Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч Б.Л, З.И, С.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.Л, У овогт З.И, Т овогт С.М нарт холбогдох эрүүгийн 1919000000208 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Гео мандал” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн  9-14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О овогт Б.Л регистрийн дугаар ЕЭ74031574,

Монгол Улсын иргэн, 1960 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Гео мандал” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Зүүн буянт ухаагийн 2-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, У овогт З.И регистрийн дугаар ЕЭ60080975,

Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дизелийн машинист мэргэжилтэй, “Гео мандал” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 7-96 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт С.М регистрийн дугаар ЕЕ73061011,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч С.М, Б.Л, З.И нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Догшин буур ХХК-ний кемпээс автомашины сэлбэгийг 51-98 УБ улсын дугаартай Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлж 3 834 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

        

  Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тэр өдөр гэрлийн суурь хийчихээр труба эрээд тэнд очтол байгаагүй. Харин газраар тарж, шороонд булагдсан зэвтэй төмрүүд байсан. Кемп гээд байгаа газар нь хашаа байхгүй, гэр ч байхгүй, эвдэрхий машины кузов, хойд талд нь бас нэг машин байсан. Гэхдээ бид нар машинд хүрээгүй. Газраар байсан төмрийг зөөсөн...” гэв.

 

          Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “...М төмөр байна гэхээр нь бид гурав очиж авсан. Миний өгөх мэдүүлэг энэ хоёртой адил. Тэр кемп гэж байгаа газар нь хашаагүй. Хүн харахад зэлүүд газар, овооны ар дээр байдаг. Бидний авсан төмөр талаар нэг тарсан, зэвэрсэн төмрүүд байсан...” гэв.

          Шүүгдэгч З.И шүүхийн хэлэлцүүлэгт: “...М ирээд гэрэл хийчихээр труба алга, харин хаягдал төмөр байна гээд Л бид хоёрт хэлээд төмөрт тушааж тамхины мөнгөтэй болгоё гэж ярьсан. Тэгээд бид гурав тэр хаягдал төмрийг шуудайгаар зөөгөөд ажлын газар аваачиж тавьсан...” гэв.

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6 дугаар хуудас/,

          Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

           Хохирогч байгууллагын төлөөлөгч А.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн хооронд байхаа....намайг кемпээ эргэж, нохойндоо хоол аваачиж өгөх гээд очиход тэнд 50 гаруй насны болов уу гэмээр танихгүй 4 эрэгтэй хүн байсан, тэд нар нэг мотоцикльтой мөн цагаан өнгийн Верна маркийн автомашинтай байж байсан бөгөөд кемп дээр байсан манай компаний эзэмшлийн Хьюндай Грейс маркийн микроавтобусны дугуйг тайлаад байж байсан...” юун хүмүүс вэ машины дугуйг хэн авахыг зөвшөөрсөн юм” гэхэд тэд нар “бид нар хаягдал төмөр эд зүйл юм байх гэж бодсон юм” гэж байсан...Би тухайн үед хэрэгтэй хэрэггүйг нь мэдээгүй байсан юм... Бүгд л зэвэрсэн төмөр газарт ил задгай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 169-170 дугаар хуудас/

 

           Гэрч Ш.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр... нарны цахилгаан станцийн хашаанд очиход И, Л, М “бид нар урдаас хаягдал төмөр түүх гэж байна гэхээр нь би “юун төмөр юм, хаягдал төмөр юм уу” гэхэд тэд нар “хаягдал төмөр юм шиг байна лээ” гэж байсан. Тэгээд л би яваад өгсөн...Эдгээр хүмүүс архи дарс уугаад байсан удаагүй, маш дуулгавартай алба хаагч нар байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

           Гэрч Д.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л, И, М нар манай хамгаалалтын албаны хуучин мотоциклоор төмөр авчирч хашаанд буулгаад байсан. Тэгэхээр нь би тэднээс “ юун төмөр, хаанаас авчираад байгаа юм” гэхэд тэд нар “урд кемпын буйран дээр хаягдсан зэвтэй төмөрнүүд байхаар нь авчихлаа” гэж байсан. Л, И, М нар мотоциклоор 3-4 удаа байхаа машины сэлбэг бололтой л төмөрнүүдийг зөөгөөд хашаанд буулгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/

 

           Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Кемп нүүхдээ төмрийн хаягдал хогоо үлдээгээд явсан. Манай ажилтан И нь хуучин кемп дээрээ үлдээсэн хэрэгтэй эд зүйлээ шалгаад явж байхад Нарны энергийн харуулууд төмрийн хогийг нь очиж зөөж байсан таараад И хаягдал төмрийг мэдэхгүй байсан учраас дуудлага өгсөн байсан... гадны хүн харах юм бол хаягдал төмөр байна л гэж харахаар байсан болохоор тухайн үед цагдаагийн байгууллагад 023 дугаартай тоот бичсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 180-182 дугаар хуудас/,

 

          Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “...тахир гол 720 000 төгрөг, апартур 2 016 000 төгрөг, кришка 456 000 төгрөг, моторын дух араа 108 000 төгрөг, аяга араа 216 000 төгрөг, обуд 132 000 төгрөг, пирда диск 96 000 төгрөг, нуух төмөр 30 000 төгрөг, карданы 52-той таахай 33 000 төгрөг, махиук араа 27 000 төгрөг, обуд дугуй 216 000 төгрөг. Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн одоогийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 4 050 000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт / хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч З.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л бид 2 зөвшөөрөөд М хамт 3-уулаа “Догшин буур” ХХК-ний кемп дээр очиход тэнд хүн байгаагүй бөгөөд тэнд автомашины янз бүрийн л хуучин сэлбэгүүдийг тараагаад хаясан байдалтай байсан... бид 3 тэндээс жижиг хэмжээтэй, авч явж болохоор сэлбэг, төмрүүдийг мотоцикль дээр ачаад өөрсдийнхөө хамгаалж байсан объекттой хашаандаа авчирч буулгасан... хамгаалагч нарын хоол зөөдөг Б гэх залуу ирсэн бөгөөд Б тэнд байсан хуучин, явдаггүй микроавтобусны дугуйг нь сонирхоод энийг авчихаж болох уу гэсэн. Тухайн үед М, Л бид нар түүнд болно, эсвэл болохгүй гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М, мөн надтай хамт ажилладаг И ах бид нар “ хаягдал төмөр юм бол хэдүүлээ цуглуулж зараад хэдэн төгрөг болгож тамхи тариа ч болсон авъя гэж ярилцаад дээрх кемпын буйран дээр очиход тэнд хашаагүй, хүн байхгүй, гэр ч байхгүй, том автомашины доош харуулан тавьсан хуучин тэвш, хуучин эвдэрсэн микроавтобус, наана нь нэг түлшний автомашин зэрэг байсан... олон төмрүүд тараагаад хаясан байхаар нь М, И ах бид нар тэрийг нь түүгээд хамгаалалтын албаныхаа мотоцикль дээр ачаад аваачиж хамгаалалт хийдэг цахилгаан станцийнхаа хашаанд буулгасан...Бид даах жижиг төмрүүдийг шуудайнд хийгээд мотоцикль дээр ачиж 4-5 удаа зөөсөн...Б гэх залуу машинтайгаа ганцаараа ирж таараад бид нарыг та нар юу хийж байгаа юм гэхэд бид нар энэ төмрүүдийг зөөж авч байгаа юм, хаягдал юм шиг байна гэж хэлсэн... Би яг ч хулгай хийж байна гэж бодоогүй. Хаясан төмөр л юм байх гэж бодсон... газраар нэг тараасан зэвтэй л төмрүүд байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр...тухайн кемп байсан газар дээр хүн байгаагүй бөгөөд тухайн газарт газраар олон тооны эвдэрсэн, хуучин төмрийн хаягдал бололтой машины сэлбэгүүдийг тараагаад хаясан байдалтай байсан юм... би буцаад цахилгаан станц дээрээ ирээд Л, И нарт “би урд кемп дээр очоод ирлээ. Хүн байхгүй байна, гэрлийн шон хийчихээр труба байхгүй байна. Уг нь газраар  зөндөө л хаягдал бололтой төмрүүд байна” гэхэд М, Л хоёр “ тэгвэл бүгдээрээ очиж үзье л дээ, төмрөнд тушаагаад тамхи тариа ч болсон авъя” гэж хэлсэн. Ингээд бид 3 “Догшин Буур” ХХК-ний кемпын буйран дээр очоод шуудайнд жижиг төмрүүдийг хийгээд цахилгаан станцийнхаа хашаа руу зөөсөн... Б  оройны хоол авчирч өгч таараад дээрх кемп дээр ирээд “та нар юу хийж байгаа юм” гэхээр нь бид нар “ хог түүж байна” гэхэд Б “би ч гэсэн түүлцье гэсэн”...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-99 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.М, Б.Л, З.И нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг байсан “Догшин буур” ХХК-ний кемп байсан газраас автомашины хуучин, хаягдал сэлбэгийг “Гео мандал” ХХК-ийн 51-98 УБ улсын дугаартай, албан хэрэгцээнд ашиглагддаг Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлж 3 834 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн гол шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” байх бөгөөд хүндрүүлэх шинж нь “...машин механизм ашиглаж...” үйлдсэн байх нөхцөлийг хуульд заасан байна.

 

Шүүгдэгч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Гео мандал ХХК-ний харуул хамгаалалтын албанд үүрэг гүйцэтгэж байхдаа нарны цахилгаан станцын хашаанд байх гэрлийг өндөр шонд байрлуулахаар шон хийх төмөр хайж явахдаа С.М нь “Догшин буур” ХХК-ний кемп байсан газарт автомашины сэлбэгийн төмөр газраар тарж хаясныг хараад Б.Л, З.И нарт хаягдал төмөр байгааг хэлэхэд түүнийг түүж төмрийн хаягдал авдаг газарт өгч тамхины мөнгөтэй болох зорилгоор өөрийн албан хэрэгцээнд ашигладаг 51-98 УБ улсын дугаартай, Даюун маркийн мотоциклоор албан газрынхаа хашаанд зөөж байх үед нь “Догшин буур” ХХК-ний кемп менежер А.И цагдаагийн байгууллагад хандсан үйл явдал болсон байна.

 

Шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна гэж шүүх үзлээ.

 

           Шүүгдэгч нар нь анх төмрийн хогийг түүж мөнгө олох гэсэн санаа зорилго нь хаягдал хог гэж бодоод түүнийг хаягдал төмөр авдаг газар тушаахаар ярилцсан нь хулгайлах субьектив санаа зорилго байгаагүй, хэн ч харсан төмрийн хог хаягдал гэж ойлгохоор шороонд дарагдсан, зэвэрч муудсан болох нь хавтаст хэргийн 5-6 дугаарт авагдсан хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 8 дугаарт авагдсан Нарны цахилгаан станцын хашаанд байх хураан авсан эд зүйлийг бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлтээс харахад дахин ашиглах боломжтой гэх итгэл үнэмшил төрөхүйц эд хөрөнгө гэж үзэх боломжгүй, эдгээр нь гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Кемп нүүхдээ төмрийн хаягдал хогоо үлдээгээд явсан. Манай ажилтан И нь хуучин кемп дээрээ үлдээсэн хэрэгтэй эд зүйлээ шалгаад явж байхад Нарны энергийн харуулууд төмрийн хогийг нь очиж зөөж байсан таараад И хаягдал төмрийг мэдэхгүй байсан учраас дуудлага өгсөн байсан... гадны хүн харах юм бол хаягдал төмөр байна л гэж харахаар байсан ...” гэсэн мэдүүлэг, хохирогч байгууллагын төлөөлөгч А.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн хооронд байхаа....намайг кемпээ эргэж, нохойндоо хоол аваачиж өгөх гээд очиход тэнд 50 гаруй насны болов уу гэмээр танихгүй 4 эрэгтэй хүн байсан, тэд нар нэг мотоцикльтой мөн цагаан өнгийн Верна маркийн автомашинтай байж байсан бөгөөд кемп дээр байсан манай компаний эзэмшлийн Хьюндай Грейс маркийн микроавтобусны дугуйг тайлаад байж байсан...” юун хүмүүс вэ машины дугуйг хэн авахыг зөвшөөрсөн юм” гэхэд тэд нар “бид нар хаягдал төмөр эд зүйл юм байх гэж бодсон юм” гэж байсан...Би тухайн үед хэрэгтэй хэрэггүйг нь мэдээгүй байсан юм... Бүгд л зэвэрсэн төмөр газарт ил задгай байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч З.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л бид 2 зөвшөөрөөд М хамт 3-уулаа “Догшин буур” ХХК-ны кемп дээр очиход тэнд хүн байгаагүй бөгөөд тэнд автомашины янз бүрийн л хуучин сэлбэгүүдийг тараагаад хаясан байдалтай байсан... бид 3 тэндээс жижиг хэмжээтэй, авч явж болохоор сэлбэг, төмрүүдийг мотоцикль дээр ачаад өөрсдийнхөө хамгаалж байсан объекттой хашаандаа авчирч буулгасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М, мөн надтай хамт ажилладаг И ах бид нар “ хаягдал төмөр юм бол хэдүүлээ цуглуулж зараад хэдэн төгрөг болгож тамхи тариа ч болсон авъя гэж ярилцаад дээрх кемпын буйран дээр очиход тэнд хашаагүй, хүн байхгүй, гэр ч байхгүй, том автомашины доош харуулан тавьсан хуучин тэвш, хуучин эвдэрсэн микроавтобус, наана нь нэг түлшний автомашин зэрэг байсан... олон төмрүүд тараагаад хаясан байхаар нь М, И ах бид нар тэрийг нь түүгээд хамгаалалтын албаныхаа мотоцикль дээр ачаад аваачиж хамгаалалт хийдэг цахилгаан станцийнхаа хашаанд буулгасан...Бид даах жижиг төмрүүдийг шуудайнд хийгээд мотоцикль дээр ачиж 4-5 удаа зөөсөн... Би яг ч хулгай хийж байна гэж бодоогүй. Хаясан төмөр л юм байх гэж бодсон... газраар нэг тараасан зэвтэй л төмрүүд байсан юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр...тухайн кемп байсан газар дээр хүн байгаагүй бөгөөд тухайн газарт газраар олон тооны эвдэрсэн, хуучин төмрийн хаягдал бололтой машины сэлбэгүүдийг тараагаад хаясан байдалтай байсан юм... би буцаад цахилгаан станц дээрээ ирээд Л, И нарт “би урд кемп дээр очоод ирлээ. Хүн байхгүй байна, гэрлийн шон хийчихээр труба байхгүй байна. Уг нь газраар  зөндөө л хаягдал бололтой төмрүүд байна” гэхэд М, Л хоёр “ тэгвэл бүгдээрээ очиж үзье л дээ, төмрөнд тушаагаад тамхи тариа ч болсон авъя” гэж хэлсэн. Ингээд бид 3 “Догшин Буур” ХХК-ний кемпын буйран дээр очоод шуудайнд жижиг төмрүүдийг хийгээд цахилгаан станцийнхаа хашаа руу зөөсөн... Б  оройны хоол авчирч өгч таараад дээрх кемп дээр ирээд “та нар юу хийж байгаа юм” гэхээр нь бид нар “ хог түүж байна” гэхэд Б “би ч гэсэн түүлцье гэсэн”...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин “Догшин Буур” ХХК-ний захирал Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Кемп нүүхдээ төмрийн хаягдал хогоо үлдээгээд явсан... гадны хүн харах юм бол хаягдал төмөр байна л гэж харахаар байсан...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзэв.

 

          Түүнчлэн шүүгдэгч С.М, З.Идэрзаан, Б.Л нар нь хаягдал төмөр түүж байна гэдгээ бусдаас нуугаагүй, өөрсдийн үйлдлийг үгүйсгээгүй, төмрийн хаягдал хогийг өөрийн ажлын газрын хашаанд аваачиж тавьсан болох нь гэрч Ш.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр... нарны цахилгаан станцийн хашаанд очиход И, Л, М “бид нар урдаас хаягдал төмөр түүх гэж байна гэхээр нь би “юун төмөр юм, хаягдал төмөр юм уу” гэхэд тэд нар “хаягдал төмөр юм шиг байна лээ” гэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л, И, М нар манай хамгаалалтын албаны хуучин мотоциклоор төмөр авчирч хашаанд буулгаад байсан. Тэгэхээр нь би тэднээс “ юун төмөр, хаанаас авчираад байгаа юм” гэхэд тэд нар “ урд кемпын буйран дээр хаягдсан зэвтэй төмөрнүүд байхаар нь авчихлаа” гэж байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч байгууллагын төлөөлөгч А.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...юун хүмүүс вэ машины дугуйг хэн авахыг зөвшөөрсөн юм” гэхэд тэд нар “бид нар хаягдал төмөр эд зүйл юм байх гэж бодсон юм” гэж байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр дахин тогтоогдсон ба бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, нууцаар авсан гэх шинжийг бүрэн агуулаагүй гэж үзэв.

 

          Шүүгдэгч нар нь гэрч Ш.Т, Д.Ш нарт “хаягдал төмөр” гэж хэлж байгаа нь гэмт хэрэг үйлдсэнээ нуун далдлах зорилгоор худал хэлсэн, хаягдал төмөр байсан бол шинжээчийн дүгнэлтээр 3 834 000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй гэж улсын яллагчийн зүгээс мэтгэлцэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Эдгээр хаягдал төмрийг “хаягдал, хог” биш гэж үзэх ямар нотлох баримтыг үндэслэн яллаж байгааг заагаагүй, Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “...тахир гол 720 000 төгрөг, апартур 2 016 000 төгрөг, кришка 456 000 төгрөг, моторын дух араа 108 000 төгрөг, аяга араа 216 000 төгрөг, обуд 132 000 төгрөг, пирда диск 96 000 төгрөг, нуух төмөр 30 000 төгрөг, карданы 52-той таахай 33 000 төгрөг, махиук араа 27 000 төгрөг, обуд дугуй 216 000 төгрөг. Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн одоогийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 4 050 000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт  хх-ийн 42-43 дугаар хуудаст авагдсан хэдий ч эдгээр төмрүүдийг нийтэд нь 4 050 000 төгрөгөөр үнэлснээс шүүгдэгч нар 216 000 төгрөгөөр үнэлэгдсэн 4 ширхэг дугуй, обудыг аваагүй /Баярсайхан авч байсан/ учраас нийт хохирлыг 3 834 000 төгрөгөөр тооцсон байна. Шинжээчийн энэ дүгнэлтийг  “Догшин Буур” ХХК-ний захирал Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...ер нь бол нэг удаа ашиглаж болохоор зүйлс байсан...кришка 1 ширхэг, карданы 52 таахай 1 ширхэг энэ эд зүйлсийг дахин ашиглах боломжтой байсан, бусад эд зүйлс нь ашиглаж болохооргүй байсан... манай компанид учирсан хохирол гэж байхгүй учраас гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэгтэй харьцуулахад 1 ширхэг кришка 228 000 төгрөг, карданы 52-той таахай 1 ширхэг 33 000 төгрөгөөр бодоход нийт 261 000 төгрөг болох ба хохирогч байгууллага нь эдгээр зүйлийг дахин ашиглахыг хүсээгүй, хаягдал хог гэж үзэж байгууллагад хохирол учраагүй гэж мэдүүлсэн байхад 3 834 000 төгрөгний хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...Догшин Буур ХХК-ний захирал Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт “...кемп нүүхдээ төмрийн хаягдал хогоо үлдээгээд явсан, энэ төмрүүд хаягдал байсан...гэж мэдүүлээд байхад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж шинжээчийн үнэлгээгээр 4 050 000 төгрөгний хохирол гараад байхад хаягдал төмөр ийм үнэтэй байх уу гэж хөтөлж асуусан, Догшин Буур ХХК-аас уг төмрүүдийг хаягдал юм, манай кемп менежер И нь хаягдал төмрийг мэдэхгүй байсан учраас дуудлага өгсөн байсан, тухайн төмрүүд хаягдал гэдгийг мэдээд цагдаа руу буцаж хэлсэн байсан...гадны хүн харахад хаягдал төмөр гэж харахаар байсан болохоор 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23 тоотыг бичсэн...” гэж мэдүүлсэн байхад хаягдал төмөр түүсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлгүй болно...” гэсэн агуулга бүхий маргаж байгааг хүлээн авах үндэстэй гэж үзлээ. Учир нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад Догшин Буур ХХК-ний захирал Б.Н компаний кемп нүүхдээ төмрийн хаягдал хогоо үлдээгээд явсныг кемп менежер И мэдээгүй байсан ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсний маргааш нь И уг төмрүүдийг хаягдал болохыг мэдээд цагдаагийн байгууллагад эргэж мэдэгдсэн бөгөөд хавтаст хэргийн 172 дугаарт авагдсан “Догшин Буур” ХХК-ний захирал Б.Н-ын гарын үсэг бүхий 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 023 дугаарт албан тоотыг Цагдаагийн байгууллагад хүргүүлснийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хийгээгүй байсныг шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд нотлох баримтаар ирүүлснийг шүүх үнэлсэн болно. Хавтаст хэргийн 14, 15 дугаарт авагдсан “Догшин Буур” ХХК-ний захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0/24 дүгээрт албан тоот, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0/23 дугаарт албан тоотуудыг хавтаст хэргийн 172 дугаарт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 023 дугаарт албан тооттой харьцуулахад хавтаст хэргийн 14, 15 дугаарт авагдсан албан тоотуудад эрх бүхий албан тушаалтан Н гарын үсэг зураагүй бөгөөд захирал Н-ын гарын үсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн гарын үсэг бөгөөд энэ гарын үсэг нь хавтаст хэргийн 172 дугаарт авагдсан 023 дугаарт албан тоотод зурагдсан түүний гарын  үсэг болох нь илт байна. Харин 0/24, 0/23 дугаарт албан тоотуудад захирал Н-ын гарын үсэг зурагдаагүй, зөвхөн нэрийг бичсэн нь эргэлзээтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэрэгт авагдсан эдгээр баримтын үндэслэлийн талаар улсын яллагчаас няцаалт хийгээгүй, өмгөөлөгчийн мэтгэлцээнийг үндэслэл бүхий нотлох баримтаар няцаагаагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хавтаст хэргийн 5-6 дугаарт авагдсан хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 8 дугаарт авагдсан Нарны цахилгаан станцын хашаанд байх хураан авсан эд зүйлийг бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлт, гэрч Б.Н, Д.Ш, Ш.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ тогтоосон тайлан, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 172 дугаарт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 023 дугаарт албан тоот зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.М, З.И, Б.Л нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч С.М, З.И, Б.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.М, З.И, Б.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн прокурорын газраас С.М, Б.Л, З.И  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж хэргийг прокурорт буцаасугай.

 

           2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч С.М, Б.Л, З.И   нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй  болохыг дурдсугай.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М, Б.Л, З.И  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Н.АДЪЯА