| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/03448/и |
| Дугаар | öýöýãìàà |
| Огноо | 2016-04-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 19 өдөр
Дугаар öýöýãìàà
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 48 дугаар гудамжны 2344 тоотод оршин суух, Бүүвэй овгийн Рэнцэндоржийн Цэцэгмаа /РД:ШЗ63052201/-гийн нэхэмжлэлтэй,
Хэрэйд овогт Шонжынбайн Дархантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Цэцэгмаа, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Цэцэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 2006 оны 12 дугаар сараас Ш.Дархантай хамтран амьдарч эхэлсэн, бид ёс заншлын зөрүүгээс хамаарч гэрлэлтээ батлуулж амжаагүй, Ш.Дархан надтай гэрлэлтээ батлуулах талаар удаа дараа ярьж байсан боловч уг үндэстний ёс заншлын дагуу би шашинд нь орох шаардлагатай болсон учраас тухайн үед зөвшөөрөөгүй юм.
Ш.Дархан маань 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өвчний учир нас барсан. Би өмнө нь Д.Энхтайван гэж хүнтэй гэр бүл байсан боловч Нийслэлийн Хан Уул дүүргийн шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 612 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл Иргэний бүртгэлийн газрын лавлагаагаар миний гэрлэлт цуцлагдсан талаар мэдээлэл алга байна, мөн Ш.Дархан нь К.Тогтхустай гэр бүл байсан боловч Улсын дээд шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 419 тоот тогтоолоор гэрлэлтийг нь цуцалсан, гэвч бас л Ш.Дархан болон К.Тогтхус нарын гэрлэлтийг цуцалсан талаарх мэдээлэл Иргэний гэр бүлийн мэдээллийн санд ороогүй байна.
Би Дарь Эхэд нэг газрыг худалдан авсан бөгөөд өөрийн хүч хөдөлмөрөөр амьдран суух зориулалттай болгосон, тухайн үед манай хажуу талын хашаанд Ш.Дархан амьдарч байсан ба надад туслаж байгаад бид нийлсэн юм.
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэсний зорилго нь намайг гэртээ байхгүй хойгуур газрын бүртгэл хариуцсан хүмүүс ирж, тухайн газрыг Ш.Дарханы нэр дээр бүртгээд явсан байсан, одоогоор газрын эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй боловч бүртгэлийн хувьд миний хамт амьдарч байсан хүний нэр дээр байгаа юм. Би газраа өөрийн нэр дээр бүртгүүлэх гэсэн чинь нотариатч эхлээд хамтын амьдралтай байсан гэдгээ шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн, хамт амьдарч байсан Ш.Дарханы аав, ээж, төрсөн хүүхдүүд болоод ойрын төрөл, садангууд нь угаасаа газрыг минийх гэдгийг мэддэг, би өөрийн нэр дээр бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичиг өгсөн байгаа, талийгаачийн 2 хүүхэд одоо болтол надтай хамт амьдардаг.
Ийм учраас намайг 2006 оноос хойш 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ш.Дархантай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсан баримтууд нэхэмжлэлд авагдсан байна.
Нэхэмжлэгчээс өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларсан байна. Үүнд:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Р.Цэцэгмаа нь Ш.Дархантай 2006 оноос хойш 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг хангахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдввэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сонирхогч этгээд шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд Р.Цэцэгмаа нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эх гудамж, 48-2344 тоот хаягт оршин суудаг бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана” гэсний дагуу хүсэлтээ харъяа дүүргийн шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл Хэрэйд овогт Шонжынбайн Дархан нь 1962 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баян Өлгий аймагт төрж, улмаар 2014 оны 03 дугаар сарын 20-ны нас барсан байна.
Хүсэлт гаргагч Р.Цэцэгмаа нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 233 тоот тодорхойлолтоор Ш.Дархантай хамт амьдарч байжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Цэцэгмаагийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар гэрч Р.Болормаа, Р.Сийлэгмаа, Р.Елеман, Р.Назым нараас гэрчийн мэдүүлгийг зохих ёсоор авсан ба эдгээр гэрчүүд Р.Цэцэгмаа болон Ш.Дархан нарыг хамт амьдарч байсан гэдгийг гэрчилдэг бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын 233 тоот тодорхойлолт, зураг зэргээр тус тус нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Р.Цэцэгмаа нь Ш.Дархантай хамтран амьдрах хугацаанаас өмнө иргэн Д.Энхтайвантай гэр бүлийн харилцаатай байсан бол Ш.Дархан нь иргэн К.Тогтхустай гэр бүлийн харилцаатай байжээ.
Хэдийгээр Нийслэлийн Хан Уул дүүргийн шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 612 тоот шийдвэрээр Р.Цэцэгмаа, Д.Энхтайван нарын гэрлэлтийг, Улсын дээд шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 419 тоот тогтоолоор Ш.Дархан, К.Тогтхус нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр байгаа боловч Иргэний бүртгэлийн байгууллагын тодорхойлолтоор тэдгээрийн гэрлэлтийг цуцалсан талаарх баримт байхгүй байна.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар гэрлэхэд харшлах шалтгааны нэг нь өмнөх гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд дараагийн гэр бүлийн харилцаа үүсгэх, түүнийг бүртгэхийг хориглодог.
Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч Р.Цэцэгмаа нь Д.Энхтайвантай гэр бүлийн харилцаатай байсан мөн түүнчлэн Ш.Дархан нь К.Тогтхустай гэр бүлийн харилцаатай байсан тохиолдолд Р.Цэцэгмаа болон Ш.Дархан нарын хамтын амьдарлыг хууль болоод ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Гэтэл хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл Р.Цэцэгмаа болон Д.Энхтайван нарын гэрлэлтийг Нийслэлийн Хан Уул дүүргийн шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 612 тоот шийдвэрээр, Ш.Дархан болон К.Тогтхус нарын гэрлэлтийг Улсын дээд шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 419 тоот тогтоолоор тус тус цуцалсан байх бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэр, тогтоолыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүйгээс улбаалан ийнхүү тэдгээрийн гэрлэлтийг цуцалсан шийдвэр, тогтоол бүртгэгдээгүй байна.
Гэвч хүсэлт гаргагч Р.Цэцэгмаа болон Ш.Дархан нарын өмнөх гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр байгаа ба бодит байдал дээр 2006 оноос хойш тэд хамт амьдарч байсан гэдэг нь гэрчүүдийн болоод бусад баримтаар нотлогдож байх тул ийнхүү гэрлэлт цуцалсан шийдвэр, тогтоол Иргэний бүртгэлийн байгууллагад хүргэгдэж, бүртгэгдээгүй ч энэ нь тэдний хамтын амьдралд харшлах зүйл болохгүй юм.
Иймд, Р.Цэцэгмааг Ш.Дархантай 2006 оноос 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Р.Цэцэгмааг 2006 оноос 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ш.Дархантай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР