Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 35

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: А.Золзаяа;

шүүгдэгч: П.Л, түүний өмгөөлөгч В.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Л-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ял шийтгэлгүй, П.Л

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч П.Л нь Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-д “оршин суудаг газраасаа өөр аймаг, хотод суралцаж байгаа оюутны жилд 2 удаа орон нутагтаа ирж, очих зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөх” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102 дугаартай “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1-д “Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай” гэснийг зөрчин,

 

Өөрийн төрсөн хүү Л.Т-н “Мосс” ХХК-иар байгууллагадаа программ хангамжийн ажил хийлгүүлэх нэрээр халхавчилан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан мэтээр хуурамчаар үйлдэж, ямар ч ажил үйлчилгээ явуулаагүй байхад "Оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан” төсвийн хөрөнгөнөөс 129.819.700 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “***” ХХК-ийн Голомт банкан дахь *** тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

 

Мөн Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байхдаа буюу төсөв захирагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэснийг зөрчин,

“***” их сургуулиас орон нутгаас суралцагч оюутнуудын замын зардлын мөнгө 2016 онд 1.119.000 төгрөг, 2017 онд 160.000 төгрөг нэхэмжилсэн байхад 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "Сити" их сургуулийн Голомт банкны *** тоот данс руу 82,586,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 75.767.800 төгрөг, нийт 158.353.800 төгрөгийг "Оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан" төсвийн хөрөнгөөс оюутны замын зардал нэрээр илүү шилжүүлж, зөрүү 157.074.800 төгрөгийг бэлнээр авч, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо *** байрлах Боловсролын зээлийн сангийн байрны засварт зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Г /1хх-ийн 45, 46-47, гэрч Г.Б /1хх-ийн 48-51/, гэрч Э.Б 1хх-ийн 52-54/, гэрч Т.Б 1хх-ийн 55-57, 2хх-ийн 191-193/, гэрч Т.Х /1хх-ийн 59/, гэрч А.Ө /1хх-ийн 61, 63, 2хх-ийн 216-217/, гэрч Л.Т /1хх-ийн 65-66/, гэрч Б.О /1хх-ийн 68/, гэрч Г.У /1хх-ийн 70-71/, гэрч М.А /1хх-ийн 73-74/, гэрч С.Б /1хх-ийн 77/, гэрч П.Е /1хх-ийн 79-80/, гэрч С.Б /2хх-ийн 194-196, 197-199/, гэрч Ц.Б /2хх-ийн 200-203/, гэрч Г.С /2хх-ийн 203-205/, Х.Н /2хх-ийн 206-208/, гэрч Б. /2хх-ийн 209-210/, гэрч О.С/2хх-ийн 213-214/, гэрч П.И /2хх-ийн 215/, гэрч Б.Б /2хх-ийн 218-219/, гэрч Н.Б /2хх-ийн 224-225/, гэрч С.О/2хх-ийн 248, 3хх-ийн 26-27/, гэрч Ч.Д /3хх-ийн 20-21/, гэрч А.Б /3хх-ийн 22-23/, гэрч С.Г /3хх-ийн 24-25/,  гэрч Б.З /3хх-ийн 28/ нарын мэдүүлгүүд, -**** захирлын албан тоот, хавсралтууд /1хх-ийн 83-250, 2хх-ийн 1-131/, “***” банкны албан тоот, хавсралтууд /2хх-ийн 134-158, 161-167/, “***” банкны албан тоот, хавсралтууд /2хх-ийн 169-177, 4хх-ийн 157-174, 191-207/, “***” Их сургуулийн Төрийн сантай хийсэн тооцооны жагсаалт /2хх-ийн 226-227/, “***” дээд сургуульд суралцагчдын замын зардлын тооцоо /2хх-ийн 223-246/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /2хх-ийн 249-250, 3хх-ийн 1-19, 208-210, 238-250, 4хх-ийн 1-26/, “***” Их сургуулийн албан тоот, хавсралтууд /3хх-ийн 31-77, 78-83/, “***” Дээд сургуулийн албан тоот, хавсралтууд /3хх-ийн 87-90/, Б**** яамны боловсролын зээлийн сангийн албан тоот, хавсралтууд /3хх-ийн 95-197, 4хх-ийн 103-122, 126-136, 140/, гэрч Б.З-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх-ийн 222-223/,  “-***н” Их сургуулийн депозит дансны хуулга /4хх-ийн 27-28/, “***” Дээд сургуулийн депозит дансны хуулга /4хх-ийн 29-46/, “***” Дээд сургуулийн оюутнуудын зардлын тооцоо /4хх-ийн 47-48/, хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж олголтын тайлан /4хх-ийн 49-98/, *** институтын албан тоот, хавсралт /4хх-ийн 144-147/, “У****”-ны албан тоот, хавсралт /4хх-ийн 149-153/,  “****”-ы албан тоот, хавсралтууд /4хх-ийн 176-189/, “Төрийн банк”-ны албан тоот, хавсралтууд /4хх-ийн 209-212/, “***”-ны албан тоот, хавтсралт /4хх-ийн 220-221/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралтууд /5хх-ийн 5-29/, Л.Т-н *** банкны депозит дансны хуулга /5хх-ийн 98-103/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 109-116/, шинжээчийн дүгнэлт, хавсралтууд /5хх-ийн 122-137/, “***” ХХК-ийн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 142-174/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /5хх-ийн 179-180/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /5хх-ийн 181-182/, П.Л-гийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 215-221, 5хх-ийн 209-210/ мэдүүлэг, П.Л-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 224-236/, хохирогч О.С-т хохирол төлсөн баримт /5хх-ийн 211/, П.Л-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /4хх-ийн 226, 242, 244-250, 32-33, 62-93/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Л нь нийтийн албан тушаалтан буюу Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн хүү Л.Т-н “***” ХХК-иар байгууллагадаа программ хангамжийн ажил хийлгүүлсэн мэтээр “Ажил гүйцэтгэх гэрээ” хуурамчаар үйлдэж, ямар ч ажил үйлчилгээ явуулаагүй атлаа “Оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан” төсвийн хөрөнгөнөөс 129.819.700 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “***” ХХК-ийн Голомт банк дахь *** тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

 

мөн дээрх албан тушаалд ажиллаж байхдаа төсөв захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчиж “***” Их сургуулийн орон нутгаас суралцагч оюутнуудын замын зардлын мөнгө 2016 онд 1.119.000 төгрөг, 2017 онд 160.000 төгрөг нэхэмжилсэн байхад 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “**” Их сургуулийн Голомт банкны *** тоот данс руу 82.586.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 75.767.800 төгрөг, нийт 158.353.800 төгрөгийг “Оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан” төсвийн хөрөнгөөс оюутны замын зардал нэрээр илүү шилжүүлж, зөрүү 157.074.800 төгрөгийг бэлнээр авч, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо **** байрлах Боловсролын зээлийн сангийн байрны засварт зарцуулж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Д.Г-н /1хх-ийн 46-47/ “...Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байсан П.Л-гээс Хөдөө аж ахуйн их сургуулиас өөрийн төрсөн хүү Л.Т-ийн “***” ХХК-ийн дансаар 129.819.700 төгрөгийг авсныг нэхэмжилж байна. Мөн П.Л нь “***” Их сургууль руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 122.101.800 төгрөгийг шилжүүлэн гаргуулж авсан боловч ....төсөвчин Д.О-н 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр 124.976.043 төгрөгөөр барилгын засварын ажил хийсэн нь тогтоогдсон. П.Л нь 122.101.800 төгрөгийг оюутны замын зардал, буцалтгүй тусламжид зориулах ёстой байтал төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байна...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Б.Б-н /1хх-ийн 48-51/ “...Манай сургууль Боловсролын зээлийн сангаас оюутны замын зардлын мөнгө бас буцалтгүй тусламжийн мөнгөнүүдийг авдаг. Боловсролын зээлийн сангаас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дээрх 2 үйл ажиллагааны мөнгө болох 421.028.140 төгрөг манай сургуулийн “***” банкны **** тоот дансанд орж ирсэн. Боловсролын зээлийн сангийн ерөнхий нягтлан бодогч А.Ө-тэй утсаар холбогдоод “шилжүүлсэн мөнгөнийхөө задаргааг явуулаарай” гэж хэлэхэд “гадаадын их, дээд сургуулийн оюутны манай сургуульд сурч байгаа оюутанд төрөөс өгч байгаа буцалтгүй тусламжийн мөнгө 15.717.200 төгрөг, буцалтгүй тусламж нь 221.122.400 төгрөг үлдсэн 184.717.200 төгрөг нь танай оюутнуудын замын зардлын мөнгө шүү” гэж хэлсэн. Дээрх зардлын мөнгө манай сургуулийн дансанд 2018 оны 06 дугаар cap хүртэл байсан. 2018 оны хагас жил өнгөрөөд нягтлан бодогч Намсрайг Боловсролын зээлийн сан ороод тооцоо нийлээд ир гээд явуулахад манай сургуулийн 2018 оны зам зардлын мөнгө 54 сая төгрөг байсан. Би А.Ө-эй яриад “манай 2018 оны оюутны замын зардлын мөнгө 54 сая байна” гэхэд “харин андуураад явуулсан байна” гэж хэлсэн.  Боловсролын зээлийн сангийн захирал П.Лгээс “манай сургуулийн захирал Т.Х-н нэр дээр программ хангамж хийлгэж байгаа тул төлбөрийг нь их дээд сургуулиудын консорциумаас гаргаж өгнө үү" гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн.  Т.Х захирал “төрийн сангийн дансанд мөнгийг нь хийхээр хураагаад авдаг гэнэ, программ хийж байгаа компанийн дансанд илүү шилжүүлсэн мөнгөө авна гэнэ, баримтыг нь бүрдүүлээд шилжүүлчих” гэхээр нь Боловсролын зээлийн сан болон “****” ХХК нарын хооронд байгуулсан гэрээг Т.Х захирлаас авч баримтад хийгээд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “***” ХХК-ийн ***н дахь ***** тоот дансанд 129.819.700 төгрөгийг шилжүулсэн” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Х-н /1хх-ийн 59/ “... Оюутны хөгжлийн зээлийн сангаас манай оюутнуудтай холбоотой зардлыг шилжүүлээд улмаар дээрх цаг хугацаанд буцааж мөнгө шилжүүлсэн байдаг. Яг тухайн үед илүү мөнгө шилжиж орж ирсэн гэдгийг мэдээгүй байж байтал Боловсролын зээлийн сангийн захирал П.Л нь Монголын их дээд сургуулиудын консорциумд хандаж “оюутны хөгжлийн программыг хийлгэхэд их сургуулиудаас дэмжлэг туслалцаа үзүүлээч” гэсэн утгатай бичгийг ирүүлсэн. Учир нь миний бие давхар дээрх консорциумын ерөнхийлөгчөөр ажилладаг. Би ирсэн албан бичгийг бүртгэж аваад “сургуулиудын захирлуудад саналаа ирүүлнэ үү” гэсэн утгатайгаар явуулсан. Манай сургуулийн нягтлан Боловсролын зээлийн сантай тооцоо нийлэхэд дээрх 129.819.700 төгрөгийг манай сургууль руу илүү шилжүүлсэн байдаг. Ийм нөхцөл байдал илэрснийг нягтлан надад хэлсэн. Гэтэл Боловсролын зээлийн сангийн нягтлангаас манай нягтланд “зөрүү мөнгийг программын зардалд шилжүүлэхээр болсон” гэж хэлэхэд нь “холбогдох гэрээгээ явуулна уу” гэж хэлсэн байдаг. Тэгтэл “****” ХХК болон Боловсролын зээлийн сангийн захирлын хооронд хийсэн 129.819.700 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг манай сургууль руу явуулсныг үндэслээд бид мөнгийг “****” ХХК-ийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Б-н  /1хх-ийн 56/ “... Манай боловсролын зээлийн сан 2015 оноос хойш 10 сая төгрөг буюу түүнээс дээш үнийн дүнтэй өөхөн бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаа хийсэн. ...2017 онд оюутны хөгжлийн зээлийн мэдээллийн систем, мөн гадаадад суралцагчдын мэдээллийн систем зэрэг программ хангамжуудыг нэг бүрийг нь ойролцоогоор 48-49 орчим сая төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Т-ийн /1хх-ийн 65-66/ “...Би тухайн үед Австрали Улсад сурч байсан болохоор 65 сая төгрөгийг “***” банкны данснаасаа интернет банкаар өөрийнхөө “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч сургалтын төлбөр, байрны төлбөр зэргийг төлсөн. Би Австрали Улсад сурч байхдаа төлбөргүй болоод ааваас сургалтын төлбөр, байрны төлбөр нэхэхэд ““***” ХХК-ийн дансанд мөнгө байгаа, интернэт банкиар ороод мөнгө ав” гэж хэлсэн. Би анх интернэт банк нээлгэхдээ нууц үг, нэвтрэх нэрээ аавдаа л хэлснээс өөр хэн нэгэнд хэлээгүй. Аав нэвтрэх боломжтой. Би компанийг үүсгэн байгуулснаас хойш ямар нэгэн захиалгат ажлыг хийж гүйцэтгэж байгаагүй. ...Автомашиныг өнгөрсөн жилийн 08 дугаар сард намайг ирсний дараахан аав худалдаж авсан. Машин одоогоор манай байрны гадна зогсоол дээр байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.О-н /1хх-ийн 67-68/ “...Лхагваа захирал Түмээ рүү сургалтын төлбөр, байрны зардлын мөнгө шилжүүл гэхээр нь 65 сая төгрөгийг Т-Н “***” банкны данс руу шилжүүлдэг байсан. Харин Г-н у нь миний бэр эгч бөгөөд Л захирлаас гуйж байгаад 40 сая төгрөгийг зээлж өгсөн. Энэ мөнгийг компанийн данснаас У эгчийн *** тоот данс руу шилжүүлж өгсөн. Уг мөнгийг У эгч захиралд нэг ч төгрөг дутаалгүй буцааж өгсөн. Миний мэдэхээр 2017 онд 2 төрлийн программ хангамжийг хийлгэсэн. Тухайн программ хангамжийн үнэ болон хийлгэсэн компанийн нэрийг мэдэхгүй байна. Үүнийг мэргэжилтэн Б сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Б-Н /2хх-ийн 195-196/ “...Боловсролын зээлийн сангаас 2016 онд манай сургууль оюутны замын зардалд 1.119.000 төгрөг нэхэмжлэхэд тус сангаас сургуулийн “***” банкны 1102100119 тоот данс руу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 82.586.000 төгрөг илүү шилжүүлсэн байсан. Б захирал илүү шилжүүлсэн мөнгийг яаралтай буцааж өгье гэхэд нь “***” банкны 1*** тоот данснаас манай нягтлан бодогч Солонго бид хоёр ээлжлэн чекээр бага, багаар авч захиралд өгсөн. Боловсролын зээлийн сангаас илүү шилжүүлсэн мөнгийг буцаагаад холбогдох хүнд нь бэлнээр өгчихлөө гэж хэлж байсан. Боловсролын зээлийн сангаас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай сургуулийн “****” банкан дахь 1***** тоот дансанд 75.767.800 төгрөг орж ирсэн. Би 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Боловсролын зээлийн сангаас илүү шилжүүлсэн мөнгийг мөн л Байгалмаа захиралд хэлэхэд тэрээр мөнгийг бэлэн гаргуулан авч Боловсролын зээлийн сангийн холбогдох хүнд нь өгчихлөө гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Б-Н  /2хх-ийн 200-203/ “... Би өдрийг нь сайн санахгүй байна,  2016 оны хавар шиг санагдаж байна. Манай сургуулийн нягтлан бодогч С.Баасанхүү “Боловсролын зээлийн сангаас 80 орчим сая төгрөг илүү орж ирсэн байна” гэж хэлэхээр нь холбогдох хүнээс нь асууя гэж хэлсэн.  Тэгээд би П.Л рүү яриад “танай сангаас манай сургууль руу 80 орчим сая төгрөг илүү ороод ирсэн байна” гэж хэлэхэд “тийм үү наад мөнгийг чинь авахгүй бол болохгүй, очоод авъя” гэж хэлсэн. Бид байгууллагын данснаасаа Боловсролын зээлийн сангаас илүү шилжүүлсэн 80 орчим сая төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр цувуулан авсан. П.Л өөрөө ирж авсан санагдаад байна. Хоёр, гурав дахь удаагийн мөнгийг бэлнээр өгсөн. Харин надаас хэн ирж авсан талаар одоо үнэхээр санахгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.С-Н /2хх-ийн 213-215/ “...П.Л надаас барилгын талаар яадаг, ямар өртөгтэй байдаг талаар асуугаад байсан. 2013 оны үед надтай таараад “ах нь улсын байгууллагад ажилладаг, байгууллагынхаа 2 дугаар давхарт засвар хийх шаардлагатай” гэхээр нь бид хоёр очиж үзэхэд ...2 давхардаа мэлийсэн том заалтай, аюгүй хүйтэн, их олуулаа сууж ажиллаж байсан. Намайг ороход тухайн барилга дотроосоо дулаан алдалттай, их хүйтэн байсан. Анхнаасаа дотроосоо дулаалгаа сайн хийхгүй байхаар тийм байдалд хүрдэг талтай. Тэгтэл П.Л ах гар зураг зуруулсан. Би гар зураг дээрээ энэ заалыг ингэж, ингэж хувааж болно, мөн шалыг нь хуулах, өрөөнүүдийг нэмж хийх, агааржуулалт хийх, тог цахилгаан хийх зэргээр нилээд ажил хийхээр байсан. ...Тэрэн дээр мөнгийг өгөх хугацааг заасан байдаг.  ...би хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг гаргаад П.Лд өгч байсан. Ажлын тухайд бага, багаар хийсээр байтал 4 cap орчим болсон байдаг. 2 давхрын бүх паркетан шалыг хуулж, шинээр шал шахсан, том заал байсныг шилэн ханаар нилээн олон өрөө болгож хуваагаад, дамждаг болгож өөрчилсөн. Тог цахилгаан, агааржуулалт зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн. ...мөнгөө өгөлгүй 2016 онд дахин надаар ажил хийлгүүлсний дараа 2 хувааж мөнгө өгсөн.  Эхлээд 2016 оны 10 дугаар сарын хавьцаа 81 орчим сая төгрөгийг, сарын дараа 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эхнэрийн төрсөн өдөр болдог өдөр 64 орчим сая төгрөг буюу нийт  145 орчим сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Б-Н /3хх-ийн 22-23/ “...Намайг анх ажилд ороход манай байгууллага Багшийн хөгжлийн ордны 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг байсан.  Намайг анх ажилд ороход том заалыг 3 болгож хуваасан. 3 том өрөөтэй байсан санагдаж байна. П.Л захирлын үед жижиг сажиг засварын ажил хийгдэж л байсан байх. Харин том хэмжээний засвар, үйлчилгээ хийгдээгүй санагдаж байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Д-Н  /3хх-ийн 20-21/ “...Намайг анх ажилд томилогдоход манай байгууллага Багшийн хөгжлийн ордны 2 дугаар давхрын 201 тоот том зааланд 12 мэргэжилтэн П хэлбэрээр суугаад ажлаа явуулдаг байсан. Намайг ажилд орсноос хойш нэг жил гаруйн дараа санагдаж байна, том заал байсныг шилэн ханаар тусгаарлаж 3 өрөөтэй болгосон. Мөн цонхноос сийгээд их хүйтэн байсныг хэд, хэдэн удаа янзлуулж байсан. Захирлын өрөө тухайн үед 4 дүгээр давхарт байсан бол одоо 2 давхрын эсрэг талын жигүүрт мөн манайх үйл ажиллагаагаа 2016 оноос хойш явуулж байгаа. Энэ хэсэгт захирлын өрөө байгаа. Миний мэдэхээр шилэн ханаар тусгаарлах, гэрэл чийдэнгүүдийг солих, хөшиг авч хийх зэрэг засвар үйлчилгээг хийж байсан...” гэх мэдүүлгээр,

 

П.Лгийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 209-210/: “...О.С-т 145.000.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 12.074.800 төгрөгийг мөн оюутнууд үйлчлүүлдэг Багшийн хөгжлийн ордны орчныг сайжруулах зорилгоор засварын ажил болон орчны тохижилтонд зарцуулсан. 157.074.800 төгрөгийг бүгдийг нь засварын ажилд зарцуулсан. Хувьдаа нэг ч төгрөгийг хэрэглэсэн, завшсан асуудал байхгүй. ...дээрх мөнгийг 1 жилийн хугацаанд байр сав, машин тэргээ зарж байгаад барагдуулна” гэх мэдүүлэг, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Х-С 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/255 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х*** “***” банкан дахь *** тоот данснаас “***” ХХК-ийн “**” банкан дахь *** тоот дансруу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 129.819.700 төгрөг шилжүүлсэн төлбөрийн №00000****дугаартай даалгаврын хариу /1хх-ийн 83-84/, ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 85-86/, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр **** ***** их сургуулийн “***” банкан дахь **** тоот данс руу 421.028.140 төгрөг “Буцалтгүй тусламж, замын зардал” гэсэн утгаар шилжиж орж ирсэн дансны хуулга /1хх-ийн 91/, “***” Их сургуулиас 2016 онд 160.000 төгрөг, 2017 онд 1.119.000 төгрөгийг “Оюутны замын зардал”-ыг нэхэмжилсэн баримт /Зхх-ийн 33-34/, Боловсролын зээлийн сангаас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “***” Их сургуулийн “***” банкны **** тоот данс руу 82.586.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-н өдөр “***” Их сургуулийн “**” банкны **** тоот данс руу 75.767.800 төгрөг нийт 158.353.800 төгрөгийг “Оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан” төсвийн хөрөнгөөс оюутны замын зардал нэрээр илүү шилжүүлж, зөрүү 157.074.800 төгрөгийг гэрчилсэн дансны хуулга /Зхх-ийн 79, 81/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “шүүгдэгч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүйг, хуурамч ажил гүйцэтгэх гэрээ байгуулах замаар төсвийн хөрөнгөөс оюутны замын зардал нэрээр илүү шилжүүлэн хувьдаа ашигласан зэргийг гэрч нар баталж мэдүүлсэн, дансны хуулгаар тогтоосон ” зэрэг  үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү П.Л нь төсөв захирагчийн хувьд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулалгүйгээр Боловсролын зээлийн сангийн байрны засварт зарцуулж буй нь “Төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан” буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг, мөн  нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн хүүхдийн үүсгэн байгуулсан компанийн дансаар шилжүүлэн авч буй нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна гэж шүүх дүгнэв.

 

П.Лгийн үйлдсэн “Төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан…” төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хүндэрсэн байх тул тухайн гэмт хэргийг үйлдэх үеийн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч П.Лгийн “Төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан”,  “ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг

дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Л гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 129.819.700

төгрөгийг нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан

бөгөөд шүүгдэгч П.Лг “Төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан”,  “ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан прокурорын саналыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх,  үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгөөр торгох ялаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй (1 нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх дээрх байдлаар ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн П.Лгийн нийт эдлэх ялын төрөл хэмжээг  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 17.640.000 /арван долоон сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Лд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй бөгөөд  П.Лгийн өмчлөлийн ......... төгрөгийн үнэ бүхий ...., ..... “Ниссан Патрол” маркийн тээврийн хэрэгсэл зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг тус тус хүчингүй  болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   П.Л-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт заасан “Төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Лг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх,  үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /240.000 төгрөг/ 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 17.640.000 /арван долоон сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч П.Л нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй бөгөөд П.Лгийн өмчлөлийн ............. “Ниссан Патрол” маркийн тээврийн хэрэгсэл зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                   

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ