Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 749

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Ч.Бямбажаргал,

шүүгдэгч Д.Ч-, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Д-ын Ч-т холбогдох эрүүгийн 1902007920347 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах  дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Ч- нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичиг буюу Д.О-ын ... дугаартай энгийн гадаад паспорт ашиглан Буянт-Ухаа агаарын замын боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1902007920347 дугаартай хэргээс:

Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 0218 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн Хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-10-р хуудас/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-17-р хуудас/,

 

Гэрч Г.О-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Хилийн лавлагаа /хх-ийн 25-р хуудас/,

Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №4769, 4770 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42, 46-49-р хуудас/,

Шүүгдэгч Д.Ч-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/, гэрч Д.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, бусад /хх-ийн 65, О.Саранцэцэг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан гэрчилгээ хх-ийн 93-р хуудас/, “Жаргалын мод” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 94-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ч-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.Ч- нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн ... дугаар аялалын онгоцоор ирэхдээ хуурамч баримт бичиг буюу Д.О-ын ... дугаартай гадаад паспорт ашиглан Буянт-Ухаа дахь боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:

 

Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 0218 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн Хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-10-р хуудас/,

Гэрч Г.О-гийн ... Би тухайн өдөр ... дугаартай аялалын онгоцонд баримт бичгийн манаанд үүрэг гүйцэтгэж байхад Д.Ч- нь Д.О- гэх хүний гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүлж саатуулсан. Хилээр гарсан, орсон он, сар нь зөрүүтэй, мөн зураг нь өөр байсан болохоор Д.Ч-ын гадаад паспорт биш байна гэдгийг шууд мэдсэн. Д.Ч- нь үнэнээ хэлэлгүйгээр Д.О- гэх хүний гадаад паспортыг үзүүлж Монгол Улсын хилийг нэвтрэх гэж оролдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Д.Ч-, Д.О- нарын Монгол Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 25-р хуудас/,

Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №4769, дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Дэмбэрэл овогтой О-ын нэр дээрх ... дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрх гадаад паспорт нь жинхэнэ. Уг гадаад паспортад завсарласан шинж тэмдгүүд илрэхгүй байна. /хх-ийн 41-42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 4770 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн ... дугаартай ДЭМБЭРЭЛ О--ын гэх үндэсний энгийн гадаад паспортны 1 дүгээр хуудасны 2 дахь нүүрэнд байх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн Д- овогтой Ч-ын гэх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна. Ч-ын гэх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй толгойн хэлбэр, нүүрний дүрс, хамрын хэлбэр, угалзны хэлбэр, хэмжээ, чихний дэлбэнгийн хэлбэр зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг тохирохгүй байна. /хх-ийн 46-49-р хуудас/,

Гэрч Д.Э- “Д.Ч-ыг Швейцарь улсад байхад ээжийнх нь бие муудлаа яаралтай ирэх хэрэгтэй байна гэж би мэдэгдсэн. Тухайн үед Д.Ч-ыг гадаад паспортаа алга болгосон гэж мэдээгүй. Улмаар ээж нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн68-р хуудас/

Шүүгдэгч Д.Ч-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2007 онд 3 сарын хугацаатай Финланд улс руу сурах зорилгоор явж визний хугацаа дууссаны дараа Франц, Герман, Щвейцар орнуудаар аялж янз бүрийн ажил хийдэг байсан. Гэтэл “ээжийн бие муудлаа” гэж гэр бүлийн хүмүүсээс сонсоод Монгол Улс руу буцах гэтэл өөрийнхөө гадаад паспортыг Щвейцар Улсын тээш хадгалах хайрцаганд хийж хадгалсан боловч тухайн хайрцагны хадгалалтын хугацаа 24 цаг хүртэл байсныг мэдээгүй хугацаа хэтрүүлж алдагдсан. Тэгээд Монгол Улс руу буцахын тулд Төгөө гэх найзаасаа Д.О- гэх хүний гадаад паспортыг авч Монгол Улсад ирсэн. О- гэх хүнийг огт танихгүй. Буцах үнэмлэх захиалахаар хамгийн багадаа 10 хоног хүлээдэг. Ээжийн бие их муу байсан болохоор надад 10 хоног хүлээх хугацаа байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Ч-ыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч Д.Ч- болон түүний өмгөөлөгч Л.Батаа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба Улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон.

 

          Шүүгдэгч Д.Ч- нь Москва-Улаанбаатар чиглэлийн ... дугаартай аялалын онгоцоор зорчин ирэхдээ Буянт-Ухаа дахь боомтоор Монгол Улсын хил нэвтрэхдээ Д.О-ын ... дугаартай энгийн гадаад паспортыг  ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн болох нь баримт бичгийн шалгалтаар илэрчээ.

 

Иймд шүүгдэгч Д.Ч-ын Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжоор хангаж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Д.Ч- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 53-р хуудас/ тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Д.Ч-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Д.Ч- ээжийнх нь бие муу байна гэсэн дуудлагыг хүлээн авмагц Монгол Улс руу яаралтай буцах шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ч-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтов.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ч-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн Дэмбэрэл овогт О-ын ... гадаад паспортыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-ын Ч-ыг Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 06 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Д.Ч-т мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн Дэмбэрэл овогт О-ын ... дугаартай гадаад паспортыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

     

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР