Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0212

 

 

 

 

А.З-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгч А.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээд А.А-ийн өмгөөлөгч А.С, гуравдагч этгээд “Х х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4 дүгээр шийдвэртэй, А.З-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд А.А-ийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр: “... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх заалтыг тус тус баримтлан иргэн А.З-с Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.З-г Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг багийн ***тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд А.А тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... А.З  Орхон аймаг, Баян-Өндөр сумын Урт булаг баг, 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг Орхон аймгийн бүртгэлийн хэлтэст даалгасугай гэж шийдвэрлэснийг гуравдагч этгээд А.А эс зөвшөөрч байна.

Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны 01063 тоот тогтоолоор Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг, ***тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр А.З г тогтоосон. Энэ тогтоолоор *** тоот байрны хамтран өмчлөгч болохыг тогтоосон болохоос биш уг тогтоолыг хэрхэн биелүүлэх талаар заагаагүй. Гэтэл А.З  нь уг тогтоолын дагуу шүүхийн тогтоолыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудас бичүүлсэн бөгөөд шүүхийн тогтоолд дурдагдаагүй асуудлаар албадах ажиллагаа хийх захирамж гарсан нь хууль зөрчсөн байгаа.

А.З нь Улсын бүртгэлийн хэлтсээс тавьсан мэдүүлэг гаргахад шаардагдах нотлох баримт болон бусад шаардлагыг бүрдүүлэн ирэхийг өөрт нь хэлсэн байхад тэрээр тухайн шаардлагыг бүрдүүлж Улсын бүртгэлийн хэлтэст ирээгүй нь хариуцагч байгууллагын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч А.З-ийн нэхэмжлэлийн шаардлага нь *** тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүх хуралд хэрхэн яаж ямар байдлаар Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр хандахад ямар баримт болон бусад бүрдүүлбэрийг бүрдүүлэн, хэдийд хандахад хэн ямар албан тушаалтан бүртгэл хийгээгүй талаарх нотлох баримтыг тодорхой гарган тайлбарлаагүй.

Захиргааны байгууллагад захиргааны акт гаргахыг даалгах шаардлага гаргаж буй тохиолдолд ямар үйл ажиллагаа болон татгалзлыг юу гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлаагүй.

А.З нь Улсын бүртгэлийн хэлтсээс тавьсан мэдүүлэг гаргах үүргийг өөрөө хэрэгжүүлээгүй. Хэрэв Улсын бүртгэлийн хэлтэс А.З-г хамтран өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан гэж байгаа тохиолдолд:

Татгалзсан захиргааны акт байх ёстой.

Тухайн татгалзсан актад урьдчилан шийдвэрлэх журмаар хандсан байх ёстой.

Ингэж хандсанаас хойш нэхэмжлэл хэдийд гаргасан зэрэг урьдчилсан нөхцөлүүдийг хэрхэн хангаж байгаад хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгдсэнгүй.

Нэхэмжлэгчийн тайлбараар тэрээр Улсын бүртгэлийн хэлтэст хандахад нь бүртгэхээс татгалзаагүй, харин хуулийн дагуу мэдүүлэг гаргаад хандах тухай хариу түүнд өгч байгааг тайлбарласан бөгөөд тэрээр мэдүүлгийг гаргаагүй нь өөрөөс нь хамааралтай байна. Энэ тохиолдолд түүний гаргасан хүсэлтэд хариу өгчээ. (бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйл)

Энэ улсын бүртгэлийн байгууллагын сонгох боломжид хамаарч байгаа тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Одоо ч Улсын бүртгэлийн хэлтэс нэхэмжлэгчийн мэдүүлэг түүнд хавсаргах бүрдүүлбэрийг бүрдүүлээд ирэхэд улсын бүртгэл хийхэд бэлэн гэж тайлбарлаж байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч өөрөө захиргааны байгууллагаас тавьж буй хуульд заасан шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь захиргааны байгууллагыг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Улсын бүртгэлийн хэлтэс нь өөрийн сонгох боломжийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй бол шүүх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй. Яагаад гэвэл шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж болохгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалт буюу Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс А.З-г өмгөөлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг даалгасан нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3заасны дагуу гуравдагч этгээд А.Алтанзаяагийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.З-аас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, *** орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Гуравдагч этгээд А.А-гаас “Улсын дээд шүүхийн тогтоолыг хэрхэн биелүүлэх талаар тогтоолд заагаагүй, хариуцагчаас баримтаа бүрдүүл гэсэн шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй байхад хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ гаргасан болон хариуцагчаас уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан нь тодорхойгүй, урьдчилан шийдвэрлэх журмаар хандаагүй, хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж байна” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно.” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно.”, 6.3-т “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.” гэж тус тус зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.”, 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж үүрэгжүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх; иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, ...; гэж заажээ.

Улсын дээд шүүхийн хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01063 дугаар тогтоолоор нэхэмжлэгч А.З-г “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багын *** тоот орон сууцны 41 хувийг хэсгээр хамтран өмчлөх эрхтэй болохыг” тогтоосон.

Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр “...А.З хэсгээр хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн байх тул ...А.З-г хэсгээр хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *** дугаар нээлттэй хорих ангид тус тус даалгаж шийдвэрлэв.” гэсэн агуулга бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг[1] шүүгчээс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үйлджээ.

Энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газраас “А.З-г хэсгээр хамтран өмчлөгчөөр бүртгэж хариу ирүүлнэ үү” гэсэн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03/1324 дүгээр албан бичгийг[2] хариуцагч бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна.

Уг албан бичгийн хариунд хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 09-ний 1079 албан бичгээр[3] “зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэлтэй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн үйлчилгээний танхимаар үйлчлүүлнэ үү” гэсэн үндэслэлээр А.З-г хэсгээр хамтран өмчлөгчөөр бүртгэхээс татгалзжээ.

Гэтэл хариуцагчийн татгалзалд дурдсан “зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэл” нь  Улсын дээд шүүхийн хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01063 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад гуравдагч этгээд А.А-г маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байхтай холбоотойгоор хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн тусгай тэмдэглэл[4] бөгөөд уг тэмдэглэлээр нэхэмжлэгч А.З-гийн орон сууцыг хэсгээр өмчлөх эрхийг хамгаалах зорилготой, харин Худалдаа хөгжлийн банк болон А.А  нарын эрх ашгийг хамгаалахтай холбоотойгоор хийгдсэн тусгай тэмдэглэл биш байтал дахин нотлох баримт шаардаж, бүртгэхээс татгалзаж буй хариуцагчийн үйлдэл нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01063 дугаар тогтоол, түүнийг албадан гүйцэтгэх ажиллагаа нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 311 дүгээр шүүгчийн захирамжийг[5] албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 424 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээс өмнөх цаг хугацаанд байх тул өмчлөх эрхийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нэхэмжлэгч А.З-д түрүүлж үүссэн гэж үзэхээр байна.

Үүний учир Улсын дээд шүүхийн хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01063 дугаар тогтоол, уг тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн нэхэмжлэгчийг хэсгээр хамтран өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан хариуцагч байгууллагын үйлдэл нь дээр дурдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6-д заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс “амаар хүсэлт гаргасан, хуульд заасны дагуу бичгээр мэдүүлэг гаргаагүй” гэх нөхцөл байдал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны журмаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хариуцагчийн хуульд заасан үүргийг үгүйсгэх, хариуцагч уг үүргээ биелүүлэхээс зайлсхийх, татгалзах үндэслэл болохгүй юм.

Гуравдагч этгээдээс гомдолдоо “урьдчилан шийдвэрлэх журмаар хандаагүй” гэж маргах боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 он 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7/9210 албан бичгээр[6] нэхэмжлэгч А.З-аас урьдчилан шийдвэрлэх журмаар хандсан өргөдлийн хариу албан бичиг байгаа тул, нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны байгууллагад хандсан гэж үзэхээр байна.

Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “А.З нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан журмын дагуу эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг, холбогдох бичиг баримтуудыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгөх ба Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь ажлын 5 хоногийн дотор бүртгэлд өөрчлөлт оруулж, энэхүү шийдвэрийг биелүүлсүгэй” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх арга, журмыг заасан тул гуравдагч этгээдээс “хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж байна” гэсэн гомдол үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд А.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 118 дахь

[2] Хэргийн 1-р хавтас 124 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 125 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 120-121 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 67-71 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 74 дэх тал