Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 894

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн NE–*****, ХА-***** дугаар бүхий өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хүчингүй болгуулж, “А” ХХК-д NE-*****, ХА-***** дугаар бүхий өргөдлөөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн нутаг “Т ” нэртэй газарт 10474,73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн нэг дэх хэсэгт “... дараахь аж ахуйн нэгжүүдээс Кадастрын хэлтэст гаргасан өргөдөлд Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай” гэжээ.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг.

Дорнод аймгийн Засаг дарга татгалзсан тухай хариу өгөх шийдвэртээ “тус газар нь “Д******* *******” ХХК-ийн "*******" хүүхдийн зуслангийн эзэмшил газар, Хэрлэн голоос суваг татсан, усалгааны зориулалтаар ашигладаг хиймэл нууртай байгаа тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг тус тус үндэслэн дэмжихгүй” гэсэн байдаг.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн нутаг “Т " нэртэй газарт 10474,73 гектар талбайд бид өөрийн биеэр очиж шалгаж үзэхэд ямар нэгэн хүүхдийн зуслан болоод хиймэл нуур огт байхгүй байсан болно. Хэрэв өөр хуулийн этгээд эзэмшил бүхий газар байсан бол Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалт зарлахгүй байх байсан. Мөн аймгийн Засаг даргын шийдвэрт “Д******* *******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, түүний дугаар огт тусгагдаагүй байсан.

Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсцын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг” хэлнэ гэж, мөн Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3,1.2 дахь хэсэгт “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хэлнэ гэж, мөн Усны тухай хуулийн “усны сав газар” гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг хэлнэ гэж тус тус заасан байдаг.

Эдгээрээс үзэхэд Засаг даргын татгалзах үндэслэл болсон хиймэл нуур нь өөрөө Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамаарахгүй болно.

Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу тус газар нь бусдын эзэмшиж буй буюу хүчин төгөлдөр газрын гэрчилгээтэй эзэмшлийн газартай огт давхцаагүй байгаа. Аймгийн Засаг даргын шийдвэр нь зөвхөн хуульд заасан тохиолдолд татгалзана гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангахгүй байна.

Тиймээс Засаг даргын дэмжихгүй санал гаргах болсон хоёр шалтгаан нь хоёулаа хууль бус бөгөөд мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” гэж заасан байдаг ч Засаг дарга нь дээрхи хугацааг хэтрүүлсэн байгаа нь Ашиг малтмал, газрын тосны газраас явуулсан санал авах тухай албан бичиг мөн Засаг даргын явуулсан хариу албан бичгийн огноогоор нотлогдож байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн NE–*****, ХА-***** дугаар бүхий өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн NЕ-*****, ХА-***** дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан болно.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн NЕ-*****, ХА-***** дугаар бүхий өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хүчингүй болгуулж, мөн А ХХК-д NЕ-*****, ХА-***** дугаар бүхий өргөдлөөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн нутаг “Т ” нэртэй газарт 10474,73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М******* тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Улсын их хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

“А" ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Т ” нэртэй 10474,73 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гарган NЕ-***** дугаарт бүртгүүлсэн байна.

Кадастрын хэлтсээс “А" ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 6/8469 дугаартай албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргад санал явуулсан. Уг саналд Дорнод аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/5013 тоот албан бичгээр 57 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна.

“А” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/24 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд дахин санал явуулж өгөх хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийн дагуу Кадастрын хэлтсээс санал авах мэдэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/759 дугаартай албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргад санал явуулсан. Уг саналд Дорнод аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/615 тоот албан бичгээр 142 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрөл Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна.

  Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж Өдрийн сонины 2017 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн №005 дугаарт олон нийтэд  мэдээлэн  хүргэжээ.  Энэхүү  сонсох  ажиллагаанд тус компани нь бичгээр болон амаар тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1 зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр NE-***** дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/4344 дугаартай албан бичгээр тус компанид хүргүүлсэн байна.

Иймд ”А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ц.Б******* шүүхэд хандаж “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 338 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн NE-*****, ХА-***** дугаар бүхий өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хүчингүй болгуулж, мөн "*******-И*******" ХХК-д дээрхи өргөдлөөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн нутаг “Т ” нэртэй газарт 10474,73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэж тодруулсан болно. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар ...Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно...засаг даргын татгалзсан нь хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул түүнийг үндэслэсэн шийдвэр хууль бус...30 хоногийн дотор хариу өгөөгүй...” гэж тодорхойлсон, хариуцагчаас үүнийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. 

 “А”   ХХК-иас   2015   оны   10   дугаар  сарын  23-ны  өдөр  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших “Т ” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасныг хариуцагч захиргааны байгууллагаас хүлээн авч NE-***** дугаарт бүртгэн, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу уг өргөдөлд шүүлт хийснээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу Дорнод аймгийн Засаг даргаас санал авах тухай мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Засаг даргаас дээрхи мэдэгдлийн хариуг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/5013 тоот албан бичгээр “дэмжихгүй” гэсэн хариуг ирүүлснийг хариуцагч хүлээн авсан атлаа нэхэмжлэгчийн өргөдлийн талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсан нь тогтоогдож байна.

Үүний дараа нэхэмжлэгч компаниас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газарт хандаж өөрийн компанийн өргөдөлд дурдсан талбайн талаар дахин санал авах мэдэгдэл явуулж өгөх хүсэлт гаргасан, уг хүсэлтийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/579 дугаар албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлэхэд Дорнод аймгийн Засаг даргаас 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “дэмжихгүй” санал ирүүлсэн үйл баримтууд тогтоогдов. 

Гэтэл үүнээс хойш бүтэн нэг жил 2 сарын дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар бүхий “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн “...Засаг даргын дэмжихгүй санал ирсэн” гэх үндэслэлээр “А” ХХК-иас гаргасан NE-*****, ХА-***** дугаар бүхий өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум дүүргийн Хурлын саналыг авч Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын даргын, 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж аймаг, нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг тодорхойлсон хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийн талаар Аймгийн засаг даргын татгалзсан болон дэмжсэн санал нь тухайн нутгийн захиргааны байгууллагын шийдвэр болон хуульд үндэслэсэн байх шаардлагыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан зохицуулалт нь Аймаг, нийслэлийн засаг дарга хуульд заагаагүй үндэслэлээр “татгалзах”-ыг хориглосон агуулгатай тул хууль зүйн үндэслэлгүй татгалзсан Засаг даргын санал нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэрийн үндэслэл болохгүй.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Дорнод аймгийн Засаг дарга “дэмжих эсэх” тухай санал гаргахдаа тухайн талбай байрших Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал болон Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналын аль алиныг үндэслэх ёстой байх бөгөөд эдгээр “татгалзсан” саналууд нь хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох боломжгүй үндэслэлд хамаарах шаардлагыг зохицуулсан байна.

Гэтэл Дорнод аймгийн Засаг даргаас хариу ирүүлэхдээ зөвхөн Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг хавсаргасан харин Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй, хуульд заасан үйл ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, саналын үндэслэлд хамаарах баримтуудыг дутуу ирүүлсэн байхад аймгийн Засаг даргаас “дэмжээгүй санал ирсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь хууль бус, дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах, шилжүүлэх асуудлыг хариуцан гүйцэтгэх чиг үүрэг бүхий цорын ганц байгууллага болохын хувьд тухайн тусгай зөвшөөрлийг олгох боломжтой эсэх талаар ирүүлсэн аймгийн Засаг даргын саналд дүгнэлт өгөх ёстой.

Гэтэл хариуцагч нь Дорнод аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэх санал нь хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарах эсэх, хуульд заасан ажиллагааг гүйцэд явуулсан эсэх, бүрдэл хангасан эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр шууд татгалзсаны дээр нэхэмжлэгч компаниас 2016 оны 01 дүгээр арын 28-ны өдөр гаргасан “дахин санал авах тухай” хүсэлтийг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргаас дахин санал авах мэдэгдэл хүргүүлсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулинд энэ тухай зохицуулаагүй.

Түүнчлэн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 338 дугаар шийдвэрийг гаргахдаа Дорнод аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны болон 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн гэх 2 саналын алиныг үндэслэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, эдгээр саналуудад заасан татгалзсан үндэслэлүүд өөр өөр байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан Захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "*******-И*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар бүхий “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, "*******-И*******" ХХК-д “NE-027606, ХА-***** тоот өргөдлөөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн нутаг “Т ” нэртэй газарт 10474,73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ДУЛАМСҮРЭН