Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021

 

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2016/02021

 

АБТС ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/00937 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: АБТС  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Оюунд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 173 445 060 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч О.Оюуны давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: З.Байгалмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  О.Оюун нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 122 дугаартай зээлийн гэрээг байгуулан 128 400 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сард 2,8 хувийн хүүтэй зээлээр авч,  000-620545 дугаарын  газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 174 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, 000-89858 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны Өргөн чөлөө 28/Г тоот 612 м.кв талбай бүхий сууцыг барьцаанд бариулсан.  Зээлдэгч нь хуваарийн дагуу сард зээл, хүүд 5 044 000 төгрөг төлөхөөр тохиролцсон ч  огт төлбөр төлөөгүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 2-р үйлчилгээний төв 14-р хороонд байрлах 174 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрын 000-620545 дугаарын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч  газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй торгууль, 2016 оны 2, 3, 4 улирлын газрын төлбөрийг хариуцагч О.Оюунтай харилцан тохиролцож хариуцагчийн нэрийн өмнөөс манай байгууллага нь Өмч газрын харилцааны албанд нийт 2,595,700 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү газрын төлбөрт төлсөн төлбөрийг манай байгууллагад О.Оюун нь төлөхөөр үүрэг хүлээсэн. Иймд  2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 122 дугаартай зээлийн гэрээгээр  зээл 128 400 000 төгрөг, хүү 35 352 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 070 560 төгрөг, нотариатын зардалд 26 000 төгрөг,  газрын төлбөрт тушаасан 2 595 700 төгрөг, нийт 173 445 060 төгрөгийг хариуцагч О.Оюунаас гаргуулж,  төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2015 оны 9 сарын 24-ний өдөр 122 дугаартай гэрээгээр 128 400 000 төгрөгийг зээлж авсан. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр  хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, газрын төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 496 дугаар зүйлийн 496.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч О.Оюунаас 173 398 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АБТС ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 46 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 28/Г тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй, 612 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18637310878398 дугаартай 174 м.кв талбай газрыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 025 180 төгрөгийн 1 025 175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч О.Оюунаас 1 024 942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АБТС ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Оюун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх  хариуцагчаас 173.398.560 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргасан байх ба уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...128.400.000 төгрөгийн зээлийн хүүг 1 сарын 2.8 хувиар тооцож үзэхэд сарын хүү нь /128.400.000*2.8%=3.595.199,9/ 3.595.199,9 төгрөг болж байхад зээлийн гэрээ байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 9 cap 20 хоногоор тооцоход хүүгийн хэмжээ /3.595.199,9*9 сар=32.356799,91+27 хоног*115.974,19 (3.595.199,9/31=115.974,19) 3131303,13/ нийт 35.488.103,04 төгрөг болж байна..." гэж дүгнэсэн. Гэтэл шүүхээс  хүүг тооцоолохдоо буруу тооцсон,  2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 9 cap 20 хоногоор тооцсон атлаа хүүгийн хэмжээг бодохдоо 27 хоногоор тооцож илүү 811.819,33 төгрөгөөр хүүгийн хэмжээг тооцоолон гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй  болсон.  Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөпт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “АБТС ББСБ” ХХК нь хариуцагч О.Оюунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохирол, зардалд нийт 173 445 060 төгрөг гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 122 тоот зээлийн  гэрээ байгуулж,  128 400 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх,  хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 28/Г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008423 дугаарт бүртгэлтэй, 612 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах нэгж талбарын 18637310878398 дугаартай 174 м.кв газрыг барьцаалжээ. Эдгээр зээлийн болон барьцааны гэрээ нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 8-14 дүгээр хуудас/

 

Хариуцагч О.Оюун нь 128 400 000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан, зээлийн эргэн төлөлт хийгээгүй талаар маргаагүй, харин хүү, нэмэгдүүлсэн хүү, зардлын хэмжээ нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ. Барьцаанд бариулсан газрын эзэмших эрхийн хугацаа дуусаж дахин сунгахтай холбоотой зардлыг хариуцагч О.Оюун төлж чадахгүй байсны улмаас өмнөөс нь газрын хураамж, төлбөрт 2 595 700 төгрөгийг өөртэй нь тохиролцсоны дагуу төлсөн гэж нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох нотлох баримтыг хариуцагч няцаагаагүй чадаагүй болно. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн  этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд уг зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. 

 

Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтрүүлж, зээл, хүүгээс төлөлт огт хийгээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Гагцхүү анхан шатны шүүх зээлийн хүүг тооцохдоо тооцооллын алдаа гаргасныг зөвтгөх боломжтой гэж үзлээ. 

 

Гэрээний дагуу 128 400 000 төгрөгийн 1 сарын хүү нь 3 595 199 /128 400 000х2,8%/ төгрөг болох бөгөөд 1 өдрийн хүү / 3 595 199:30 / 119 840 төгрөг болж байна. Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээ байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 9 сар 20 хоног гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн атлаа 9 сар 27 хоногоор тооцож 35 488 103 төгрөгийн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. Хариуцагч нь сард 3 595 199 төгрөгийг хүү төлөх үүрэгтэй бөгөөд 9 сард 32 356 799 / 3 595 199х9 / төгрөг, 20 хоногт 2 396 800 / 119 840х20 / төгрөг, нийт 34 753 599 төгрөгийн хүүг төлөх үүрэгтэй байжээ.

 

Иймд хариуцагч О.Оюунаас зээл 128 400 000 төгрөг, хүү 34 753 599 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 070 560 төгрөг, бусад зардалд 2 575 200 төгрөг, нийт 172 799 359 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхээс нотариатын зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй боловч уг шаардах эрхэд шууд хамааралгүй, хохирлын тодорхойлолт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсгийг баримталсан байгааг хасч, мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг дутуу бичсэнийг “АБТС ББСБ” ХХК гэж нэмж залруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/00937 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227.3” гэснийг хасч, “173 398 560” гэснийг “172 799 359” гэж, “46 500” гэснийг “645 701” гэж, 3 дахь заалтын “1 024 942” гэснийг “1 021 947” гэж, шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсгийн “АБТС ББСБ” гэснийг “АБТС ББСБ ХХК” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч О.Оюунаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 040 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ      

                                             ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО         

                                                                                                            Ш.ОЮУНХАНД