| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00153/Э |
| Дугаар | 00167 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 00167
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Иргэний нэхэмжлэгч Д.Нр
Иргэний нэхэмжлэгч Л.Цч
Гэрч Г.Эт
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Сд холбогдох 1832001830098 дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт * тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Балжмаагийн С.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.С нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хаан банкны Зүүнхараа салбарт ахлах теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 7905000 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ХААН банкинд теллерээр ороод 2016 оны 10 дугаар сарын 20-нд ахлах теллер болж албан тушаал ахисан. 2018 оны 01 дүгээр сарын 29-нд ажлаас түр түдгэлзүүлэх хугацаа хүртэл Зүүнхараа салбарын ХААН банкны ахлах теллерээр ажиллаж байсан. Энэ хооронд 8400000 төгрөгийг 7 удаагийн үйлдлээр намайг авч ашигласан гэж “Аудит”-ын дүгнэлт гарсан байгаа. Би хувьдаа бол нэг ч төгрөг авч ашиглаж байгаагүй гэдгийг тухайн үед ирээд шалгаж байхад нь ч гэсэн хэлж байсан. Би хувьдаа ашиглаагүй үнэн мөнийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. АТМ тоолох, нээх, хаах үед банкны нэг ажилтан, ахлах теллер, хамгаалагч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй нээж хаадаг. АТМ цэнэглэхдээ ч гэсэн цэнэглэлтийн өрөө гээд камерын өрөөндөө АТМ-ийн кассетуудаа авчираад тоолоод цэнэглээд 2-3 хүнтэй ажилладаг. АТМ тоолох журманд бол тоолохгүйгээр 2 мөнгө нэмж цэнэглээд нэг бүх дэвсгэртээ гаргаж ирээд тоолж тулгаж шалгана гэсэн журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Ерөнхийдөө бэлэн мөнгөтэй харьцах үйл явц нь бүгд камерын хяналтад явагддаг гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч Д.Нр мэдүүлэхдээ: ... 2017 оны 07 дугаар сард Зүүнхараа салбараас ахлах нягтлан бодогч Тгаас дотоод “Аудит”-ын газарт хүсэлт гаргасан. Манай АТМ дээр дутагдал үүсээд байна гэсэн юм. “Сэжигтэй байна” гэсэн хүсэлт гаргасны дагуу дотоод “Аудит”-ын газраас ирж шалгахдаа АТМ-ын гүйлгээ бүх дутагдлыг 2 сарын турш олон удаагийн үзлэг, туршилт шинжилгээний үндсэнд энэ дүгнэлтийг гаргасан. АТМ-ыг тоолно гэдэг бол нилээн няхуур ажиллагаа шаардсан ажил. Яагаад гэвэл 2017 оны 1 дүгээр сараас хойш цэнэглэлт хийсэн үйлдэлтэй тулгаж хийдэг. Ингээд тулгаад үзэхэд эхлээд 3 сая төгрөгийн дутагдлын асуудал үүсээд шалгах явцад энэ асуудал бол цаашид дэлгэрсэн байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 75,700,000 төгрөгийн үнийн дүнгээр АТМ-ыг хэрэглэсэн байдаг. Гэтэл энэ цэнэглэлтээс 1,000,000 төгрөг дутагдсан. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 58,100,000 төгрөг цэнэглэхэд 500,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 26,500,000 төгрөгөөр цэнэглэхэд 1,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 47,500,000 төгрөгийг цэнэглэхэд 700,000, 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 84,000,000 төгрөгийг цэнэглэхэд 200,000 төгрөг, 07 дугаар сарын 28-ны өдөр 12,000,000 төгрөгт 3,000,000 төгрөг, 8 дугаар сарын 09-нд цэнэглэхэд алдаа зааж гацахад 2,000,000 төгрөг тоо АТМ-д гацсан байсан. Ингээд нийт 8,400,000 төгрөг “Аудит”-ын дүгнэлтээр дутагдал үүсдэг. Энэ дутагдлуудыг тухайн үед нь шалгаад шалгалтын тайланг тухайн салбарын холбогдох бүх удирдлага, ажилтнуудад танилцуулж бүгд гарын үсэг зурсан байгаа. Б.С гарын үсгээ зурсан байгаа. “Аудит”-ын тайланг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. “Аудит”-ын тайланг зөвшөөрөхгүй тохиолдолд ажилтнууд гарын үсэг зурахгүй тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл 8,400,000 төгрөгийг ашиглан дутагдал үүсжээ гэдгийг тухайн үеийн “Аудит”-ын тайлан дээр танилцаад гарын үсэг зурсан. С бол өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Хоёрт энэ “Аудит”-ын тайлангийн дараа өөрөө дотоод “Аудит”-ын газрын хянан шалгагчид 03 сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан байгаа. Энэ хүсэлтээс үзэхэд анх ХААН банкны дотоод шалгалт энэ бол цагдаагийн байгууллагын юм уу хөндлөнгийн шалгалт биш. Тухайн байгууллагын өөрийнх нь дотооддоо хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад, төлнө гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас банкны тухайд заавал цагдаагийн хяналт гэлгүйгээр ажилтантайгаа ярьж байгаад эвлэрүүлэн зуучлалын журмаар асуудлыг шийдье гэдэг дээр 2 тал тохиролцоод хүсэлт өгөөд хүсэлтийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд мөн Б.С зөвшөөрч гарын үсэг зураад 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэдгээ шүүхийн өмнө баталгаажуулсан байгаа. Ингэх явцад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дутагдлыг банк хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 2-т заасан, мөн 5 дугаар зүйлд заасан байдаг. Ажлын байрны тодорхойлолтод мөн тодорхой зааж өгсөн байгаа. Үүнээс ямар нэгэн хохирол учирхад ахлах теллер хариуцна. Тэгэхээр энэ хүн бол “Аудит”-ын дүгнэлтээр 8,400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Дээр нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр 8,400,000 төгрөг нь 7,905,000 төгрөгийн хохирол банкинд учирсан байгаа гэж тогтоосон. Тийм учраас энэ мөнгийг банк ахлах теллер Б.Сгаас хохирлыг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч Л.Цч мэдүүлэхдээ: ... Шүүгдэгч Сгаас ХААН банкны Зүүнхараа салбарын зүгээс Дотоод “Аудит”-ын дүгнэлт, шалгалтаар гарсан 8,400,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэргийн талаар 2018 оны 01 дүгээр сарын 17-нд ахлах нягтлан бодогч Тг энэ АТМ дээр их зөрүү үүсээд байна. Хоёулаа нийлж камерын тулгалтыг хийе гэсэн санал тавьсаны дагуу 605 АТМ-д камерын шалгалтыг хийсэн байгаа. 2017 оны 07 дугаар сарын 28-ны АТМ суллах процесст камерын түвшиний хяналтыг хийгээд 3000000 төгрөг илүүдсэн гэдгийг мэдсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Гэрч Г.Эт мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сард энэ ХААН банкны Зүүнхараа салбараас Цчээс “Аудит”-д шалгуулах хүсэлт ирсэн. Манай АТМ зөрүүтэй байна. 3 сая төгрөгийн асуудал үүслээ, энийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу ерөнхий “Аудит”-ын заавар зөвөлгөөний дагуу тус хэрэг дээр миний зүгээс ажилласан. 2018 оны 3 дугаар сард эцэслэн “Аудит”-ын дүгнэлт гаргасан байгаа. Дүгнэлтээр эхний дүгнэлтээр холбогдох баримт материалыг шалгахад ахлах теллерээр ажиллаж байсан Б.Стай холбогдох 3 сая төгрөгөөс гадна өшөө баримт материалыг урагш гүйлгэж шалгах асуудал гарсан. Тухайн АТМ бол зөвхөн 3 саяар зөрсөн биш өмнө зөрүүтэй яваад байдаг байсан асуудал гарсан. Эхний ээлжинд 3 сая төгрөг нь ямар учиртай вэ гэдгийг тодруулаад камерын бичлэг нь тухайн үедээ бол байсан. Яг намайг шалгаж байх үед. Үүний дагуу холбогдох камерын бичлэгийг авчихаад энэ хэмжээний камерын бичлэгийг аваад хадгалчихъя гээд тэгээд холбогдох шалгалтыг хийгээд явж байтал нөгөө камерын бичлэгийн хадгалах хугацаа нь дуусчихсан байсан. Энэнтэй холбоотой 3 сая төгрөгийг яаж ямар байдлаар авч ашигласаныг холбогдох тайлан дээр тусгасан. Товч дурьдахад тухайн 3 сая төгрөгийг ахлах теллер Б.С нь их кассд бэлэн мөнгө задруулахаар ирсэн ажилтанд өгөхдөө АТМ цэнэглэж байсан мөнгөнөөсөө гаргаж өгөөд 1,000,000 төгрөг их каснаас гаргаж өгсөн. Солиулахаар авч ирсэн 4,000,000 төгрөгийг их касс руу хийсэн. Гэхдээ АТМ тухайн үед буруу дүнгээр цэнэглэсэн, их касс мөн зөрүүгүй гэсэн ийм тайлан гаргасан. Тэгэхээр тухайн мөнгө их кассанд 3 сая төгрөг үлдсэн гэсэн үг. Дараагийн тооллогоор тухайн 3 сая төгрөг илрэх ёстой байтал ахлах теллер Б.С нь 2,020,000 төгрөгийн залруулах гүйлгээг хийлгүйгээр санаатайгаар орхигдуулж 3 сая төгрөгийн дутагдал нь 980,000 төгрөгийн дутагдал болж харагдаж, их дүн бага дүнгээр харагдаж бусдад өөр байдлаар харагдуулахаар нуун дарагдуулсан ийм үйлдэл болсон гэжээ.
Гэрч, иргэний нэхэмжлэгч Л.Цч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Миний ажилладаг Хаан банкны салбарын ерөнхий нягтлан бодогч Тг 2018 оны 01 дүгээр сард надад хандаж “банк дотор байрладаг 605 дугаарын АТМ /бэлэн мөнөгний машин/-ын гүйлгээ нэг л эргэлзээтэй байна. Уг АТМ-йн хяналтын камерын бичлэгийг үзэж шалгаад өгөөч “гэсний дагуу камерын бичлэгийг шүүсэн юм. Тухайн 605 дугаартай АТМ-ний мөнгө нь илүүдээд ажиллахгүй байсан. Тэр өдөр ахлах теллер Б.С, Ат нар илүүдэл мөнгийг суллаж авсан. Уг АТМ-ын 10.000-тын дэвгэртүүд байрладаг хайрцагнаас 2393 ширхэг 10.000-тын дэвсгэрт гарч ирсэн. Уг дэвсгэртүүдээс 1393 ширхэгийг буцааж АТМ рүү хийх ёстой байснаас эхлээд 1000 ширхэг 10.000-тын дэвгэртийг хийж, хэсэг хугацааны дараа буюу 20 орчим минутын дараа нэмж 93 ширхэг 10.000-тын дэвсгэртийг хийсэн. Б.С 1300 ширхэг 10.000 төгрөгний дэвгэртийг их касс руу зузаатгаж авах ёстой байсан боловч 1000 ширхэгийг хийж 300 ширхэгийг хийгээгүй байсан. Нэгэнт тухайн АТМ-ыг суллаад буцааж цэнэглэлтийн тооцоог оруулахдаа 1393 ширхэг 10.000-тын дэвгэртээр цэнэглэсэн тухай мэдээллийг оруулсан байсан. Мөн камерын бичлэгээс харахад Б.С өөрийн хариуцдаг бэлэн мөнгөний касс дээрээ мөнгөө 2-3 удаа нягталж шалгасан. Нэг удаа нягталж шалгахад тооцоо зөрүүгүй таарч байсан бол дахин дахин ирж 2 шалгах шаардлагагүй юм л даа. Гэтэл мөнгөний тооцоо нь зөрсөн тул 3.000.000 төгрөг илүү гарсан бол шууд захирал болон нягтлан нарт кассан дахь мөнгө зөрсөн тухай даруй мэдэгдэж зөрөөг арилгах үйл ажиллагаа явагддаг юм. Гэвч Б.С тэр тухайгаа мэдээгүй илүүдэл мөнгийг кассанд дарчихсан байна. Энэ байдлаараа АТМ-ээс мөнгө завшсан гэж үзэж байгаа юм. Уг үйлдлээс өөр хэд хэдэн удаагийн үйлдэл илэрсэнээс шалтгаалж манай банкны зүгээс төв банк руугаа мэдэгдэж дотоод “Аудит” хийлгэсэн байсан. ... Би уг банкинд 13 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд дээрх шиг тохиолдол огт гарч байгаагүй юм. ...Мөнгөний ширхэгийг илүү, дутуу тоолж хийсэн тохиолдолд дараа нь зөрөө нь бэлэн тооллогоор гарч ирдэг юм. Тоололтын алдаа гараад 200 ширхэг гэж бичвэл бэлэн мөнгө нь дутна. Б.Сгийн хувьд АТМ-ээ суллахдаа кассет руу хийх ёстой бэлэн мөнгөө дутуу хийсэн. Ингэснээр өөрийнх нь хариуцаж байсан их кассанд уг АТМ руу хийгээгүй үлдсэн мөнгө бэлнээрээ илүүдэж байсан. Тэр илүүдэл мөнгийг удирдлагууддаа мэдээлэлгүй нуун дарагдуулж ашигласан болно гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31, 197 хуудас/,
Гэрч Б.Сх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... автомат теллер машин өөрөө данстай бөгөөд уг дансанд хийх мөнгөний дүнг ахлах теллер өөрөө тооцоолж, мөн ямар мөнгөн дүнг дансанд хийж байгаагаа ахлах теллер өөрөө хийдэг юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 хуудас/,
Гэрч А.Тг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сараас “Хоёр хүү” худалдааны төвийн АТМ-ээс мөнгө дутаж эхэлсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 28-нд салбарын орлого, зарлагын АТМ-ээс 3000000 төгрөгийн дутагдал үүссэн юм. Жишээ нь АТМ-д алдаа гараад залруулга хийгддэг болохоор тухайн үед нь нарийвчлан тооллого хийгээгүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар банк дотор байрладаг 3-н АТМ-ийн 1 нь болон “Хоёр хүү” худалдааны төвийн гадна талд байрлах АТМ-ийн дутагдал, илүүдлийн данс нийт 8000000 гаран төгрөгний дутагдалтай байгааг нягталсан юм. Ийм учраас би ажил үүргийн дагуу яагаад мөнгө дутсан шалтгааныг олохоор шалгаж ажиллахад 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр салбар дотор байрлах орлого, зарлагын АТМ-ийг 3000000 төгрөгөөр дутуу цэнэглэлт хийсэн болох нь камерын бичлэг болон гүйлгээний баримтаар нотлогдож байсан юм. Ийм байдал илэрсэн учраас төв банкны дотоод аудитын газраар нарийвчилсан шалгалт хийлгүүлэхээр хандсан юм. Ингээд аудитын шалгалт хийгдэж 8.4 сая төгрөгийг Б.С завшсан болохыг нь тогтоосон байсан юм. ... АТМ-ийн орлогын мөнгө дутаж байсан. АТМ-д зарим тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй техник саатах, буцаан залруулга хийгдэх зэрэг асуудлууд гардаг. Энэ болгоны зөрөө /баланс/ тохирч байх ёстой л доо. Гэвч Б.С тооцооны залруулгыг бүрэн нягталж эцсийн байдлаар мэдээлэл оруулж тооцоо нийлэхгүй байсан. Бид гүйлгээний зөрөөгүй болох ёстой гэж үздэг байсан учраас ерөнхийдөө тухайн үед нь шалгадаггүй байсан юм. Гэвч орлого зарлагын дүн арилахгүй, харин ч бүр их хэмжээний мөнгө дутаад байхаар нь шалгаж үзэхэд Б.С мөнгө завшсан нь тодорхой болсон юм. ... Би түүнийг мөнгө завшсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Нарийвчилсан шалгалтыг сайтар хийсэн. Бүх талаас нь хийсэн бөгөөд АТМ-ийн мөнгөн цэнэглэлт дээр л ажиллаад байна гэж таамаг дэвшүүлээд шалгахад яалт ч үгүй дээрх байдлаар мөнгө завшдаг болох нь тогтоогдсон юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/
Гэрч Б.Цг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Орлогын мөнгөн дүнг хүний үйл ажиллагааны алдаанаас шалтгаалаад буруу оруулах эрсдэл байдаг. Гэхдээ бүх үйл ажиллагаа хяналттай байдаг учраас алдаа гарвал тэр дор нь алдаа нь засварлагдах боломжтой юм. Хэрэв тухайн үед хяналтууд сул байснаас шалтгаалаад алдаатай хийсэн тохиолдолд тэр доороо засварлагдахгүй байх эрсдэл байж болох юм. Б.С өөрөө тухайн ажлыг хариуцаж байгаа учир хэрэв мөнгө дутвал өөртэй нь холбоотой гэдгийг мэдэх учраас алдаагүй ажиллах ёстой. Хэрэв мөнгө завшсан бол хэрхэн яаж завшсаныг нь миний хувьд мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 41 дүгээр хуудас/
Гэрч Г.Эт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би тухайн ажилтны мөнгө завшсан болохыг “Аудит”-ын тайлан /тусгай/-д тодорхой бичсэн байгаа. Ер нь АТМ машинд гүйлгээний түүх бичигддэг юм. Үүнийг нь “лог” гэж нэрлэдэг юм. Б.С бол ажлаа сайн мэддэгийн хувьд АТМ машинаас дээрх мөнгийг хэрхэн яаж авахаа мэдэж, хяналтын ажилтнуудад АТМ-ын тооцоо зарим тохиолдолд илүүдэж, зарим тохиолдолд дутаж, эргээд зөрүү нь баланслагдсан байгаа гэдгийг итгүүлж ирсэн байдаг. Миний хийсэн шалгалтаар Б.С мөнгө завшсан болох нь тогтоогдсон. Түүний үйлдлийн талаар буюу энэ мэдүүлэгт тавигдсан асуултын дагуу тайлбар бичиж өгч болох юм. ... Алдаа гарах боломжтой. 20000 төгрөгийн дэвсгэртээс эхэлж тоолох байсанаа 1000-тын дэвсгэртээс тоолчихоод цахим тохируулгад алдаа зөрөө гаргах боломжтой. Гэхдээ энэ нь бол санамсаргүй тохиолдлоор хийгдчих боломжтой юм. Б.Сгийн үйлдэл бол санаатай үйлдэл юм. ... Нэг удаа өөр нэгж дээр АТМ-ыг цэнэглэхдээ кассетанд хийх мөнгийг сольж хийснээс шалтгаалаад жишээ нь 20.000 төгрөг авах үйлчлүүлэгийн мөнгө нь 5000 төгрөг гарч ирэх жишээтэй юм. Энэ тохиолдолд мэдээж үйлчлүүлэгч банкинд гомдол өгүүлэл гаргана. Ингэж мөнгө солигдсон нь илэрч байсан юм. Гэхдээ одооны АТМ-үүд мөнгөн дэвсгэртээ өөрөө таньж алдаа заадаг болсон тул тэр дороо засагддаг болсон юм. Орлого хийх үедээ мөнгөн дүнг буруу хийсэн тохиолдолд АТМ цэнэглэгч өөрөө тухайн үед нь засварлах боломжтой. Харин буруу дүнг мэдээлэл программд оруулсаныг тэр дор нь хянадаг хяналт бол байхгүй. Яг АТМ цэнэглэж байхад цаанаас онлайн сүлжээ, камерын хяналтаар хянадаггүй, тэр дор нь хянах боложмгүй юм. Буруу дүн оруулсаныг нь дараа хянасан тохиолдолд ахлах теллер Б.С бусад АТМ цэнэглэгч программд алдаа гарсан байх, дараа нь залруулагдчихна гэсэн байдлаар ойлгуулдаг байсан байна. Ер нь алдаа гарсан тохиолдолд эргэн залруулагдаж бланс нийлдэг юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43 хуудас/
2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Жанилгааны №78 дугаартай дүгнэлт: ...1. Шинжилгээнд ирүүлсэн ХААН банкны Зүүнхараа салбарын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны КА-221, КА-605 дугаар бүхий хоёр АТМ-ын гүйлгээ нэг бүрийг лог, журнал, АТМ-ын илүүдэл дутагдал тохируулах дансны хуулга, АТМ цэнэглэлт, АТМ-д орсон болон гарсан мөнгөн дэвсгэртийн баримтуудыг тулган шалгахад тус салбарын АТМ-ын бэлэн мөнгөний машинаас нийт 8.400.000.00 төгрөг дутагдсанаас АТМ-ын илүүдэл дутагдал тохируулах дансны хуулгаар 495.000.00 төгрөгийг хасч тооцохоор байна. Иймд ХААН банкны Зүүнхараа салбарт нийт 7.905.000.00 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гарсан байна. 2. ХААН банкны “Зүүнхараа” салбарт ахлах теллерээр ажиллаж байсан Б.Сгийн хариуцсан АТМ-н касс дахь бэлэн мөнгөнөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн хооронд нийт 7.905.000.00 төгрөгийн дутагдал гарсан байна гэх дүгнэлт /ХХ-ийн 128-130/
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ХААН банкны Зүүнхараа салбарт ахлах теллерээр ажиллаж байсан Б.Сд холбогдох дутагдлын тооцооны хүснэгт /хх-ийн 131 хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 148 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Сгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /152 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хаан банкны Зүүнхараа салбарт ахлах теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 7905000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч, иргэний нэхэмжлэгч Л.Цчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний ажилладаг Хаан банкны салбарын ерөнхий нягтлан бодогч Тг 2018 оны 01 дүгээр сард надад хандаж “банк дотор байрладаг 605 дугаарын АТМ /бэлэн мөнөгний машин/-ын гүйлгээ нэг л эргэлзээтэй байна. Уг АТМ-йн хяналтын камерын бичлэгийг үзэж шалгаад өгөөч “гэсний дагуу камерын бичлэгийг шүүсэн юм. Тухайн 605 дугаартай АТМ-ний мөнгө нь илүүдээд ажиллахгүй байсан. Тэр өдөр ахлах теллер Б.С, Ат нар илүүдэл мөнгийг суллаж авсан. Уг АТМ-ын 10.000-тын дэвгэртүүд байрладаг хайрцагнаас 2393 ширхэг 10.000-тын дэвсгэрт гарч ирсэн. Уг дэвсгэртүүдээс 1393 ширхэгийг буцааж АТМ рүү хийх ёстой байснаас эхлээд 1000 ширхэг 10.000-тын дэвгэртийг хийж, хэсэг хугацааны дараа буюу 20 орчим минутын дараа нэмж 93 ширхэг 10.000-тын дэвсгэртийг хийсэн. Б.С 1300 ширхэг 10.000 төгрөгний дэвгэртийг их касс руу зузаатгаж авах ёстой байсан боловч 1000 ширхэгийг хийж 300 ширхэгийг хийгээгүй байсан. Нэгэнт тухайн АТМ-ыг суллаад буцааж цэнэглэлтийн тооцоог оруулахдаа 1393 ширхэг 10.000-тын дэвгэртээр цэнэглэсэн тухай мэдээллийг оруулсан байсан. Мөн камерын бичлэгээс харахад Б.С өөрийн хариуцдаг бэлэн мөнгөний касс дээрээ мөнгөө 2-3 удаа нягталж шалгасан. Нэг удаа нягталж шалгахад тооцоо зөрүүгүй таарч байсан бол дахин дахин ирж 2 шалгах шаардлагагүй юм л даа. Гэтэл мөнгөний тооцоо нь зөрсөн тул 3.000.000 төгрөг илүү гарсан бол шууд захирал болон нягтлан нарт кассан дахь мөнгө зөрсөн тухай даруй мэдэгдэж зөрөөг арилгах үйл ажиллагаа явагддаг юм. Гэвч Б.С тэр тухайгаа мэдээгүй илүүдэл мөнгийг кассанд дарчихсан байна. Энэ байдлаараа АТМ-ээс мөнгө завшсан гэж үзэж байгаа юм. Уг үйлдлээс өөр хэд хэдэн удаагийн үйлдэл илэрсэнээс шалтгаалж манай банкны зүгээс төв банк руугаа мэдэгдэж дотоод “Аудит” хийлгэсэн байсан. ... Би уг банкинд 13 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд дээрх шиг тохиолдол огт гарч байгаагүй юм. ...Мөнгөний ширхэгийг илүү, дутуу тоолж хийсэн тохиолдолд дараа нь зөрөө нь бэлэн тооллогоор гарч ирдэг юм. Тоололтын алдаа гараад 200 ширхэг гэж бичвэл бэлэн мөнгө нь дутна. Б.Сгийн хувьд АТМ-ээ суллахдаа кассет руу хийх ёстой бэлэн мөнгөө дутуу хийсэн. Ингэснээр өөрийнх нь хариуцаж байсан их кассанд уг АТМ руу хийгээгүй үлдсэн мөнгө бэлнээрээ илүүдэж байсан. Тэр илүүдэл мөнгийг удирдлагууддаа мэдээлэлгүй нуун дарагдуулж ашигласан болно ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31, 197 хуудас/, Гэрч Б.Схгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...автомат теллер машин өөрөө данстай бөгөөд уг дансанд хийх мөнгөний дүнг ахлах теллер өөрөө тооцоолж, мөн ямар мөнгөн дүнг дансанд хийж байгаагаа ахлах теллер өөрөө хийдэг юм ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 хуудас/, Гэрч А.Тгын мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 02 дугаар сараас “Хоёр хүү” худалдааны төвийн АТМ-ээс мөнгө дутаж эхэлсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 28-нд салбарын орлого, зарлагын АТМ-ээс 3000000 төгрөгийн дутагдал үүссэн юм. Жишээ нь АТМ-д алдаа гараад залруулга хийгддэг болохоор тухайн үед нь нарийвчлан тооллого хийгээгүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар банк дотор байрладаг 3-н АТМ-ийн 1 нь болон “Хоёр хүү” худалдааны төвийн гадна талд байрлах АТМ-ийн дутагдал, илүүдлийн данс нийт 8000000 гаран төгрөгний дутагдалтай байгааг нягталсан юм. Ийм учраас би ажил үүргийн дагуу яагаад мөнгө дутсан шалтгааныг олохоор шалгаж ажиллахад 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр салбар дотор байрлах орлого, зарлагын АТМ-ийг 3000000 төгрөгөөр дутуу цэнэглэлт хийсэн болох нь камерын бичлэг болон гүйлгээний баримтаар нотлогдож байсан юм. Ийм байдал илэрсэн учраас төв банкны дотоод аудитын газраар нарийвчилсан шалгалт хийлгүүлэхээр хандсан юм. Ингээд аудитын шалгалт хийгдэж 8.4 сая төгрөгийг Б.С завшсан болохыг нь тогтоосон байсан юм. ... АТМ-ийн орлогын мөнгө дутаж байсан. АТМ-д зарим тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй техник саатах, буцаан залруулга хийгдэх зэрэг асуудлууд гардаг. Энэ болгоны зөрөө /баланс/ тохирч байх ёстой л доо. Гэвч Б.С тооцооны залруулгыг бүрэн нягталж эцсийн байдлаар мэдээлэл оруулж тооцоо нийлэхгүй байсан. Бид гүйлгээний зөрөөгүй болох ёстой гэж үздэг байсан учраас ерөнхийдөө тухайн үед нь шалгадаггүй байсан юм. Гэвч орлого зарлагын дүн арилахгүй, харин ч бүр их хэмжээний мөнгө дутаад байхаар нь шалгаж үзэхэд Б.С мөнгө завшсан нь тодорхой болсон юм. ... Би түүнийг мөнгө завшсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Нарийвчилсан шалгалтыг сайтар хийсэн. Бүх талаас нь хийсэн бөгөөд АТМ-ийн мөнгөн цэнэглэлт дээр л ажиллаад байна гэж таамаг дэвшүүлээд шалгахад яалт ч үгүй дээрх байдлаар мөнгө завшдаг болох нь тогтоогдсон юм ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/, Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Орлогын мөнгөн дүнг хүний үйл ажиллагааны алдаанаас шалтгаалаад буруу оруулах эрсдэл байдаг. Гэхдээ бүх үйл ажиллагаа хяналттай байдаг учраас алдаа гарвал тэр дор нь алдаа нь засварлагдах боломжтой юм. Хэрэв тухайн үед хяналтууд сул байснаас шалтгаалаад алдаатай хийсэн тохиолдолд тэр доороо засварлагдахгүй байх эрсдэл байж болох юм. Б.С өөрөө тухайн ажлыг хариуцаж байгаа учир хэрэв мөнгө дутвал өөртэй нь холбоотой гэдгийг мэдэх учраас алдаагүй ажиллах ёстой ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41 дүгээр хуудас/, Гэрч Г.Этийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би тухайн ажилтны мөнгө завшсан болохыг “Аудит”-ын тайлан /тусгай/-д тодорхой бичсэн байгаа. Ер нь АТМ машинд гүйлгээний түүх бичигддэг юм. Үүнийг нь “лог” гэж нэрлэдэг юм. Б.С бол ажлаа сайн мэддэгийн хувьд АТМ машинаас дээрх мөнгийг хэрхэн яаж авахаа мэдэж, хяналтын ажилтнуудад АТМ-ын тооцоо зарим тохиолдолд илүүдэж, зарим тохиолдолд дутаж, эргээд зөрүү нь баланслагдсан байгаа гэдгийг итгүүлж ирсэн байдаг. Миний хийсэн шалгалтаар Б.С мөнгө завшсан болох нь тогтоогдсон. Түүний үйлдлийн талаар буюу энэ мэдүүлэгт тавигдсан асуултын дагуу тайлбар бичиж өгч болох юм. ... Алдаа гарах боломжтой. 20000 төгрөгийн дэвсгэртээс эхэлж тоолох байсанаа 1000-тын дэвсгэртээс тоолчихоод цахим тохируулгад алдаа зөрөө гаргах боломжтой. Гэхдээ энэ нь бол санамсаргүй тохиолдлоор хийгдчих боломжтой юм. Б.Сгийн үйлдэл бол санаатай үйлдэл юм. ... Нэг удаа өөр нэгж дээр АТМ-ыг цэнэглэхдээ кассетанд хийх мөнгийг сольж хийснээс шалтгаалаад жишээ нь 20.000 төгрөг авах үйлчлүүлэгийн мөнгө нь 5000 төгрөг гарч ирэх жишээтэй юм. Энэ тохиолдолд мэдээж үйлчлүүлэгч банкинд гомдол өгүүлэл гаргана. Ингэж мөнгө солигдсон нь илэрч байсан юм. Гэхдээ одооны АТМ-үүд мөнгөн дэвсгэртээ өөрөө таньж алдаа заадаг болсон тул тэр дороо засагддаг болсон юм. Орлого хийх үедээ мөнгөн дүнг буруу хийсэн тохиолдолд АТМ цэнэглэгч өөрөө тухайн үед нь засварлах боломжтой. Харин буруу дүнг мэдээлэл программд оруулсаныг тэр дор нь хянадаг хяналт бол байхгүй. Яг АТМ цэнэглэж байхад цаанаас онлайн сүлжээ, камерын хяналтаар хянадаггүй, тэр дор нь хянах боложмгүй юм. Буруу дүн оруулсаныг нь дараа хянасан тохиолдолд ахлах теллер Б.С бусад АТМ цэнэглэгч программд алдаа гарсан байх, дараа нь залруулагдчихна гэсэн байдлаар ойлгуулдаг байсан байна. Ер нь алдаа гарсан тохиолдолд эргэн залруулагдаж бланс нийлдэг юм ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43 хуудас/, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Жанилгааны №78 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 128-130/, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ХААН банкны Зүүнхараа салбарт ахлах теллерээр ажиллаж байсан Б.Сд холбогдох дутагдлын тооцооны хүснэгт /ХХ-ийн 131 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Сг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хаан банкны Зүүнхараа салбарт ахлах теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 7905000 төгрөгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байх ба шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байна гэж дүгнэлээ.
Иймд Б.С нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хаан банкны Зүүнхараа салбарт ахлах теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 7905000 төгрөгийг завшсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Мөн Эрүүгийн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Жанилгааны №78 дугаартай” дүгнэлтэд:“...1.Шинжилгээнд ирүүлсэн ХААН банкны Зүүнхараа салбарын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны КА-221, КА-605 дугаар бүхий хоёр АТМ-ын гүйлгээ нэг бүрийг лог, журнал, АТМ-ын илүүдэл дутагдал тохируулах дансны хуулга, АТМ цэнэглэлт, АТМ-д орсон болон гарсан мөнгөн дэвсгэртийн баримтуудыг тулган шалгахад тус салбарын АТМ-ын бэлэн мөнгөний машинаас нийт 8.400.000.00 төгрөг дутагдсанаас АТМ-ын илүүдэл дутагдал тохируулах дансны хуулгаар 495.000.00 төгрөгийг хасч тооцохоор байна. Иймд ХААН банкны Зүүнхараа салбарт нийт 7.905.000.00 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гарсан байна ...” /ХХ-ийн 128-130/ гэсэн ба уг дүгнэлтээр тогтоогдсон хохиролыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Сгаас гаргуулж Хаан банкны Зүүнхараа салбарт олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн Хаан банкны Зүүнхараа салбарын камерын бичлэг бүхий 1 ширхэг, туршилт хийх үеийн 2 ширхэг хуурцаг /CD/-ийг тухайн хэрэгт уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Балжмаагийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 7905000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Сг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Сгын торгох ялыг 03 /гурав/ жил хүртэлх хугацаанд гучин зургаа хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Сгаас 7905000 /долоон сая есөн зуун таван мянга/ төгрөг гаргуулж Хаан банк Зүүнхараа салбарт /иргэмжлэгдсэн төлөөлөгч /РД:МЗ:81030808/ Хархүү овогт Лхагвасүрэнгийн Цч/-т олгосугай.
6. Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаж, Хаан банкны Зүүнхараа салбарын камерын бичлэг бүхий 1 ширхэг, туршилт хийх үеийн 2 ширхэг хуурцаг /CD/-ийг тухайн хэрэгт уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.