Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 729

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

хохирогч У.Ш-, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх /ҮД:2575/,

шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг /ҮД:0146/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц-ын М-д холбогдох эрүүгийн 1910023160757 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.М- нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-ийн барьж байгаа барилгын талбайд ажиллаж байсан У.Ш-тай “ажлаа дутуу хийлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг хүчтэй угзарч татаж унагаан, түүнд хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ц.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогчоос уучлалт хүсэж байна гэв.

 

Хохирогч У.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажил дээр лифтны лимүт хадаж байхдаа нэг зүйл дутуу хийсэн байсан. Тэгтэл Ц.М- намайг “яагаад ажлаа дутуу хийсэн юм бэ” гэж хэлээд намайг цохих гэхэд нь бултсан. Дараа нь Ц.М- намайг дэгээдэж газар унагаасан. Үүнээс болж надад хүндэвтэр гэмтэл учирсан. Би хүнд доромжлуулан байж ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлж ажлаасаа гарсан гэв.

 

Эрүүгийн 1910023160757 дугаартай хэргээс:

 

Хохирогч У.Ш-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч Х.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч П.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №10090 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,

Шинжээч эмч Т.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

 

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 84-91-р хуудас/, амбулаториорын эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 72-74-р хуудас/, хохирлын баримтууд 75-77, 80, 121-р хуудас/,

 

Шүүгдэгч Ц.М-ий мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/, гэрч Ц.Ц-гийн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/, гэрч Б.Зууннаймын мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/, “...” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 57-58, 114, 117, 120-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60-р хуудас/, Үндэсний техникийн их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 62-р хуудас/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 64-70-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.М-ий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ц.М- нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-ийн  барилгын талбайд хохирогч У.Ш-тай “ажлаа дутуу хийлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар угзарч татаж унагааж “хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын шахагдсан хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч У.Ш-ын ... Би 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” барилгын талбай дээр лифтний лимүт хадахдаа жаахан зай гаргасан байсан. Дараагийн лимүт хадаж байхад барилгын бригадын орлогч дарга  Ц.М- ирээд “дутуу орхисон зайгаа нөх” гэхээр нь “ажилтай байна” гэхэд “чиний дутуу үлдээсэн зүйлийг дандаа нөхөж хийдэг” гээд миний хувцаснаас бариад авахаар нь “яагаад байгаа юм бэ” гээд түлхэсэн. М- намайг цохих гэхээр нь бултсан чинь миний цээж рүү өшиглөөд нуруун дээр гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Гэрч Х.М-ийн ...2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “...” ХХК-ийн барилгын талбайд багана боогоод зогсож байхад мужаан Ц.М- “Ш-ыг ажлаа дутуу хийлээ” гээд шаардлага тавихад У.Ш- өөдөөс нь хэрэлдсэн. Ц.М- У.Ш- нар заамдалцсан байж байгаад Ц.М- гэнэт У.Ш-ыг угз татаад унагаачихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

Гэрч С.Б-гийн ...Ц.М- У.Ш-ыг “ажлаа дутуу хийсэн байна” гэсэн шаардлагыг тавихад У.Ш- хүлээж авахгүй байсан. Тэр хоёр хоёулаа цамцнаасаа зууралдсан байсныг Х.М- бид хоёр очиж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

 

Гэрч П.Ч-ийн ...Ц.М- У.Ш-ад “чи лимүтийг зөв хадсангүй” гэж уурлаад загнахад У.Ш- “дараа нь хийчихнэ” гэж хэлсэн. Гэтэл Ц.М- У.Ш-ын хувцаснаас заамдаж татаад доош нь дараад толгойг нь тонгойлгож байгаад ар шилэн хүзүүн дээр нь 2-3 удаа гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Н.Т-ын ...2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед нөхөр У.Ш- над руу залгаад “намайг дарамтлах гээд байхаар нь муудалцаад ажлаасаа бууж байна” гэж ярьсан. У.Ш- гэртээ ирээд “миний толгой хүзүү өвдөөд байна” гэхээр нь “яасан юм бэ” гэхэд “миний толгой болон хүзүү рүү цохисон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Гэрч М.Б-гийн “... У.Ш- Ц.М-ийг цохих шиг болсон. Тэгтэл Ц.М- зөрүүлээд гараараа цохих үйлдэл хийхэд У.Ш- бултсан чинь тэр хоёр бие биенийхээ хувцаснаас зууралдаад хамт газар унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №10090 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: У.Ш-ын биед хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгг хамаарна. /хх-ийн 34-р хуудас/,

Шинжээч эмч Т.Н-ийн ...У.Ш-ын биед учирсан гэмтэл нь цамцны малгайнаас хүчтэй заамдаж татаж, хүзүүг нь тонгойлгох, угзрахад үүсэх боломжтой. /хх-ийн 37-38-р хуудас/,

 

Шүүгдэгч Ц.М-ий мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...У.Ш- нь лифтний лимүтийг дутуу хадсан байхаар нь түүнд “гүйцэт хадаарай” гэхэд “би энд юм хийж байна” гээд тайлбар тавиад хэрэлдээд байсан. ...Би цохих гээд гараараа далайсан боловч оноогүй. Тэгэхээр нь У.Ш-ын хувцаснаас нь заамдсан чинь зөрүүлээд намайг заамдахад би хойшоо хөл алдахдаа У.Ш-ын хантаазнаас татаад хамт газар унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Ц.М-, хохирогч У.Ш- нар нь ажлын гүйцтгэлээс болж маргалдаж, улмаар шүүгдэгч Ц.М- нь хохирогч У.Ш-ыг угзарч татан газар унагааж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

        

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.М- нь хохирогч У.Ш-ыг угзарч татаж унагааж биед нь халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

 

             Иймд шүүгдэгч Ц.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

          

           Шүүгдэгч Ц.М- болон түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Ш-ын биед хүндэвтэр хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой цээж, нурууны томографийн зураг авахуулсан 55.000 төгрөг, толгой, хүзүүны томографийн зураг авахуулсан 240.000 төгрөг /хх-ийн 75, 80-р хуудас/, 7.990 төгрөг, 2.000 төгрөг, 259.500 төгрөг /хх-ийн 76-р хуудас/, 8.130 төгрөг, 13.600 төгрөг /хх-ийн 77-р хуудас/, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, 600.000 төгрөг /хх-ийн 75, 121-р хуудас/, Улаанбаатар хотын банкны зарлагын баримт 40.000 төгрөг /хх-ийн 75-р хуудас/, нийт 1.726.220 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлж, мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ гэжээ.

Шүүх дээрх нотлох баримтаас өмгөөллийн хөлс 600.000 төгрөг /хх-ийн 121-р хуудас/, Улаанбаатар хотын банкны зарлагын баримт 40.000 төгрөг /хх-ийн 75-р хуудас/, нийт 640.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэж үзэв.

Харин дээрх нотлох баримтаас 586.220 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангасан ба шүүгдэгч Ц.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Ш-ад 630.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч У.Ш- нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр биедээ гэмтэл авсан ба 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн болох нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нээсэн өвчний түүхээр батлагдаж байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох” тогтоолд Улсын хэмжээнд мөрдөгдөх хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320.000 төгрөг байхаар шинэчлэн баталжээ. Үүнээс үзэхэд хохирогч У.Ш-ын Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 2019 оны 8 дугаар сар нь ажлын 22 хоногтой ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320.000 төгрөгийг ажлын 22 хоногт хувааж, гарсан дүнг хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 7 хоногоор тооцон, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 101.822 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч У.Ш-ад олгохоор шийдвэрлэв.

 

            Хохирогч У.Ш- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ц.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр сарын 1.500.000 төгрөгийн цалинтай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

 

          Шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь ажлаа зохих ёсоор чанартай хийхийг шаардсаны улмаас маргаан үүссэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц-ын М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М- нь хохирогч У.Ш-ад 630.000 төгрөг төлсөн ба, хохирогчийн ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт шүүгдэгч Ц.М-өөс 101.822 төгрөг гаргуулж, хохирогч У.Ш-ад олгосугай.

 

5.  Хохирогч У.Ш- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР