Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 013/2017/00948/и |
Дугаар | 001/ХТ2018/00948 |
Огноо | 2018-06-14 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2018/00948
Б.Нын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 552 дугаар шийдвэр,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: “ТБ” ХХК-ийн Завхан салбарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 10 сард ТБны Ургамал тооцооны төвийн захирлаар томилогдсон. 2017-05-03-ны өдөр ТБны салбарын захирлын 67-р тушаал гарсан. Би банк болон харилцагчийг хохироогоогүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвшөөрөхгүй. ТБны зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэх боловч ямар дүрэм журам, ёс зүйн зөрчил гаргасан нь тодорхойгүй байна. Дүрмийн 5.2-г зөрчиж харилцагч нартай хувийн асуудал үүсгэсэн гэх боловч банкны журамд өөрийн төрөл садан, найз нөхдөд зээл олгох боломжтой талаар заасан байгаа. Иймд үүнийг ноцтой зөрчил гэж үзэхгүй. Отгонрагчаа, Сарангэрэл, Энхзаяа гэсэн хүмүүст хувийн данснаас мөнгө шилжүүлсэн гэх боловч арга хэмжээ авах хугацаа өнгөрсөн. Авга ах Отгонрагчаа, садангийн хүн Сарангэрэл,Энхзаяа нарт мөнгө шилжүүлсэн асуудалд арга хэмжээ авах хугацаа өнгөрсөн. Ажлаас чөлөөлөхдөө “..зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг өөрийн дансаараа шилжүүлж төлсөн...” гэжээ. Энэ үйлдэл нь ТБны ямар журмыг зөрчөөд байгаа нь тодорхойгүй байгаа. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 20 хоног хэтэрсэн, төлөх талаар удаа дараа шаардсан талаар тайланд бичсэн. “...зээлийн үйл ажиллагааны журмын 9.3, 12.7.3-г зөрчсөн...” гэх боловч энэ ямар журам нь тодорхойгүй байна. Э.Чанцал, Өлзийсайхан нарын зээлийн сангийн мэдээлэл аваагүй гэх боловч арга хэмжээ авах хугацаа дууссанаас гадна журам нь байхгүй байна. А.Энхзаяа, Алтансүх, Ц.Лхагвасүрэн, Л.Оюунбилэг зэрэг хүмүүст зээл олгохдоо ямар зөрчил гаргасан талаар тайландаа бичсэн. Тооцооны төвөөс зээл олгох гэж байгаа иргэдийнхээ материалыг салбар руугаа явуулж зөвшөөрөл авдаг. Тэр зөвшөөрлийг салбарын захирал өгдөг. Зөвшөөрөл өгч зээл олгуулсны дараа ийм асуудал ярьж буйг ойлгохгүй байна. Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй гэжээ. Алтансарнай, Золжаргал Ц.Лхагвасүрэн нарын зээл зээлийн хороогоор орж шийдвэрлэгдсэн. Зээл олгохоос 1-2 хоногийн өмнө зөвшөөрөл авсан байна. Бямбажав, Отгонрагчаа нарт зээл олгохдоо зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй гэх боловч хугацаа дууссан байна. Зээлийн үйл ажиллагааны журмын 31.9.8-г зөрчсөн гэх боловч энэ журам хэрэгт байхгүй байна. Хамтран зээлдэгч нарын бусад зээлийн гэрээг хуулбарлаж аваагүй нь Зээлийн үйл ажиллагааны 25.8.7-г зөрчсөн гэх боловч энэ журам байхгүй байна. Зээлдэгчид давуу байдал олгосон гэх боловч хугацаа тодорхойгүй тул хөөн хэлэлцэх хугацаа ярих боломжгүй байна. Түүнчлэн, шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй гэх боловч хяналтыг ямар журмаар хэрэгжүүлэх талаар тодорхойгүй байгаа. Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг давтан гаргасан гэх боловч ямар дүрэм журмыг зөрчсөн тодорхойгүй. 2015, 2014 онуудад сахилгын шийтгэл ногдуулсан. Тэр тушаалуудыг гаргаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн учраас сахилгын шийтгэлгүйд тооцогдно. Ажлын байранд заасан чиг үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй гэх боловч энэ нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл мөн эсэх нь эргэлзээтэй. Ноцтой зөрчлийн талаар гэрээндээ тусгайлан заах ёстой ч энэ талаар хөдөлмөрийн гэрээнд заалт байхгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд 12 үндэслэл тусгасан. Нэхэмжлэгч 2016 оноос 2020 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Завхан аймгийн Ургамал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож төлөөлөгчийн бүрэн эрхээ 2016 оны 11 сард хүлээн авсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14.4-т Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэж заасан. Гэтэл ТБны Завхан салбарын захирал ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа уг заалтыг биелүүлээгүй. Тухайн хүнийг ажлаас чөлөөлөх саналаа хүргүүлээд буцаагаад ямар хариу авах нь гол бус, харин санал хүргүүлсэн байх ёстой юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал 2017-05-03-ны өдөр гарч, мөн сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүх 2017-06-06-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулж, зохих дэвтрэрт бичили хийж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ургамал тооцооны төвд ээлжит шалгалт хийсэн. Тус шалгалтын тайланг үзвэл Б.Н ТБны ёс зүйн дүрмийн 5.2 /...хамтран ажиллагсад, харилцагч болон нийлүүлэгч нартай хувийн санхүүгийн асуудал үүсгэж болохгүй/ дахь заалтыг удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон. ТБны Ёс зүйн дүрмийн 6-д Ёс зүйн дүрмийн заалтыг зөрчсөн нь ноцтой зөрчилд хамаарна. Энэ ёс зүйн дүрэм болон банкны бусад бодлогыг зөрчих нь захиргааны арга хэмжээ авах, улмаар ажлаас халахад хүргэнэ гэж заасны дагуу халсан. ТБны зээлийн үйл ажиллагааны журмын холбогдох зүйл заалтуудыг удаа дараа зөрчиж зээл олгосон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн бөгөөд хууль мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Тооцооны төвийн эрхлэгч нь холбогдох дүрэм журам, заавруудаа мөрдөж ажиллахаа хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж ажилд орсон. Гэтэл дотоод шалгалтаар мөрдөх ёстой заавар, дүрэм журмаа зөрчсөн нь тогтоогдож ажлаас чөлөөлөгдсөн. Өөрөө дүрэм журмаа зөрчиж алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Мөн шалгалтын тайлантай танилцаж гарын үсгээ зурсан. Нямбаярын гаргасан зөрчлүүд нь анх удаа гаргасан зөрчлүүд биш, өмнө нь ч зээлдэгч нь байхгүй байхад зээл гаргасан байсан. Нямбаяр энэ албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2 удаа сануулах арга хэмжээ авагдсан. Шалгалтын тайлан дээр өмнө нь гаргасан алдаа дутагдлаа арилгахыг удаа дараа сануулж байсан боловч зөрчил дутагдал хэвээрээ байгааг дурдсан. Тиймээс хууль ёсны дагуу тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Нямбаяр 2013 оноос хойш ажиллаж байгаа. Тэр яриад байгаа журам нь байнга өдөр тутамд нь мөрдөгдөж байгаа журам. Мөн шалгалтын дагуу гарсан зөрчил дутагдлыг өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Нямбаярын ажлын байрны тодорхойлолт байгаа. Тэр тодорхойлолтод энэ хүн ямар ажил хийх ёстой талаар тодорхой бичигдсэн. Энэ дүрэм журамд заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэр нь ноцтой зөрчил болно шүү гээд хөдөлмөрийн гэрээний 7.4.2 дахь хэсэгт заасан. Хамаатан садан найз нөхдөөсөө мөнгө зээлж болно гэж ярьж байгаа. Тэр бол манай банкны харилцагч биш хамаатан садан найз нөхөдтэйгөө хувийн санхүүгийн асуудлаар харилцаж болно гэж заасан. Гэтэл Нямбаярын мөнгө зээлээд байгаа хүмүүс нь хэдийгээр найз нөхөд хамаатан садан нь байлаа ч манай банкны харилцагч байна. Харилцагч гэж хэнийг хэлэх талаар Иргэний хуулийн 445.1-т заасан. Банкны харилцагч биш хамаатнаасаа мөнгө зээлж болно. Гол нь тэр хүн чинь банкны харилцагч л биш байх ёстой шүү гэж заасан заалт юм. ТБны зээлийн үйл ажиллагааны 9.3-т зээлийн ажилтан нь зээлдэгчийн талаарх мэдээллийн зээлийн давхардал үүсгэхгүй байхад анхаарлаа хандуулан ажиллаж талаар заасан. Банкны үйл ажиллагаа ажил бол бэлэн мөнгөтэй байнга харилцаж байдаг учраас банкны ажилтны хийх ёстой үүрэг чиглэлийг олон төрлийн дүрэм, журам, заавраар зохицуулж зааж өгдөг. Зээлийн үйл ажиллагааны 17.2.13 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлнэ гэж заасан. Гэтэл энэ үүргээ биелүүлж ажиллаагүй. Гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад зээл олгосон асуудал ноцтой зөрчил юм. Зээлийн үйл ажиллагааны журмын 34.2 гэсэн заалтад хамаарч байгаа. Салбараар орж байгаа зээл нь эхлээд тооцооны төвөөр ороод тухайн зээл нь тооцооны төвд олгосон эрхээс давсан байна гэж үзэж байгаа бол энэ талаар салбарт танилцуулдаг. Тооцооны төв нь хувийн хэргийн бүртгэл хангах, нотариатаар гэрчлүүлэх зэрэг үйл ажиллагааг Нямбаяр хийх ёстой. Мөн журмын 31.7 дахь заалтыг зөрчсөн. Энэ 31.7 дахь заалт нь зээл хүсэгчийн сар бүрийн эргэн төлөх дүн нь өрхийн орлогын 80 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан. Гэтэл энэ заалтыг зөрчиж 80 дээш 90 хувиар тавьж өгсөн байгаа нь Нямбаярт олгосон үүргээ зөрчсөн асуудал үүссэн байна гэж үзэж байна. Тухайн зээлдэгч нь бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй бол энэ талаарх баримтыг зээлийн хувийн хэрэгт хавсаргах ёстой. Гэтэл мөн энэ үүргээ удаа дараалан биелүүлээгүй нь зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчөөд байгаа. Тооцооны төвийн зээлийн эрхийг хэтрүүлсэн асуудал гаргасан. Тооцооны төвийн эрхийг салбарын зээлийн хороо хуралдаж тушаалаар өгсөн байдаг. Зээлдэгчид давуу байдал олгож зээл олгосон асуудал байгаа. Гэтэл шаардлага хангаагүй байхад зээл олгосон нь давуу байдал олгосон гэж үзэх нөхцөл юм. Нямбаярын боловсруулж ирсэн зээлийн гэрээн дээр зарим зүйлүүдийг засах өөрөө хэлбэл, хамтран зээлдэгчээр ээжийг нь оруулах шаардлагатай юм байна гэж үзээд энэ талаар сануулаад явуулахад үүнийг биелүүлээгүй байх асуудал үүсгэсэн байгаа. Өмнөх шалгалтаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа талаар тайланд бичсэн. Өмнө нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж зөрчил дутагдал гаргаад байхаар нь сахилгын арга хэмжээ аваад ажил үүргээ сайжруул гэж үүрэг даалгавар өгөөд байхад ажлаа сайжруулахгүй зөрчил дутагдал гаргаад байсан учраас ажлаас нь чөлөөлсөн. Банк бол өөрийн гэсэн онцлогтой нарийн зохицуулалттай. Банкны тухай хуультай ийм байгууллагад ажиллаж байж удаа дараа зөрчил дутагдал гаргаж байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Гаргасан дутагдал нотлогдсон байхад би буруугүй гэж байгаа нь ёс зүйд нийцэхгүй байна. Ноцтой зөрчлийн талаар дүрэм журам, гэрээнд тусгагдаагүй мэтээр ярьж байна. Нэхэмжлэгч сонгуульд сонгогдохоос өмнө ТБинд орж гэрээгээр үүрэг хүлээж ажиллаж байсан хүн. Нэгжийн тухай хуульд зөвшилцөнө л гэж заасан байгаа болохоос биш заавал зөвшөөрөл авч ажлаас нь чөлөөлөх ёстой гэсэн заалт байхгүй. Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн гэжээ.
Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 552 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ныг ТБны Завхан салбарын харьяа Ургамал тооцооны төвийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 4.935.073 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан холбогдох дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас 164.111 төгрөг гаргаж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Хариуцагч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад баримт гаргаж өгсний дараа шийдвэрлэнэ гэх агуулга бүхий магадлал гаргасанд гомдолтой байна. Шүүхийн магадлалд “...ТБны “Зээлийн үйл ажиллагааны журам” хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон “Зээлийн үйл ажиллагааны журам” хэрэгт авагдаагүйгээс ажилтан Б.Н нь тус журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан тогтоох боломжгүй нөхцөл үүсч байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, Б.Н нь ноцтой зөрчил гаргасан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх дээрх журам хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ ...” гэж хариуцагч талын нотлох баримтыг заавал авсаны дараа шийдвэрлэх боломжтой гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийснийг хүлээн авах ямар ч боломжгүй байна. Мөн гэрч асуулгахдаа хариуцагч талд мэдэгдээгүй гэх үл ялих шалтгаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Хариуцагч талд эрх үүргийг нь бичгээр болон шүүх хуралдаанд тайлбарлан өгч, хэргийн материалыг удаа дараалан танилцуулсан. Мөн тухайн гэрч нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ороогүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Н 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ТБ ХХК-ийн Ургамал тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, зохих бичилт хийхийг даалгахыг шаарджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
ТБны Завхан салбарын захирал 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 67 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4, 131-р зүйлийн 131.1.3, дотоод журмын 5.16.3, 5.28.2,12.2,13.5.3., хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 9.6.3-г үндэслэн “...харилцагч болон зээлдэгчтэй хувийн санхүүгийн харьцаа үүсгэсэн, зээлдэгчийн зээлийн төлөлтийг өөрийн дансаар дамжуулан бэлэн бусаар шилжүүлсэн, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа аваагүй зээл олгосон, зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, зээлдэгчийн нийт зээл, хүүгийн төлбөр 80 хувиас хэтэрсэн байхад зээл олгосон, зээлдэгч болон хамтран зээлдэгчийн бусад банк болон банк бус санхүүгийн байгууллага дээрх зээлийн дансны гэрээ болон дансны хуулгыг хавсаргаагүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан, тооцооны төвийн зээлийн хорооны эрхээ хэтрүүлсэн, зээлдэгчид давуу байдал үүсгэн зээл олгосон, салбарын зээлийн хорооны шаардлагыг биелүүлээгүй, шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй, өмнөх шалгалтын тайлангаар тогтоогдсон зөрчил дутагдлаа дахин давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг биелүүлж ажиллаагүй зэрэг нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон...” гэж Б.Ныг Завхан салбарын харьяа Ургамал тооцооны төвийн захирлын ажлаас халсан байна.
Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар “...ажилтан ноцтой болон давтан зөрчил гаргасан...” гэсэн агуулгатай байхад шүүх тушаалд заасан аль зөрчил нь ноцтой болон давтанд хамаарч буйг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-н шаардлагыг зөрчжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул гомдлыг хангахгүй орхино.
Харин давж заалдах шатны шүүх ТБ ХХК-ийн Завхан салбарын гомдлыг хэлэлцэж, шийдвэрийг хүчингүй болгосон атлаа магадлалын тогтоох хэсэгт “...хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай...” гэж заасан нь буруу тул уг заалтыг хасаж, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай...” гэснийг “...дахин хэлэлцүүлэхээр буцаасугай...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтуудын хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ