Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Э.Гантулга

                         Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ж.Энхжаргал

                        Шүүгдэгч                                        Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Агараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Ад холбогдох 1903005840321 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт * оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Бөртэ овогт Доржийн А.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Д.А нь 2019 оны 03 дугаар сарын 11-нээс 28-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн авто баазын жолоочоор ажиллаж байхдаа байгууллагын эзэмшлийн “22-39” СБА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэлд 12500000 төгрөгний төсөвтэй их засвар хийгдэх төлөвлөгөөнд орсноос иргэн Б.БЭээс 2800000 төгрөгөөр ЗИЛ 130 машин сэлбэгэнд зориулан худалдан авахааар тохиролцож 4930000 төгрөг шилжүүлж 1600000 төгрөгийг буцаан авч завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: ... Миний эзэмшиж ашигладаг 22-39 СБА Улсын дугаартай, байгууллагын эзэмшлийн, ЗИЛ 130 загварын машин 12500000 төгрөгийн их засварт орох төлөвлөгөөнд тусгагдаад 2019 оны 03 дугаар сард их засварт 22-39 СБА дугаартай машин орж эхэлсэн. Тэгээд хүнээс ЗИЛ-130 зарна гэдгийг сонсоод БЭэтэй уулзаад машиныг чинь үзье гээд гэрт нь очсон. Эндээ намайг дарга нар, баазын механик нар, ерөнхий эд нар өөрөө чи машинаа олоодох гэсэн юм. Би тэгээд машиныг нь очиж үзээд хэд гэж байгаа юм гээд үнийг нь тохирсон. Манай байгууллага жолооч нартаа ЗИЛ 130 машины араас чирэх чиргүүл өгдөггүй юм. Манай чиргүүлүүд дандаа хувийнх байдаг. Би БЭэд хэлж байгаад чиргүүл туслах хроп авъя гээд 1600000 төгрөгөнд тохирсон. Түүний ЗИЛ 130 машиныг нь 2800000 төгрөгөөр авахаар тохироод би дээр нь 1600000 төгрөг нэмчихсэн юм гэв.

Хохирогч Ц.Бд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай байгууллага 1600000 төгрөгний хохирол нэхэмжилнэ. Энэ нь иргэн БЭээс худалдаж авсан ЗИЛ-130 машины төлбөрт 4437000 төгрөгийг шилжүүлсэн байдаг гэрээ хийхдээ 4930000 төгрөг гэж хэлж байгаа л даа үүнээс хувь хүний орлогын албан татвар хасаад 4437000 төгрөгийг БЭийн данс руу шилжүүлсэн. Харин жолооч А нь БЭэд манайхтай байгуулсан гэрээнээс бага үнээр аман гэрээ хийгээд дундаас нь 1600000 төгрөгийг хувьдаа завшсан байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/

Гэрч Ж.БЭэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 03 дугаар сард би УБТЗ-ын мод боловсруулах үйлдвэр дээр явж байгаад тэдний жолооч Атэй таараад зарах ЗИЛ-130 байна уу гэхээр нь надад ЗИЛ-130 байгаа зарна гэсэн, машиныг чинь үзье гээд манай гэрт очиж миний машиныг үзсэн. Тэгээд удалгүй авахаар тохироод авсан. Надаас худалдаж авахдаа бид 2800000 төгрөгөөр тохироод би байгууллагад авч байгаа чамтай гэрээ хийхдээ 4437000 төгрөгөөр хийнэ харин илүү гарсан мөнгийг надад өгөөрэй гэж тохиролцсон. Тэгээд миний дансанд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хаан банкны хувийн дансанд 4437000 төгрөг шилжин орж ирсэн. Тэгээд А надаас 1600000 төгрөгийг дансаар буцааж авсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 57 дугаар хуудас/

Гэрч З.Цм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр миний Хаан банкны 5001021490 дугаартай дансанд 1600000 төгрөг орж ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 62-63 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэл “худалдах, худалдан авах гэрээ” /ХХ-ийн 73-78 хуудас/

Ж.БЭийн 5551001374 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 134-141 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Д.Агийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 194-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 196 дугаар хуудас/, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 197 дугаар хуудас/,  иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 03 дугаар сарын 11-нээс 28-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн авто баазын жолоочоор ажиллаж байхдаа байгууллагын эзэмшлийн “22-39” СБА улсын дугаартай ЗИЛ-130 загварын тээврийн хэрэгсэлд 12500000 төгрөгний төсөвтэй их засвар хийгдэх төлөвлөгөөнд орсноос иргэн Б.БЭээс 2800000 төгрөгөөр ЗИЛ-130 загварын тээврийн хэрэгсэл худалдан авахааар тохиролцож 4930000 төгрөг шилжүүлж 1600000 төгрөгийг буцаан авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.Бдгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай байгууллага 1600000 төгрөгний хохирол нэхэмжилнэ. Энэ нь иргэн БЭээс худалдаж авсан ЗИЛ-130 машины төлбөрт 4437000 төгрөгийг шилжүүлсэн байдаг гэрээ хийхдээ 4930000 төгрөг гэж хэлж байгаа л даа үүнээс хувь хүний орлогын албан татвар хасаад 4437000 төгрөгийг БЭийн данс руу шилжүүлсэн. Харин жолооч А нь БЭэд манайхтай байгуулсан гэрээнээс бага үнээр аман гэрээ хийгээд дундаас нь 1600000 төгрөгийг хувьдаа завшсан байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, Гэрч Ж.БЭий мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 03 дугаар сард би УБТЗ-ын мод боловсруулах үйлдвэр дээр явж байгаад тэдний жолооч Атэй таараад зарах ЗИЛ-130 байна уу гэхээр нь надад ЗИЛ-130 байгаа зарна гэсэн, машиныг чинь үзье гээд манай гэрт очиж миний машиныг үзсэн. Тэгээд удалгүй авахаар тохироод авсан. Надаас худалдаж авахдаа бид 2800000 төгрөгөөр тохироод би байгууллагад авч байгаа чамтай гэрээ хийхдээ 4437000 төгрөгөөр хийнэ харин илүү гарсан мөнгийг надад өгөөрэй гэж тохиролцсон. Тэгээд миний дансанд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хаан банкны хувийн дансанд 4437000 төгрөг шилжин орж ирсэн. Тэгээд А надаас 1600000 төгрөгийг дансаар буцааж авсан ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 57 дугаар хуудас/, Гэрч З.Цмгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр миний Хаан банкны 5001021490 дугаартай дансанд 1600000 төгрөг орж ирсэн ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 62-63 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэл “худалдах, худалдан авах гэрээ” /ХХ-ийн 73-78 хуудас/, Ж.БЭийн 5551001374 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 134-141 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Аг Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 1600000 төгрөгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.А нь 2019 оны 03 дугаар сарын 11-нээс 28-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн авто баазын жолоочоор ажиллаж байхдаа байгууллагын эзэмшлийн “22-39” СБА улсын дугаартай ЗИЛ-130 загварын тээврийн хэрэгсэлд 12500000 төгрөгний төсөвтэй их засвар хийгдэх төлөвлөгөөнд орсноос иргэн Б.БЭээс 2800000 төгрөгөөр ЗИЛ-130 загварын тээврийн хэрэгсэл худалдан авахааар тохиролцож 4930000 төгрөг шилжүүлж 1600000 төгрөгийг буцаан авч завшсан нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Д.Ад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор болох хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Харин иргэний нэхэмжлэгч Н.Бд нь шүүгдэгч Д.Агээс ЗИЛ 130 тээврийн хэрэгсэлийн кабины үнэ 1600000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг кабиныг УБТЗамын Мод боловсруулах үйлдвэрийн эзэмшлийн ЗИЛ 130 загварын 22-39 СБА Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байршуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгий хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, нэхэмжлэгч Н.Бд нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Бөртэ овогт Доржийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 1600000 төгрөгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Аг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ гэмт хэрэгт Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдсугай.

5. Эрүүгий хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Бдийн шүүгдэгч Д.Агээс  ЗИЛ 130 тээврийн хэрэгсэлийн кабины үнэ 1600000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, нэхэмжлэгч Н.Бд нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.