| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0004/Э |
| Дугаар | 006 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 006
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тогоруутан овогт Х-гийн Б-од холбогдох эрүүгийн 1910026860902 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Х.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоот хашаанд байх автомашины грашид 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн төрсөн ах Х.Х-тай мөнгөнөөс болж маргалдан, толгойн тус газар нь гараараа, баруун ташаа хэсэг рүү нь төмрөөр цохиж биед нь баруун дал ясны хугарал, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун хацарт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910026860902 дугаартай хэргээс:
Хохирогч Х.Х-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
Гэрч О.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,
Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №13918 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 35-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 36-40-р хуудас/,
Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: ял шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 56-74-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Х.Б- нь согтуурсан байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоот хашаандаа байрлах автомашины грашид өөрийн төрсөн ах хохирогч Х.Х-ы толгойн тус газар гараараа, баруун ташаанд нь төмрөөр цохиж “баруун дал ясны хугарал, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун хацарт цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Х.Х-ы ....Би Б-од “чи яаж байгаа юм бэ, нүүрэн дээр оч унаад байна шүү дээ” гэхэд “яадаг юм, пизда минь ална шүү” гэж хэлсэн. Би машин доогуур орчихсон юм хийж байснаа орхиод босоод иртэл Б- намайг барьж аваад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Намайг Б-той барьцалдаж, ноцолдоод байхад Б-ын хүү А- бид хоёрыг салгасан. Гэтэл Б- намайг алчихъя гээд миний араас баруун талын ташаа хэсэг рүү 50x60 см урттай төмрөөр нэг удаа цохисон. Одоо миний 1 үүдэн шүд гэмтэж баруун тал болон ташаа хэсэг хөндүүртэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
Гэрч О.Д-гийн ...Гадаа хүмүүс маргалдаад, зодолдоод байгаа чимээ сонсогдохоор нь гараад хартал манай нөхөр Б- төрсөн ах Х-тай барьцалдаад байж байхаар нь би тэр хоёрыг салгах гэтэл дийлээгүй. Би Х- ахад “манай нөхөр архи уучихсан байна, та эрүүл хүн байж наадахтайгаа битгий хэрүүл маргаан хийгээд байгаач, та холдчих” гэхэд Х- ах холдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,
Гэрч Б.О-ийн ...Орой 19 цагийн үед манай нөхөр Х- над руу залгаад “цагдаа дуудаарай, Б- согтуу хүүхэдтэйгээ хамт ирчихээд намайг зодоод байна” гэхээр нь цагдаа дуудсан. ...Манай нөхөр Х-ы үүдэн 1 шүд нь хугарсан, баруун талын гар, хөл нь хөдлөхгүй байх шиг байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №13918 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Х.Х-ы биед баруун дал ясны хугарал, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 26-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 35-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 36-40-р хуудас/,
Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ...Шинжээч эмч О.Б-гийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13918 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг би Х-ы биед учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Х.Б- нь согтуурсан үедээ хохирогч Х.Х-ыг шалтгаангүйгээр зодож толгойн тус газар нь гараараа, баруун ташаа руу нь төмрөөр цохиж “баруун дал ясны хугарал, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун хацарт цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Шүүгдэгч Х.Б- болон түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Х-ы эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой 403.718 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн боловч тэрээр “Х.Б- бид хоёр эвлэрсэн тул гомдол, саналгүй” /хх-ийн 84-р хуудас/ гэсэн хүсэлтийг прокурорын шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Х.Х-, шүүгдэгч Х.Б- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б- нь Хөвсгөл аймгийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн гомдол саналгүй шүүгдэгчтэй эвлэрсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Х.Б-од торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б-од мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдав.
.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Х-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Б-од оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэглэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б-од мэдэгдсүгэй.
5. шүүгдэгч Х.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР