Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 41

 

 

Н.Лувсанжамбаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2016/00969 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Лувсанжамбаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

 

ИНЕГ-ын даргын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны олговорт 72 444 240 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чулуунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Лувсанжамбаагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би  2011 оны 8 дугаар сард ИНЕГ-ын харъяа Хэвлэлийн цех байгуулагдсан цагаас эхлэн хэвлэлийн эх бэлтгэгчээс эхлэн ажиллаж, хэвлэлийн цехийн эрхлэгч болтлоо тасралтгүй 12 жил ажилласан. 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ИНЕГ-аас Мөрөн Нисэх онгоцны буудлын өргөтгөлийн ажилд хяналт тавих ажилтнаар томилогдсон. Нисэх онгоцны буудлын барилгын өргөтгөлийн ажил 1 жил гаран хугацаанд үргэлжлэн, 2012 оны 10 дугаар сард ажлыг нь хүлээж авсан байдаг. Ажлаа хүлээж авсны дараа 2013 оны 01 дүгээр сард Н.Лувсанжамбааг цаашид ажиллах боломжтой, ажиллах ёстой хүн гэж үзсэн учир Англи улсруу хэлний сургалтанд явуулсан. 2013 оны 01 дүгээр сард Н.Лувсанжамбаагийн цалингийн картруу нь цалин хийсэн байсан. Монголд ирэх үед нь ИНЕГ-т нэлээд өөрчлөлт орсон байсан. 2013 оны 02 дугаар сарын сүүлээр Н.Лувсанжамбааг Англи улсаас ирээд ажилдаа оръё гэхэд нь удаан хүлээлгэсэн. Нийгмийн даатгал нь төлөгдөхгүй байсан учир Н.Лувсанжамбаа компанид ажил хийж, нийгмийн даатгалаа төлж байсан. 2014 оны 9 дүгээр сард удирдлагадаа хандан өргөдөл бичихэд хариу өгөхгүй байсаар 2014 оны 1 дүгээр сард ажлаас чөлөөлсөн гэсэн тушаал гаргасан. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэхгүй бүхэл бүтэн 11 cap өнгөрсөн байсан. Тухайн хүнд ажлаас чөлөөлөгдсөн гэж хэлээгүй, нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөөгүй байсан. 2013 оны 02 дугаар сараас 2014 оны 01 дүгээр сарыг хүртэл ямар ч тодорхой хариу өгөлгүй байлгаж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөөгүй учир нэхэмжлэл гаргасан. 2012 оны 10 дугаар сард тухайн ажил дуусахад хөдөлмөрийн гэрээ дуусах байсан юм бол ажлыг 2012 оны 12 дугаар сард хүлээгээд авчихсан байсан. Буцаж ажилдаа орох гэсэн боловч түр хүлээж бай гэсэн хариу өгсөөр өдий хүрсэн. 2014 онд албан бичгээр хариу өгөхдөө 2014 оны гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж байна гэсэн хариу өгсөн байдаг. Тиймээс ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай мэдэгдээгүй. 2014 оны 01 сарын 21-ний өдөр гэрээ цуцалсан гэсэн. Тиймээс энэхүү тушаалын агуулга нь хөрөнгө оруулалт дууссан, Засгийн газрын агентлагийн хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ямар нэгэн заалтыг баримтлахгүй гэрээг цуцалсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар үндэслэл болгосон байсан. Анх хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс эхлэн улсын комисс хүлээж аваагүй байхад үндэслэлгүйгээр дуусгавар болгосон хууль зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан талаарх баримт байхгүй бөгөөд Мөрөн хатгалын барилгыг улсын комисс хүлээж авсан тухай акт байхгүй. Н.Лувсанжамбаа нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ээс нийт 44 сарын хугацаанд цалингүй ажиллаж байсан.

Иймд урьд эрхэлж байсан ажил буюу Мөрөн хатгал нисэх буудлуудын аэрдромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 72 444 240 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч Н.Лувсанжамбаа нь ИНЕГ-т анх 2001 оны 8 сараас хэвлэлийн цехийн эх бэлтгэгч-дизайнер, хэвлэх үйлдвэрийн даргаар дэвшин ажилласан байдаг. Ингээд Н.Лувсанжамбааг 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сум, Мөрөн Нисэх онгоцны буудлын ажилд хяналт тавих хяналтын ажилтнаар томилсон. 1 жилийн хугацаанд энэ ажил дуусаагүй байсан учир энэ ажлыг дуустал гэрээг сунгасан байдаг. Н.Лувсанжамбааг 2013 оны 01 дүгээр сард гадаадад сургалтанд хамруулж явуулсан нь үнэн. Тухайн сургалт нь 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм. Нэхэмжлэгчийг сургалтанд яваад ирэхэд нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байдаг. Нэхэмжлэгч өөрөө 2013-2014 он хүртэл ямар ч цалин аваагүй байж яагаад өөрийгөө ажилтай байна гэж бодсон юм бэ. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц өөр ажилд томилно гэсэн зүйл огт байдаггүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан ч 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нөхөж тушаал гаргасан байсан нь үнэн. Н.Лувсанжамбаа 2011 оны 9 дүгээр сард захиргаанд хандаж өргөдөл өгч, түүнд нь 11 дүгээр сарын 20-ны өдөр хариу өгсөн байдаг. Тушаал гарсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 21-нд ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Гэтэл энэ хугацаанд ямар ажил хийж байсан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн асуудал биш юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Харин эргэж ирээд ажлаа хийгээгүй учир цалин ч олгогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байгаа. Энэ гэрээ нь хугацаатай гэрээ байсан. Мөн хугацаа нь нөхцөлтэй байсан. Энэ ажил нь дууссанаар тухайн гэрээний хугацаа дууссан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Хатгалын нисэх буудлын шороон зурвас байгуулах ажил нь ИНЕГ-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил бөгөөд уг ажлыг захиалагч ИНЕГ уг ажлыг актаар 2012 оны 8 сарын 31-ний өдөр хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч 2013 оны 01 сараас цалин аваагүй. Энэ хугацаанд яагаад өргөдөл гомдлоо гаргаагүй вэ гэдэг эргэлзээтэй байна. ИНЕГ-ын даргад бичсэн өргөдөл дээрээ энэ ажил нь дууссан юм гэдгийг нотолсон байдаг. 2014 оны 1 дүгээр сард нь бичиг баримтаа цэгцэлж, хуучин ажилдаа оръё гэсэн өргөдөл өгсөн байдаг. Тамгын газраас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир өөр ажилд авах боломжгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. Гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэж байгаа юм бол тухайн үед нь гомдол гаргах боломжтой байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Лувсанжамбаагийн ИНЕГ-т холбогдуулан ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байх хугацааны цалин хөлс нийт 72 444 240 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41  дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Лувсанжамбаагийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чулуунчимэг давж заалдах гомдолдоо: Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Мөрөн, Хатгал нисэх буудлуудын азродромын засварын ажил 2012 оны 9 дүгээр сард дууссан үеэс дуусгавар болсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нь ажил олгогчийн хувьд байнгын орон тоон дээр ажиллах ажилтантай хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан шаардлагыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байх хууль зүйн үндэслэлгүй болно. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гадаадад сургалтанд хамруулахаар шийдвэрлэж, цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тул хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилж байсан гэж үзнэ. Нэхэмжлэгч Н.Лувсанжамбааг 2013 оны 2 дугаар сард Англи улсад сургалтанд хамрагдаж ирснээс хойш хариуцагч нь ямар нэг тушаал, шийдвэр гаргахгүйгээр ажилтныг ажиллуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ИНЕГ нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан түхай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй ба уг үүргээ хэрэгжүүлээгүй нь ажилтныг хууль бусаар ажлаас халсан ажил олгогчийн хожим гаргасан шийдвэрийг зөвтгөх үндэслэл болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэнгүй. Ажилтныг ажлаас халсан тушаал, шийдвэрийг ажил олгогч гаргаагүй, ажилтан ийм шийдвэр хүлээж аваагүй нөхцөлд шүүхэд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129  дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасан "ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс" бус харин ажил үүргийг гүйцэтгүүлээгүй үеэс тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх шаардлагад нийцээгүй ба ажил олгогч шийдвэр гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн төдийгүй ажилтны шүүхэд хандах эрхийг нь хязгаарлаж, хохироосон байхад шүүх энэ байдлыг хөөн хзлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна. Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй, ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол түхайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговорыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд олгох ёстой. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д зааснаар ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон байгааг шүүх анхаарсангүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

             Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон байна.

 

Нэхэмжлэгч Н.Лувсанжамбаа нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулж Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 72 444 240 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Лувсанжамбаа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Хэвлэлийн цехэд эх бэлтгэгч, дизайнер, цехийн даргаар ажиллаж байгаад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2985 дугаар тушаалаар 2011 оны 9 сарын 01-ний өдрөөс Мөрөн нисэх буудлын барилгын өргөтгөлийн ажил болон Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан байх ба  Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн Б/394 дугаар Гадаадад сургалтад хамруулах тухай тушаалаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Анло-Континентал сургуульд 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 2 дугаар сарын 17-ны өдрүүдэд Нисэхийн англи хэлний сургалтанд хамрагдан ирсэн  байна.

 

Тэрээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг тус тус үндэслэн Ж.Лувсанжамбааг Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын инженерийн албан тушаалаас чөлөөлжээ.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан Н.Лувсанжамбаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажлын байраа дур мэдэн орхиж явсан гэх үндэслэл заасан нь хууль нийцээгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байраа дур мэдэн орхиж явсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Нэхэмжлэгч Мөрөн нисэх буудлын барилгын өргөтгөлийн ажил болон Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн Б/394 дугаартай “гадаадад сургалтад хамруулах” тухай тушаалаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Анло-Континентал сургуульд 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 2 дугаар сарын 17-ны өдрүүдэд Нисэхийн англи хэлний сургалтанд хамрагдан ирснээс өөрөөр ажлын байрыг орхиж явсан үйл баримт тогтоогдохгүй байхын зэрэгцээ сургалтанд хамрагдан ирснээс хойш нэхэмжлэгчийг ажлын байраар хангахгүй 11 сар байлгасны эцэст хөдөлмөрийн гэрээг цуцласан байна.

 

 Хариуцагч байгууллага 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 185 тоот  нэхэмжлэгч Н.Лувсанжамбааг Мөрөн, Хатгалын нисэх буудлын аэродромын засварын ажил дуусах хүртэл буюу 1 жилийн хугацаатай ажиллуулах хөдөлмөрийн гэрээндээ 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт оруулж, Хатгалын нисэх буудлын засварын ажил дуустал үргэлжлүүлэн ажиллуулахаар тохиролцсон байх боловч Хатгалын нисэх буудлыг ашиглалтад авах улсын комиссын акт гарсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, ажилтны ажлын байр байхгүй болсон гэж үзэх боломжгүй байна.   

 

Иймд хариуцагч байгууллагын “нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажилтан ажлын байраа дур мэдэн орхиж явсан” гэх үндэслэл заан ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулан өгөөгүй, нэхэмжлэгчийн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын байраар хангах тухай өргөдлийг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 494 дугаартай албан бичгээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан талаар мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийг ийнхүү мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсаныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. Иймд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай. 

 

            Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, энэ талаарх давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Харин дээрх байдлаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй бөгөөд хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй атлаа цалин хөлс олгохгүй байгаа, ажлын байраар хангах үүргээ биелүүлэхгүй байгаа талаар нэхэмжлэгч тухайн үед нь хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаж маргаж байгаагүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон тул энэ хугацаанд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах үндэслэлгүй. Иймд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж буй 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг шаардах эрхтэй тул энэ хугацаанд 1 сарын цалинг 1 480 960 төгрөгөөр тооцож 26 сарын, нийт 38 504 960 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2016/00969 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Лувсанжамбааг Иргэний нисэхийн ерөнхий газрын Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38 504 960 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай” гэж,

             тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 350 474 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                                        А.МӨНХЗУЛ