Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 736

 

Т.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Дэлгэрдалай,

Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Санчиндоржийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Мт холбогдох эрүүгийн 201726010846 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамжны 336 тоотод иргэн Д.Бтай “та хоёр Батцэнгэлийн дүүгийнхээс шапал хулгайлж авсан биз дээ” гэж маргалдан, улмаар гараараа цохих, хана, хаалга мөргүүлэх зэргээр хүч хэрэглэн, Д.Бын эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дотор хана, ар хана, хамар ясны хугарал, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Боржигон овогт Төрмөнхийн Т.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Мт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж ...” шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Санчиндорж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.М нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бусдад учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Д.Б нь хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүх хуралдаанд илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан бөгөөд Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр байтал анхан шатны шүүх хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд Т.Мт оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 2 жилийн хоёрны нэгээс багагүй ял оногдуулж 1 жил хорих ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Ялтны өмгөөлөгч Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Н.Санчиндоржийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх ял хөнгөрүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Т.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.  

            Прокурор Б.Дэлгэрдалай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 2 жил хорих санал гаргасан. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Давж заалдах шатны шүүхэд зүйлчлэл өөрчлөхгүйгээр ял хөнгөрүүлэх эрх хэмжээг нь хуульчилсан байдаг тул энэ тал дээр саналгүй. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд оролцож “гомдолгүй” гэдгээ илэрхийлсэн. ...” гэв.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Т.Мт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ... асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зөвлөлдөх тасалгаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ хэлэлцэх асуудлуудыг заасан бол мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлуудыг тодорхойлжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ  шүүх хуралдааны танхимд танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж дахин зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцэн шийдвэрлэхээр байна.  

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх асуудлуудыг нэг удаа зөвлөлдөн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Мт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Санчиндоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.