| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0733/Э |
| Дугаар | 727 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 727
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Р.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бодонгууд овогт Р-ын М-ад холбогдох эрүүгийн 1910020440845 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Р.М- нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ресторанд иргэн Б.Б-тай “хурал, сургалтын арга хэмжээнд оролцсонгүй” гэж маргалдан толгойн тус газар нь гараараа цохиж,
мөн 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” амралтын газарт иргэн Б.Б-тай “хурлын арга хэмжээнд оролцсонгүй” гэж маргалдан гараараа толгой болон биеэн тус газар нь цохиж биед нь “зүүн чихний ар гадаргуу хөхлөг, сэргийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, баруун шилбэний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтынх шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910020440845 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-15-р хуудас/,
Гэрч О.Ш-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Ж.Ж-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Гэрч Я.З-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №10350 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,
Шүүгдэгч Р.М-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч С.А-ын мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 51-р хуудас/, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 52-55-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Р.М- нь хохирогч Б.Б-ийг 2019 оны 8 дугаар сарын 24-ний орой Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ресторанд, мөн 2019 оны 8 дугаар сарын 25-ны орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” амралтын газарт “хурлын арга хэмжээнд оролцсонгүй” гэх шалтгаанаар зодож биед нь “зүүн чихний ар гадаргуу хөхлөг, сэргийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, баруун шилбэний зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Б.Б-ийн ... М- ах дээр очсон чинь хамт байсан залуучуудынхаа нэгэнд ууж байсан пивоо бариулаад үгийн зөрөөгүй миний элэг болон толгойн тус газарт 3-4 удаа цохисноо тус амралтын газрын сагсан бөмбөгийн талбай руу дагуулж очоод миний цээж, толгой хэсэг рүү гараараа цохиж мөн намайг газар унагаагаад гэдэс, хөл рүү өшиглөөд байхаар нь зугтсан. Гэтэл М- араас ирээд миний зүүн талын чихний ар хэсэг рүү гараараа цохисон. Би “та яагаад намайг зодоод байгаа юм бэ” гэхэд “чамайг зодоход шалтгаан хэрэгтэй юм уу” гэхээр нь би машиндаа суугаад тэндээс явсан. М- нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр миний цээж, элэг, хэвлий, чих, эрүүн тус газар гараараа ойролцоогоор 10 орчим удаа цохисон. Харин 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр миний толгой, хүзүү, чих, гар, хөл зэрэг газарт гар болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохисон. Ойролцоогоор 20 орчим удаа цохисон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 10-15-р хуудас/,
Гэрч О.Ш-гийн ...М- манай найз Б-ийн нүүрэн тус газарт нь баруун гараараа 1 удаа цохихоор нь очоод Б-аас “юу болоод байгаа юм бэ” гэхэд “хамт ажилладаг ах байгаа юм, энэ хүнтэй маргалдаж болохгүй” гэхээр нь би больсон. Удалгүй нөгөө хүн чинь /М-/ манай найзыг /Б-/ хэд хэдэн удаа гараараа цохих гээд далайгаад байхаар дундуур нь орж салгаад нөгөө ахыг /М-/ цааш нь түлхсэн. Миний харсанаар М- Б-ийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Ж.Ж-гийн ...Б-ийг ирэхэд М- түүнд хандаж “чи яагаад ирдэггүй юм, өчигдөр чи намайг яаж байгаа юм бэ” гээд шилэн хүзүү рүү нь гараараа алгадаад, тохойгоороо хэвлий хэсэг рүү нь зөөлөн түлхснээ Б-ийг сагсан бөмбөгийн талбай руу дагуулаад явсан. Бид нар холоос хараад байж байтал М-, Б-ийн толгойн тус газарт нь гараараа нэг удаа алгадаж, мөн толгой болон хэвлийн тус газар нь хэд хэдэн удаа алгадаж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Гэрч Я.З-ын ...Арга хэмжээ орой 23 цагийн үед дуусаж М- Б-ид “чи хэзээ ирж байгаа юм, чухал хуралд орсонгүй” гээд загнах маягтай хэлээд Б-ийг заамдаж аваад тус амралтын газрын сагсан бөмбөгийн талбай руу авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч Б.М-ийн ...М- Б-ид “чи яагаад хуралд ирдэггүй юм бэ” гэж уурлан түүний толгойн тус газарт 3-4 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №10350 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Б-ийн биед зүүн чихний ар гадаргуу хөхлөг, сэргийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 34-р хуудас/,
Шүүгдэгч Р.М-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...би Б-ийн толгойн хэсэгт 2-3 удаа алгадсан. Оройн 21 цагийн үед арга хэмжээ дуусч байхад Б- ирэхээр нь “чи яагаад одоо ирж байгаа юм бэ” гэж уурлахад тэрээр өөрийгөө буруугүй мэтээр яриад байхаар нь түүнийг заамдаж аваад толгойн тус газарт нь 1-2 удаа алгадсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Р.М- нь хохирогч Б.Б-ийг “хурлын арга хэмжээнд оролцсонгүй” гэх шалтгаанаар зодож биед нь “зүүн чихний ар гадаргуу хөхлөг, сэргийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт. зүүн бугалганы цус хуралт, баруун шилбэний зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд тэрээр “Р.М-аас эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй /хх-ийн 12-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Б.Б-, шүүгдэгч Р.М- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Р.М- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Р.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Р.М-ад торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.М-ад мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Р-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.М-ад мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Р.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР