Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 397

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Жавхлант хороолол 10 дугаар байрны 2 тоотод оршин суух Жамъян овгийн Рэнцэнсамбуугийн Наранбаатарын /РД: ДЮ90111377/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Цэлмэг хороолол 5 дугаар байранд оршин суух Зээрд овгийн Борын Цэрэнлувсанд /РД: ДЮ66061535/ холбогдох
Байрны үнийн үлдэгдэл 22.000.000 төгрөг, алданги 322.500 төгрөг нийт 25.225.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 28.320.000 төгрөгийг буцаан гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг Р.Наранбаатарын өмчлөлд өгөх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, гэрч О.Эрдэнэгомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь Байрны үнийн үлдэгдэл 22.000.000 төгрөг, алданги 322.500 төгрөг нийт 25.225.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч нь 28.320.000 төгрөгийг буцаан гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг Р.Наранбаатарын өмчлөлд өгөх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Р.Наранбаатар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 12 сард Борын Цэрэнлувсанд Говь-Алтай аймгийн Түлшний зах дотор “Дэвжих” худалдааны төвд байрлах 48 м.кв талбайтай 1 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 50.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон тухайн үед 15.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч үлдэгдэл 35.000.000 төгрөгийг 2015 оны 07 сарын 01-ний дотор төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан боловч Б.Цэрэнлувсан уг мөнгийг дээрх хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд 20.000-1.000.000 төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр бэлнээр болон дансаар шилжүүлэх, хонь ямаа авах, “Ажаа ээжийн хоолон гэр” цайны газраар үйлчлүүлэх зэрэг төлбөрийн бүхий л боломжит нөхцөлөөр 2015 оны 10 сарын 17-ны байдлаар 10.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгөө өгөх боломжгүй байгаа учир зээлийн гэрээг дахин сунгах хүсэлт тавьсан. 2015 оны 10 сарын 21-нд зээлийн гэрээг шинэчилж үлдэгдэл болох 25.000.000 төгрөгийг төлж барагдуулах тухай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдсан үнийн үлдэгдэл авах гэрээг нотариатаар батлуулан байгуулсан. 2016 оны 03 сарын 01 хүртэлх хугацаанд 3.000.000 төгрөгийг бэлнээр, дансаар, хоолны газраар үйлчлүүлэх зэргээр авсан бөгөөд гэрээний дагуу мөнгөө өгөхийг удаа дараа шаардахад өгөөгүй. Нотариатаар батлуулсан гэрээнд хугацаа хэтэрсэн хоног дутамд 0.5 хувийн алданги тооцно гэсний дагуу 183 өдрийн алданги 3.225.000 төгрөг, үлдэгдэл болох 22.000.000 төгрөг дээр нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд миний бүрдүүлсэн материалыг үндэслэн иргэн Б.Цэрэнлувсангаас нийт 25.225.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Б.Цэрэнлувсан нь 2014 оны 11 дүгээр сард ярилцаж тохиролцоод 50 сая төгрөгөөр байраа зарахаар болоод тухайн үед миний Хас банкны дансаар 11 дүгээр сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөгийг, мөн 12 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 15.000.000 төгрөгийг өгч үлдсэн 35.000.000 төгрөгийг Б.Цэрэнлувсан нь 6 сарын дараа банкны барьцаанд тавьж үлдэгдэл мөнгийг авч өгнө гэсний үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан хугацаандаа мөнгөө төлж барагдуулаагүй. 20.000-1.000.000 хүртэлх мөнгө дүнгээр бэлнээр болон дансаар шилжүүлэх, “Ажаа ээж” хоолны газраар үйлчлүүлэх, мөн 14 хонь 41 ямааг 4.405.000 төгрөг тооцож авсан. Нэг жилийн хугацаанд 5.595.000 төгрөгийг бэлнээр, 4.405.000 төгрөгийг мал авч 10.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар авсан. Б.Цэрэнлувсан нь үлдэгдэл 25.000.000 төгрөгийг өгөх боломжгүй байна. Яагаад гэвэл Эрдэнэгомбо гэх хүнээс бэлэглэлийн гэрээгээр шилжсэн учраас учраас банкны барьцаанд тавьж зээл авч болохгүй байна гэж тайлбарласан. Уг байрыг Эрдэнэгомботой хамтарч барьсан, өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор ирсэн учраа бусад зүйлийг тодруулж хэлэх байх. Б.Цэрэнлувсан нь сард 1.000.000 төгрөг өгөхөөр үл хөдлөх хөрөнгө худалдсан, худалдан авсан тухай гэрээг дахин байгуулж нотариатаар баталгаажуулсан. Тэгээд түүнээс хойш 11 дүгээр сард эхний 1.000.000 төгрөгөө цувуулж, хоолны газраар үйлчлүүлсэн тооцоо зэрэг хэлбэрээр өгсөн. Мөн 12 дугаар сард 1.000.000 төгрөг өгсөн. 1 дүгээр сарын 26-ны өдөр миний Хаан банкны дансаар 500.000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 164.000 төгрөгийн хоолны тооцоо Б.Цэрэнлувсангийн “Ажаа ээж” хоолны  газарт байгаа. Өөр ямар нэгэн тооцоо хийгдээгүй. Гэрээний үнийн үлдэгдэл 25.225.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл нэг өрөө үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн. Миний дансанд мөнгийг шилжүүлсэн байдал нь хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байна. 35.000.000 төгрөгийг зээлийн гэрээг байгуулахдаа хоёр тал харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулж байгуулсан. Б.Цэрэнлувсангийн хүсэлтээр уг гэрээг байгуулсан. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл өгөх тухай гэрээг байгуулахдаа мөн Б.Цэрэнлувсан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр нотариатаар байталгаажуулж, гарын үсэг зурж байгуулсан. Одоо байрыг буцаан авах боломжгүй, Б.Цэрэнлувсан бүтэн хоёр жилийн хугацаанд ашигласан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийгдэж, дээрх үүргийг шаардах эрх үүсдэг. Гэтэл өнөөдрийн байдлаар хийгдсэн хэлцэлүүд бүгд хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр бусдын өмчлөлд шилжих эрх зүйн орчинтой. Гэтэл уг үл хөдлөх хөрөнгө Б.Цэрэнлувсангийн нэр дээр ирэхдээ Эрдэнэгомбо гэж хүнээс бэлэглэлийн гэрээгээр ирсэн. Наранбаатарын өмч гэдэгтэй маргаагүй. Хийгдсэн хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл. Бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийгдсэн. Тухайн гэрээнүүдийн үйл ажиллагааг хөнгөвчилж, халхавчлах зорилгоор хийгдсэн гэж үзэж байна. Эрдэнэгомбын нэр дээрх хөрөнгө Наранбаатарын нэр дээр шилжихдээ бэлэглэл, худалдах, худалдан авах гэрээгээр шилжинэ. Энэ хоёрын хооронд процесс ажиллагаа маш их явагдах ёстой. Гэтэл энэ байдлыг халхавчилж бэлэглэлийн гэрээ хийсэн. Мөн үүний дараа зээлийн гэрээ хийсэн. Уг зээлийн гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ. Яагаад гэвэл бэлэглэлийн гэрээгээ халхавчилж, мөн худалдах, худалдан авах гэрээгээ хялбарчилж зээлийн гэрээг байгуулсан. Харин дараа нь худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байхад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдсаны үний үлдэгдэл авах гээд гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар дээр дурьдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан хэлцлүүд байгаа учраас үүний үр дагаврыг арилгаад орон сууцыг Р.Наранбаатарын өмчлөлд шилжүүлж, Б.Цэрэнлувсангаас шилжүүлсэн 28.320.000 төгрөгийг буцааж Б.Цэрэнлувсанд олгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 25.225.000 төгрөгийн нэхэмжлэл, үүнээс 3.225.000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан тал алданги гэж үзэж байгаа. Хариуцагч талаас байрыг нь буцааж өгч болно. Үндсэн байрны 50.000.000 төгрөгөөс 22.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 28.000.000 төгрөгийг Б.Цэрэнлувсан нь Р.Наранбаатарт өгсөн, уг мөнгийг Б.Цэрэнлувсанд олгуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Р.Наранбаатар нь Б.Цэрэнлувсанд холбогдуулан байрны үнийн үлдэгдэл 22.000.000 төгрөг, алданги 322.500 төгрөг нийт 25.225.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь Б.Цэрэнлувсангаас Р.Наранбаатарт өгсөн 28.320.000 төгрөгийг буцаан гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг Р.Наранбаатарын өмчлөлд өгөхөөр сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн байрны 50.000.000 төгрөгөөс 22.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 28.000.000 төгрөгийг гаргуулж, байрыг буцаан өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
Р.Наранбаатар нь 2014 оны 12 сард Б.Цэрэнлувсанд Говь-Алтай аймгийн Түлшний зах дотор “Дэвжих” худалдааны төвд байрлах 48 м.кв талбайтай 1 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 50.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба байрны үнийн үлдэгдэл 22.000.000 төгрөг болон алдангийн 3.225.000 төгрөг нийт 25.225.000 төгрөгийг Б.Цэрэнлувсангаас гаргуулна хэмээн маргаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь маргаан бүхий байрыг шилжүүлэх болон байрны үнийн үлдэгдлийг гаргуулахаар хийгдсэн хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар дээр дурьдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан хэлцлүүд байгаа учраас дээрх хэлцлүүдийн үр дагаврыг арилгаж, орон сууцыг Р.Наранбаатарын өмчлөлд шилжүүлж, Б.Цэрэнлувсангаас шилжүүлсэн 28.000.000 төгрөгийг буцааж Б.Цэрэнлувсанд олгох ёстой хэмээн тайлбарлаж сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
Хариуцагч Б.Цэрэнлувсан нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр О.Эрдэнэгомбоос Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн Түлшний захад байршилтай, 000241651 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-0518001478 дугаартай 60 м.кв 1 өрөө 50.000.000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай байрыг хариу төлбөргүйгээр, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан болох нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000309967 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч Р.Наранбаатар нь О.Эрдэнэгомбын Б.Цэрэнлувсанд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн дээрх байрыг өөрийн өмчлөлийн байр гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар өмчлөх эрх нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр улсын бүртгэлийн хэлтсээс түлшний зах дотор байрлах “Ажаа ээжийн хоолон гэр”-ийн үйл ажиллагаа явуулж байсан үл хөдлөх эд хөрөнгийг Г.Рэнцэнсамбуу, О.Эрдэнэгомбо, Б.Цэрэнлувсан нарт хэрхэн шилжүүлсэн талаарх баримтыг гаргуулсан байх ба маргаан бүхий байрыг барьсан газрыг нэхэмжлэгч Р.Наранбаатарын аав Г.Рэнцэнсамбуу нь эзэмшдэг байсан байна. Улмаар уг газарт баригдсан барилгыг О.Эрдэнэгомбо өөрийн нэр дээр шилжүүлэн авах үед Рэнцэнсамбуугийн эхнэр Л.Нарантуяа уг байранд 4 өрөө өмчилж байсан болох хэрэгт авагдсан 000209940 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч талаас дээрх байр нь Р.Наранбаатарын өмчлөлийн байр болохыг нотлохоор О.Эрдэнэгомбыг гэрчээр оролцуулсан байх бөгөөд гэрч нь “...Б.Цэрэнлувсанд зарсан байр нь Р.Наранбаатарын байр. Тухайн байрны нийт ордер миний нэрээр гарсан. Бид хоёрын дунд наймаа хийгдсэн. Би тухайн үед Р.Наранбаатарыг чи байраа өөрийнхөө нэр дээр шилжүүлэхгүй юм уу гэхэд яах юм шууд Б.Цэрэнлувсангийн нэр дээр шилжүүлчих гэсэн тул би бэлэглэлийн гэрээгээр Б.Цэрэнлувсанд шилжүүлсэн...” гэж мэдүүлж байна. 
Хэргийн зохигчид болон гэрчийн мэдүүлгээр О.Эрдэнэгомбоос Б.Цэрэнлувсанд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн улсын бүртгэлийн Ү-0518002613 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Р.Наранбаатар бөгөөд уг байрыг 50.000.000 төгрөгөөр Б.Цэрэнлувсанд худалдахаар харилцан тохиролцож, Б.Цэрэнлувсан нь 28.320.000 төгрөгийг бэлнээр болон дансаар, бусад байдлаар төлсөн бодит байдал тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан байх бөгөөд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр , уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог гэж ойлгож болно. 
Өөрөөр хэлбэл Б.Цэрэнлувсан болон О.Эрдэнэгомбо нарын аль аль нь байрыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийсэн ба бодит байдал дээр Р.Наранбаатар нь өмчлөх эрхийг Б.Цэрэнлувсанд хариу төлбөртэйгээр шилжүүлсэн байна.
Б.Цэрэнлувсан болон О.Эрдэнэгомбо нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байна. 
Иймээс халхавчлагдсан хэлцэл буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “...Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ...”, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно...” гэж тус тус заажээ.
Хэдийгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах нь гэрээ нь хуульд зааснаар заавал бичгээр байгуулж, нотариатаараар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагатай байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “...Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна...” гэж зааснаар талуудын хооронд амаар байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. 
Хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдсаны үнийн үлдэгдэл авах гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийн үлдэгдэл 25.000.000 төгрөгийг хугацаа тогтоон 2016 онд багтаан төлж дуусгах, хэрэв дурдсан хугацаанд үнийг төлөөгүй бол алданги тооцохоор тус тус харилцан тохиролцжээ. 
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт “...Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна...” гэж заажээ.
Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлгоно.
2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдсаны үнийн үлдэгдэл авах гэрээ нь талуудын хооронд амаар байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг үндэслэн үлдэгдэл төлбөр гаргуулахаар хийгдсэн байх бөгөөд үндсэн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулахаар хийгдсэн гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус байна. 
Иймд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ болон уг гэрээний үнийн үлдэгдлийг гаргуулах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч Р.Наранбаатар нь байрны үнийн үлдэгдэл 22.000.000 төгрөг болон алданги 3.225.000 төгрөг нийт 25.225.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна. 
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “”...Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ...” гэж заасан байх бөгөөд хэргийн зохигчид худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр дахин хэлцэл хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий байрыг 50.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон тухайн үед 15.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч үлдэгдэл 35.000.000 төгрөгийг 2015 оны 07 сарын 01-ний дотор төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан хэмээн тайлбарлаж байх боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах санаа зорилго байгаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг нуун далдлах зорилготой байна. 
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар талуудын хооронд хийгдсэн хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “...Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй... гэж заасан байх тул хариуцагч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн байрны үнэ болох 28.000.000 төгрөгөө буцаан гаргуулж, байрыг өмчлөгчид буцаан шилжүүлэхээр шаардах эрхтэй байна. 
Дээрх үндэслэлээр Р.Наранбаатараас 28.000.000 төгрөгийг гаргуулж Б.Цэрэнлувсанд олгож, байрыг өмчлөгчид буцаан шилжүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тооцооны хуудас, Б.Цэрэнлувсангийн тооцоо хийсэн дэвтэр нь нотариатаар гэрчлүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлээгүй болно. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Наранбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.075 төгрөг, хариуцагч Б.Цэрэнлувсангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Наранбаатараас 297.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Цэрэнлувсанд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Наранбаатарын байрны үнийн үлдэгдэл 22.000.000 төгрөг, алданги 322.500 төгрөг нийт 25.225.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь  дэх хэсэг зааснаар хариуцагч Б.Цэрэнлувсангийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр  шилжүүлсэн 28.000.000 төгрөгийг Р.Наранбаатараас гаргуулж Б.Цэрэнлувсанд олгож, улсын бүртгэлийн Ү-0518002613 дугаартай байрыг өмчлөгчид буцаан шилжүүлсүгэй.  
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Наранбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.075 төгрөг, хариуцагч Б.Цэрэнлувсангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Наранбаатараас 297.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Цэрэнлувсанд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

     


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ