Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 213/МА2016/00007

 

Г.*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны  шүүхийн шүүгч Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны  9  дүгээр сарын 29-ний  өдрийн 131/ШШ2016/00645  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д  холбогдох

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт байрлах 25х11м2  талбай бүхий бэлтгэлийн агуулах байсан  байрны өмчлөгчийг тогтоолгох, 22.050.000 төгрөгийг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* ХХК-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн  2016 оны 11 дүгээр сарын 22-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  нарийн бичгийн дарга  Б.Чулуунчимэг нар оролцов. 

Нэхэмжлэгч *******гийн *******аас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрдэнэцогт сумын урд хэсэгт байрлах 11x25м2 талбай бүхий бэлтгэлийн агуулахын барилга нь Гурван-Эхт хоршооны өмч байсан бөгөөд тус хоршоог тарж хуваагдах үед тэргүүлэгч гишүүдийн 2005 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр хоршооны гишүүн Г.*******ын хувь нийлүүлсэн хөрөнгийн тооцоонд олгохоор болсон юм. Зарим модон материал тоногдож алга болсон ба тээврийн төмрийг бид авч суурь хана шал зэргийг сэвтээлгүй эргэн сэргээж ашиглахаар төлөвлөж, сумын төв дээр хүнд захин үлдээсэн байсан.

Би агуулахын барилгыг сумын төвд хүнд захиж үлдээсэн боловч зарим модон материал тоногдож алга болсон тул дээврийн төмрийг авч суурь хана, шал зэргийг сэргээж ашиглахаар байсан ч хөрөнгө мөнгөний бололцоогүй, хоёр хүүхэд оюутан байсан болохоор засаж чадалгүй өдий хүрсэн. Гэтэл ******* ХХК надад мэдэгдэлгүй өмчлөх эрхийг зөрчсөн тул хоршооны  бэлтгэлийн агуулах байсан  байрны өмчлөгчөөр тогтоож, түүний үнэ болох 22.050.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч Г.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай хоршооны дүрмийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу энэ хөрөнгийг авсан учир хууль ёсны өмчлөгч юм. Энэ хөрөнгийг хувьчилж авах давуу эрх надад байсан. Би энэ байгууллагад 20 жил тасралтгүй ажилласан. Энэ хөрөнгийг өмчлөх эрх зөрчигдсөн учраас хуулийн байгууллагад хандсан. Нотлох баримтуудаар би өмчлөх эрхтэй ба гэрчүүд нотолж байгаа болно.  Иймд 361.800 төгрөгийн үнэ бүхий бэлтгэлийн агуулахыг миний хувь нийлүүлсэн хөрөнгийн тооцоонд оруулж, үлдсэн дэлгүүр агуулахын барилгыг худалдан борлуулах ажлыг 2007 оны эхний хагас жилийн дотор шийдвэрлэх болно гэсэн Гурван-Эрхт хоршооны шийдвэр гарсан тул миний  өмчлөлд шилжсэн байдаг.  Би анзаараагүй зүйл нь нэгэнт газрын гэрчилгээ 20 жилийн хугацаатай Гурван-Эхт хоршооны нэр дээр байсан учраас надтай маргах хүн байхгүй, энэ хөрөнгийг дахин ашиглана гэж үзэж байсан гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Эрдэнэцогт сумын Засаг дарга ******* нартай ярилцаад  бяслаг, цагаан идээний төвийн байрны байршлыг сонгохдоо олон газраас ярилцан сумын урд хэсэгт байрлах /хуучнаар худалдаа бэлтгэлийн ангийн агуулах/ барилгыг сэргээн засварлаж ашиглах нь зүйтэй юм гэж үзсэн. Сумын 90 жил болох гэж байна, сум руу орох хэсэгт балгас барилга байж болохгүй, сумын үзэмжинд муугаар нөлөөлж байгаа зэргийг харгалзан эхний ээлжинд барилгыг битүүлээд авах саналыг сумын удирдлагаас “Сүүн билэгдэл” ХХК-д тавьсан юм.

Дураараа хүний эзэмшлийн газар, байрыг авсан юм байхгүй, бүх асуудлыг ил тод, сумын засаг захиргаатай ярилцан зөвлөлдөж сүүлийн 20-иод жил хийгээгүй бүтээн байгуулалтыг сумын төвд хийсэн, түүнчлэн Монголд байхгүй Сарлагийн сүүний бяслаг, цагаан идээний төвийг байгуулсан. “Хонгор” гэсэн газар зүйн заалттай брэнд бүтээгдэхүүний дор Эрдэнэцогт сумын малчдын сарлагийн сүүгээр хийсэн бяслаг, цагаан идээг зах зээлд гаргах суурийг тавьсан төсөл хэрэгжүүлж байгааг үүгээр илэрхийлж байна.

Барилгын газар эзэмшилтэй холбоотой асуудлыг албажуулахын тулд компанийн зүгээс Эрдэнэцогт сумын Засаг дарга *******т 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 23/13 тоотоор хандан Бяслаг, цагаан идээний төвийн барилга газрыг сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг эхний ээлжинд хүргүүлсэн бөгөөд хариуд нь Засаг дарга *******ын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг асуудлыг дэмжсэн 1/189 тоотыг манайд ирүүлсэн билээ гэжээ. 

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 Хоршооны бүх гишүүдийн хурлаар 2005 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бэлтгэлийн агуулахыг Г.*******д өгсөн гэдэг. Би хуралд оролцсон хоршооны гишүүдтэй уулзахад энэ хурал болоогүй гэдэг. Зарим гишүүдийн гарын үсгийг шинжлэн судлуулах гэхэд уг баримтын эх хувь байдаггүй. Би яагаад 2005 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурал болсон эсэхэд эргэлзээд байна гэхээр хоршооны дүрэмд бүх гишүүдийн 4/3 зөвшөөрч асуудал хэлэлцэгдэнэ. Гэтэл Эрдэнэцогт суманд тус хоршооны 23 гишүүн  амьдардаг. Би Г.*******ыг үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлсөн үү гэж асуусан, хоршоо үл хөдлөх хөрөнгийн татвараа төлдөг байсан.  Иймд 2005 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын протоколыг эх хувь биш учир нотлох баримт гэж үзэхгүй байна.

Г.******* нь тухайн бэлтгэлийн агуулах байсан гээд байгаа барилгаас авах боломжтой барилгын бүх материалуудыг нурааж аваад тухайн оны намар дэлгүүр бариад  2005 онд тухайн дэлгүүрээ хувь хүнд зарсан байдаг. Уг дэлгүүрийн гэрчилгээг жилийн дараа авсан тул уг хүн үндсэн хөрөнгөө авсан.  Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд байрлах 11х25м2 талбай бүхий /703м3 буюу 210м2/, 5 өрөө бэлтгэлийн агуулахын өмчлөгч нэхэмжлэгч Б.******* болохыг тогтоож, хариуцагч ******* ХХК-иас 8.820.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.230.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 268.200 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдаж, хариуцагчаас 8.820.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 156.070 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт байрлах 11х25м2 талбай бүхий ******* компанийн эзэмшлийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн байрыг нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлд шилжүүлж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс 2005 онд  эвдлэн сүйтгэж хаясан балгасыг 2013 онд ******* ХХК нь Эрдэнэцогт сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудын зөвшөөрлийн дагуу өөрийн компанийн болон сум хөгжүүлэх сан, Чингис бондын зээл нийлсэн нийт 260 сая орчим төгрөгийн хөрөнгөөр хөлс хөдөлмөрөө гарган засан сайжруулж, хашаа хороо барьж, худаг гарган эзэнгүй хаягдсан балгасыг эзэнтэй болгож үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүх анхаарсангүй. Шинээр бүтээн байгуулсан “*******” ХХК-ийн өмчлөлийг нэхэмжлэгч Г.*******ын өмч мэтээр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн өөрийнх нь тайлбараар 2005 онд тус агуулахыг буулган барилгын материалаар хэрэглэсэн тухайгаа зөвшөөрч байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авалгүйгээр барилгын суурийн дээр барилга барьсан хууль бус үйлдлийн улмаас хохиролд 8,8 сая төгрөг төлөх ёстой, дээрээс нь шинээр барьсан барилгаа буцааж эзэнд өгөх хэрэгтэй хэмээн анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Уул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөлөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 22 сая төгрөгөөр тус агуулахыг үнэлж нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа огт анзаараагүй.

    Нөгөө талаас орон нутгийн засаг захиргааны хувьд Г.*******ын тонож
орхисон балгасыг засаж сайжруулж орон нутгийн өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулсан ******* ХХК-д талархаж байгаа гэж найдаж байна.  Нэхэмжлэгч нь маргаан бүхий эд хөрөнгийн талаар шаардлага гаргах 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөр илт
санаархаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан үйл баримтанд буруу дүгнэлт хийж бусдын өмчлөх эрхэнд халдаж байгааг эс зөвшөөрч байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг  хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчоос   нотлох баримт гаргуулах болон гэрч асуулгах тухай хүсэлтүүдийг гаргасан байхад шүүх хүсэлтүүдийг хэзээ хүлээн авсан талаар тэмдэг дарж баталгаажуулаагүй, хүсэлтийг  хангах эсэх талаар шүүгчийн захирамж гаргаж, шийдвэрлээгүй мөртлөө гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Тухайлбал /хх-ийн 50 дугаар тал/  нэхэмжлэгч  Г.*******аас  Ш.Далай, Ш.Даваа нарын нэр бүхий 7 хүнийг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан байхад  хүсэлтийг  хангах эсэх талаар шүүгчийн захирамж гаргаж, шийдвэрлээгүй, зарим гэрчээс мэдүүлэг аваагүй орхигдуулсан, /хх-ийн 159 дүгээр тал/ хариуцагч ******* ХХК-ийн захирал С.Цэцгээгээс гаргасан хүсэлтэнд “..хавтаст хэргийн 5 дугаар талд байгаа Гурван-Эрхт хоршооны авсан өгсөн хөрөнгийн тооцоо, хуваарьт 23 хүний  жагсаалтын дүн гарсан байхад дээр нь 24-т Г.*******  гэж бичсэн байгаа тул үүнийг нотлож өгнө үү. Мөн энэ нь хоршооны хаалтын бланстай нийлж  байгаа эсэхийг шалгаж  өгнө үү..”  гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан.

Нэхэмжлэгч Г.*******аас  /хх-ийн 168 дугаар тал/ “…энэ хэргийн жинхэнэ хариуцагчаар ******* ХХК-ийг тогтоож, иргэн Б.Баттулгыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү..”  гэсэн хүсэлт, /хх-ийн 214 дүгээр тал/ гэрчээр нэр бүхий хүмүүсийг асуулгахаар хүсэлтийг тус тус гаргасан байхад хүсэлтүүдийг хангах эсэх талаар шүүгчийн захирамж гаргаагүй, иргэн Б.Баттулгыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг  шийдвэрлэлгүй, орхигдуулсан, зарим гэрчээс мэдүүлэг аваагүй орхигдуулсан зэргээр  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг  хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.3-т зааснаар “..хэрэг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгчийн захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн тоолно..”   гэж заасан байхад анхан шатны шүүх  /хх-36 дугаар тал/ 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 551 дүгээр захирамжаар  даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс даалгаварыг гүйцэтгэж  ирүүлсэн  материалыг 2014 оны 12 дугаар сарын 23-нд тус шүүх  хүлээн авч хэрэг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргаагүй шууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Мөн /хх-ийн 225 дугаар тал/  2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 109 дүгээр захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 дахь удаагаа  түдгэлзүүлжээ. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжлүүлэх баримтаа ирүүлээгүй тул шинжилгээ хийхээс татгалзаж, захирамжийг 2015 оны 6 дугаар сарын 18-нд  буцааж  хүргүүлсэн бөгөөд буцаасан  материалыг анхан шатны шүүх хүлээн авсан мөртлөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргаагүй  зэргээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг  зөрчжээ. 

Анхан шатны шүүх  2015 оны 7 дугаар сарын 24-нд шүүгчдийн  зөвлөгөөнөөр  хэргийг хуваарилсан байх боловч хэн хүлээн авсан нь тодорхойгүй байна. Хэргийг 2015 оны 7 дугаар сарын 24-нөөс  2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл бүтэн 13 сар болоход   буюу 1 жил 1 сар 15 хоног ямар ч шалтгаангүйгээр шүүхээс ямар ч ажиллагаа хийгээгүй нь   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн  зөрчилтэй болжээ.

Нэхэмжлэгч Г.*******аас / 2 дугаар хавтаст хэргийн 95 дугаар тал/  2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч тэмдэглэл хийж,  баталгаажуулаагүй, хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гардуулсан мөртлөө маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг хийсэн нь  хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар өгөх хугацаа өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн ******* ХХК-ийн ерөнхий захирал С.Цэцгээ 2016 оны 3 дугаар 3-ны өдрийн 02/15 дугаар “гүйцэтгэх захирал *******ыг шүүх ажиллагаанд оролцох болсон” гэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авсан боловч *******д эрх, үүрэг танилцуулаагүй, тус хүсэлтийг итгэмжлэл гэж үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг тодорхой заагаагүй буюу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчоос хүсэлт гаргах шийдвэрлүүлэх, нэхэмжлэлийн шаардлагатай танилцах, тэдгээрт тайлбар өгөх зэрэг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй мөн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 156.070  төгрөгийг хариуцагчид  буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5,  168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 131/ШШ2016/00645  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч  ******* ХХК улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  156.070    төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                    Г.УЛАМБАЯР