| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/03038/и |
| Дугаар | 3038 |
| Огноо | 2016-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 3038
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 45 дугаар гудамж, 678 тоот хаягт оршин суух Пунцаг овогт Цолмонгийн Түвшин /РД:УО87041712/-гийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо Түмэннаст хотхон, 36б байр, 51 тоот хаягт оршин суух Сайндаагийн Чулуунбаатар /РД:ЧЕ61011400/-т холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,620,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Түвшин, хариуцагч С.Чулуунбаатар, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Түвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч С.Чулуунбаатартай Зээлийн гэрээ байгуулж, 8,620,000.00 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Зээлдэгч зээлийг буцаан төлөхгүй байгаа тул түүнээс 8,620,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Чулуунбаатар шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа “Би Ц.Түвшингээс 8,620,000.00 төгрөгийг зээлсэн. Бид хоорондоо ярилцаад 6,750,000.00 төгрөгийг 150 хоногийн хугацаанд өдрийн 45,000.00 төгрөгөөр төлж дуусгахаар тохирсон учраас 6,750,000.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин зөрүү 1,870,000.00 төгрөгийг төлөхгүй” гэжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр Эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 2,120,000.00 төгрөгөөс татгалзаж, харин хариуцагч үлдсэн 6,500,000.00 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх 5 /тав/ сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Пунцаг овогт Цолмонгийн Түвшин нь Сайндаагийн Чулуунбаатарт холбогдуулан 8,620,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Хэрэгт цугларсан баримт болоод шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараас үзвэл талууд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 8,620,000.00 төгрөгийг авч, өгөлцсөн гэх боловч нэхэмжлэгч Ц.Түвшин нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч С.Чулуунбаатарт 4,500,000.00 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нь 900,000.00 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй хүлээн зөвшөөрдөг.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ нь хожим байгуулсан гэрээ бөгөөд 8,620,000.00 төгрөг нь үндсэн зээл, хүүгийн нийлбэр гэж тайлбарладаг.
Талууд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 8,620,000.00 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээлсэн гэх боловч бодит үйл баримтын хувьд зохигчдын тайлбараар 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч С.Чулуунбаатарт 4,500,000.00 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, хариуцагч 900,000.00 төгрөг төлснийг дэмжиж байгаа ба үндсэн зээлийн үлдэгдлийг 3,600,000.00 төгрөг гэдэгтэй маргахгүй байна.
Хэдийгээр 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээнд хүүгүй байх талаар зохицуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан 8,620,000.00 төгрөгөөс 6,500,000.00 төгрөгийг тодорхой хугацааны турш төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Чулаанбаатар нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4,500,000.00 төгрөгийг хүүтэй зээлсэн талаар маргахгүйгээр эвлэрчээ.
Талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ болоод зохигч нарын шүүх хуралдаан дээр Эвлэрлийн гэрээний гол нөхцлийн талаарх тайлбараас тус тус дүгнэвэл зохигчид дараах зүйлийг тохирсон байна. Үүнд:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5-д зааснаар зохигч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй эвлэрэл нь хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тогтоол гаргах зохицуулалттай ба эвлэрэл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараас тус тус үзвэл Эвлэрлийн гэрээ нь бусад гуравдагч этгээдийн эрх ашгийг илэрхий хөндөж байгаа үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна Иргэний хууль зөрчөөгүй байна.
Нэгэнт талууд зөвхөн өөрсдийн хоорондын зээлийн харилцаанаас үүссэн үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай нэхэмжлэлийн хүрээнд уг Эвлэрлийн гэрээг байгуулж, гэрээний гол нөхцлийг тохирсон байх бөгөөд тус эвлэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа эрх бүхий этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ц.Түвшингийн гаргасан С.Чулуунбаатарт холбогдох 8,620,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,120,000.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Чулуунбаатар нь 6,500,000.00 төгрөгийг Эвлэрлийн гэрээнд заасан нөхцлөөр 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,870.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Чулуунбаатараас түүний хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон 6,500,000.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 118,950.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Түвшинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Чулуунбаатар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т тус тус зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР