Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 741

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт А-ийн Т-од холбогдох эрүүгийн 1910011340814 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Т- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” амралтын газрын машины зогсоол дээр хохирогч Б.Н-ийн гээгдүүлсэн “Самсунг Эс-10” маркийн гар утсыг авч завшин бага хэмжээнээс дээш буюу 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910011340814 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,

Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч Ч.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/,

Шүүгдэгч А.Т-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: ял шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 58-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: Шүүгдэгч А.Т- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” амралтын газрын машины зогсоол дээр хохирогч Б.Н-ийн гээгдүүлсэн 1.250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-10” маркийн гар утсыг авч завшсан болох нь:

 

Хохирогч Б.Н-ийн ...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ...ын аманд 2 хүүхдийн хамт салхилахаар очсон юм. Тэнд очиход миний гар утас болох “Самсунг Эс-10” маркийн гар утас байсан. ...Орой 20.00 цагийн үед машиндаа суугаад гэрийнхээ гражид ирээд машинаа тавихад миний гар утас байхгүй байхаар нь буцаад амралтын газрын зогсоолд очсон боловч олоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,

 

Гэрч Э.Э-ын ...80180405 гэсэн дугаарыг 2018 оны 6 дугаар сарын үед манай компаний захирал Т- тухайн үед Дархан-Уул аймаг руу ажлаар явах болоод сүлжээ сайн барьдаг гээд надаар Юнителийн дугаар авахуулсан юм. Одоо миний нэр дээр байдаг, би барьж байгаагүй, манай захирал Т- ашигладаг. ...Захирал Т- нь “нохойгоо салхилуулж яваад уулнаас ийм утас оллоо, машинаас өнхөрч унасан юм шиг байна” гээд “Самсунг Эс-10” маркийн гар утас үзүүлсэн. Би тэр утсыг нь аваад Теди худалдааны төвийн 4 давхрын засварын газар очоод үзүүлэхэд “дэлгэц нь гэмтсэн байна” гээд программ уншуулж кодыг нь тайлсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

 

Гэрч Ч.А-ын ...Би “Самсунг Эс-10” маркийн гар утасны дэлгэцийг зассан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийнх хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг Эс-10” маркийн гар утсыг 1.250.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 36-р хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Хар өнгийн “Самсунг Эс-10” маркийн 351922/10/400723/2 имей кодтой гар утсыг хохирогч Б.Н-т хүлээлгэн өгөв. /хх-ийн 15-р хуудас/,

 

Шүүгдэгч А.Т-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би ... амралтын хаалганаас доош 300 орчим метрийн зайд алхаад явж байхад манай нохой нэг юм үнэрлээд байхаар нь очоод хартал гар утас байсан. Би тухайн гар утсыг хаях гэснээ нохой олсон юм чинь гээд халаасандаа хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

            Шүүгдэгч А.Т- нь гээгдэл эд хөрөнгө буюу гар утсыг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

 

            Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Т-ыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ийн эд хөрөнгөнд 1.250.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд тэрээр “гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

             

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч А.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Б.Н-, шүүгдэгч А.Т- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч А.Т- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Т-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг биет байдлаар төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч А.Т-од торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Т-од мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Б овогт А-ийн Т-ыг Жамсранг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Т-од мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР