Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 3192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын 2 дугаар байр хаягт байрлах Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /РД:5290082/-ийн нэхэмжлэлтэй,

 

Капитал фаундэйшн ХХК /РД:5346363/-ийн захирал Мягмаржав овогтой Баярсайхан /РД:УК57042518/-ыг Эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Булган, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Капитал фаундэйшн ХХК /РД:5346363/ нь Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн манай сантай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 800,000,000.00 төгрөг зээлсэн бөгөөд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Хан Уул дүүрэг, 10 дугаар хороонд байрлах 10000 м,кв талбайтай газрыг барьцаалуулсан.

 

Гэвч Зээлдэгч тал гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөөгүй тул гэрээг цуцлаж, Капитал фаундэйшн ХХК-иас үндсэн зээл 800,000,000.00 төгрөг, хүү 33,021,002.00 төгрөг, алданги 42,939,268.00 төгрөг, нотариатын зардал 7,400.00 төгрөг, нийт 875,967,670.00 төгрөгийг гаргуулахаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 12368 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

 

Иймд, Капитал фаундэйшн ХХК-ийн захирал М.Баярсайханыг Эрэн сурвалжлуулж, тус иргэний оршин суугаа хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн болон шүүх хуралдаанд хэлэлцсэн баримтыг тус тус шинжлэн судлаад

                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Капитал фаундэйшн ХХК-ийн захирал Мягмаржав овогтой Баярсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл Капитал фаундэйшн ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай Зээлийн гэрээ байгуулж, 1,000,000,000.00 төгрөгийн зээлийг Дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйн цогцолбор төслийн зориулалтаар зээлж, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Хан Уул дүүрэг, 10 дугаар хороонд байрлах 10000 м,кв талбайтай газрыг барьцаалуулахаар Барьцааны гэрээ байгуулж, талууд эрх зүйн харилцаанд оролцсон байна.

 

Гэвч зээлдэгч нь Зээлийн гэрээний үүргээ үл биелүүлсэн учраас зээлдүүлэгч Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар Капитал фаундэйшн ХХК-ийг татаж, 800,000,000.00 төгрөг, хүү 33,021,002.00 төгрөг, алданги 42,939,268.00 төгрөг, нотариатын зардал 7,400.00 төгрөг, нийт 875,967,670.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12368 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

  Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт болох Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан болон Капитал фаундэйшн ХХК нарын хооронд байгуулсан Зээлийн болоод Барьцааны гэрээнээс үзвэл тэдгээрийн хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлдэгч Капитал фаундэйшн ХХК нь тус гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч болсон байх тул уг компани энэхүү хэргийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж дүгнэв.

 

 Нэгэнт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Капитал фаундэйшн ХХК нь Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3/9-201 тоот байрладаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12368 тоот захирамжаар тогтоогдсон байх тул уг компанийг эрэн сурвалжлуулах зүйтэй байна.

 

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Гүйцэтгэх удирдлага бөгөөд тэрээр Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй юм.

 

Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хуулийн этгээдийн хувийн хэргийн агуулгын талаар зохицуулсан ба тус хуулийн 11.1.3-т зааснаар хувийн хэргийн мэдээллийн санд хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаягийг тусгахаар заасан ба нэхэмжлэгчийн зүгээс компанийн холбогдох хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс М.Баярсайханыг Капитал фаундэйшн ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага гэдгийг шууд нотлоогүй ч нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэйгээс гадна хэрэгт цугларсан Капитал фаундэйшн ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай Зээлийн гэрээ байгуулсан гэрээнээс үзвэл тус компанийг төлөөлж захирал Мягмаржав овогтой Баярсайхан гэрээ байгуулж, баталгаажуулжээ.

 

Иймд, Капитал фаундэйшн ХХК-ийн захирал Мягмаржав овогтой Баярсайхан /РД:УК57042518/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3-т тус тус зааснаар улсын төсөвт үйлдвэрийн газар бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Капитал фаундэйшн ХХК-ийн захирал Мягмаржав овогтой Баярсайхан /РД:УК57042518/-ыг эрэн сурвалжилсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Капитал фаундэйшн ХХК-ийн захирал М.Баярсайханыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.МАНДАЛБАЯР