| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00140/Э |
| Дугаар | 00148 |
| Огноо | 2019-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 00148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Год холбогдох 1932001410173 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, * тоотод оршин суух хаягтай /*/ Луугар овогт Давгасамбуугийн Г.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Д.Г нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр *тоотод О.Уцийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч О.Уц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Ог эгчийн дээр гараад сууж байхад хашааны гаднаас Г ах орж ирээд чи муу яагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн Ог эгч танай дүү намайг аллаа гэж хашгирсан. Г ах миний гараас татаж босгохоор нь би танай эхнэрийг зодоогүй, зүгээр энийг чинь дараад хэвтэж байгаа биздээ гэж хэлэхэд Г ах над руу блок шидэхэд тэр блок нь миний хажуугаар гараад хашаанд ойгоод миний зүүн хөлний шилбийг оносон. Тэгэхээр нь би Г ахад та намайг битгий зодоод бай би жирэмсэн гэж хэлсэн. Г ах түлээний модоор миний толгой руу 3, 4 удаа цохиход би газар сууж дахиж цагдаа руу залгаад энэ хүмүүс чинь намайг зодоод байна гэж хэлсэн. Намайг цагдаатай утсаар ярьж байхад Г ах миний нуруу руу мотоциклийн тормосны тороосоор цохиод байсан би тэр хоёрт та нар намайг битгий зодооч, би доошоо цус алдаад байх шиг байна гэж хэлээд би хашааны гадаа мөлхөж гараад Улаанбаатар хотод байх Сонинсайхан ах руу утсаар залгаад “Агаа Г ах намайг эхнэртэйгээ нийлээд намайг зодоод байна” гэж хэлсэн. Би гэрт нь ороод хүүхдээс нь юм асуухад Ог эгч чи миний хүүхдийг хэл амаар доромжиллоо гэж хэлэхэд миний толгойтой үснээс зулгааж газар чирсэн. Тэгээд би Ог эгчтэй зууралдаад газар унаж Ог эгчийг болиулах гэж дээр нь гараад дарж байхад нөхөр Г нь хашааны гаднаас орж ирэхэд Ог эгч нөхөртөө энэ дүү чинь намайг аллаа гэж хэлэхэд Г ах эхнэрээ өмөөрөөд намайг зодсон.Ог эгч миний хэвлий хэсэг рүү хоёр удаа өвдөглөсөнөөс болж миний гэдсэнд байх ургын эсийн ховоролт үүссэн гэж эмч хэлсэн. Би 3 гал эмнэлэгт үзүүлж зургийг нь авахуулсан байгаа. Г ах миний толгой руу модоор цохисон. Мотоциклийн тоормосоор ороолгосон гэх мэдүүлэг /XX-ийн 22-24-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Бц, Им бид гурвыг гэрт байхад хажуу айлаас цагаан өнгийн плаж өмссөн эгч орж ирээд Г хаана байна гэж асуухад бид нар мэдэхгүй гэж хэлэхэд худлаа нуугаад байгааг нь мэдэж байна шүү гэж хэлэхэд Ог эгч гаднаас орж ирж чи яагаад хүүхэд загнаад байгаа юм бэ гэж Ог эгч, гаднаас орж ирсэн хажуу айлын эгчээс асуухад юу гэдэг юм бэ ? та нар архичин янхан гэж хэрэлдэж эхлээд Ог эгчийг алгадсан Ог эгч яагаад байгаа юм бэ гэхэд яадаг юм янхан минь гэж хэлээд өшиглөөд, нүүрийг нь маажсан. Ог эгчийн нүүрнээс цус зөндөө гарсан. Нөгөө эгч Ог эгчийн үснээс нь зулгаагаад байж байхад гаднаас Г ах миний эхнэрийг зодохгүй шүү гэж хэлээд хажуу айлын эгчийг зодсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/
Эрүүгийн 1932000000153 дугаартай хэрэгт насанд хүрээгүй гэрч О.Бц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Ээж намайг цагдаа дуудаарай гэж хэлэхэд аав утас аваад зугтсан байсан. Утас байхгүй гэж хэлсэн. Уц эгч ээжийг бас сантехникийн цагаан хоолойгоор бас цохиод байсан. Уц эгч ээжийн дээр сууж байхад гаднаас аав орж ирэхэд ээж аавд чи миний нүүрийг хараач танай дүү чинь миний нүүрийг ийм болгочихлоо гэж хэлэхэд аав Уц чи тавьдаа гэж хэлэхэд Уц тавихгүй байхад аав Уц эгчийн гэдэснээс нь татаж аваад тавихгүй байсан. Тэгсэн аав Уцийг модоор цохиод байсан. ... О.Уц эгч надад жирэмсэн талаараа хэлж байгаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 32, 33 хуудас/
2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн №153 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. О.Уцийн биед цээж, хэвлий, зүүн ташаа, баруун хөлийн өвдөгний үе, зүүн гуяанд цус хуралт, баруун хөлийн өвдөгний үе, баруун гарын шуу, зүүн гарын тохойн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 40-р хуудас/
Д.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Гандангийн гудамжинд явж байхад намайг аллаа шүү дээ гэж манай эхнэр Огы дуу гарахаар нь би буцаж очоод хашааны хаалгаар ороход манай байшингийн үүдэнд О.Уц манай эхнэр Огы дээр суучихсан алчихна шүү гэж хэлээд Огы толгойтой үснээс зулгаачихсан байхаар нь би очоод О.Уцийг салгах гээд 2, 3 удаа татахад Уц би энэ мууг чинь алаад хаячихъя гэж хэлээд тавихгүй байхаар нь би Уцийн хоёр гар луу нь түлээний модоор цохиход Уц Огыг тавьсан. Уц та яаж байгаа юм бэ гэхээр нь хүн зодох ямар байна гэж хэлээд мотоциклийн тросоор Уцийг 2, 3 удаа ороолгоход Ог над руу чи дүүгээ аллаа шүү дээ гэж хэлэхэд би яадаг юм алаад хаячихъя гэж хэлээд блокны хагархайгаар Уцийг айлгах гэж шидэхэд блок газар унаад өнхөрч яваад Уцийн хөлийг оносон. … Уц надад жирэмсэн гэж огт хэлж байгаагүй. 2019 оны 07 дугаар сарын 14-ний өглөө та намайг ямар аймар зоддог юм бэ би жирэмсэн шүү дээ гэж хэлэхэд нь би жирэмсэн гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 65-66-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 68 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Гын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /74 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн №74 тоотод О.Уцийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч О.Уцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /XX-ийн 22-24-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Ббын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/, Эрүүгийн 1932000000153 дугаартай хэрэгт насанд хүрээгүй гэрч О.Бц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32, 33 хуудас/, 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн №153 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 40-р хуудас/, Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 65-66-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Гыг хохирогч О.Уцийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд Д.Г нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн №74 тоотод О.Уцийг зодож, түүний биед цээж, хэвлий, зүүн ташаа, баруун хөлийн өвдөгний үе, зүүн гуяанд цус хуралт, баруун хөлийн өвдөгний үе, баруун гарын шуу, зүүн гарын тохойн үенд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Луугар овогт Дагвасамбуугийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Гын торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.