөвхөн тэдгээрийн хооронд үүсч, бий болсон гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлагын хүрээнд байгаагаас гадна хариуцагч Эрдэнэт постока ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагавар зөвхөн түүнд хамаарах тул тухайн эвлэрэл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Э.Эрдэнэтөгс /РД:ЛЮ82100714/ итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг түүнд эдлүүлэхээр болж, тухайн итгэмжлэл нь хуулийн шаардлага хангажээ. Харин хариуцагч Эрдэнэт постока ХХК-ийг төлөөлж Захирал Д.Эрдэнэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлөгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох ба гагцхүү төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр тодорхойлогдоно.

 

Нэгэнт уг хэрэгт хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд эвлэрсэн учраас бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг гэж хүлээн авч, бүрэн эрхгүй этгээдийн үйлдэл, үүний улмаас нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.

 

Ийнхүү хэрэг хянан хэлэлцэх ажилагааны явцад хариуцагч Эрдэнэт постока ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр талууд эвлэрч байгаа нь тэдгээрийн Эвлэрлийн гэрээ, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үр дагаварын талаар танилцсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ. 

 

Нөгөө талаар талуудын эвлэрэл нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний шаардлагын хүрээнд гаргасан нэхэмжлэлтэй хэрэг маргаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс тус эвлэрлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК/-ийн гаргасан хариуцагч Эрдэнэт постока ХХК-нд холбогдох иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-ийн гаргасан Эрдэнэт постока ХХК-нд холбогдох 352,294,000.00 төгрөг болон 560,439,000.00 төгрөгийн үнэ бүхий Экскаватор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч нь Эрдэнэт постока ХХК нь DX500LCA маркийн экскаваторыг худалдан авах зорилгоор цаашид үргэлжлүүлэн ашиглах, Эвлэрлийн гэрэний хавсралтад заасан хуваарийн дагуу үлдэх төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулах, хэрэв төлбөрийг зохих ёсоор төлөөгүй тохиолдолд Эбердигм Монгол ХХК нь DX500LCA маркийн экскаватор болон 352,294,000.00 төгрөгийг хариуцагчаас тус тус албадан гаргуулахаар эвлэрснийг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-иас урьдчилан төлсөн 4,721,615.00 төгрөгийн тал хувь болох 2,360,808.00 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 2,360,808.00 төгрөгийг хариуцагч Эрдэнэт постока ХХК-иас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү захирамж гарснаар шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11823 тоот дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах  тухай захирамж хүчингүй болсонд тооцсугай.

 

  1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.

                                   

 

  

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР