| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00167/Э |
| Дугаар | 00004 |
| Огноо | 2020-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Бадамханд
Гэрч Г.Нс, С.Бб,
Г.Энхтүвшин, Ц.Мс
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Нд холбогдох 1832001300121 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нэхмэл сүлжмэлийн инжинер технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, хоёр охины хамт амьдрах, * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Оргиочийнхан овогт Готовын Н.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос би өглөө 6 цаг өнгөрөөгөөд гэр бүлээрээ 3 машинтай Хөвсгөл явах гэж гарсан. Миний машинд манай ээж, хоёр охин хамт суунаад явж байсан юм. Ер нь Улаанбаатар хотоос өглөө гарахад гадаа их бүрхэг байсан. Хотоос гараад 22-ын товчоо хүрэхэд их манантай байсан. Тэр үед Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагруу Дархан чиглэлийн зам нилээн авто машины ачаалал ихтэй байсан. Тэгээд явж байгаад нилээн манантай хэсгээс гараад явахад бороо шивэрч байсан. Бид нар машинтайгаа цуваагаар явж байхад гэнэт нэг цагаан машин орж ирээд түс тас гээд мөргөлдөөд би машинтайгаа зам дээр яг гурван удаа эргээд зогссоноо сайн санадаг юм. Хоёр хагас эргээд зогсоход манай машины аваарын дэр задраад миний цээж рүү аягүй хүчтэй цохисон. Тэгээд би хажуу тийшээ харж зогсоод хартал манай охины толгойноос нь цус гоожиж байсан. Тэгээд утас дуугараад надтай хамт явж байсан манай хоёр машин нэг нь 4-5 машины урд нөгөөдөх машин нь нилээн хэдэн машины урд явж байсан. Манай эгч надруу утсаараа залгаад “хажуугаар сум шиг цагаан машин яваад тийшээ 2,3 өнхөрөөд явчихлаа чи гайгүй юу” гэсэн. Тэгээд би “тэр машин чинь намайг ирээд мөргөчихлөө шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд л охины толгойноос цус гараад нэг мэдэхэд нөгөө машин нилээн хол 4 дугуйн дээрээ зогссон байсан. “Toyota Allion” маркийн “10-65” УНЛ улсын дугаартай өөрийн эзэмшлийн машинтайгаа явж байсан. Машинд төрсөн эх Сононмцэрэн, том охин Б.Сд, бага охин Б.Оюн бид дөрөв явж байсан гэв.
Гэрч Г.Нс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... “А” цэгийг хэлбэр дүрсээр тогтоох боломжгүй. Тухайн хэргийн газрын фото зураг, схем зурган дээрээс авч үзээд тээврийн хэрэгслийн мөргөлтөөс болж цацагдсан эд зүйл болон тос гоожсон, гоожоогүй асуудал дээр дүгнэж “А” цэгийг тогтоосон. Бүх материалтайгаа танилцаж байж дүгнэлтийг гаргаж байгаа. Хэрэг дотор байсан бүх баримттай нь танилцсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үү үгүй юу гэдгийг тогтоохоор дүгнэлт гаргасан. Замын хөдөлгөөний дүрмийн 2-ийн 5в-д заасан үүргээ энэ жолооч Н биелүүлээгүй. Тухайн үед хэргийн газар очсон Мс ахмад тэнд байсан хүмүүсээс ослын цэгийг заалгаж “А” цэгийг тогтоосон гэж хэргийн материалд тусгагдсан байна лээ. Мөргөлдсөн үед машины тос гоожино. Алион маркийн машины зорчиж явсан эгнээнд ямар нэгэн тээврийн хэрэгслийн мөргөлтөөс үлдсэн ямар нэгэн ул мөр гэх юм алга. Харин Соната машины зорчиж явсан талд бол цацарсан тос, гоожсон шингэн зүйлүүд байгаа. Схем зурагт тэр зүйлүүд нь харагдаж байсан. Фото зураг дээр “Алион” маркийн машины зүүн кирлан хэсгээр эвдэрсэн ул мөр үүссэн байгаа. Тэгээд “Соната-6” маркийн машины зүүн талаасаа хаалга хүртлээ зурагдаад явсан байсан. Энэ Нгийн жолоодож явсан машин цуваанд явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд эсрэг урсгалд хоншоороо л гаргасан үйлдэл хийсэн. Тэгэхэд тэр “Соната” машиныг шүргэж арын хаалга урд зүүн талын урд хаалгыг шүргэсэн. Тэр мөргөлтөөсөө хоёулаа цохигдож хоёр тал руугаа унасан байсан. Харин машины хурдыг тогтоох боломжгүй. Нгийн урд байсан машин зогсоогүй явж байсан тээврийн хэрэгсэл шүү дээ. Энэ Нгийн жолоодож явсан машин ард нь явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд осол болсон байсан, ерөнхийдөө хэрэгт авагдсан материалтай танилцхад тийм байгаа. Хэрэгт авагдсан схем зураг, фото зураг дээр “А” цэг заасан. Тэрнээс харж дүгнэлт үйлдсэн байгаа. Мөн тээврийн хэрэгслийн шүргэлцсэн мөргөлдсөн байдлаас бас харсан гэв.
Гэрч С.Бб шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... “А” цэг нь 10-65 тээврийн хэрэгслийн тос гоожсон цэгийн хойд өнцөгөөс аваад үзэхэд, хэргийн газрын үзлэг схем зурган дээрээс харахад үргэлжилсэн тасархай цагаан шугамыг 60 см давсан тэмдэглэлээр “А” цэгийг авсан байгаа, хэргийн матералаад байгаа баримтууд болон хэргийн газрын схем зураг мөн машинаас гоожсон тос зэргээс үзэж дүгнэлт гаргасан.. гэв.
Гэрч Г.Энхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Хэргийн газрын үзлэгээр “Соната-6” маркийн авто машин 17-85-ын явах чиглэлд Дарханаас Улаанбаатарын чиглэлд тэр шингэнүүд асгарсан, дунд талын тусгаарлах цагаан зурааснаас 60 см зайтай асгарсан байдалтай Улаанбаатар зүг рүүгээ байсан, үүгээр “А” цэгийг тогтоосон байсан, хэргийн материалд тулгуурлан дүгнэсэн ... гэв.
Гэрч Ц.Мс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Ослын газарт очиход байгалийн гэрэлтэй байсан. Бүх зүйл тод. Зуны дулаан улирал байсан. Бороо ороод зогсоод, хэсэг хэсгээр орж байсан. Мөргөлдсөн хэсэгт эвдрэл байгаагүй. Зорчих хэсэг бороо орж байсан учраас норсон байсан. Зорчих хэсэг фото зурганд тодорхой байгаа. “А” цэгийг тогтоохдоо тухайн үед хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан. Мөргөлтийн улмаас үүссэн ул мөр хагарч бутарсан эд зүйл, зорчих хэсэгт хөдөлгүүрээс гоожсон тос, таван бул мултарсан, мөргөлдсөн газар гоожсон тос зэргийг үндэслэл “А” цэгийг тогтоосон. Хэргийн газар очоод осол гарсан байсан учраас зорчих хэсгийг чөлөөлж Улаанбаатраас ирсэн хөдөлгөөнийг замынх баруун гар талаар тойруулж явуулаад Дархан талаас ирж байгаа хөдөлгөөнийг 2 талаар нь хөдөлгөөний чиглэлийг өөрчилж байгаад үзлэг хийсэн. Мөргөлдсөн тээврийн хэрэгсэл хөдлөх боломжгүй байсан. Явах анги нь эвдэрсэн, дугуй нь салсан. Хөдөлгөөнд орох бололцоогүй байсан гэв.
Хохирогч Д.Гт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 07 цагт Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт орой харанхуй бүрий болж байсан болохоор 124-н давааны орчим хонож маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрөөд Улаанбаатар хот руу бүгд машиндаа суугаад хөдлөөд төв замруу нийлээд 2-3 км явж байхад эсрэг урсгалаас буюу Улаанбаатар хотоос Дархан чиглэлийн урсгал машин их явж байсан. Тэгтэл тэр цуваан дотроос гэнэт нэг жижиг тэрэг ташуу гарч ирсэнээ миний машины зөв талын дугуй хэсэг рүү чигээрээ орж ирээд л мөргөсөн. Тухайн үед миний машин төв зам дээр 2 бүтэн эргэсэн. Тэгээд 4-н дугуйн дээрээ тогтож зогссон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-22-р хуудас/
Хохирогч Г.Цд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн үед хоносон газраасаа хөдөлж Улаанбаатар хот руу явж байгаад төв зам руу нийлээд явж байх үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд машин их явж байсан. Тэгээд явж байтал эсрэг урсгалаас буюу тэр цувж явсан машинаас гэнэт нэг машин гараад ирсэн. Тэр үед би машин гараад ирлээ гэтэл манай хүргэн хүү Гантулга согтуу жолооч юм уу гэж хэлэх шиг л болоод тас хийгээд миний сууж явсан машин эргээд байх шиг байсан. Тэр үед би хүүхдүүдээ л бодож байсан. Нэг ухаан орсон чинь нэг хүн хөлийг маань төмрөөр чиг тавьж боож байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-26-р хуудас/
Гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Өс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед би нөхөр Д.Гантулга болон ээж хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явах замд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт 15-85 ХӨҮ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байх үед Улаанбаатар хотоос явж байсан 10-65 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явж байсан машины цуваанаас гэнэт гарч ирээд миний сууж явсан машины зөв тал буюу манай нөхөр Д.Гантулгын талаас шууд мөргөсөн. Тухайн үед миний сууж явсан 15-85 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл төв зам дээр бүтэн 2 эргээд 4 дугуйн дээрээ төв зам дээр буюу шороон хэсэгт зүүн хойш харж зогссон. Тэгээд би уг машинаас түрүүлж гарч ээж Цд болон хүүхдүүдийг машинаас гаргах үед гадаа бороо орж байсан. Тухайн үед ээж Цд болон нөхөр Д.Гантулга нар гэмтсэн байсан болохоор машинаас гаргах боломжгүй байсан...осол хэргийн улмаас миний толгойн дух хэсэгт авто машины салхины шилний хагархай үүрмэгнүүд арьсан дотор нь орчихсон, би тухайн шилний хагархайнуудыг Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг дээр очиж үйлчлүүлэн түүлгүүлсэн. Толгойн компьютер томографикд харуулсан тухайн эмчилгээний зардалд нийт 420000 төгрөг зарцуулсан. Мөн манай нөхөр Д.Гантулгын эмчилгээний зардалд 2000000 төгрөг, Баянхонгол аймгаас Мандал суманд ирж мэдүүлэг өгөх зардалд 864000 төгрөг, машины зардалд 4.200000 төгрөгний хохирол, эмнэлэгт байх хугацаандаа Улаанбаатар хотод байр хөлсөлж амьдарсан унаа машин байрны зардалд 700.000 төгрөг зарцуулсан. Би дээрх бүх хохирлын мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30, 207-208-р хуудас/
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Техникийн шинжэчийн №29 дугаартай дүгнэлт: ...
1. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад, аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
10.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а. Уг үйлдлийг гүцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б. Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэв гэх дүгнэлт /ХХ-ийн 2-р ХХ-ийн 83-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8700 дугаартай дүгнэлт: ...
1. Г.Цдийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, өвдөгний язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /ХХ-ийн 45-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8699 дугаартай дүгнэлт: ...
1. Д.Гтын биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /ХХ-ийн 48-р хуудас/
Автомашин техникийн үнэлгээний №18/01/01543 дугаартай тайлан “...15-85 ХӨҮ улсын дугаартай “Соната-6” загварын автамашинд нийт 4225000 төгрөгний хохиролын үнэлгээ болон гэрэл зургийн үзүүлэлт” гэх дүгнэлт /ХХ-ийн 75-78-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-11, 175-178/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 93 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 87 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Г.Н нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан засмал замын 126-127 дахь километрийн заалтын орчимд “Toyota Allion” маркийн “10-65” УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчин явсан “Hyundai Sonata-6” маркийн “15-85” ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч Г.Цдийн биед хүнд хохирол, Д.Гтын биед хүндэвтэр хохирол, Д.Сцгийн биед хөнгөн хохирол, Б.Оюгийн биед хөнгөн хохирол, Б.Сдын биед хөнгөн хохирол, Д.Өсы биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Гтын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрөөд Улаанбаатар хот руу бүгд машиндаа суугаад хөдлөөд төв замруу нийлээд 2-3 км явж байхад эсрэг урсгалаас буюу Улаанбаатар хотоос Дархан чиглэлийн урсгал машин их явж байсан. Тэгтэл тэр цуваан дотроос гэнэт нэг жижиг тэрэг ташуу гарч ирсэнээ миний машины зөв талын дугуй хэсэг рүү чигээрээ орж ирээд л мөргөсөн. Тухайн үед миний машин төв зам дээр 2 бүтэн эргэсэн. Тэгээд 4-н дугуйн дээрээ тогтож зогссон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-22-р хуудас/, Хохирогч Г.Цдийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн үед хоносон газраасаа хөдөлж Улаанбаатар хот руу явж байгаад төв зам руу нийлээд явж байх үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд машин их явж байсан. Тэгээд явж байтал эсрэг урсгалаас буюу тэр цувж явсан машинаас гэнэт нэг машин гараад ирсэн. Тэр үед би машин гараад ирлээ гэтэл манай хүргэн хүү Гантулга согтуу жолооч юм уу гэж хэлэх шиг л болоод тас хийгээд миний сууж явсан машин эргээд байх шиг байсан. Тэр үед би хүүхдүүдээ л бодож байсан. Нэг ухаан орсон чинь нэг хүн хөлийг маань төмрөөр чиг тавьж боож байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-26-р хуудас/, Гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Өсы мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед би нөхөр Д.Гантулга болон ээж хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явах замд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт 15-85 ХӨҮ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байх үед Улаанбаатар хотоос явж байсан 10-65 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явж байсан машины цуваанаас гэнэт гарч ирээд миний сууж явсан машины зөв тал буюу манай нөхөр Д.Гантулгын талаас шууд мөргөсөн. Тухайн үед миний сууж явсан 15-85 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл төв зам дээр бүтэн 2 эргээд 4 дугуйн дээрээ төв зам дээр буюу шороон хэсэгт зүүн хойш харж зогссон. Тэгээд би уг машинаас түрүүлж гарч ээж Цд болон хүүхдүүдийг машинаас гаргах үед гадаа бороо орж байсан. Тухайн үед ээж Цд болон нөхөр Д.Гт нар гэмтсэн байсан болохоор машинаас гаргах боломжгүй байсан...осол хэргийн улмаас миний толгойн дух хэсэгт авто машины салхины шилний хагархай үүрмэгнүүд арьсан дотор нь орчихсон, би тухайн шилний хагархайнуудыг Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг дээр очиж үйлчлүүлэн түүлгүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-30, 207-208-р хуудас/, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Техникийн шинжэчийн №29 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 2-р ХХ-ийн 83-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8700 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 45-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8699 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 48-р хуудас/, Автомашин техникийн үнэлгээний №18/01/01543 дугаартай тайлан /ХХ-ийн 75-78-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-11, 175-178/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Нг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Нг 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан засмал замын 126-127 дахь километрийн заалтын орчимд “Toyota Allion” маркийн “10-65” УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчин явсан “Hyundai Sonata-6” маркийн “15-85” ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч Г.Цдийн биед хүнд хохирол, Д.Гтын биед хүндэвтэр хохирол, Д.Сцгийн биед хөнгөн хохирол, Б.Оюгийн биед хөнгөн хохирол, Б.Сдын биед хөнгөн хохирол, Д.Өсы биед хөнгөн хохирол тус тус учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Г.Н нь ам бүл 4, 1946 оны 04-р сарын 15-нд төрсөн 73 настай ээж Д.Сономцэрэн болон 2013 оны 12-р сарын 15-нд төрсөн 06 настай охин Б.Ою, 2011 оны 02-р сарын 05-нд төрсөн 08 настай охин Б.Сд нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй зэрэг гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “ баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлөх саналтай байна, шүүгдэгч Г.Нгийн ар гэр, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цд: ... Гэмтэл согог Үндэсний төвд үзүүлсэн баримт, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарууд /1-р ХХ-ийн 98 дугаар хуудас/, “Нил фарм маркет” баримт 9850 төгрөг /1-р ХХ-ийн 116 дугаар хуудас/, “Нил фарм маркет” баримт 40500 төгрөг /1-р ХХ-ийн 117-118 дугаар хуудас/, “Нил фарм маркет” зарлагын баримт 91650 төгрөг /1-р ХХ-ийн 119 дүгээр хуудас/, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарууд /1-р ХХ-ийн 120-122 дугаар хуудас/, “Агар шим” ХХК-ийн баримт 3100 төгрөг /1-р ХХ-ийн 123 дугаар хуудас/, “Хийморь” зарлагын баримт 8500 төгрөг /1-р ХХ-ийн 124 дүгээр хуудас/, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарууд 42320 төгрөг /1-р ХХ-ийн 125-126 дугаар хуудас/, Гэмтэл согог Үндэсний төвд үзүүлсэн баримт 110000 төгрөг, “Мон Агра” ХХК-ийн тооцооны хуудас 218500 төгрөг /1-р ХХ-ийн 127 дугаар хуудас/, “Монос Улаанбаатар” ХХК баримт 134400 төгрөг /ХХ-ийн 129 дүгээр хуудас/, 140600 төгрөг, “Монос Энхжин” зарлагын баримт 140600 төгрөг /1-р ХХ-ийн 131 дүгээр хуудас/, “Монос Улаанбаатар” ХХК баримт 15500 төгрөг /1-р ХХ-ийн 132 дугаар хуудас/, “Монос Улаанбаатар” ХХК баримт 105790 төгрөг /1-р ХХ-ийн 133 дугаар хуудас/, “Монос Энхжин” зарлагын баримт 157330 төгрөг /1-р ХХ-ийн 134 дүгээр хуудас/, “Фармалогик” эмийн сангийн баримтууд 82100 төгрөг, “Фармалогик” зарлагын баримт 65000 төгрөг /1-р ХХ-ийн 139 дүгээр хуудас/, “Хос Этүгэн” баримт 28500 төгрөг /1-р ХХ-ийн 140 дүгээр хуудас/, “Хос Этүгэн” зарлагын баримт 26500 төгрөг /1-р ХХ-ийн 141 дүгээр хуудас/, “Монос Улаанбаатар” ХХК 12730 төгрөг /1-р ХХ-ийн 143 дугаар хуудас/, “Монос Энхжин” зарлагын баримт 12730 төгрөг /1-р ХХ-ийн 144 дүгээр хуудас/, “Нил фарм” ХХК-ийн зарлагын баримт 12000 төгрөг /1-р ХХ-ийн 149 дүгээр хуудас/, “Нил фарм” ХХК-ийн зарлагын баримт 12000 төгрөг /1-р ХХ-ийн 150 дугаар хуудас/, “Долоон Отог” ХХК-ийн орлогын баримт 180000 төгрөг /1-р ХХ-ийн 151 дүгээр хуудас/, “Нил фарм” ХХК-ийн зарлагын баримт 26000 төгрөг /1-р ХХ-ийн 158 дугаар хуудас/ зэргийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж бүгд 4592000 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний нэхэмжлэгч Д.Өс: “Монос петролиум” ХХК баримт 131200 төгрөг /1-р ХХ-ийн 205 дугаар хуудас/, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар болон шатахууны баримт 212120 төгрөг /1-р ХХ-ийн 250 дугаар хуудас/, Дашваанжил АХЦС баримт 165000 төгрөг /1-р ХХ-ийн 205 дугаар хуудас/, Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографикийн шинжилгээ өгсөн баримт /ХХ-ийн 94 дүгээр хуудас/, Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /1-р ХХ-ийн 95 дугаар хуудас, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тодорхойлолт 90000 төгрөг /1-р ХХ-ийн 97 дугаар хуудас/, хохирогч Д.Гт: ... эмнэлэгт үзүүлсэн баримтаар 794734 төгрөг, Улаанбаатар, Баянхонгор аймаг хоёрын хооронд 2 удаа зорчсон зардал 442000 төгрөг /ХХ-ийн 205 дугаар хуудас/, гэрээр эмчилгээ хийлгэсэн зардалд 1200000 төгрөг, нөхөр Д.Гантулгын эмчилгээний зардалд 2000000 төгрөг, замын зардалд 864000 төгрөг, авто машины эвдрэлд 4200000 төгрөг /1-р ХХ-н 74 дүгээр хуудас/, хохирогч Д.Гантулгыг эмнэлэгт байх хугацаанд ар гэрт нь гарсан зардалд /байрны хөлс 150000 төгрөг, унааны хөлс 700000 төгрөг/, эм тариа, хоол хүнсний зардалд 2000000 төгрөг, бүгд 9914000 төгрөг тус тус нэхэмжилсэн байх ба дээрхи нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан нь агуулгын хувьд хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгчээс хохирол төлбөрийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Харин энэ хэрэгт шүүгдэгч Г.Нгийн эд хөрөнгө болох Ү-2205069435 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороо Энгельс гудамжны 26-502 тоотод байрлах хувийн орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 5/86 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож Г.Нд буцаан олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Оргиочийнхан овогт Готовын Нг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Нгаас 4592000 /дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч * тоотод оршин суух, /*, утас:*/ Боржигон овогт Говилмаагийн Цдэд, шүүгдэгч Г.Нгаас 9914000 /есөн сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг 16-21 тоотод оршин суух, /*/ Боржигон овогт Дашдэндэвийн Өсд тус тус олгосугай.
5. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Нгийн эд хөрөнгө болох Ү-2205069435 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороо Энгельс гудамжны 26-502 тоотод байрлах 79,98 м2 талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 5/86 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Нгийн №620648 дугаартай жолоочийн “В” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.