Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 3106

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг Мобиком корпораци ХХК /РД:2072572/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 2 дугаар гудамж, 130 тоот хаягт оршин суух Шарнууд овогт Энхтүвшингийн Сайнбилигт /РД:УУ91102617/-д холбогдох 1,375,527.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Энхтүвшингийн Сайнбилигт нь манай компанитай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн 99922923 тоот дугаар дээр Smartphone  багцын гэрээ болон Smartphone зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, “Самсунг галагси 5 эс” маркийн гар утсыг худалдан авсан.

 

Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэлх хугацаанд гар утасны төлбөрөө төлж барагдуулаагүй. Иймд, Smartphone багцын гэрээний 6 дугаар зүйл болон Smartphone зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний 2 дугаар зүйл, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг үндэслэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 1,068,000.00 төгрөг, ярианы төлбөрийн үлдэгдэл 307,527.00 төгрөг, нийт 1,375,527.00 төгрөгийг хариуцагч Э.Сайнбилигтээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр  иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа “Би Мобиком корпораци ХХК-тай гэрээ байгуулж, “Самсунг галагси 5 эс” маркийн гар утсыг худалдан авсан. Гар утасны төлбөрийн үлдэгдэл төлбөр 500,000.00 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000.00 төгрөгийг, үлдэх 375,527.00 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулна” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан энэхүү тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир хүлээн зөвшөөрсөн байна.

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Мобиком корпораци ХХК нь Э.Сайнбилигтэд холбогдуулан 1,375,527.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан дээр дурьдсан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн баримтаас тус тус дүгнэвэл хариуцагч хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага болох 1,375,527.00 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэн даруй төлөхгүйгээр хэсэгчлэн хувааж, тодорхой хугацаанд төлөхөөр болсон нь талуудыг эвлэрсэн гэж үзэхээр байна.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Э.Сайнбилигт нь нэхэмжлэгч Мобиком корпорацитай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Smartphone  багцын гэрээ болон Smartphone зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 1,578,000.00 төгрөгийн үнэтэй “Самсунг галагси 5 эс” маркийн гар утсыг 24 сарын хугацаанд зээлээр худалдан авахаар болсон байна.

 

Энэхүү гэрээнд талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, гэрээний гол нөхцөл болсон эд зүйл, үнэ, хугацаа, урьдчилгаа төлбөр болоод сар бүр төлөх төлбөрийн хэмжээний талаар тус тус тохиролцсон байна. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Сайнбилигт нь нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацааны турш хэсэгчлэн хувааж төлөх тухай түүний хүсэл зоригийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар энэхүү хэрэг маргаанд хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулвал зохих бусад гуравдагч этгээд байхгүй, мөн зөвхөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн гэрээний харилцаанаас улбаатай шаардлагын хүрээнд эвлэрч байгаа, Эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар нь гагцхүү хариуцагчид хамаарах учир гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэх нөхцөл байдал алга байна. 

 

Нэхэмжлэгч Мобиком корпорацийн зүгээс энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор болж, Б.Батбаяр, Н.Эрдэнэсанаа, Г.Булгантамир нарт итгэмжлэл олгож, тэдгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох ба гагцхүү төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр тодорхойлогдоно.

 

Нэгэнт энэхүү хэрэгт хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн тайлбар, хүсэлтийг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн учраас бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг гэж хүлээн авч,  бүрэн эрхгүй этгээдийн үйлдэл, үүний улмаас хүсэлт гаргагч Мобиком корпорацийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.

 

Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл талуудын эвлэрэл нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний шаардлагын хүрээнд гаргасан нэхэмжлэлтэй хэрэг маргаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс тус эвлэрлийг  хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.

 

Иймд, Мобиком корпораци ХХК-ийн гаргасан Э.Сайнбилигтэд холбогдох 1,375,527.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Мобиком корпораци ХХК-ийн гаргасан Э.Сайнбилигтэд холбогдох 1,375,527.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-иас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж болох 36,950.00 төгрөгийн тал хувь 18,475.00 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас, үлдэх 18,475.00 төгрөгийг хариуцагч Э.Сайнбилигтээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.                                   

 

 

  

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР