Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 728

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Б.М-, М.Э-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Гомбо /ҮД:2130/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-ы М-, Байшинт овогт М-гийн Э- нарт холбогдох эрүүгийн 1910022060792 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн,

 

2. Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.М-, М.Э- нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х--г Вива сити хорооллын орчим буулгахдаа түүний Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн дэвсгэрт болох 2100 юань-г илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 790.398 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

            Шүүгдэгч М.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910022060792 дугаартай хэргээс:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,

2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн М.Э-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас/,

Хохирогч Х--ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

Монгол банкнаас зарласан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ханшийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/,

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/

Шүүгдэгч Б.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35-39-р хуудас/,

 

Шүүгдэгч М.Э-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/

Шүүгдэгч М.Э-ы хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч М.Ө-ийн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 44-45-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-, М.Э- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.М-, М.Э- нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн орчимд ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн хохирогч Х--г Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити хорооллын орчим буулгахдаа түүний 2100 юань-г илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, 790.398 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,

 

2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн М.Э-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас/,

 

Хохирогч Х--ийн ...Би автобуснаас буугаад зам дагаад алхаж байтал цагаан өнгийн суудлын машинтай залуу ирж зогссон. Би төв талбайн ойролцоо зочид буудал олоод тэндээ бууя гэсэн бодолтой байсан. Машины арын суудалд сууж явсан залуу нь надтай англи хэлээр яриад байсан. Би жолоочид “төв талбай буюу Чингис хааны талбай хүргээд өгөөрэй гэж хэлсэн. Ингээд нэг газар ирж зогсоод “таксины хөлс 10.000 төгрөг гарсан” гэж хэлэхээр нь би машинаас буугаад харсан чинь арай л өөр газар байсан. Би цагаан өнгийн дугтуйтай мөнгөө гаргаж ирээд мөнгөө өгөх гэтэл гарнаас шүүрч аваад машинтайгаа зугтаачихсан. ...2100 юань байсан. Мөнгө авч зугтаасан 2 залуу надад монгол мөнгөөр хүлээлгэн өгсөн. Гомдол саналгүй, би хохирлоо хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

 

Гэрч Б.А-гийн ...Би найз охиноо гэрт нь хүргэж өгөхөөр Яармагт буюу Туул хотхоны харалдаа замын урд талаар зүүн тийш явж байхад зам дээр нэг эрэгтэй хүн тусламж хүссэн байдалтай гараа өргөөд нэг газраа тогтож ядаад нааш цааш яваад байсан. Намайг очиход 40-45 орчим насны Хятад хүн байхаар нь Англи хэлээр “юу болсон бэ” гэж асуухад “55-29 гэсэн дугаартай, цагаан өнгийн Королла загварын машин намайг Эрэлийн автобусны буудлын харалдаа зогсож байхад суучих гээд байхаар нь суусан. Тэгэхээр нь би  сайн ойлгоогүй яагаад суучих гээд байгаа юм бол гэж бодоод машинд нь суусан чинь намайг энд авчирсан. ... Би англи хэл бага сага мэддэг. Тэр хятад хүн тийм ч сайн ярьдаггүй юм билээ. Тухайн үед гараараа далайж үзүүлээд толгой руугаа заагаад байхаар би цохьсон юм болов уу гэж бодоод тэгж хэлсэн. Ямар ч байсан ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Би ч гэсэн түүнээс цохиж зодсон уу гэж асуугаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

           Монгол банкнаас зарласан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ханшийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр найз Э-ы хамт түүний эзэмшлийн 55-20 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явсан. Э- бид хоёр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх “Эрэл” компанийн харалдаа явж байхад замын хажууд нэг эрэгтэй хүн гар өргөж машинд суусан. Би тухайн үед машин бариад явж байсан. Харин Э- ард суугаад явж байсан. Вива сити хорооллын харалдаа Э- “намайг зогс” гэхээр нь зам дээр зогссон. Гадаад хүн дөнгөж буунгуут Э- “яваарай” гэж нилээн сандарсан байдалтай хэлэхээр нь хаазлаад түргэн явсан. Тэгээд замдаа юу болсон талаар асуухад “түрийвчийг нь авчихсан” гэж хэлсэн. Түрийвчийг нь авсныг мэдсэн даруйдаа буцааж өгөөгүй, мөнгийг нь хувааж авсан миний буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,

Шүүгдэгч М.Э-ы мөрдөн байцаалтанд өгсөн ...М- бид хоёр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Эрэл үйлдвэрийн харалдаа “Лавай” автобусны буудлын орчмоос Хятад Улсын иргэнийг машиндаа суулгаад явсан. Тэгээд эхний уулзвараар буцаж эргээд явж байхад “Вива сити хорооллын харалдаа буумаар байна” гэхээр нь машинаа зогсоогоод 10.000 төгрөг нэхсэн. Хятад хүн түрийвч болон нэг дугтуйтай зүйл гаргаж ирээд 10.000 төгрөг өгөхөөр нь би дугтуйтай зүйлийг нь татаж аваад М-ыг “яваарай” гэж хэлсэн. Энэ үед М- машинаа хаазлаад цааш явсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.М-, М.Э- нар нь хохирогч Х--д таксигаар үйлчилж байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити хорооллын орчимд буулгахдаа шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хохирогчийн мөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.М-, М.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.М-, М.Э- нар болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Гомбо нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

            Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй, Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй ..бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Хохирогч Х--ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох 2100 юань дээрэмдсэн” гэж прокуророос дүгнэсэн ба 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох 1 юань нь Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 376.38 төгрөгтэй тэнцэж байсан байна. /хх-ийн 53-р хуудас/

Хохирогч Х--д 790.398 төгрөгийн хохирол учирсан хэдий ч хохирогч нь “745.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр /хх-ийн 46-47-р хуудас/ мөрдөн байцаалтын шатанд гаргасан байх тул шүүгдэгч Б.М-, М.Э- нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-, М.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Гомбоос “миний үйлчлүүлэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Б.М-, М.Э- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч Б.М-, М.Э- нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч М.Э- нь энэ хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр /хх-ийн 49-р хуудас/ 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ы М-, Б овогт М-гийн Э- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, М.Э- нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.М-, М.Э- нарт мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, М.Э- нар нь хохирогч Х--д 745.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч М.Э- нь энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М-, М.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР