| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02975/и |
| Дугаар | 2975 |
| Огноо | 2016-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2975
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 22 дугаар байр, 56 тоот хаягт оршин суух Боржигон овогт Намсрайн Даваасүрэн /РД:УС58041339/-ийн гаргасан,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэг хаягт оршин суух Их мянган овогт Нансалмаагийн Намсрайдагва /РД:ДВ80030211/-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,370,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 5,740,000.00 төгрөгийг зээлүүлснээс үлдэх 2,370,000.00 төгрөгийг авахгүй удаж байна.
Иймд, үлдэх 2,370,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Хариуцагчийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа Н.Даваасүрэнгийн 2,370,000.00 төгрөгийг харилцан тохиролцож, сарын 200,000.00 төгрөгөөр төлж дуусган гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан дээрх тайлбарыг нэхэмжлэгч Н.Даваасүрэн хүлээн зөвшөөрч, 1 /нэг/ сард 200,000.00 төгрөг төлөх тухай хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч, төлбөрийг сар бүр 200,000.00 төгрөгөөр төлөх тухай талуудын тохиролцооноос тус тус дүгнэвэл зохигч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч нар эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэлд цугларсан баримтаас үзвэл талууд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, Зээлдүүлэгч Н.Даваасүрэн нь Зээлдэгч Н.Намсрайдагвад 3,300,000.00 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлжээ. Түүнчлэн талууд 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дахин Зээлийн гэрээ байгуулж, 5,740,000.00 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аливаа хүүгүйгээр зээлдүүлэхээр тохирсон байна.
Энэхүү хэргийг шүүхээс хянан хэлэлцэх ажиллагааны үе шатанд хариуцагч Н.Намсрайдагва нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, төлбөрийг тодорхой хэмжээгээр буюу сар бүр 200,000.00 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбар, уг тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан болон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны Тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар талуудын эвлэрэл нь нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Хэргийн зохигч нар зөвхөн өөрсдийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч байх бөгөөд Зээлийн гэрээ болон хэрэгт цугларсан бусад баримтаас дүгнэхэд бусад этгээдийн эрх ашиг хөндөгдөж болох талаар илэрхий үйл баримт алга байх ба Иргэний хууль зөрчөөгүй байна.
Нэгэнт талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, Н.Даваасүрэнгийн гаргасан Н.Намсрайдагвад холбогдох 2,370,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Н.Даваасүрэнгийн гаргасан Н.Намсрайдагвад холбогдох 2,370,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,870.00 төгрөгийн 50 хувь болох 26,435.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 50 хувь болох 26,435.00 төгрөгийг хариуцагч Н.Намсрайдагваас тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгосугай.
3. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР