| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0001/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/002 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000429 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 сарын 20-ны өдөр эхнэр******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч ******* ... 2019 оны 11 сарын 20-ны өдөр манай нөхөр Б мал нядалгааны ажилд явж ирчихээд гэртээ нэг шил архи *******, ******* нартай хамт уусан. Тэгээд ******* ******* хоёр харих гээд яваад өгсөн. Гэрт манай нэг гуравдугаар ангид сурдаг ач А бид гурав үлдсэн юм. Би дээлний шилбэ хадаад байж байсан юм. Тэгтэл найз *******той намайг хардаж чи шаалцсан уу та хоёр гэж хэлээд хардаж хэрүүл өдсөн. Тэгээд намайг авгай янхан гэж хэлж доромжилж байснаа гараараа миний уруулруу цохисон. Тэгсэн миний шүд таарсан байх уруул хэгзэрч нэвт цоорчихсон байсан. Тэгээд цагдаа дуудсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Шүүгдэгч *******гийн ... 2019 оны 11 сарын 20-ны өдөр би мал нядалгаанд явж ирээд хоёр найзын хамт 0.75-тай архи гэртээ уусан. Тэгж байгаад манай хоёр харих гээд явсан гэрт эхнэр С ач А бид гурав үлдсэн. Би найз нарынхаа араас гарч явах гэхэд эхнэр явуулахгүй байсан. Миний өмсөж явсан хувцаснаас зулгааж цамц урсан. Тэр үед зулгаацалдаж байхад унаж гэмтсэн байх ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 685 тоот шинжээчийн .... ******* биед баруун доод 1 дүгээр шүдний сулрал, доод ураал, баруун шуунд шарх зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 17/,
Амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 41 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХЙИ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА