Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 3030

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ИТ 30 дугаар байр, 186 тоот хаягт оршин суух Хүвгүүд овогт Энхбатын Ганзориг /РД:УВ86102313/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 12 тоот хаягт оршин суух Харнууд овогт Норслойн Содгэрэл /РД:ХЙ76082510/-д холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,554,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Э.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч Н.Содгэрэлтэй 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 5,800,000.00 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон юм.

            Гэтэл Зээлдэгч зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй, хугацаа хэтрэлт 26 хоног болсон ба үндсэн зээлийн үлдэгдэл 5,800,000.00 төгрөг, алданги 754,000.00 төгрөг, нийт 6,554,000.00 төгрөг болж байна.

            Иймд, 6,554,000.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Н.Содгэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.

Хариуцагч Н.Содгэрэл 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа Нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 754,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин үндсэн зээл болох 5,800,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэжээ

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Содгэрэл 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох 6,554,000.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, энэ төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Э.Ганзориг хариуцагчийн гаргасан дээрх тайлбартай танилцаад миний бие дээрх буюу 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг дэмжиж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Н.Содгэрэл нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Э.Ганзоригтой Зээлийн гэрээ байгуулж, 5,800,000.00 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, хүүгүй зээлсэн байна.

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 281, 232 дугаар зүйлд тус тус нийцэж, тус хуулийн 195, 196 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, эрх зүйн үр дагавар үүсгэхээр болжээ.

Хэдийгээр хариуцагч Н.Содгэрэлийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр тайлбар өгөхдөө алданги болох 754,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, мэтгэлцэж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

Нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан баримтаас тус тус үзвэл хариуцагч тал зөвхөн өөрсдийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн хүрээнд шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Зээлийн гэрээ, түүний зөвшөөрөл нь бусад гуравдагч этгээдийн эрх ашгийг илэрхий хөндөж байгаа үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна Иргэний хууль зөрчөөгүй байна.

Нэгэнт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн зүгээс тус тайлбарыг дэмжиж, талууд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан болон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар Тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.

Түүнчлэн хариуцагчийн зөвшөөрөл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгаа бөгөөд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн хүсэл зоригоо илэрхийлсэн тохиролцоо байгаа ба гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авч, батлах нь зүйтэй байна.

Иймд, Э.Ганзоригийн гаргасан Н.Содгэрэлд холбогдох 6,554,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1. Э.Ганзоригийн гаргасан Н.Содгэрэлд холбогдох 6,554,000.00 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Н.Содгэрэлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тайлбар, зөвшөөрлийг үндэслэн нэхэмжлэгч Э.Ганзоригоос урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 119,820.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Содгэрэлээс 119,820.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

            4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

                                   

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР