| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02963/и |
| Дугаар | 2963 |
| Огноо | 2016-04-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2963
Талуудын эврэлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж, 90 дүгээр байрны 301 тоот хаягт оршин суух Батсүхийн Ганзориг /РД:ТА83021470/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 8, Бүгд найрамдах Болгар улсын элчин сайдын яамны байранд байрлах Алтайн хүдэр ХХК /РД:5095549/-нд холбогдох цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 1,935,620.00 төгрөг,
Хариуцагч Майн бласт ХХК /РД:5281423/-нд холбогдох цалин хөлс, ээлжийн амралтын олговор 1,386,719.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд Алтайн хүдэр ХХК-нд өрмийн туслахаар ажилд ороод тасралтгүй ажиллахдаа өрмийн туслах хүртэл дэвшин ажилласан. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай хэлтэс тус компанийн охин компани болох Майн бласт ХХК болоод бие даасан нэртэй болж, энэ байгууллага руу шилжүүлсэн.
Манай компани цалингаа 2014 оны сүүл сараас алдаг оног өгдөг болж байгаад 2015 оны 06 дугаар сараас эхлэн өгөхөө больсон. Аль компаниас цалингаа нэхэх талаар мэдэхгүй, эзэнгүй болоод удаж байна. Миний бие Алтайн хүдэр ХХК-иас цалин хойшлогдсон гээд 44,342.00 төгрөг, 2013 он, 2014 оны ээлжийн амралтын олговор 1,935,560.00 төгрөг, Майн бласт ХХК-иас 9, 10 дугаар сарын цалин, 2015 оны ээлжийн амралтын олговор 800,490.00 төгрөгийг авч чадаагүй байна. Цалин хөлс олгохгүй болохоор нь манай компанийн ажилчид сайн дураараа Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллага болох Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн салбарт элссэн. Энэ байгууллагаас өгсөн тодорхойлолтоор манай компанид Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэдэг нь нотлогдоно.
Мөн бид Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргаснаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цалин хөлс олговор гаргуулах талаар улсын байцаагчийн акт гарсан. Иймд, хариуцагч Алтайн хүдэр ХХК-иас 1,935,620.00 төгрөг, хариуцагч Майн бласт ХХК-иас 1,386,719.00 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, холбогдох баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Хариуцагч Алтайн хүдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “нэхэмжлэгч Б.Ганзориг нь манай компаниас хойшлогдсон цалин 44,342.00 төгрөг, 2013 он, 2014 оны ээлжийн амралтын олговор 1,935,620.00 төгрөг нэхэмжилж байна. Санхүүгийн хэлтсээс ирүүлсэн тодорхойлолтоос үзэхэд цалингийн үлдэгдэл 44,342.00 төгрөг, дурьдсан онуудын амралтын олговор 1,891,278.00 төгрөг байна.
Алтайн хүдэр ХХК нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хямралаас болоод компанийн санхүүгийн чадавхи эрс хүндэрч, ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь өгөхөд хэцүү болсон, нэхэмжилж буй 1,935,620.00 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно харин Майн бласт ХХК-ийн хувьд миний бие тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биш учраас тайлбар гаргах боломжгүй юм” гэжээ
Гэвч хариуцагч Алтайн хүдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд дахин гаргасан хариу тайлбартаа “нэхэмжлэгч Б.Ганзоригийн олгогдоогүй байгаа цалингийн үлдэгдэл болон 2013 он, 2014 оны ээлжийн амралтын олговор нийлээд 1,935,620.00 төгрөг болж байна. Майн бласт ХХК нь Алтайн хүдэр ХХК-ийн охин компани мөн бөгөөд ажилчдын цалин хөлсийг Алтайн хүдэр ХХК-ийн санхүүгийн хэлтэс хариуцаж олгодог. Санхүүгийн хэлтсээс ирүүлсэн тодорхойлолтоос үзвэл Б.Ганзоригт 2015 оны 9, 10 дугаар сарын цалин 1,386,719.00 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын олговор 800,490.00 төгрөг, нийлбэр дүнгээр 2,187,209.00 төгрөг болж байна.
Ингээд Алтайн хүдэр ХХК-иас нийлбэр дүнгээр 4,122,829.00 төгрөгийн авлагатай болохыг хүлээн зөвшөөрч байна.
Алтайн хүдэр ХХК нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хямралаас болоод компанийн санхүүгийн чадавхи эрс хүндэрч, ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь өгөхөд хэцүү болсон, нэхэмжилж буй 1,935,620.00 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ганзориг нь хариуцагч Алтайн хүдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшинтэй Эвлэрлийн гэрээ байгуулж, нийт 4,122,829.00 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохирчээ. Үүнд:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнээс дүгнэвэл зохигч нар гаргасан нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,122,829.00 төгрөгөөс 4,078,487.00 төгрөгийн хэмжээнд эвлэрч, харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 44,342.00 төгрөгөөс татгалзсан байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэлд хавсаргасан 000220939 тоот дугаартай Нийгмийн даатгалын дэвтрээс үзвэл нэхэмжлэгч Б.Ганзориг нь Алтайн хүдэр ХХК, Майн бласт ХХК-иудад Өрмийн оператор албан тушаалд 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ажиллаж байсан нь тус дэвтэр болоод Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05/092/01 тоот дугаартай цалин олговор нөхөн олгуулах тухай албан бичигт дурьдснаар хариуцагч Алтайн хүдэр ХХК-нд нэхэмжлэгч Б.Ганзоригт 1,935,620.00 төгрөг олгуулах тухай мэдэгдэл өгч байжээ. Харин хариуцагч Майн бласт ХХК нь нэхэмжлэгч Б.Ганзоригт 1,386,719.00 төгрөг төлөх талаар тодорхой баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч Алтайн хүдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус төлбөрийн талаар маргаж, мэтгэлцдэггүйгээс гадна охин компанийн ажилчдын цалин хөлсийг толгой компани хариуцдаг талаар тайлбар ирүүлсэн.
Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар эвлэрэл нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Хариуцагч Алтайн хүдэр ХХК-ийн зүгээс энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Д.Баттүвшин /РД:ЧВ55112075/-д итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг түүнд эдлүүлэхээр болсон байх бөгөөд уг итгэмжлэл нь хуулийн шаардлага хангажээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болон гэсэн заалттай.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Гүйцэтгэх удирдлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийг Иргэний хуулийн холбогдох шаардлагыг хангасан итгэмжлэл өгч, томилох бөгөөд хэдийгээр Алтайн хүдэр ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.Дашчойнхор нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд тус тус зааснаар бүртгэгдээгүй боловч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байхаас гадна түүнийг албан ёсоор Гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг нэхэмжлэлд хавсаргасан байна.
Иймд, Алтайн хүдэр ХХК-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож буй этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх тул бүрэн эрхгүй этгээдүүд эвлэрсэн гэж үзэхгүй юм.
Харин хариуцагч Майн бласт ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин нь уг компанийг Алтайн хүдэр ХХК-ийн охин компани мөн бөгөөд тус компанийн ажилчдын цалин хөлсийг манай Алтайн хүдэр компани хариуцдаг гэсэн байх тул түүнийг ийнхүү нөхцөл байдлын хүрээнд нэхэмжлэгчтэй эвлэрч байна гэж үзэв. Нөгөө талаар Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох зохицуулалттай.
Иймд, нэхэмжлэгч Б.Ганзоригийн Майн бласт ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй бүрэн эрхтэй этгээд хүлээн авч, эвлэрсэн гэж үзэх нь зүйтэй байна.
Нэгэнт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг аливаа хэлбэрээр эсэргүүцэж, мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, талууд эвлэрсэн байхаас гадна зохигчид хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар Тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэв.
Түүнчлэн талуудын эвлэрэл нь нэхэмжлэлд цугларсан бусад баримт болоод нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн хүсэл зоригоо илэрхийлсэн тохиролцоо байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авч, батлах нь зүйтэй байна.
Иймд, Б.Ганзоригийн гаргасан Алтайн хүдэр ХХК-нд холбогдох цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 1,935,620.00 төгрөг гаргуулах тухай мөн Майн бласт ХХК-нд холбогдох цалин хөлс, ээлжийн амралтын олговор 1,386,719.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Б.Ганзоригийн гаргасан Алтайн хүдэр ХХК-нд холбогдох цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 1,935,620.00 төгрөг гаргуулах тухай мөн Майн бласт ХХК-нд холбогдох цалин хөлс, ээлжийн амралтын олговор 1,386,719.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлагаас 44,342.00 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,078,487.00 төгрөгийг хариуцагч Алтайн хүдэр ХХК нь Эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөх тухай талуудын Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 99,860.00 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 49,930.00 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас, хариуцагчийн хүлээн зөвшөөрч төлөх болсон 4,078,487.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 40,103.00 төгрөгийг хариуцагч Алтайн хүдэр ХХК-иас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ганзоригт олгосугай.
3. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР