| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02957/и |
| Дугаар | 2957 |
| Огноо | 2016-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2957
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 23-76 тоот хаягт оршин суух Оюут овогт Гүржгомбын Нанжид /РД:ХИ78060504/-ийн гаргасан,
Хариуцагч:Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 22-369 тоот хаягт оршин суух Хатгин овогт Тогоогийн Даваажаргал /РД:ХН78121864/-д холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,920,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Нанжид, хариуцагч Т.Даваажаргал, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Нанжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 01 дүгээр сард хариуцагч Т.Даваажаргал мөнгө хэрэгтэй байна гэхээр өөрийн найз Г.Мөнхцэцэгээс 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,200,000.00 төгрөгийг зээлж, сарын 10 хувийн хүүтэй түүнд зээлдүүлсэн юм. Гэрээний хугацаанд хариуцагч тал 5 сарын хүү 720,000.00 төгрөг болон мөн 72,000.00 төгрөгийн хүүг тус тус төлсөн.
Найз Г.Мөнхцэцэг надаас мөнгөө нэхээд хэцүү байна, Т.Даваажаргалд мөнгө зээлдүүлсэн биш дарамттай байна.
Иймд, Т.Даваажаргалаас үлдсэн мөнгө, 1,200,000.00 төгрөг, 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны хүү 720,000.00 төгрөг, нийт 1,920,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Даваажаргал 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа “Би Г.Нанжидаас 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 705,000.00 төгрөг авсан өмнө нь 495,000.00 төгрөг авсан байсан ба нийтдээ 1,920,000.00 төгрөг болсон. Миний бие нийтдээ 792,000.00 төгрөгийг буцаан төлсөн, би өөрөө барилгын засал чимэглэлийн ажил хийдэг ба 2015 онд барилгын ажил олдоц муу байсан тул мөнгө олж чадаагүй. Үлдэгдэл 408,000.00 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Г.Нанжид хариуцагчийн гаргасан тайлбарыг эс зөвшөөрч, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа “хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш эхний хэдэн сарын хугацаанд хүүг төлж байгаад больсон, би хүүгүй мөнгө юу гэж хүнд зээлдүүлэх бэ, би үндсэн зээл 1,200,000.00 төгрөг мөн түүнийг ашигласныг хүүгээ ч авмаар байна” гэв.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр Эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 700,000.00 төгрөгөөс татгалзаж, харин хариуцагч үлдсэн 1,200,000.00 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 3 /гурав/ хувааж төлөхөөр тохиролцсон байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Хэрэгт цугларсан баримт болоод зохигчдын тайлбараас үзвэл талууд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Т.Даваажаргал нь 1,200,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн байна. Улмаар талууд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн гэрээний хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сунгажээ.
Энэхүү гэрээнд талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, гэрээний гол нөхцөл болсон үндсэн зээл, хүү, хугацааны талаар тус тус тохиролцсон байна.
Зохигчдын шүүхэд өгсөн баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.Нанжид 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Т.Даваажаргалд 500,000.00 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 705,000.00 төгрөг, нийт 1,205,000.00 төгрөийг түүний данс руу шилжүүлсэн байна.
Хариуцагчийн зүгээс 720,000.00 төгрөг мөн 72,000.00 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгч нь эдгээр төлбөрийг хүү гэж тайлбарладаг.
Дээрх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 700,000.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал 1,200,000.00 төгрөгийг Эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тус тус эвлэрчээ.
Монгол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5-д зааснаар зохигч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй эвлэрэл нь хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тогтоол гаргах зохицуулалттай.
Талууд зөвхөн өөрсдийн хооронд байгуулсан Зээлийн гэрэээний үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай нэхэмжлэлийн хүрээнд энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулж, гэрээний гол нөхцлийг тохирсон байх бөгөөд уг эвлэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа эрх бүхий этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.Нанжидын гаргасан Т.Даваажаргалд холбогдох 1,920,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,200,000.00 төгрөг болгосныг хариуцагч Т.Даваажаргал хүлээн зөвшөөрч, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртлэх хугацаанд 3 /гурав/ хувааж төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,670.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Даваажаргалын хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон 1,200,000.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 33,350.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Нанжидад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Даваажаргал сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т тус тус зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР