| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0757/Э |
| Дугаар | 748 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 748
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,
шүүгдэгч Ц.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гавьлуу овогт Ц-ын С-т холбогдох эрүүгийн 1910025210865 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ц.С- нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ...ны гадаа иргэн Н.Б-тай маргалдан түүний нүүр рүү гараараа цохиж, гарыг нь мушгиж духанд цус хуралт, хаван хавдар, зүүн гарын ядам хурууны шивнүүр хэсгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910025210865 дугаартай хэргээс:
Хохирогч Н.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,
Гэрч А.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,
Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,
Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №13108 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,
Шүүгдэгч Ц.С-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ц.С- нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ...ны гадаа зогсоол дээр А.Ц- Н.Б- нарыг маргалдаж байхад хохирогч Н.Б-ы нүүр рүү гараараа цохиж, гарыг нь мушгиж “духанд цус хуралт, хаван хавдар, зүүн гарын ядам хурууны шивнүүр хэсгийн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Н.Б-ы ...2019 оны 10 дугаар сарын 28-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ...ны гадаа зогсоол дээр танихгүй эрэгтэй /С-/ ирээд гараараа миний баруун хөмсөг, нүд рүү нэг удаа цохисон. Тэгтэл эмэгтэй нь “наад хүн чинь биш шүү дээ” гэж хэлсэн чинь эхнэрийгээ “явъя” гээд машиндаа суух гэхээр нь түүнд “чи хүн зодчихоод явах гэлээ” гээд бариад авсан. Гэтэл тэрээр миний зүүн гарын ядам хурууг атгаж хөшөөд дарчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,
Гэрч А.Ц-гийн ...Маргалдаад байж байтал манай нөхөр С- гарч ирээд “та яагаад эмэгтэй хүн рүү дайраад байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр эмэгтэй намайг заагаад “энэ эмэгтэй чинь намайг машинаар мөргөчихлөө гээд байна” гэж хэлсэн. Би тэр хүнд “би таныг тэгж хэлээгүй, та буруу ойлгоод байна” гэж хэлэхэд “та биш юм байна, та машиндаа ороод сууж бай” гэж хэлтэл тэр хүн шууд манай нөхрийг заамдаад авсан. Манай нөхөр тэр хүний гарыг салгах гэж ноцолдсон. Би 19-н үйлчилгээний төв дээр машинаа тавьчихаад буцаад ирсэн чинь 2 цагдаа ирчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,
Гэрч Ц.Д-ын ...С-ын машиныг урдаас нь мөргөсөн чинь дотроос нь С-ын эхнэр буугаад ирсэн. Би тэр эмэгтэйд “чи машин мөргөчихлөө шүү дээ” гэж хэлтэл нөгөө “Ланд Круйзер” маркийн машины жолооч ирээд “би чиний машиныг мөргөсөн юм уу” гээд хэрэлдээд С-ын машиныг цохиод байсан. Тэр үед С- гарч ирээд “яасан юм бэ” гэхээр нь болсон зүйлийн талаар тайлбарлаж өгсөн чинь “Ланд Круйзер” маркийн машинтай залуу С- руу дайраад байсан. ...С-, Б- хоёр намайг байх хугацаанд бие биенийгээ цохиж зодсон үйлдэл гаргаагүй. Харин намайг явснаас хойш ямар зүйл болсныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,
Гэрч Т.Г-ийн ...Цагдаа ирэхээр нь би дэлгүүр ороод буцаад гараад ирэхэд С- нөгөө хүнтэйгээ зууралдаад зогсож байсан. Намайг очиход С- гараараа тэр хүний хөмсөг орчимд нэг удаа цохиж байгаа харагдсан. Би С-ыг “чи яагаад хүнд гар хүрч байгаа юм бэ” гээд загнасан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №13108 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Б-ы биед духанд цус хуралт, хаван хавдар, зүүн гарын ядам хурууны үзүүрийн шивнүүр хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 30-р хуудас/,
Шүүгдэгч Ц.С-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ...Би Б-ы биед духанд учирсан гэмтлийг гараараа цохиж учруулсан. Харин хуруунд нь учирсан гэмтлийг Б- намайг заамдаж авчихаад тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гэж ноцолдож байхдаа учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ц.С- нь хохирогч Н.Б-ыг “автомашин мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гарыг хөшиж, нүүрэн тус газар нь гараараа цохиж “духанд цус хуралт, хаван хавдар, зүүн гарын ядам хурууны үзүүрийн шивнүүр хэсгийн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой 805.720 төгрөгийн /хх-ийн 35-р хуудас/ нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн бөгөөд тэрээр “Ц.С-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, эмчилгээний зардалд 806.000 төгрөгийг авсан тул гомдол, саналгүй” /хх-ийн 67-р хуудас/ гэсэн хүсэлтийг прокурорын шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Н.Б-, шүүгдэгч Ц.С- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.С- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.С-т торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.С-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гавьлуу овогт Ц-ын С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.С-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С- нь хохирогч Н.Б-д 806.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. шүүгдэгч Ц.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР