Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0200

 

 

 

 

 

 

 

 

 

“Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч С.Мөнхжаргал, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, С.Б, Х.М, Ц.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар шийдвэртэй, “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр: 1.Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 253 дугаар зүйлийн 253.7, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т т” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0028403 тоот сорилын дүнг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001431 тоот шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 тоот, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4541 тоот албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хариуцагчийн ******* бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн жагсаалтыг шинэчлэн батлах А/300 дугаар тушаалын хавсралтын Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем 3004.90.99 код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.30 код болохыг хариуцагчид даалгах, үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тогтоосон онцгой албан татварын 13.920.000 сая төгрөг буцаан төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “0028403” тоот сорилын дүнг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “0119001431” шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/91 тоот дотоод зурвасыг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 тоот албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4511 тоот албан бичгийг захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар/, хариуцагчийг “Nosmoq” бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/300 дугаар тушаалын хавсралтын “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ын 3004.90.99.00 код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.90 код болохыг хариуцагчид даалгах, Үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тогтоосон онцгой албан татварын 13.920.000/Арван гурван сая есөн зуун хорин мянган төгрөгийг буцаан төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нэхэмжлэгчийн Гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлтийн газрын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/91 тоот дотоод зурвасыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02-р сарын 04-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 128 / Ш32020 / 1428 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна гэж заажээ. Мөн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/TM2020/0454 тоот урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийн шүүгчийн захирамжид хэсэгт “... Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай 111 дүгээр зүйлийн 111.1, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 - т заасныг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4511 тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзав” гэж дурджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх, хууль зүйн дүгнэлт хийхээр хуульчилсан боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зургаан нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд захирамжаа танилцуулахдаа хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4511 тоот албан бичгийг захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, бусад шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл , анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/91 тоот дотоод зурвасыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан талаар захиргааны хэрэг үүсгэж захирамж танилцуулсан боловч, захиргааны хэрэг үүсгэх захирамжид өөрөөр тусгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явуулаагүй, зарим шаардлагыг шүүхийн санаачилгаар орхигдуулан шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ.

Тухайлбал, хариуцагчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбарт “...тус газраас 2017.08.23-ны өдрийн 02-2/91 тоот дотоод зурвасаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн “*******” нэртэй янжуур болох бүтээгдэхүүн нь БТКУС-ын кодын 2402.90.00 кодод ангилагдах талаар зөвлөмж ирүүлсэн нь тамхинаас гаргах бүтээгдэхүүн-д барааны ангиллын кодыг тодорхойлж ...” гэж хариу тайлбартаа БТКУС-ын ангиллын үндэслэлд маргаж байгаа хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх шийдвэрлэснээс өөрөөр шийдвэрлэж , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж байна.

2. Хууль ёсны буюу үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй талаар

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн жагсаалтын зүйл 24.02-т тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, сигарил, янжуур, тодруулбал зөвхөн тамхины ургамлын навчаар хийсэн янжуураас гадна, тамхи ба тамхи орлуулагчийг янз бүрийн харьцаагаар агуулсан янжуур, тамхинаас гарахад зориулсан тусгай найрлагатай янжуур ангилагдах тухай заасан байдаг. ...Нэхэмжлэгч нь дээрх байдлаар тухайн бүтээгдэхүүнийг оруулж ирэхдээ тухайн бүтээгдэхүүний орц, найрлагад Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн төв лабораториор шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулаагүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчийн Бүгд найрамдах Солонгос улсаас импортлон оруулж ирж буй “*******” бүтээгдэхүүн нь никотин агуулаагүй тамхинд агуулагддаг бохь болон глицерол агуулсан тамхины шүүлтүүртэй, янжуур хэлбэртэй ороосон ургамал байна. Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйл. “Хуулийн нэр томьёо”, 3.1 “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.2, “утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг” гэж заажээ... Нэхэмжлэгчийн Бүгд найрамдах Солонгос улсаас импортлон оруулж ирж буй “*******” бүтээгдэхүүн нь үйлдвэрийн аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай утаат тамхи гэж үзэхээр байна... Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22 ны өдрийн “Жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 300 дугаар тушаалаар “Барааг тодорхойлох, кодлох уялдуулах системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ыг шинэчлэн баталжээ... Дээрх “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын заалт, түүний тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгчийн Бүгд найрамдах Солонгос улсаас импортлон оруулж ирж буй “*******” бүтээгдэхүүн нь никотин агуулаагүй тамхинаас гаргах үйлчилгээтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэх боловч БТКУС-ийн 3004.90 гэсэн ангилалд хамааруулан ангилж, кодлох боломжгүй байна. Учир нь тус ангилалд эмчилгээ эсвэл урьдчилан сэргийлэх зориулалтын, тун хэмжээгээр бэлтгэгдсэн арьсан дээр нааж хэрэглэх хэлбэр орно/, эсвэл жижиглэн худалдаалах зориулалтаар савлагдсан, холимог бус эм орохоор байх бөгөөд тамхинаас гарахад туслах зориулалттай бүтээгдэхүүн энэ хамаарахааргүй байна. Харин тус никотин агуулаагүй тамхинд агуулагддаг бохь болон ангилалд глицерол агуулсан тамхины шүүлтүүртэй, янжуур хэлбэртэй ороосон ургамал гэх “*******" бүтээгдэхүүн нь БТКУС-ийн 2402.90 гэсэн ангилалд хамаарах бүтээгдэхүүн гэж үзэж лабораторийн дүгнэлт гаргаж, тус ангиллаар кодлогдож импортлогдоно гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна. гэж тус тус дурджээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актад дурдсан бүтээгдэхүүнийг янжуур тамхи, эсхүл тамхинаас гаргах бүтээгдэхүүн гэж хоёр өөр байдлаар дүгнэсэн ба хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны актад тус бүтээгдэхүүнийг янжуур тамхи гэж үзсэн байхад шүүх талууд маргаагүй, хариуцагчийн дурдаагүй үндэслэлээр буюу тамхинаас гаргах бүтээгдэхүүн гэж хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэхдээ нөхцөл байдлыг ойлгоогүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч анх шүүхэд хандахад хариуцагч нь Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар утаат тамхи гэж тайлбарласаар байтал бодит байдалд нийцээгүй, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээс өөрөөр шийдвэрлэж байна.

Түүнчлэн импортоор оруулсан “*******” бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/300 дугаар тушаалын хавсралтаар “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ээр тамхи гэж үзэж Онцгой албан татварыг үндэслэлгүйгээр тогтоож байна. Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэг "тамхин бүтээгдэхүүн” гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг”-т, 3.1.2 дахь хэсэг "утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг” гэж тус тус зохицуулжээ.

Дээрх хууль зүйн тодорхойлолт, нэр томьёоны тайлбар нь тамхи гэх бүтээгдэхүүнийг физикийн буюу хэв шинж талаас нь тайлбарлах бөгөөд химийн шинжийг Монгол Улсын стандартаар тодорхойлж тамхи болон эмийн бүтээгдэхүүнийг тодорхойлох буюу дан ганц хуульд заасан нэр томъёогоор тогтоох боломжгүй юм . Өөрөөр хэлбэл Монгол Улсын MNS 5024:2013, MNS 5024:2008 стандартад янжуур болон утаат тамхины техникийн ерөнхий шаардлагыг химийн болон физикийн шалгуур үзүүлэлтийг тавьсан. Тус химийн шалгуур үзүүлэлтээр тамхинд байх 1-7 төрлийн химийн бодисын хэмжээ, хязгаарыг тогтоох бөгөөд манай бүтээгдэхүүнд “Никотин” 0.00 мг гэж буюу байхгүй нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

1. Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 2/5008 тоот албан бичиг “SWIFT CO . LTD” нь эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх бөгөөд ... "Nosmoq” бүтээгдэхүүнд “HS code 3004.90.9900” код олгосон ”-т

2. Эм судлалын салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоол  никотин” илрээгүй нь тогтоогдсон тул “Тамхи бус” болно ... савлагааны хэлбэр болно”-д

3. Хими, Химийн технологийн хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/240 тоот шинжилгээний дүгнэлт “...Nosmoq"...тамхи биш...”-ээр

4. Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторийн 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн №0024952, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №90119001431 тоот шинжилгээний дүгнэлтээр ороосон ургамал хэмээн тодорхойлсон .

5. Гэрчээр мэдүүлэг өгсөн Ш.Батхуяг “... Дэлхий дээр тамхины бүтээгдэхүүнийг “ Eucоmmlia folium ” гэх ургамлаас гарган авдаг...тамхинд тус ургамал заавал орж байж тамхи болдог ..."

6. БНСУ-ын Хүнс эмийн аюулгүй байдлын Яамны чөлөөт худалдааны гэрчилгээний орчуулгын хуулбар

7. БНСУ-ын гаалийн хилээр 2017, 2018, 2019 онд оруулсан барааны мэдүүлэгт тус бүтээгдэхүүнийг БТКУС-ын 3004.90.90 тоот ангилалд хамруулсан.

8. Нийслэлийн эрүүл мэндийн газрын “Эм, эмнэлгийн хэрэгслийн лиценз”-ээр улсын хилээр оруулах зөвшөөрөл.

9. “SWIFT CO. LTD” байгууллагаас ирүүлсэн 2017 оны албан захианы орчуулга Дээрх нотлох баримт, шинжилгээний дүгнэлт, мэргэжлийн байгууллагын шийдвэрээр тус бүтээгдэхүүн нь тамхины төрөл бус харин эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх, тамхинаас гаргах үйлчлэл бүхий эмийн гаралтай тамхи орлуулах бүтээгдэхүүн гэдгийг нотолж байна. Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуулиар янжуур, навчин тамхи, дүнсэн болон задгай тамхи гэж тодорхойлох бөгөөд тус бүтээгдэхүүнд “Eucоmmlia folium” гэх эмийн ургамал агуулсан эмчилгээний болон тамхинаас гаргах бүтээгдэхүүн агуулагдаж байна.

Монгол Улсын олон улсын 1991 оны Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцын удиртгал хэсэг “Уялдуулсан систем болон Нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын худалдааны стандарт ангилал нь хоорондоо нягт уялдаа холбоотой байх ёстой гэж үзэж...", 1 дүгээр зүйл “ Барааг тодорхойлох , кодлох уялдуулсан систем ... зүйл, болон мөр, мөн тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий жагсаалт болон уялдуулсан системийн тайлбар , дүрмийг ”, Тамхины хяналтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.”-т гэж тус тус хуульчилсан.

Мөн Монгол Улсын олон улсын гэрээний 3 дугаар зүйлийн а хэсэгт талуудын үүргийг зохицуулах бөгөөд, хариуцагчийн 2020 оны 02-р сарын 19-ний өдрийн хариу тайлбарт зэргээр тус олон гэрээг хэлэлцэн тохирогч талууд гаалийн тарифын болон стacтистикийн жагсаалтыг нэг мөр ойлгох, гаалийн байгууллагууд нэр, төрлийн нэр бүхий барааг хэлэлцэн тохирогч улсуудын хилээр оруулахдаа өөр өөр БТКУС-ын нэг ангиллаар ангилж, гаалийн тариф болон татварыг ногдуулахад хэрэглэдэг чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий бүтээгдэхүүн БНСУ-ын хилээр БТКУС-ын код 3004.90 оруулаад Монгол Улсын хилээр 2402.02-т болж байгаа зэрэг нь Монгол Улсын олон улсын гэрээг зөрчиж байна. Энэ нь 2019 оны 09-р сарын 26-ны өдрийн БНСУ-ын Чонъ мёнъ гаалийн газрын экспортын мэдүүлгийн гэрчилгээний хуулбар /монгол хэлний орчуулга/-р БТКУС-ын ангилал, кодын 3004.90 /HS/ ангиллаар орсон байна.

БТКУС-ын 2017 оны тайлбар бичиг-н 24 дүгээр бүлгийн тайлбар хэсэгт энэ бүлэгт эмчилгээний тамхи хамаарахгүй /30-р бүлэг/ гэж бичсэн бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээг тайлбарлахдаа 3-р зүйлд бүлгийн мөрийн тайлбарын дарааллыг алдагдуулахгүй, мөрдөх талаар дурдсан бөгөөд эхлээд бүлгийн тайлбарыг чухалчлахыг заасан байхад зүйлийн тайлбараар тайлбарлаж байна. Мөн мөрийн тайлбарт тамхи /никотин/ агуулаагүй бүтээгдэхүүн энэ мөрөнд хамаарахгүй гэж заасан. Ерөнхий тайлбарт Тамхийг латин нэрээр solanaeae овгийн Nicotina төрлийн янз бүрийн зүйлийн ургамлаас гаргаж авдаг гэж тайлбараас харвал Олон улсад тамхи гэдэг ойлголтын химийн шинж нь дээр дурдсан төрлийн ургамлаас гаргаж авч байж тамхи гэдэг ойлголтыг бий болгох талаар дурдсан бөгөөд манай тохиолдолд никотин болон түүнтэй хамааралтай ямар ч ургамал байхгүй талаар дурдсан.

Мөн бүлгийн 2402.90-ын тайлбараар навчин болон янжуур тамхи хамаарахаас биш тамхи орлуулагч агуулсан эсвэл агуулаагүй бусад тамхины төрлүүд энд хамаарахгүй гэж тайлбарласан ба хариуцагчийн шийдвэрлэсэн бүлгийн дээрх хэсэг манай бүтээгдэхүүн хамаарахгүй ба бүлгийн тайлбарын сүүлийн хэсэгт эмчилгээний тамхи хамаарахгүй, тусгай найрлагатай тамхи хамаарах талаар заажээ. Өөрөөр хэлбэл тамхи гэдэг зүйл нь заавал дээр дурдсан овгийн ургамлын төрөл, зүйл, никотин гэдэг зүйлийг агуулсан тохиолдолд энэ бүлэгт хамаарахаар зохицуулсан.

Хариуцагч нь 2020.02.19-ны өдрийн тайлбарын 3-р талын 3 дахь хэсэгт 2017 оны 08-р сард анх гаалийн байгууллагад мэдүүлэхдээ хавсаргасан 2017.08.04-ний өдрийн экспортлогч байгууллагын албан захидалд БТКУС-ын кодыг 2404.90 гэж бичсэн учраас үндэслэсэн гэх бөгөөд хавтас хэрэгт байгаа баримтаар тус экспортлогч байгууллагын албан ёсны орчуулга захидалд БТКУС-ын 3004.90.-9900 кодтой гэж ангиллын талаар дурдсан бөгөөд тамхи биш бөгөөд тамхинаас гаргах бүтээгдэхүүн гэж бичжээ.

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх буруу дүгнэж, нэхэмжлэгчийн дурдсан нотлох баримт буюу эм, эм судлалын зөвлөлийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэх, хоёр улсын хилээр импортлогдохдоо БТКУС-ын 3004.90 гэж БНСУ-ын хилээр орж ирэхэд Монгол Улсын хилээр өөр кодтой байж болохгүй. Тухайлбал, Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн Олон улсын гэрээний зорилго нь нэг бүтээгдэхүүн харилцан тохиролцогч улсуудын хооронд өөр БТКУС-ын кодоор орох, түүнээс ул баалж гаалийн тарифын ангилал өөрчлөх асуудлыг зохицуулах зорилготой юм. Өөрөөр хэлбэл тус олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улсын Гаалийн байгууллага хүлээхгүй, БНСУ-ын хилээр БТКУС-ын 3004.90 кодоор, Монгол Улсын хилээр 2402.02 гэсэн хоёр өөр ангиллаар кодолсон Олон улсын гэрээг буруу хэрэглэж , тайлбарласныг шүүх шийдвэрлэхдээ анхаарч, дээр дурдсан олон нотлох баримтыг үндэслэл бүхий үгүйсгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “Т т” ХХК-аас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0028403 тоот сорилын дүнг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 0119001431 тоот шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 тоот, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4541 тоот албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хариуцагчийн ******* бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалтыг шинэчлэн батлах А/300 дугаар тушаалын хавсралтын Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем 3004.90.99 код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.90 код болохыг хариуцагчид даалгах, үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тогтоосон онцгой албан татварын 13.920.000 сая төгрөг буцаан төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны актыг захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор, уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т захирамжилсан үйл ажиллагааг хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзвэл хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянахаар зааж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заажээ.

          Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 албан бичиг нь “Т т” ХХК-иас ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 00/78 албан бичгийн хариу бөгөөд Гаалийн төв лабораторийн дүгнэлт болон барааны ангиллыг тодорхойлсон талаарх тайлбаруудыг өмнө нь хүргүүлсэн талаар, мөн тус компанийн импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнд хуульд заасны дагуу онцгой албан татвар ногдуулахаар эрх зүйн зохицуулалт үйлчилж байгааг дурдсан.

          Мөн Гаалийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4541 тоот албан бичиг нь “Т т” ХХК-иас ирүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0/76 дугаар албан бичгийн хариу бөгөөд “Танай компанийн импортолсон БНСУ-ын ...барааны гаалийн бүрдүүлэлтийг Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001431 тоот магадлан шинжилгээний дүгнэлтийг үндэслэн хийнэ. ...гаалийн байгууллагаас дээрх бараанд импортын онцгой албан татвар ногдуулах талаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 албан бичгээр хариуг өгч байсан.” гэжээ.

Нэхэмжлэгчийн “хууль бус” гэж маргаж буй  эдгээр албан бичиг нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар нэхэмжлэл гаргагч хуулийн этгээдэд эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинж болох зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйд хамаарахгүй, үүгээрээ тодорхой нэг тохиолдлыг зохицуулаагүй, харин захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компаниас ирүүлсэн албан бичигт тайлбар, лавлагаа, мэдээлэл өгсөн шинжтэй хариу байна.

Иймд захиргааны актын шинжийг агуулаагүй үндэслэлээр тус нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч “Т т” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4541 тоот албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.   

          2.”Т т” ХХК-аас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан  гаргасан “Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0028403 тоот сорилын дүн, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 0119001431 тоот шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, хариуцагчийн “*******” бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалтыг шинэчлэн батлах А/300 дугаар тушаалын хавсралтын Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем 3004.90.99 код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.90 код болохыг хариуцагчид даалгах, үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тогтоосон онцгой албан татварын 13.920.000 сая төгрөг буцаан төлүүлэх” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

          2.1.Маргааны үйл баримтын тухайд:

          Нэхэмжлэгч компани нь Бүгд Найрамдах Солонгос улсаас “Nosmo Q тамхинаас гаргахад туслах бүтээгдэхүүнийг 2017, 2018, 2019 онуудад импортоор оруулж ирсэн бөгөөд тус бүтээгдэхүүнийг 2017, 2019 онд Гаалийн төв лабораторийн шинжилгээнд хамруулсан, харин 2018 онд шинжилгээнд хамруулаагүй гэдэг нь хариуцагчийн хариу тайлбар[1], шинжилгээний дүгнэлтүүдээр[2] тогтоогдож байна.

          Нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол Улсын болон Солонгос Улсын гаалийн мэдүүлэгт “*******” бүтээгдэхүүний барааны кодын ангиллыг 2402.90.00 гэж зааж, бүтээгдэхүүнийг оруулж ирсэн гэдэг нь гаалийн мэдүүлгүүдээр[3] тогтоогдож байгаа бөгөөд тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Swift Co LТD-ийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн SW170801 үнийн нэхэмжлэх болон 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албан захидлаар[4]*******” бүтээгдэхүүний барааны кодын ангиллыг 2402.90.00 гэж тодорхойлсон гэдэг нь тогтоогдож байна.

          Харин нэхэмжлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн болон 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол Улсын болон Солонгос Улсын гаалийн мэдүүлэгт[5]*******” бүтээгдэхүүний барааны кодыг 3004.90.90 болон 3004.90-9900 гэж заасан, мөн үйлдвэрлэгчийн албан захидал[6], үйлдвэрлэгч “Swift Co LТD-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2019080105 нэхэмжлэхээр[7] бүтээгдэхүүний кодыг 3004.90-9900 гэж заасан гэдэг нь тус тус тогтоогдож байна. 

          Анх нэхэмжлэгч компанийн оруулж ирсэн “Nosmo Q” бүтээгдэхүүнийг Гаалийн төв лабораторийн шинжилгээнд хамруулан 2017 оны 08 дугаар сард 23-ны өдөр 0019908 сорилын дүн, 2017 оны 08 дугаар сард 24-ний өдөр 0024953 дүгнэлтээр тус бүтээгдэхүүнийг “Тамхины шүүлтүүртэй янжуур хэлбэртэй ороосон ургамал”, ангиллын кодыг 2402.90.00 гэж тодорхойлжээ.

          Ийнхүү тодорхойлохдоо хариуцагчаас Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /цаашид БТКУС гэх/-ийн код тодорхойлох зорилгоор Улаанбаатар дахь гаалийн газраас хүргүүлсэн гаалийн мэдүүлэгч “Т т” ХХК-ийн импортоор оруулж ирсэн “Nosmo Q” бүтээгдэхүүний дээж, түүнтэй хамт кодыг тодорхойлох 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0217L01814 дугаартай барааны мэдээлэл[8] түүнд хавсарган ирүүлсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Swift Co LТD-ийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн SW170801 үнийн нэхэмжлэх болон 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албан захидалд[9] бүтээгдэхүүний кодыг HS 2402.90.00 гэж тодорхойлсон байдал, БТКУС болон түүний тайлбарын 24 бүлэг зэргийг тус тус үндэслэжээ.

          Үүний дараа “Т т” ХХК-ийн импортоор оруулж ирсэн “Nosmo Q” бүтээгдэхүүний БТКУС-ийн кодыг тодорхойлох шинжилгээнд хамруулахаар “Мэ”-ээс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дээж, барааны мэдээллийг хариуцагчид хүргүүлсэн[10]. Уг мэдээлэлтэй хамт ““Т т” ХХК-ийн импортолсон “Nosmo Q” бүтээгдэхүүн нь МХЕГ-ын лабораторийн шинжилгээгээр “Никотин” илрээгүй нь тогтоогдсон тул “Тамхи бус” тамхинаас гаргах тусгай бүтээгдэхүүний савлагааны хэлбэр” гэсэн агуулга бүхий Эм, судлалын салбар зөвлөлийн Хурлын шийдвэр, үйлдвэрлэгчийн шинжилгээний сертификат, үйлдвэрлэгч “Swift Co LТD-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүний кодыг HS 3004.90-9900 гэж заасан 2019080105 нэхэмжлэх зэргийг хавсаргасан.

          Хариуцагчаас “Nosmo Q” бүтээгдэхүүний 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн дээжийг шинжлээд гадаад байдлаараа болон шинжилгээний үр дүнгээр глицерол, 3.14-3.37 мг/ш-бохь агуулсан, никотин агуулаагүй бүтээгдэхүүн болохыг тогтоож, энэ үр дүн нь үйлдвэрлэгчийн шинжилгээний сертификат болон барааны хайрцаг дээрх бохь, никотины агууламжтай тохирч байсан байдал, мөн  өмнө гаргасан 2017 оны 08 дугаар сард 23, 24-нд Гаалийн төв лабораторийн шинжилгээний 0019908 сорилын дүн, 0024953 дүгнэлтээр тодорхойлсон бүтээгдэхүүнтэй гадаад төлөв байдал, боловсруулалтын түвшин, найрлага зэрэг үзүүлэлтээрээ адилхан бүтээгдэхүүн,  БТКУС-ийн холбогдох дүрэм, тайлбаруудыг үндэслэн мөн MNS ISO4387:2001 MNS5024:2013MNS ISO10315:2001 стандартын дагуу “Smoking machine RM 20 тоног төхөөрөмжийг ашиглан нэхэмжлэгчийн бүтээгдэхүүнийг “Тамхины шүүлтүүртэй янжуур хэлбэртэй ороосон ургамал”, ангиллын кодыг 2402.90.00 гэж дахин тодорхойлж маргаан бүхий 0028403 сорилын дүн, 0119001431 шинжилгээний дүгнэлтийг тус тус гаргажээ.

          Мөн Гаалийн төв лабораторийн БТКУС-ийн 2402.90.00 кодод ангилагдахаар тогтоосон 2017 оны 08 дугаар сард 23-ны өдрийн 0019908 сорилын дүн, 2017 оны 08 дугаар сард 24-ний 0024953 дүгнэлт, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Тамхины тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг үндэслэн  Гаалийн ерөнхий газрын улсын байцаагчаас нэхэмжлэгч компанид 2017 оны 12 дугаар сард тогтоосон 13.920.000 сая төгрөгийн онцгой албан татварыг ногдуулж, нэхэмжлэгчээс уг татварыг төлсөн гэдэг нь нэмэлт маягт[11], нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар[12] тогтоогдож байна.

          Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч байгууллагаас гаалийн хяналт хийх явцдаа мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах тул  Nosmo Q” бүтээгдэхүүний барааны ангиллын кодыг тодорхойлох магадлан шинжилгээг анхны удаа хийлгэсэн.         

          Анхны шинжилгээгээр 2017 онд нэхэмжлэгчийн гаалийн мэдүүлэг, үйлдвэрлэгчээс өгсөн мэдээлэл болон БТКУС-ийн холбогдох дүрэм, тайлбаруудыг үндэслэн “Тамхины шүүлтүүртэй янжуур хэлбэртэй ороосон ургамал”, ангиллын кодыг 2402.90.00 гэж тодорхойлсон.

          Дараагийн шинжилгээгээр эхний шинжилгээнд хамрагдсан “Nosmo Q” бүтээгдэхүүнтэй гадаад байдал болон тус бүтээгдэхүүнд агуулагдах шинжээрээ шинжилгээний үр дүнгээр глицерол, 3.14-3.37 мг/ш-бохь агуулсан, никотин агуулаагүй зэргээр адил бүтээгдэхүүн гэдгийг стандарт болон тоног төхөөрөмжийг ашиглан шинжилж, өмнөх бүтээгдэхүүнтэй адил “Тамхины шүүлтүүртэй янжуур хэлбэртэй ороосон ургамал”, ангиллын кодыг 2402.90.00 гэж дахин тодорхойлжээ.

           Эдгээр байдлаас үзэхэд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн импортоор 2017, 2019 онд оруулж ирсэн бүтээгдэхүүнийг ижил бүтээгдэхүүн гэдгийг тогтоож, улмаар уг бүтээгдэхүүнд БТКУС-ийн 2402.02 гэсэн нэг кодыг өгсөн.

          Харин нэхэмжлэгч компаниас 2017, 2019 онд импортоор оруулж ирсэн “Nosmo Q” бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэгчээс өгсөн мэдээлэл болон нэхэмжлэгчээс гаргасан гаалийн мэдүүлгүүдэд тус бүтээгдэхүүний барааны кодыг 2017 онд 2402.90.00 гэж, харин 2018, 2019 онд 3004.90.90 болон 3004.90-9900 гэж хоёр зөрүүтэй байдлаар тодорхойлсон.

          Энэ байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн “БНСУ-ын хилээр БТКУС-ын 3004.90 кодоор, Монгол Улсын хилээр 2402.02 гэсэн хоёр өөр ангиллаар кодолсон” гэж хариуцагч талыг буруутган маргаж буй үндэслэл тогтоогдсонгүй.

          Хариуцагч байгууллагаас анхны шинжилгээг үндэслэн нэхэмжлэгчийн 2017 онд оруулж ирсэн “Nosmo Q” бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулсан байна.

          2.2.Хууль зүйн үндэслэлийн тухайд:

          Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ.”, 252.2-т “Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ.”, 253 дугаар зүйлийн 253.7-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.” гэжээ.

          Гаалийн тухай хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.1.8-д “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн үндэсний код боловсруулах”,  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Барааг тодорхойлох, кодлох Уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.” гэж тус тус заасан.

          Эдгээр хуульд заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалаар “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ыг баталсан бөгөөд уг жагсаалтын 1.4 дүгээр зүйлийн а-д “Уялдуулсан системийн бүх зүйл болон мөрийг тэдгээрийн тоон кодын хамт нэмэлт, өөрчлөлтгүйгээр хэрэглэх, уялдуулсан системийн тайлбар дүрэм, бүх хэсэг, бүлэг мөрийн тайлбарыг хэрэглэх бөгөөд уялдуулсан системийн хэсэг, бүлэг, зүйл, эсвэл мөрийн үйлчлэн хүрээг өөрчлөхгүй байх, уялдуулсан системийн тогтоосон дарааллыг баримтлах”[13]-аар зохицуулжээ.

          БТКУС-ийн Тайлбарын 24-р бүлгийн тайлбарт “Тамхи, түүнийг орлуулах бүтээгдэхүүн, ерөнхий тайлбарт энэ бүлэгт боловсруулсан ба боловсруулаагүй тамхинаас гадна тамхи агуулдаггүй боловч тамхийг орлуулах бүтээгдэхүүн хамаарна”, 24.02-ын гарчигт ...тамхи орлуулагчаар хийсэн янжуур, 24.02 тайлбарын 2-т “зөвхөн тамхины ургамлын навчаар хийсэн янжуураас гадна тамхи ба тамхи орлуулагчийг янз бүрийн харьцаагаар агуулсан янжуур энд орно”, “эмчилгээний зориулалттай биш боловч тамхинаас гаргахад зориулсан тусгай найрлагатай янжуур энд орно.”[14] гэж заасан.

          Мөн БТКУС-ийн жагсаалтад 3004.90.99.00 барааны код байхгүй байгаа бөгөөд  3004-ийг тодорхойлсон 30-р бүлэг “Эм зүйн бүтээгдэхүүн” Энэ зүйлд дараах бүтээгдэхүүн хамаарахгүй:Тамхинаас гарахад туслах зориулалттай шахмал, зажилдаг бохь, буюу наалт /трансдермал систем/ зэрэг бэлдмэл энд хамаарахгүй[15] гэжээ.

          Эдгээрээс дүгнэхэд барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу нэг барааг хоёрдмол утгатай тайлбарлахаас зайлсхийх үүрэгтэй, нэг барааг хоёр өөр ангиллын кодод хамааруулан ангилахгүй байхаар заасныг, мөн БТКУС-ийн жагсаалтад 3004.90.99.00 барааны код байхгүй, тамхинаас гарахад туслах зориулалттай шахмал, зажилдаг бохь, буюу наалт /трансдермал систем/ зэрэг бэлдмэл 3004 бүлэгт хамаарахгүй байхаар заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий шинжилгээний сорилын дүн, дүгнэлтийг гаргасан.

          Иймд үйлдвэрлэгчээс өгсөн мэдээлэл болон нэхэмжлэгчээс гаргасан гаалийн мэдүүлгүүдэд “Nosmo Q” бүтээгдэхүүний барааны кодыг 2017 онд 2402.90.00 гэж, харин 2018, 2019 онд 3004.90.90 болон 3004.90-9900 гэж хоёр зөрүүтэй байдлаар тодорхойлсныг мэргэжлийн магадлан шинжилгээнд хамруулах замаар “Тамхины шүүлтүүртэй янжуур хэлбэртэй ороосон ургамал”, ангиллын кодыг 2402.90.00 гэж тодорхойлсон маргаан бүхий 0028403 тоот сорилын дүн, 0119001431 тоот шинжилгээний дүгнэлтийг болон жагсаалтыг шинэчлэн батлах А/300 дугаар тушаалын хавсралтын Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем 3004.90.99 код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус бөгөөд нэхэмжлэгч компанийн онцгой албан татвараас чөлөөлөгдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

          Түүнчлэн 253 дугаар зүйлийн 253.7-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.”, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-“Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна: 4.1.2. бүх төрлийн тамхи”, Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг” заасныг болон нэхэмжлэгч компанийн Nosmo Q” бүтээгдэхүүнийг Тамхины шүүлтүүртэй янжуур хэлбэртэй ороосон ургамал”, ангиллын кодыг 2402.90.00” тодорхойлсон 2017 оны шинжилгээний дүн, дүгнэлтийг үндэслэн Nosmo Q” бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус бөгөөд нэхэмжлэгч компанийн онцгой албан татвараас чөлөөлөгдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

          “БТКУС-ийн жагсаалт, түүний тайлбар, Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт болон зориулалтын техник төхөөрөмжийг ашиглан нэхэмжлэгчээс импортоор оруулж ирсэн нэг ижил барааг нэг ижил 2402.90.00 гэсэн барааны кодын ангиллаар тодорхойлсон мэргэжлийн байгууллагын шинжилгээний дүн, дүгнэлтийг нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан “барааг хоёр улс өөр кодоор тодорхойлж болохгүй, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хоёр өөр ангиллаар кодолсон олон улсын гэрээг буруу хэрэглэж, тайлбарласан” гэх үндэслэлээр хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

          Дээрхээс гадна нэхэмжлэгчээс гомдолдоо “Эм судлалын салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор “Nosmo Q” бүтээгдэхүүнд “никотин” илрээгүй нь тогтоогдсон тул “тамхи бус” гэж дүгнэсэн, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/240 тоот шинжилгээний дүгнэлтэд “Nosmo Q” бүтээгдэхүүн “тамхи биш” дүгнэсэн” зэргээс “Nosmo Q” бүтээгдэхүүн нь тамхи биш, эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх, тамхинаас гаргах үйлчлэл бүхий эмийн гаралтай тамхи орлуулах бүтээгдэхүүн” гэж маргасан.

          Гэвч  Эм судлалын салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоол, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/240 тоот нь “Nosmo Q” бүтээгдэхүүнийг зөвхөн никитон агуулаагүй шинжийг дурдсан, харин тамхинд орох бохь, глицерол зэргийн талаар дурдаагүй, мөн эдгээр байгууллагаас БТКУС-ийн жагсаалтын дагуу барааны кодыг тодорхойлоогүй байна.

          Иймээс уг дүгнэлтээс илүү нарийвчилсан дүгнэлт болох Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017, 2019 оны шинжилгээний дүн, дүгнэлтээр “глицерол, 3.14-3.37 мг/ш-бохь агуулсан, никотин агуулаагүй”, “Тамхины шүүлтүүртэй янжуур хэлбэртэй ороосон ургамал” гэж барааны кодыг тодорхойлсон шинжилгээний дүнг баримталсан шийдвэр гаргасан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

          Нэхэмжлэгч талаас гомдолдоо “2402.90 ангилалд уг кодын тайлбараар навчин болон янжуур тамхи хамаарахаас биш тамхи орлуулагч агуулсан эсвэл агуулаагүй бусад тамхины төрлүүд хамаарахгүй гэж тайлбарласан, 3004.90 кодтой ангилалд тамхи биш бөгөөд тамхинаас гаргах, эмийн гаралтай тамхинаас гаргах бүтээгдэхүүн хамаарахгүй тул Nosmo Q” бүтээгдэхүүн 3004.90 кодтой ангилалд хамаарна” гэж тайлбарлан маргажээ.

          Энэхүү нэхэмжлэгч талын маргаж буй  үндэслэл нь БТКУС-ийн Тайлбарын 24-р бүлгийн тайлбарт “Тамхи, түүнийг орлуулах бүтээгдэхүүн, ерөнхий тайлбарт энэ бүлэгт боловсруулсан ба боловсруулаагүй тамхинаас гадна тамхи агуулдаггүй боловч тамхийг орлуулах бүтээгдэхүүн хамаарна”, 24.02-ын гарчигт ...тамхи орлуулагчаар хийсэн янжуур, 24.02 тайлбарын 2-т “зөвхөн тамхины ургамлын навчаар хийсэн янжуураас гадна тамхи ба тамхи орлуулагчийг янз бүрийн харьцаагаар агуулсан янжуур энд орно”, “эмчилгээний зориулалттай биш боловч тамхинаас гаргахад зориулсан тусгай найрлагатай янжуур энд орно.”[16], мөн БТКУС-ийн жагсаалтад “3004.90.99.00 барааны код байхгүй байгаа бөгөөд  3004-ийг тодорхойлсон 30-р бүлэг “Эм зүйн бүтээгдэхүүн” Энэ зүйлд дараах бүтээгдэхүүн хамаарахгүй:Тамхинаас гарахад туслах зориулалттай шахмал, зажилдаг бохь, буюу наалт /трансдермал систем/ зэрэг бэлдмэл энд хамаарахгүй[17]” гэсэн  тайлбаруудаар тус тус үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

             Мөн нэхэмжлэгч талаас гомдолдоо “анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4541 албан бичгийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн,  гэтэл анхан шүүхийн шийдвэрт “2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/91 тоод дотоод зурвасыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн” гэж дурдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж тайлбарлажээ.

          Хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар[18] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан   “Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/91 тоот дотоод зурвасыг хүчингүй болгуулах” тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн, уг захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид гардуулсан баримт[19] хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгч талын “урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4541 албан бичгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэж маргаж байгаа үндэслэлээр анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т т” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 тоот, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4541 тоот албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 253 дугаар зүйлийн 253.7, 2681 дүгээр зүйлийн 2681.1.8, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т т” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0028403 тоот сорилын дүнг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001431 тоот шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, хариуцагчийн ******* бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн жагсаалтыг шинэчлэн батлах А/300 дугаар тушаалын хавсралтын Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем 3004.90.99 код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.30 код болохыг хариуцагчид даалгах, үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тогтоосон онцгой албан татварын 13.920.000 сая төгрөг буцаан төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

               ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 69 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 71-77, 110-118, 2-р хавтас 169-171 дэх тал

[3] Хэргийн 3-р хавтас 3, 75, 77, 107, 117, 122 дахь тал

[4] 1-р хавтас 75-76, 3-р хавтас 24-25

[5] Хэргийн 2-р хавтас 83-85, 3-р хавтас 81, 112 дахь тал

[6] Хэргийн 2-р хавтас 244 дэх тал

[7] Хэргийн 2-р хавтас 176 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 112 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 75-76, 3-р хавтас 24-25,

[10] Хэргийн 2-р хавтас 172-181 дэх тал

[11]Хэргийн  2-р хавтас 232 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 129, 146 дахь тал

[13]Хэргийн 1-р хавтас 149 дэх тал

[14] Хэргийн 1-р хавтас 174 дэх тал

[15] Хэргийн 1-р хавтас 178, 186, 188 дахь тал

[16] Хэргийн 1-р хавтас 174 дэх тал

[17] Хэргийн 1-р хавтас 178, 186, 188 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 136-139 дэх тал

[19] Хэргийн 1-р хавтас 139 дэх тал