Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 3031

 

Талуудын эврэлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо хаягт байрлах Мандах булаг ХХК /РД:2662507/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, Монгол 3000 байр, зүүн жигүүр, 2 дугаар давхарт байрлах Жэй Кэй Си ХХК /РД:2808536/-нд холбогдох 6,912,000.00 төгрөг тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Мандах булаг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2013 оны 10 дугаар сард хариуцагч Жэй Кэй Си ХХКнд 0.5 фракцын уулын хайргыг 1 м,кв 3 ын 12,000.00 төгрөгөөр худалдахаар тохирч, үүний дагуу 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн эхний тээвэрлэлтүүдийг хийж эхэлсэн.

Бид нийт 102 удаагийн тээвэрлэлтээр 23,412,000.00 төгрөгийн хайргыг нийлүүлсэн бөгөөд үүнээс 11,500,000.00 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 5,000,000.00 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус тус авч, 6,912,000.00 төгрөгийг аваагүй үлдсэн.

Иймд, хариуцагч Жэй Кэй Си ХХК-иас 6,912,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, холбогдох баримтыг тус тус баталгаажуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, Эвлэрлийн гэрээгээр дараах зүйлийг тохирчээ. Үүнд:

  1. Хариуцагч Жэй Кэй Си ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,912,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч,
  2. Мөн хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамж болох 125,500.00 төгрөг дээр нэмж 1,000,000.00 төгрөг төлөх,
  3. Дээр дурьдсан нийт 8,037,500.00 төгрөгөөс 2016 оны 05 дугаар сард 4,018,750.00 төгрөгийг 2016 оны 06 дугаар сард 4,018,750.00 төгрөгийг тус тус төлөхөөр болжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай бөгөөд эвлэрэл нь гагцхүү Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

Нэхэмжлэгч Мандах булаг ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Жэй Кэй Си ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,912,000.00 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнээс үзвэл хариуцагч тал нэмж 1,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үйл ажиллагаа нь зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээдүүдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүйгээр эвлэрсэн байх тохиолдолд хэрэгжүүлдэг бөгөөд нэгэнт нэхэмжлэгч Мандах булаг ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаадлагаа 1,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлээгүй, түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлөөгүй байх тул талуудын эвлэрлийг 7,037,500.00 төгрөгийн хэмжээнд байна гэж дүгнэв.

Нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан баримтаас тус тус үзвэл нэхэмжлэгч Мандах булаг ХХК нь хариуцагч Жэй Кэй Си ХХК-нд 0.5 фракцын уулын хайргыг нийлүүлж байсан ба хариуцагч компанийн Захирал Б.Амгалан нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр шүүхэд гаргасан тайлбартаа 6,912,000.00 төгрөгийг 2016 оны 05, 06 дугаар саруудад тэнцүү хувааж төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Иймд, дээр дурдсаныг тус тус үндэслэн талуудын эвлэрлийг 7,037,500.00 төгрөгийн хэмжээнд гэж үзэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Мандах булаг ХХК-ийн зүгээс энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Д.Ган-Эрдэнэд итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болсон байх ба уг итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болон гэсэн заалттай.

Харин хариуцагч Жэй Кэй Си ХХК-ийг төлөөлж Захирал Б.Амгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн байх тул энэхүү эвлэрлийг бүрэн эрхтэй этгээдүүд байгуулсан гэж үзэв.

Нэгэнт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг аливаа хэлбэрээр эсэргүүцэж, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн, талууд эвлэрсэн байхаас гадна зохигчид хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар Тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэв.

Түүнчлэн талуудын эвлэрэл нь зөвхөн тэдгээрийн хоорондын худалдах, худалдан авах харилцаанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна бусад гуравдагч этгээдийн эрх ашгийг илэрхий хөндөж байгаа үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас шүүхээс үүнийг хүлээн авч, батлах нь зүйтэй байна.

Иймд, Мандах булаг ХХК-ийн гаргасан Жэй Кэй Си ХХК-нд холбогдох 6,912,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Мандах булаг ХХК-ийн гаргасан Жэй Кэй Си ХХК-нд холбогдох 6,912,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг улсын тэмдэгтийн хураамж болох 125,500.00 төгрөг оролцуулан 7,037,500.00 төгрөгийн хэмжээнд баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Зохигч нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 125,500.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жэй Кэй Си ХХК-иас 125,500.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мандах булаг ХХК-нд олгосугай.

3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

                                   

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР