| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00146/Э |
| Дугаар | 00163 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 00163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ад холбогдох 1932001380163 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт * тоотод оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Бэсүд овогт Баянжаргалын А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.А нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа тооцооны 132 дахь төвөөс иргэн Ш.Мзын Хас банкны 5001050760 дугаарын дансанд андуурч шилжүүлсэн 750000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ.
Хохирогч Ш.Мз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 07 сарын 03-ны өдрийн өглөө 10 цагийн орчим өөрийн Хас банкны посын машинаас Хаан банкны 5001050760 данс руу 750000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл би Хаан банкны данс руу биш Хас банкны 5001050760 данс руу шилжүүлж буруу гүйлгээ хийсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Э.Мз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Б.А нь манай мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оноос 2017 онд ажиллаж байгаад 2017 оны хавар ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Цалин тооцооны үлдэгдэл байхгүй /ХХ-ийн 16 дугаар хуудас/
Хас банкны 5001050760 дугаартай дансны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дансны хуулга /ХХ-ийн 9 дүгээр хуудас/
Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Миний 5001050760 дугаартай Хас банкны дансанд энэ оны Улсын баярын өмнө өдрийн санахгүй байна 750000 /долоон зуун тавин мянган/ төгрөг шилжин орж ирсэн. Би 2018 оны 06 дугаар сар хүртлэх хугацаанд “Хамаг монгол “ МСҮТ-д мэргэжлийн багшаар ажилласан “цалин мөнгөө өгөхгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байхаар нь ажилаасаа өөрийн хүсэлтээр гарсан юм. Би тухайн төвөөс сүүлийн 2 сарын цалин болох нэг сая орчим төгрөг авах ёстой байсан болохоор тухайн газрын захирал Э.Мз нь надад өгөх ёстой цалингаа шилжүүлсэн байна гэж ойлгосон. Тийм болохоор тухайн мөнгийг зарцуулчихсан юм. Шилжин орж ирсэн мөнгө одоо байхгүй харин сүүлд нь Цагдаагийн байгууллагаас ярихаар нь миний данс руу андуурч шилжүүлсэн мөнгөний талыг шилжүүлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 38-р хуудас/, шүүгдэгч Б.Аын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 27-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа тооцооны 132 дахь төвөөс иргэн Ш.Мзын Хас банкны 5001050760 дугаарын дансанд андуурч шилжүүлсэн 750000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ш.Мзын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2019 оны 07 сарын 03-ны өдрийн өглөө 10 цагийн орчим өөрийн Хас банкны посын машинаас Хаан банкны 5001050760 данс руу 750000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл би Хаан банкны данс руу биш Хас банкны 5001050760 данс руу шилжүүлж буруу гүйлгээ хийсэн... гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, Гэрч Э.Мзын мөрдөн байцаалтанд өгсөн ... Б.А нь манай мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оноос 2017 онд ажиллаж байгаад 2017 оны хавар ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Цалин тооцооны үлдэгдэл байхгүй... гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/, Хас банкны 5001050760 дугаартай дансны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дансны хуулга /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Аыг Хас банкны 5001050760 дугаарын дансанд андуурч шилжүүлсэн 750000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.А нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа тооцооны 132 дахь төвөөс иргэн Ш.Мзын Хас банкны 5001050760 дугаарын дансанд андуурч шилжүүлсэн 750000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч Ш.Мз нь хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Баянжаргалын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Аийн торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.