Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 751

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч /хохирогч/ Г.Б-, түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч /хохирогч/ П.Б-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт П-гийн Б-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халбаган овогт Г-ийн Б- нарт холбогдох эрүүгийн 1920002000324 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн,

 

   2. Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч П.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын худалдааны бүсийн ачилтын талбайд Г.Б-ыг “машинаараа хүн дайрчих шахлаа, зөөлөн яваач” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан харилцан зодолдож Г.Б-ы зүүн нүдэн тус газарт цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын худалдааны бүсийн ачилтын талбайд П.Б-т “машинаараа хүн дайрчих шахлаа, зөөлөн яваач” гэж хэлсний улмаас маргалдан харилцан зодолдож П.Б-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Хохирогч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хоёр нүдний ухархай яс, хамрын таславч ясны мурийлт, цөмрөлттэй гэсэн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Дулаан газар орохоор нүүр рүү хавддаг. Хагалгаанд ороод эмчлэгдэх боломжтой гэсэн. Одоогоор мөнгөний  боломжгүй тул эмчилгээ хийлгэж чадаагүй байна. Хэрэг гарсны дараа Хятадад 10 хоног хоригдоход нүүр  хавдартай байсан. Тэгээд агаарт гараад хавдар нь гайгүй болсон. Монгол Улсад ирээд Шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтлийн зэргээ тогтоолгосон. Надад хийлгэж байгаа эмчилгээ байхгүй, Г.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

Хохирогч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зүүн нүдэндээ гэмтэл авч хос эрхтнийхээ нэгээс салсандаа гомдолтой байна. Би 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Нэгдүгээр эмнэлэгт анхан шатны хагалгаанд орсон. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нүд угаалгаад, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Болор мэлмий”  эмнэлэгт дахин хагалгаанд ороод найдваргүй гээд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2 нүдээ салгах мэс засалд орсон. Намайг удаа дараа хагалгаанд орж өрөөсөн нүдээ авахуулж байхад П.Б- нэг ч удаа холбогдож асууж байгаагүй. Би Б-тэй прокурор дээр л тааралдсан. Би нийт 4.471.453 төгрөг нэхэмжилж байна. Миний зүүн нүдийг авсан, портезоо жилд нэг удаа солиулах шаардлагатай гэсэн гэв.

 

Эрүүгийн 1920002000324 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Г.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-25, 29-32-р хуудас/,

Хохирогч П.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 47-52-р хуудас/,

Гэрч М.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 53-54-р хуудас/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 55-р хуудас/,

Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-64-р хуудас/,

Гэрч У.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 68-69-р хуудас/,

Гэрч А.С-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 71-72-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №9584, 11378 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 76, 81-р хуудас/,

Шинжээч эмч С.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 84-р хуудас/,

Шинжээч эмч Т.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 85-р хуудас/,

Хохирогч Г.Б-ы өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 89-102-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас 1-р хавтас 103-104-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 1-р хавтас 105-118-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 168-178-р хуудас/,

Шүүгдэгч/хохирогч П.Б-, Г.Б- нарын хилээр орсон, гарсан лавлагаа /хх-ийн 1-р хавтас 191-202-р хуудас/

 

Шүүгдэгч П.Б-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 179-180-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ы мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 183-184-р хуудас/,

 

Шүүгдэгч П.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч П.Ө-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-66-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 205-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 214-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 225-р хуудас/, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 227-228-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 5-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ы хувийн байдалтай холбоотой баримтууд тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 206-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 219-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 224-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Б-, Г.Б- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын худалдааны бүсийн ачилтын талбайд Шүүгдэгч /хохирогч/ Г.Б- нь шүүгдэгч /хохирогч/ П.Б-т хандан “машинаар дайрчих шахлаа, гөлөг минь” гэж хэлснээр маргаан үүсэж улмаар харилцан зодолдох явцдаа шүүгдэгч П.Б- нь хохирогч Г.Б-ы эрүүл мэндэд “зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, склерийн урагдал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Г.Б- нь хохирогч П.Б-ийн эрүүл мэндэд “баруун хацрын нум ясны хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугаралт, таславчийн мурийлт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Б-ы ...2019 оны 8 дугаар сарын 03-ны өглөө БНХАУ-ын Эрээн хот руу машинтай гарсан. Чөлөөт бүс рүү өдөр 12 цагийн үед ороход П.Б- машинтайгаа дараалалд ороод бид хойно урдаа явж байгаад чөлөөт бүс рүү орсон. Би ачаа ачих гээд машинаасаа буутал П.Б- саарал өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй “Истана” маркийн машинтайгаа дайрах шахаад өнгөрч зогсоод машинаасаа буухаар нь түүнд “хүн аллаа шүү дээ, зөөлөн яв л даа” гэхэд “муу бацаан чинь чамд ямар хамаатай юм бэ, барчих юм шиг байна уу” гээд миний зүүн нүдний дээд тал руу духаараа мөргөсөн. Би түүнийг гараараа холдуулаад цааш нь түлхсэн чинь “муу бацаан минь нүднийхээ шилийг авчих” гээд миний зүүж явсан нарны шилийг аваад чулуудсан. Би газраас шилээ авах гээд тонгойтол П.Б-ийн гар нь миний зүүн талын нүд рүү хатгаж миний нүдийг ухаад л хаячих шиг болсон. Тэгээд босоод иртэл миний зүүн талын нүднээс нүдний цөцгий, болор гэх мэт нүдний бүх эд эрхтэн гоожиж байгаад нүд маань гараад ирчихсэн байсан. ...Би 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон боловч ямар нэгэн үр дүн гараагүй. Мөн 12-ны өдөр дахин хагалгаанд орсон үр дүн байхгүй, хараа орох боломжгүй гэсэн. Ингээд 23-ны өдөр зүүн талынхаа нүдийг бүр мөсөн авахуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-25, 29-32-р хуудас/,

 

Хохирогч П.Б-ийн ...Г.Б- эхлээд миний нүүрэнд 4 удаа гараараа цохисон. Түүнээс болж миний завьжнаас нилээн их цус гарсан. Г.Б- намайг дахин хэд хэдэн удаа гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 47-52-р хуудас/,

 

Гэрч Б.Х-ын ...2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Г.Б-тай хамт БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт бүсэд ачаа ачих гээд зогсож байхад П.Б- машинтайгаа хажуугаар хаазлаад гарахад Г.Б- уурлаад “гөлөг минь чи хүн дайрч аллаа ш дээ” гэж хэлсэн. П.Б- машинаасаа бууж ирээд Г.Б-д “чи муу бацаан намайг гөлөг гэж хэллээ” гээд хоорондоо маргалдаад нэг нэгийгээ түлхэлцээд зогсож байсан. Гэтэл гэнэт хоорондоо цохилцож эхлэхээр нь би П.Б-ийг холдуулсан. П.Б- Г.Б-д хандаж “чи муу бацаан хүнийг унатал цохиж чадахгүй байж” гэж хэлээд дахин зууралдаж эхлээд Г.Б-ыг цохих шиг болсон. Тэр үед Г.Б-ы нүд гэмтчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-64-р хуудас/,

 

Гэрч У.Г-ийн ...2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт бүсэд явж байхад П.Б-, Г.Б- хоёр зам дээр маргалдаад зогсож байсан. Г.Б- П.Б-ийг 2-3 удаа нүүрэнд нь цохичихоод хойшоо ухарсан. Тэр үед П.Б- Г.Б- руу ойртож очоод түүний нүүрэнд цохих шиг болоход Г.Б- нүдээ гараараа дарсан. Тэгснээ П.Б-ийн 2-3 удаа цохичихоод нүүрээ дарсан гараа авахад нүднээс нь цустай хар, цагаан юм гоожсон байсныг хараад тэрээр ухаан алдаад уначихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 68-69-р хуудас/,

 

Гэрч А.С-гийн ...Г.Б-, П.Б- нар хоорондоо маргалдсан байдалтай зогсож байсан. Би Г.Б-ыг машины ард унасан байхад нь очоод алчуур норгоод нүдэн дээр нь тавьсан. Тэр үед Г.Б-ы нүд нь бараг гоожчихсон байдалтай харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 71-72-р хуудас/,

 

Гэрч Б.Г-ийн ...Би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ ирэхэд 25-30 орчим насны эрэгтэй хүн /Б-/ яаралтай тусламжийн орон дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь “таны нүд яасан юм бэ” гэхэд “БНХАУ-ын Эрээн хотын ачаа шилжүүлэн ачих талбайд хүнд зодуулсан” гэж хэлсэн. Тэр үед түүний нүдний боолтын гадна талаар улаан хүрэн өнгийн цус мэт зүйлийн шингэн нэвтэрсэн байдалтай байсан. Боолтыг нь задалж үзэхэд зүүн нүдний аяганаас цус урсан гарч байхаар нь нүднийг нь нээж үзэхэд эвэрлэг бүрхэвч нилэнхүйдээ цус гаралттай, хүүхэн хараа харагдахгүй болсон байсан. Тэр эрэгтэй хүн /Б-/ хэлэхдээ “миний зүүн нүдэнд хуруугаа хийсэн” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 55-р хуудас/,

 

          Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СД-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад: Г.Б-, Б.Х- нар машины хажууд зогсож байхад П.Б- араар нь машинтай өнгөрч зогсоолд машинаа тавиад цааш алхахад Г.Б- араас нь үг хэлэхэд П.Б- эргэж хараад хэсэг хугацаанд байрандаа зогсож үг хэлж байгаад буцаж Г.Б- руу ирээд тулж зогсоод юм ярьж байна. Энэ үед хар бараан өнгийн өмд, цамц өмссөн эрэгтэй хүн /өвөр монгол жолооч гэх/ дундуур нь орж хоёр тийш салгахад П.Б- нь явахгүй байгаа байдалтай харагдав. П.Б- нь Г.Б-ы нүүр хэсэгт хоёр гараараа түлхэж байгаа мэт үйлдэл хийв. Г.Б-ы эд зүйлс /нүдний шил/ унасан бололтой саарал өнгийн ачааны машины араар доош тонгойж авч зүүгээд П.Б-ийн хажуугаар гарахдаа гараараа түлхэв. П.Б- дахин Г.Б-ы нүүрэнд хоёр гараараа хүрч, нүүрэнд нь толгойгоороо нэг удаа мөргөхөд Г.Б- зөрүүлээд П.Б-ийн нүүрэнд 2 удаа гараараа цохив. Энэ үед Г.Х- гарч ирж хоёр тийш нь салгахад П.Б- явахгүй Г.Б- руу дайрч байгаа байдал харагдав. ...Г.Б- П.Б-өөс холдон ногоон автомашины урдаас нүдний шилээ аваад дээш болох үед П.Б-ийн зүүн талын гар Г.Б-ы нүүрэнд цохив. Г.Б- П.Б-д цохиулаад зүүн талын гараараа зүүн нүдээ даран зогсож буй дүрс бичлэг,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №9584 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Г.Б-ы биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, склерийн урагдал, шархыг цэгцлэх мэс ажилбарын дараахи байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 65% алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэл болно. /хх-ийн 1-р хавтас 76-р хуудас/,

Шинжээч эмч С.О-ийн ...Г.Б-ы биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүний гараар цохигдох цохих үед ч үүснэ /хх-ийн 1-р хавтас 84-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №11378 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: П.Б-ийн биед баруун хацрын нум ясны хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугаралт, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 1-р хавтас 81-р хуудас/,

Шинжээч эмч Т.Н-ийн ...П.Б-ийн биед учирсан дээрхи гэмтлүүд хуучин гэмтэл ба тухайн үед эмнэлэгт хандсан баримтгүй хуучин гэмтлүүд байсан тул хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. /хх-ийн 1-р хавтас 85-р хуудас/,

 

Гэрч М.Э-гийн ...Би 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор гарч байтал манай хүү Г.Б-ыг хүн зодсон байна гэж хэлсэн. Хүү Г.Б-ы зүүн нүдний олон судас тасарч, хар бүрхүүл нь гэмтэж ямар ч эмчилгээгүй болсон. Тиймээс бид баруун нүдэнд нь нөлөөлөхгүй талаас нь эмчилгээ хийж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 53-54-р хуудас/,

           Хохирогч Г.Б-ы өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 89-102-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас 1-р хавтас 103-104-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 1-р хавтас 105-118-р хуудас/,

 

           Шүүгдэгч/хохирогч П.Б-, Г.Б- нарын хилээр орсон, гарсан лавлагаа /хх-ийн 1-р хавтас 191-202-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

            Хохирогч Г.Б-ы биед “зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, склерийн урагдал” бүхий гэмтэл учирсны улмаас, зүүн нүдний алим авахуулах мэс засалд орж хөдөлмөрийн чадвараа 65 хувь тогтонги алдсан хүнд гэмтэл нь шүүгдэгч П.Б-ийн гараараа цохисон гэмт үйлдлээс,

           мөн энэ хэргийн хохирогч П.Б-ийн биед учирсан “баруун хацрын нум ясны хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Г.Б-ы гараараа  цохисон гэмт үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Шүүгдэгч /хохирогч/ П.Б-, Г.Б- нар нь харилцан хүндэтгэлгүй харьцсаны улмаас тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

           Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж хохирогч Г.Б-ы эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулж буй шүүгдэгч П.Б-ийн гэмт үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”,

         Хохирогч П.Б-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулж буй шүүгдэгч Г.Б-ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

         Иймд шүүгдэгч П.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ тус тус хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

           “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ы биед “зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, склерийн урагдал” бүхий хүнд гэмтэл учирч зүүн нүдний алим авахуулах мэс засалд орж хөдөлмөрийн чадвараа 65 хувь тогтонги алдсан болох нь,

          хохирогч П.Б-ийн биед “баруун хацрын нум ясны хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугаралт, таславчийн мурийлт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогджээ.

          Иргэний хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

          Хохирогч Г.Б- нь “эмчилгээний зардал 2.557.662 төгрөг, тээврийн зардал 1.113.783 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, нийт 4.471.445 төгрөг” нэхэмжилсэн баримтаа ирүүлсэн байна. Хохирогч Г.Б-ы эмчилгээнд зарцуулсан 2.557.662 төггрөг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу ирж, буцсан замын зардалд 1.113.783 төгрөг, нийт 3.671.445 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч П.Б-өөс 3.671.445 төгрөг гаргуулж, хохирогч Г.Б-д олгохоор шийдвэрлэв. Харин өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг нэхэмжилсэн нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зайлшгүй зардалд хамаарахгүй тул хангахаас татгалзав.

Мөн хохирогч Г.Б- нь “цаашид жилд 1 удаа портезоо солиулах шаардлагатай” гэсэн тул тэрээр гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.Б-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

         Хохирогч П.Б- нь хор уршигтай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт ирүүлээгүй ч тэрээр “шүүгдэгч  Г.Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, … гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Улсын яллагчаас “шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял оногдуулах,

шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба,

Шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас “энэ хэрэгт гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тул миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Л.Батаагаас “миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төлөх төлбөргүй, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

         

Шүүхээс шүүгдэгч П.Б-, Г.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Г.Б- нь энэ гэмт хэргийн улмаас “зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, склерийн урагдал” бүхий хүнд гэмтэл авч, зүүн нүдний алим авахуулах мэс засалд орж энгийн хөдөлмөрийн чадвараа 65 хувь тогтонги алдсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Б- нь Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан баримт авагджээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

            Шүүгдэгч П.Б-, Г.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт П-гийн Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Х овогт Г-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 03 /гурав/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-өөс 3.671.445 /гурван сая зургаан зуун далан нэгэн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Б-д олгосугай.

 

7. Хохирогч Г.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.Б-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч П.Б-, Г.Б- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Г.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг шүүгдэгч П.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР