Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0138

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Б” ХХК-ийн

  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, Э.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Я.Н, Ё.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах  гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргад холбогдох “Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/105 дугаартай “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамж, мөн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/106 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, “Б” ХХК-ийн эрх, ашиг сонирхолд нийцсэн шинэ захиргааны акт гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч "Б" ХХК-ийн төлөөлөгч Л.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хэргийн нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэн нэхэмжлэгч Б ХХК-д учирсан хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарласан тухайд: Захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүх хариуцагчийг сонсох ажиллагааг хийхдээ нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь хэсэгт заасны дагуу албан бичгээр хүргүүлсэн санал хүсэлтийг хайхралгүй орхиж сонсох ажиллагаанд биечлэн оролцох, санал гаргах бодит боломж нөхцөлөөр хангаагүйг буруу дүгнэж, хэргийн үйл баримтыг дутуу тайлбарласан. Тодруулбал, шүүх “... сонсох ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагт хийхээр тохиролцсон боловч, банкны эрх хүлээн авагчийн эрх бүхий ажилтан Б.Э уулзалтад оролцохгүй хүсэлтэй бичгээр гаргана гээд явсан тул 2020 оны 3 дугаар сарын 12-ны албан бичгийг хүргүүлсэн болох нь тогтоогдсон гэж үзсэн. Энэ нь нэхэмжлэгч биечлэн уулзах боломжгүй байсан тул өөрийн тайлбар, саналыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь хэсэгт заасны дагуу албан бичгээр хүргүүлж, хүсэлтээ гаргасан байхад энэ талаар тэмдэглээгүй, холбогдох ажиллагааг хийгээгүй, хайхралгүй орхиж, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн нь илэрхий байхад шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “... Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан захиргааны актын бичилтийн илэрхий алдаа” гэж үзжээ. А/105 дугаартай “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамжийн үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засаж, оролцогчид мэдүүлэх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, шүүх үзэхдээ тус захирамжаар Б ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай 27,177 м.кв газрыг өөрчилж 25,000 м.кв болгон 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэж үзсэн.

Гэвч нотлох баримтад авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 он 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/3470 дугаартай албан бичгээр “...2020 оны 3 дугаар сарын архивын зурган мэдээлэлд...27154 м.кв талбайтай газар нь “Б” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байна” гэжээ. Өөрөөр хэлбэл бичилтийн алдаатай захирамжаар Б ХХК-д 25,000 м.кв талбайтай газрыг эзэмшүүлээгүй, “Ма” ХХК гэх өөр хуулийн этгээдэд хандаж гаргасан гэж үзэх нь үндэслэлтэй байна. Иймд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтад заасны дагуу өөрийн гаргасан 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 захирамжийн тухайн нэгж талбарт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь Захиргааны Ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байх шаардлагад нийцэхгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2, 40.2.5 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй буюу захиргааны актын агуулга ойлгомжгүй, хэлбэрийн шаардлага хангаагүй, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар 23-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор ийм захиргааны акт гаргахыг тухай огт заагаагүй байхад шүүх тус захиргааны актыг хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байдал “хариуцагч нь шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан шинэ захиргааны акт гаргах, Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаартай захирамжийн “Б ХХК”-д холбогдох хэсгийн “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг түр түдгэлзүүлэх, түдгэлзүүлсэн хугацаанд Багануур дүүргийн Засаг дарга захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаартай захирамжийн “БХХК-д холбогдох хэсгийн “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн.

Шүүхээс шинэ захиргааны акт нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан байхыг Багануур дүүргийн Засаг даргад даалгасан. Өөрөөр хэлбэл, өмнө нь гаргасан захиргааны акт шиг ээ дахин бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл хийхгүй байхыг тогтоох хэсэгтээ тодорхой дурдсан байна.

Гэтэл ямар ч үндэслэлгүйгээрБ ХХК-ийн газраас зарим хэсгийг хүчингүй болгож, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч, “хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж давж заалдах гомдлыг гаргажээ.

Нэхэмжлэгчээс “Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/105 дугаартай “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамж, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/106 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, “Б” ХХК-ийн эрх, ашиг сонирхолд нийцсэн шинэ захиргааны акт гаргах даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд маргаан бүхий А/105 дугаар актаар “Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ма” ХХК-ийн үйлдвэрийн зориулалтаар эзэмшиж байсан 27177 мкв газар бусдын өмчийн доорх газартай давхцаж байх тул Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар тогтоолын дагуу талбайн хэмжээг 25000 мкв болгон өөрчилж, “Ма” ХХК-д 15 жилийн хугацаатай...”, А/106 дугаар актаар “Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” ХК-ийн агуулах зоорины зориулалтаар эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар тогтоол, эргэлтийн цэгийг газарт бэхлэх мэдэгдэл, кадастрын зургийн дагуу 22969 мкв болгон өөрчилж, газар эзэмших эрхийг сунгаж, “Х” ХК-д 15 жилийн хугацаатай...” тус тус эзэмшүүлсэн байна.

Өмнө нь шүүхээс Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчаас Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаж захиргааны акт гаргасан байна. Учир нь дүүргийн газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг тэмдэгжүүлж, координатжуулах, түүний кадастрын зургийг үйлдэж, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх тул анхан шатны шүүхийн “...шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн...” гэж үзсэн нь үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг хүчингүй болгох нэг үндэслэлээ “....бичилтийн алдаатай “Б” ХХК-д 25000 мкв талбайтай газрыг эзэмшүүлээгүй, “Ма” ХХК гэх өөрийн хуулийн этгээдэд хандаж гаргасан...” гэж маргадаг. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд маргаан бүхий А/105 дугаар актад “Б” ХХК-ийн нэрийг “Ма” ХХК гэж бичсэн нь дээрх хуульд заасан бичилтийн алдаа байх тул энэ бичилтийн алдааг захиргаа өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах боломжтой бөгөөд бичилтийн алдааг гаргасан гэх үндэслэлээр шүүхээс актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Мөн нэхэмжлэгчээс Багануур дүүргийн Засаг дарга захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж маргах бөгөөд, Багануур дүүргийн Засаг даргаас сонсох ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15:00 цагт хийхээр товлож, нэхэмжлэгчээс албан бичгээр хойшлуулах хүсэлтээ хариуцагчид хүргүүлсэн гэжээ.  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж зааснаар хариуцагчаас сонсох ажиллагаа явуулах тухай, санал хүсэлт ирүүлэхийг мэдэгдэж, газар дээр эзэмшил газрын солбилцолыг тогтоох ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс тус ажиллагаанд оролцоогүй ба нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий А/105, А/106 дугаар актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцсэн шинэ захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж заажээ. Хариуцагчаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар тогтоолыг үндэслэл болгосон байна.

Хэрэгт авагдсан Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 482 дугаар шийдвэрээр тус төмөр зам /баруун талын буюу барааны агуулах талын төмөр зам/-ыг “Х” ХК-ийн өмч мөн болохыг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчийн газрыг бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай байна гэж үзэж, хариуцагчаас А/105, А/106 дугаартай захирамжууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Нөгөөтэйгүүр шүүх нэхэмжлэгчийн “шинэ акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэхэд нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгахад эрх зүйн болон бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН