Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 00160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Э.Гантулга

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Сувдаа

                         Шүүгдэгч                                        Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Нд холбогдох 1932001620196 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Баярмөнхийн Н.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Н нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Сангастайн зоо” гэх газарт мод хөрөөдөн унагаах явцад Б.Г нь унагаж буй модонд цохиулсны улмаас биед нь хүнд хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: ... 2019 оны 08-р сарын 14-ны өдөр Зүүнхараагаас машинтай яваад 08-р сарын 15-нд Ерөө голын наана хүрч очоод тэндээ хоночихоод өглөө хоол хийж идээд цаашаа явж мод хийх газар буюу “Цангистай” гэх газар очсон. Модоо хийж байгаад сүүлийн хоёр гурван модоо унагаах гээд байж байхад тэр хоёр мод цагаалж байхад нь холдоорой гэж хэлэхэд эсрэг тал руу гараад явж байсан. Тэгээд модоо унагаачихаад харсан чинь Г модны үзүүрт цохиулчих шиг боллоо гээд Тогоо хэлэхээр нь гүйгээд очиход цохиулсан байсан. Г, АО, Мт бид нар тэр үед хамт явсан юм. Мод унагаах үед АО, Мт хоёр байсан, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Миний хүү Б.Гтыг 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой гэртээ байж байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Долгорсүрэн эхнэрийнхээ хамт ирж уулзан уул руу модонд грушик /туслах ажилтан/ -аар авч явъя гээд аваад явсан. Ингээд маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчим миний утас дуугарахаар нь автал Долгорсүрэн танай хүүгийн хөл нь хугараад гэмтсэн байна. Би эмч аваад явах гэж байна та нар явах уу гэж асуусан. Бид нар Ерөө голын эрэг дээр очиход голын цаанаас ЗИЛ-131 загварын машинтай хүмүүс манай хүүг авто машины ачаан дээр ор засаад аваад хүрээд ирсэн. Хүүгээ хартал ухаангүй, зүүн талын хөл гуяараа хугарчихсан, толгой нь баруун дух орчим арьс нь ангайчихсан, баруун талын нүд, баруун хацар, эрүүн тус газар нь хөхрөөд хавдчихсан байсан. Ингээд бид хэд шууд эмнэлэгийн авто машинтай Мандал сум руу явсан. Би хараагүй болохоор мэдэхгүй байна. Цуг явсан хүмүүс нь модны мөчирт цохиулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/

Гэрч О.АО мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би мод тайрч байгаад эргээд хартал Мт ах, Н ах хоёр гүйлдээд явчихаар нь гайхаад очсон чинь Г газарт ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэр үед Н ах мөчир үсрээд цохичих шиг боллоо, ухаан алдчихсан юм болов уу гэж ярьж байсан. Би цаашаа гүйгээд ууланд мод бэлтгэж байсан Дэлгэрсайхан гэдэг жолооч дээр гүйж очоод хүн мөчирөнд цохиулаад ухаан алдчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд би машин дотроос Жи-мобайлын утас аваад уулын орой руу гарч Долгорсүрэн ахад болсон явдлын талаар хэлсэн. Ингээд бид нар 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед Сангастай гэдэг газраас Гтыг Зил-131 машины тэвшин дээр хэвтүүлээд Мандал сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/

Гэрч Г.Мт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед би хүргэн дүү АО, хөрөөчин Н, грушиг /туслах/ Г нарын хамт Зил-131 маркийн машинтай Ерөө сумын нутаг Сангастай гэх газар луу мод бэлтгэхээр явсан. Би нар явсаар тэр оройдоо Ерөө голын наад эрэг дээр хоноод маргааш нь өдөр 13 цагийн үед мод бэлтгэх газраа очсон. Н ах мод хөрөөдөж унагаад Г бид хоёр унасан модыг цагаалах гээд хажууд нь байсан. Тэгээд хөрөөчин Н ах сүүлээсээ 2 дахь модоо хөрөөдөж унагах үедээ эхлээд модны унах талаас хөрөөдөж эхэлсэн. Тэгэхдээ ургаа модны унах талд мод унахад бид 2-т хүрэхгүй байх гэсэн бодолтой тийм хэмжээний зайд зогсож байсан. Г бид 2-г Н ах мод унана шүү холдоорой гэж хэлсэн. Тэгээд мод унах зүгийн эсрэг тал руу би эхлээд миний араас Г гүйж байтал мод унасан. Намайг эргээд харахад Н ахын хөрөөдөж унагасан модны үзүүр орчим Г дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би буцаад Г дээр гүйгээд очтол Г модны мөчирт цохиулсан баруун чамархай хэсэгт 2 см орчим хэмжээтэй язарч цус гарсан ухаангүй байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/

Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №10132 дугаартай дүгнэлт: ...

 

1. Б.Гтын биед духны баруун хажуу хэсгээс доош баруун чамархай, суурь ясны их бага далавч, суурийн хөндий дайрсан шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд хананаас духны хөндий дайрсан хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун талын гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, тархины хажуу хальсан дээрх цусан хураа, баруун зүүн дух, чамархай, зулайн хэсгийн тархины эдийн цус харвалт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун гарын шуу, богтос ясны хугарал, цууралт, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн дүгнэлт /ХХ-ийн 38-39-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 59 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 62 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Сангастайн зоо” гэх газарт мод хөрөөдөн унагаах явцад Б.Г нь унагаж буй модонд цохиулсны улмаас биед нь хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний хүү Б.Гтыг 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой гэртээ байж байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Долгорсүрэн эхнэрийнхээ хамт ирж уулзан уул руу модонд грушик /туслах ажилтан/ -аар авч явъя гээд аваад явсан. Ингээд маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчим миний утас дуугарахаар нь автал Долгорсүрэн танай хүүгийн хөл нь хугараад гэмтсэн байна. Би эмч аваад явах гэж байна та нар явах уу гэж асуусан. Бид нар Ерөө голын эрэг дээр очиход голын цаанаас ЗИЛ-131 загварын машинтай хүмүүс манай хүүг авто машины ачаан дээр ор засаад аваад хүрээд ирсэн. Хүүгээ хартал ухаангүй, зүүн талын хөл гуяараа хугарчихсан, толгой нь баруун дух орчим арьс нь ангайчихсан, баруун талын нүд, баруун хацар, эрүүн тус газар нь хөхрөөд хавдчихсан байсан. Ингээд бид хэд шууд эмнэлэгийн авто машинтай Мандал сум руу явсан. Би хараагүй болохоор мэдэхгүй байна. Цуг явсан хүмүүс нь модны мөчирт цохиулсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, Гэрч О.АОын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би мод тайрч байгаад эргээд хартал Мт ах, Н ах хоёр гүйлдээд явчихаар нь гайхаад очсон чинь Г газарт ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэр үед Н ах мөчир үсрээд цохичих шиг боллоо, ухаан алдчихсан юм болов уу гэж ярьж байсан. Би цаашаа гүйгээд ууланд мод бэлтгэж байсан Дэлгэрсайхан гэдэг жолооч дээр гүйж очоод хүн мөчирөнд цохиулаад ухаан алдчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд би машин дотроос Жи-мобайлын утас аваад уулын орой руу гарч Долгорсүрэн ахад болсон явдлын талаар хэлсэн. Ингээд бид нар 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед Сангастай гэдэг газраас Гтыг Зил-131 машины тэвшин дээр хэвтүүлээд Мандал сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/, Гэрч Г.Мтгийн мөрдөн байцаалтанд өгсөн... Тэгээд хөрөөчин Н ах сүүлээсээ 2 дахь модоо хөрөөдөж унагах үедээ эхлээд модны унах талаас хөрөөдөж эхэлсэн. Тэгэхдээ ургаа модны унах талд мод унахад бид 2-т хүрэхгүй байх гэсэн бодолтой тийм хэмжээний зайд зогсож байсан. Г бид 2-г Н ах мод унана шүү холдоорой гэж хэлсэн. Тэгээд мод унах зүгийн эсрэг тал руу би эхлээд миний араас Г гүйж байтал мод унасан. Намайг эргээд харахад Н ахын хөрөөдөж унагасан модны үзүүр орчим Г дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би буцаад Г дээр гүйгээд очтол Г модны мөчирт цохиулсан баруун чамархай хэсэгт 2 см орчим хэмжээтэй язарч цус гарсан ухаангүй байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №10132 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 38-39-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Нг хохирогч Б.Гтын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Н нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Сангастайн зоо” гэх газарт мод хөрөөдөн унагаах явцад Б.Г нь унагаж буй модонд цохиулсны улмаас биед нь хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Нд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор болох хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр 40 см урттай бүдүүн талын диаметр нь 12 см, нарийн талын диаметр нь 8 см модны мөчрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Боржигон овогт Баярмөнхийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ гэмт хэрэгт Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг  тус тус дурьдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 метр 40 см урттай бүдүүн талын диаметр нь 12 см, нарийн талын диаметр нь 8 см модны мөчрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.