Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00949

 

Л.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03246 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 482 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.Г

          Хариуцагч: Мд холбогдох

    Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны Б-I-307 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Г, түүний өмгөөлөгч Б, Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Г миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2008-05-15-ны өдрийн Б-1-87 дугаар тушаалаар Автотээвэр үйлчилгээний ерөнхий инженерээр томилогдон ажилсан. Энэ хугацаанд  ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга 2017-06-28-ны өдөр Б-1-307 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар 2017-07-03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ерөнхий инженерийн ажил үүрэг хэвээр хадгалагдаж Инженер механик гэх нэртэй болсон байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй.  Иймд  2017 оны Б-1-307 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгож, нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: УБТЗ-ын Ерөнхий хорооны 2009-04-17-ны өдрийн №4 дүгээр тэмдэглэлийн 10-р асуудлыг хэлэлцэж Замын орлогч дарга нар, ерөнхий нягтлан бодогч, хууль зүйн албаны дарга болон Оросын мэргэжилтнүүдээс бусад замын орон тоог батлах, замын орлогч дарга нарын ажлын байрны тодорхойлолт, алба, бие даасан хэлтэс, аж ахуйн нэгжийн дүрэм, ХНН УБТЗ-ын доторх салбар нэгжүүдийг байгуулах, татан буулгахтай холбоотой шийдвэр гаргахыг Замын даргад зөвшөөрсөн шийдвэр гаргаж, Ерөнхий хороо нь нийгэмлэгийн дүрмийн 17-р зүйлд заасан зарим эрх, үүргээ Замын даргад шилжүүлсэн. Энэхүү шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр  байгаа бөгөөд замын дарга Ерөнхий хорооны хурлаас олгогдсон эрхийнхээ хүрээнд 2017-06-02-ны өдрийн А-216 дугаар  тушаалаар УБТЗ ХНН-ийн салбар нэгж болох Автобаазыг 2017-06-02-ны өдрөөс татан буулгаж, Авто тээврийн үйлчилгээний төвийг байгуулсан. Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгосонтой холбогдуулан тухайн салбар нэгжийн орон тоог цөөрүүлсэн. ХНН УБТЗ-ын Хүний нөөцийн албанаас Л.Гт 2017-06-02-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулан өгч, хөдөлмөрийн гэрээг 2017-07-03-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.  Гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрмийн 22а, Үйлдвэрчний эвлэлийн холбооны  Хамтын гэрээний 3.4-г үндэслэсэн. Нэхэмжлэгчид 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03246 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.Гийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Авто баазын ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 6,454,552 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан ажилтны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 118,223 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 482 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо:  Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Шүүх аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсний аль үндэслэлээр ажилтныг чөлөөлж байгаагаа тодорхой зааж, уг үндэслэлээ нотлох үүрэгтэй гэжээ. УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төвийн ерөнхий инженерийн орон тоо хасагдсаны улмаас Л.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан нь  мэдэгдэх хуудас болон Замын даргын баталсан “Орон тоо”-гоор нотлогдож байгаа. Шүүх “...нэхэмжлэгчийн өмнө нь гүйцэтгэж байсан ажлын орон тоо, ажлын байр, чиг үүрэг байхгүй болсон байх учиртай ...” гэж, давж залдах шатны шүүх “... хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзвэл инженер-механикийн ажлын байр нь хасагдсан гэх ерөнхий инженерийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцаж байна” гэж тус тус үзжээ.  Гэтэл УБТЗ-ын Авто тээвэр, үйлчилгээний төвийн дарга Ц.Хажидсүрэнгийн баталсан ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолт, АТҮТөвийн дарга Н.Баттөрийн баталсан инженер-механикийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд Л.Гийн ерөнхий инженерийн ажлын байранд гүйцэтгэж байсан чиг үүрэг байхгүй юм. Ерөнхий инженерийн ажлын байранд гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг инженер механикийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцаагүй  нь нотлогдоно. Мөн шүүх  олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлаагүй, цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй хоол, унааны мөнгийг нэмж тооцсон нь үндэслэлгүй байна. Л.Г Авто баазын ерөнхий инженерийн орон тоо хасагдсан тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөө буюу 2017-06-02-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан тул цалин хөлсний тодорхойлолтыг 2017 оны 3, 4, 5 дугаар сараар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч цалин хөлсний тодорхойлолт болон түүний дүнтэй маргаагүй. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан журмын 4-т  цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон хоол, унааны хөнгөлөлтийн орлого нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй. Манай байгууллага нэхэмжлэгчид 2017 оны 3, 4, 5 дугаар сард хоолны хөнгөлөлт 175,000 төгрөг, унааны хөнгөлөлт 25,500 төгрөг нийт 200,500 төгрөг олгосон. Эдгээр хөнгөлөлтийг хасч нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход 49,862 төгрөг болж байгаа ба нийт ажилгүй байсан ажлын 106 хоногоор тооцоход 5,285,372 төгрөг болж байна. Түүнээс гадна ХНН УБТЗ-ын даргын 2017 оны Б-1-307 дугаар тушаалаар Л.Гтэй байгуулсан гэрээг цуцлахдаа 2 сарынх нь дундаж цалинтай тэнцэх хэмжээний 2,451,510 төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмж болгон олгосон. Энэхүү олгосон тэтгэмжийг хасвал нэхэмжлэгчид  2,833,862 төгрөгийн цалин хөлс олгохоор байна. Энэ тухай гомдлыг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхдөө унаа, хоолны мөнгө гэж салгаж төлөөгүй учраас... буруутгах боломжгүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын хууль тогтоомжид нийгмийн даатгалын шимтгэлийг салгаж төлөх зохицуулалт байхгүй бөгөөд төлөгдөж буй нийгмийн даатгалын шимтгэл нь олгогдож буй цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын үнийн дүнгээс тооцогддог. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Л.Г 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Мд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Автобаазын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүү мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        Мын дарга 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Б-1-307 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 “а”, “з”, МТЗ-дын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.4 дэх заалт, УБТЗ-ын даргын 2017 оны А-216 тоот тушаалыг тус тус үндэслэн Авто баазын ерөнхий инженер Л.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс цуцалжээ. /хх 6/    

       Л.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн тушаал  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй болох нь тогтоогдсон, хариуцагч гэрээ цуцалсан үндэслэлээ заагаагүйгээс ажилтныг ямар шалтгаанаар халсан нь буюу байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. 

       Хэрэгт авагдсан баримтаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг зогсоох үндэслэл нотлогдоогүйгээс гадна нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байв.

       Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлд хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ. 

        Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тэтгэмж  олгосныг Л.Г хүлээн авсан байх тул олговор 6,454,552 төгрөгөөс 2,451,510 төгрөгийг хасаж тооцоход энэ тогтоол саад болохгүй. Иймд гомдолд заасан уг үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :     

       1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03246 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 482 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 118.223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ