| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0702/Э |
| Дугаар | 731 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 731
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,
шүүгдэгч Ж.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Ж-ы Д-д холбогдох эрүүгийн 1910020400741 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ж.Д- нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ...” ХХК-ийн 23023 баазын дугаартай Ган хийц-43 чиглэлийн ... улсын дугаартай автобусанд сууж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа иргэн С.Б-ийн цүнхнээс “LV” гэсэн бичигтэй бор өнгийн түрийвчтэй 1.500.000 төгрөг, цахим үнэмлэх, Хаан, Худалдаа хөгжлийн банкны виза картууд, АНУ-ын 20 ам.долларын дэвсгэрт 1 ширхэг, 10 ам.долларын дэвсгэрт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910020400741 дугаартай хэргээс:
Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6, 30-р хуудас/,
Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-р хуудас/,
Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Д-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 14, 41, 44-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16, 42-р хуудас/, гэрч М.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46-48-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 49-52-р хуудас/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 55-58-р хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 59-61-р хуудас/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 68-83-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Д-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ж.Д- нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайран дүүргийн Саппорогийн буудлаас Хан-Уул дүүрэг рүү “Ган хийц-43” чиглэлийн ... улсын дугаартай автобусанд зорчин явахдаа хохирогч С.Б-ийн цүнхнээс “LV” гэсэн бичигтэй бор өнгийн түрийвч, бэлэн 1.390.000 төгрөг, цахим үнэмлэх, Хаан, Худалдаа хөгжлийн банкны виза картууд, АНУ-ын 20 ам.долларын дэвсгэрт 1 ширхэг, 10 ам.долларын дэвсгэрт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.483.115 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Б-ийн ...Би 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын Хаан банкнаас 1.315.000 төгрөг аваад түрийвчиндээ хийгээд урдаа цүнхээ үүрээд Зүүнсалаа - Халдварт чиглэлийн автобусанд суугаад “Саппоро” дээр буугаад цүнхээ үзэхэд цүнх зүгээр байсан. Тэгээд Ган хийц - Зайсан чиглэлийн автобусанд суугаад Хан-Уул дүүргийн Соёлын ордны автобусны буудал дээр дөхөж байхад цүнх онгорхой байсныг мэдээд түрийвчээ байгаа үгүйг шалгаад автобуснаас буухад байхгүй байсан. Миний түрийвч дотор 20 долларын дэвсгэрт 1 ширхэг, 10 долларын дэвсгэрт 1 ширхэг, 1.390.000 төгрөг, иргэний үнэмлэх, Хаан, Худалдаа хөгжлийн банкны виза карт, нэрийн хуудас зэрэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 30-р хуудас/,
Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Бор өнгийн түрийв 1 ширхэг, С.Б-ийн иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны карт 1 ширхэг, 20.000 дэвсгэрт 75 ширхэг нийт 1.500.000 төгрөгийг Ж.Д-гээс хураан авч, С.Б-т хүлээлгэн өгөв. /хх-ийн 12-13-р хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: LV логотой бор өнгийн түрийвч 13.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 33-р хуудас/,
Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Д-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би автобусанд дунд хэсгийн бариулаас бариад зогсоод явж байтал хажууд үл таних эмэгтэйн /Б-/ үүргэвч хагас онгорхой байсан бөгөөд дотор нь бор шаргал өнгийн түрийвч ил харагдаж байхаар нь авчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.Д- нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ж.Д-гийн хохирогч С.Б-ийн цүнхнээс түрийвч, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:
Хохирогч С.Б-ийн “LV” гэсэн бичигтэй бор өнгийн түрийвчийг хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланд 13.000 төгрөгөөр үнэлсэн ба /хх-ийн 33-р хуудас/, түрийвчинд байсан 1.390.000 төгрөг, мөн АНУ-ын мөнгөн дэвсгэрт болох 30 америк доллар нь Монгол банкны 2019 оны 8 дугаар сарын ханшийн лавлагаагаар нэг ам.доллар нь 2.670.54 төгрөгтэй тэнцэж байсан тул гэмт хэргийн улмаас нийт 1.483.115 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэнд “бор өнгийн түрийвч, 1.500.000 төгрөг, цахим үнэмлэх, Хаан, Худалдаа хөгжлийн банкны виза карт, АНУ-ын 20 ам.доллар 1 ширхэг, 10 ам.доллар 1 ширхэг зэргийг хулгайлсан” гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад хохирогч С.Б-ийн түрийвчинд 1.390.000 төгрөг, мөн АНУ-ын мөнгөн дэвсгэрт болох 20 ам.доллар 1 ширхэг, 10 ам.доллар 1 ширхэг, нийт 30 ам.доллар байсан тул шийтгэх тогтоолд хохирлын хэмжээг зөвтгөж шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь “эд зүйлээ бүрэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 30-р хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Д.Тэмүүжин, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Д.Золбаяр, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Д.Эрхэмбаяр нарын гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Д-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Д- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Ж-ы Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Д-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Д- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР