Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 740

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Э-гийн Э-од холбогдох эрүүгийн 1910018460797 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн  үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” төвийн цахим тоглоомын газар болон тухайн төвийн гадна иргэн Б.М-ыг “мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910018460797 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-15-р хуудас/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №9208, 13512 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31, 35-р хуудас/,

Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Э.Э-ын мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, гэрч Х.О-ийн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/, “Зочин хүнс” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 54-р хуудас/, баклаврын дипломын хуулбар /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн  үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” төвийн цахим тоглоомын газарт хохирогч Б.М-ыг “мэндэлсэнгүй” гэж шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.М-ын ... Э-ыг надтай юм ярихад нь би чихэвч зүүсэн байсан тул сонсоогүй. Гэтэл Э- “надтай яагаад мэндэлдэггүй юм бэ” гээд гараараа миний толгойн ар талын дагз руу 1 удаа цохиод, баруун талын хавирга руу 2 удаа цохисон. Тэгээд РС-нээс гараад нарийн гудамж руу ороод намайг элэгдээд гэдэс рүү гараараа нэг удаа цохисон. Мөн миний нүүр рүү толгойгоороо мөргөөд гараараа нүүр рүү 1 удаа, нуруу руу 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-15-р хуудас/,

 

Гэрч Б.Б-ын ...М-ын хүзүү нь улайчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “танихгүй хүүхдүүдтэй зодолдсон” гээд Э-ыг зааж өгсөн. М- хэлэхдээ “Э- РС дотор тоглож байхад нь зүгээр байлгахгүй нуруу руу нь хатгаад байсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Б-гийн ...Э- М-ыг РС дотор сууж байхад толгойны ар болон нуруу руу нь гараараа цохисон. ...М- нарийн гудамж руу Э- ахтай ороод гарч ирэхдээ хамарнаас нь цус гараад хавдсан байдалтай гарч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Гэрч Б.М-ын ....М-оос юу болсон талаар асуухад РС тоглоомын газар тоглож байхад Э- ах дээрэлхээд тоглоомын газраас дагуулж гараад зодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №9208 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.М-ын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 31-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би М-оос юм асуутал өөдөөс томроод байхаар нь гараараа нидэрсэн. Харин РС тоглоомоос гараад гудамж руу ортол М- “намайг уучлаарай, та намайг нэг цохиод хариугаа авчих” гэхээр нь түүнийг нэг удаа мөргөсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч Э.Э- нь насанд хүрээгүй хохирогч Б.М-ыг толгой руу нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт, хүзүүнд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед  учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Э.Э- нь насанд хүрээгүй хохирогч Б.М-ыг цохиж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

             Иймд шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч Э.Э- нь өөрөө өөрийгөө өмгөөлөх оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой 150.000 төгрөгийн баримт /хх-ийн 51-р хуудас/ ирүүлсэн боловч тэрээр “эмчилгээний зардалд 220.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 61-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг тооцов.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, хохирогч нь оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргасан ба, шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э-од мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Э-гийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э-од мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э- нь хохирогч Ж.М-од 220.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Э.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР