| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00006/Э |
| Дугаар | 00005 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 00005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Бт холбогдох 1932001670191 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Газар Өгөөж” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, * тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Урианхай овогт Додгон-Ойдовын Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг 2 дугаар Даваа гэх газарт “Вейвен Трак” загварын улсын дугааргүй хүнд оврын ачааны машин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4 дүгээр зүйлийн а, 3.7 дугаар зүйлийн в, тус дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1, 1.2, 1.3, дахь хэсгүүдэд заасныг зөрчсөний улмаас Хьюндай Юниверс загварын “00-13” ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хажуу талаас нь мөргөж улмаар Б.Осийн амь нас хохирч, О.Эт, Э.Эм, Э.Өм, М.Мж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би Замын-Үүдээс Дархан-Уул аймгийн чиглэлд гарч явсан. Замдаа нэг хоноод 27-ны өдөр зам тээврийн осол хийсэн. Энэ бол миний буруу. Дарханы чиглэлд хүнд даацын машин би өөрөө жолоодож Д.Бятай хамт явж байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу гэжээ.
Хууль ёсны төлөөлөгч, хохирогч Г.Баатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 08 сарын 28-ны өдөр би хүү Осийг зам тээврийн осолд орсон талаар охин Батцэцэгээс дуулж мэдсэн. Манай хүү Ос нь Өмнөговь аймагт нүүрнсий том оврын ачааны тээврийн хэрэгсэл барьдаг бөгөөд ажлаасаа буугаад автобусаар гэр лүүгээ ирэх замдаа осолд орж нас барсан. Би ослын талаар дуулж мэдээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Цагдаагийн хэсэг дээр ирсэн хойноо хүүгээ нас барсаныг мэдсэн. ...Миний хүү Б.Ос нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. Манай 5 хүүхдээс дундах буюу 3 дахь хүүхэд минь юм. Гэр бүлгүй, ганц бие бөгөөд өөрийн төрсөн 10 насны нэг хүүхэдтэй. ...Би хүүгийнхээ оршуулгын зардал болох 7.268.637 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хүү маань 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Инвескор” ББСБ-аас 9.450.000 төгрөгийн зээл аваад 6 сарын төлөлт хийгээд 2019 оны 09 дүгээр сарын байдлаар 8.044.534 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкнаас 3.503.000 төгрөгийн зээл аваад 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 3.721.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байна. Мөн ганц хүүгийнхээ төлөө ажллаж амьдарч байсан ба хүүд нь цаашдын амьдралын баталгааг нь гаргуулж авмаар байна. Энэ нь хүүд нь Дархан-уул аймаг одоогийн зах зээлийн үнэлгээгээр 1 өрөө байрны мөнгөн дүн болох 45 сая төгрөгийг нэхэмжилж байна. Нийтдээ 64.041.171 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 40-41 хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “1. Талийгаач Б.Осийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дух, зулай, баруун чамархай, баруун зүүн ухархайн дээд хана, гавлын дунд хонхор, суурь ясны нийлмэл хугарал, тархины эдийн няцрал, уруулын баруун дээд тал, зүүн гарын шуунд шарх, хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчин, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэг, баруун хацар, хамрын нурууны баруун тал, дээд уруул, эрүү, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зам тээврийн осол хэргийн үед үүсгэгдсэн байх боломжтой. 2.Талийгаач б.Осийн цогцост үхэлд хүргэх архаг хууч авчин тогтоогдсонгүй. 3. Талийгаач Б.Ос нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ” гэх №29 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 135-137 хуудас/
Иргэний нэхэмжлэгч О.Эт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд явдаг хот хоорондын автобусаар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явахаар гарсан. Тэгээд шөнө замдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр 2 даваа гэх газар зам тээврийн осолд орсон. Тухайн үед ослын улмаас миний эрүүл мэндэд шинжээч эмчийн дүгнэлтэд заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Миний хамрын баруун талын угалз тасарсан нүүрэндээ муухай сорвитой болсон. ...Би эмчилгээний зардлаа буруутай этгээдээс нь нэхэмжилж байна. Би эхний ээлжинд эмчилгээний зардлын баримтаа гаргаж өгнө. Мөн цаашид нүүрний гоо сайханы мэс засалд орно. Уг зардлыг мэс засалд орсоны дараа баримтаа гарган өгч иргэний журмаар шүүхээр нэхэмжилнэ, ...миний 3 настай хүү Э.Өмийн биед гэмтэл учирсан байгаа. Тухайн үед ослын улмаас манай хүү Өмийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд одоо биеийн байдал сайн байгаа, ...миний 7 настай хүү Э.Эмийн биед гэмтэл учирсан байгаа. Тухайн үед ослын улмаас манай хүү Эмийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд одоо биеийн байдал сайн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ослын улмаас үүсэх эрсдэл хэзээ хойно сүүлд илэрдэг бөгөөд цаашдаа манай хүүхдийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэж итгэж байна. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл гарвал баримтаа бүрдүүлж байгаад дараа иргэний журмаар шүүхээр нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг, /1-р ХХ-ийн 44, 51, 52/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Туяагын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “1. О.Эты биед тархи доргилт, гадна хамрын угалз мөгөөрс тасарсан эдийн дутагдал бүхий нүүрний шарх, хамрын таславчны мурийлт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. О.Эты биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.О.Эты биед учирсан гэмтэл эдийн дутагдал бүхий нүүрний шархны улмаас үүссэн сорви нь өөрийн ердийн явцаар арилахгүй. 5. О.Эты биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 160-161 хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Туяагын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “1. Э.Өмийн биед тархи доргилт, нүүрний зулгаралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Э.Өмийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Э.Өмийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх №736 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 167-168 хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Туяагын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “1. Э.Эмийн биед хамрын шарх, хамрын баганы мурийлт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Э.Эмийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Э.Эмийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх №737 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 174-175 хуудас/
Иргэний нэхэмжлэгч М.Мж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:”... Миний бие нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос оройн 20 цагаас явдаг хүн тээврийн автобусаар Дархан-Уул аймгийн чиглэлд гэр үүгээ явсан. Замдаа би унтаж явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед би осол яг яаж болсоныг мэдэхгүй байна. Уг ослын улмаас миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. ...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Энэ талаараа би урьд өмнө бичгээр гаргаж өгсөн байгаа” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 63 хуудас/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Отгончимэгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “1. М.Мжгийн биед ЗТО-н үед буюу хүчтэй доргих, цохигдох, юм мөргөх үед үүссэн байх боломжтой тархи доргилт, баруун, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 156-157 хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Бямбаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орой 20 цагт Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд зорчигч тээвэрт явж байсан манай хоршооны “Hyundai universe” маркын 00-13 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тэр шөнөдөө буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ны 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр 2 даваа гэх газар зам тээврийн осолд орж хүн тээвэрт явж байсан уг тээврийн хэрэгсэл маань эвдэрч гэмтсэн байгаа. “Hyundai universe” маркын 0013 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэлд Дархан-Уул аймгийн Эд хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-иар хохирлын үнэлгээ гаргуулсан. Уг үнэлгээнд дурдагдсан мөнгөн дүнг манай хоршооны автобусыг мөргөсөн хүнд даацын ачааны тээврийн хэрэгслийн жолоочоос нэхэмжилж байна. ...надад гомдол санал байхгүй. Автобусны хохирлоос өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 59-60 хуудас/
Ашид билгүүн ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Автомашин техникийн №361 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 126-130 хуудас/
Гэрч Ц.Мт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би Дарханаас машинтай шууд ослын газар ирсэн. Намайг ослын газар ирэхэд 2 даваа гэх Даваа руу Улаанбаатар хот чиглэлээс өгсөж явсан манай хот хоорондын автобусыг хүнд даацын ачааны машин ухарч ирээд мөргөсөн. Ачааны тэвшний баруун хойд булан нь автобус руу цөмөрч орсон байсан. Уг ослын улмаас 1 хүн нас бараад Баянгол сумын эмнэлэг рүү хүргэгдсэн байсан ба бусад хүмүүсийг замын унаа болон миний Дарханаас авч гарсан хүн тээврийн автобусаар Дархан-уул аймаг руу хүргүүлсэн. Хуучин засмал замаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа манай хүн тээврийн автобуснууд Улаанбаатар хотоос тогтсон 20:00 цагт гараад Дархан-Уул аймагт шөнө 00:00 цагт ирдэг байсан. Улаанбаатар хотоос Дархан-уул аймгийн хооронд 220 км байдаг бөгөөд хүн тээврийн автобуснууд хот хооронд явахдаа цагт 70 км-ийн дээд хурдтай явах ёстой байдаг. Сүүлийн үед зам засвартай болоод хажуугийн туслах шороон замаар явж байгаа тул Улаанбаатар хотоос 20:00 цагт гараад Дарханд 02:30 цагт ирдэг болсон. Манай хоршоо нь хот хоорондын хүн тээвэрт явах техник хүн хүчнийхээ хуваарийг сар сараар нь гаргадаг ба 2019 оны 08 дугаар сарын хуваарь ёсоор 27-ны өдөр Баатарцогт гэх жолооч автобустайгаа Улаанбаатар хот руу хүн тээвэрлэх ёстой байсан боловч машин нь засвараас гарч амжаагүй байсан тул жолооч Баатарцогтоос гаргасан өргөдлийн дагуу жолооч С.Цм нь энэ өдөр ажилд гарсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 114-115 хуудас/
Гэрч С.Цм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Шөнө 00 цаг дөнгөж өнгөрч байхад цагийг яг тодорхой сайн санахгүй байна. Намайг Баянгол сумын нутаг 2 Даваа гэх газар даваа өөд төв замын хажуу талын түр шороон замаар өгсөөд давааны орой дээр гарахаар нэлээн дөхөж явтал урд машины ойрын гэрэлд зам дээр шар өнгийн том оврын ачааны машин ухарч байгаагаар орж ирсэн. Намайг харахад тэр машин эсрэг урсгалаар ухарч байсан. Тэгээд ухарсаар чигээ өөрчлөөд ямар үйлдэл хийх нь мэдэгдэхгүй байсаар намайг чиглээд ирэхээр нь би автобусаа замын баруун гар тал руу шахаад овгор сул шороотой хэсэг рүү оруулсан чинь манай автобус сул шороонд зоогдоод явахгүй зогссон. Энэ үед нөгөө ачааны машин ухарсаар миний автобусны зүүн талын хажуу талаас хүчтэй ирж мөргөж зогссон. ...Тэгээд л тэнд байсан хүмүүс гарч дуусахад цөмөрсөн хэсэгт 13 дугаартай суудалд сууж байсан залуу суудал дээрээ ухаангүй нүүр ам нь цус болчихсон байсан. Би тэр хүний нүүрний цусыг 00-ын цаас, бинтээр арчиж цэвэрлэсэн. ...Удалгүй эмнэлгийн машин ирээд нөгөө залууг дамжилж машиндаа оруулаад эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Энэ үед би бусад зорчигч нарт анхаарлаа хандуулж байсан. Тэгсэн чинь нөгөө ухаангүй байсан залууг эмнэлгийн машинд ороод удалгүй нас барчихлаа гээд эмч нар Баруунхараа уу авч явсан. Тухайн үед хүмүүс цагдаад дуудлага өгөхөд 0:15 цаг болж байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 72 хуудас/
Гэрч Г.Нб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Тэгээд нэг мэдэхэд Жаргалантын уулзвар дээр нэг хүүхэдтэй эгч бууж байсан. Мөн дараа нь Бороогын уулзвар дээр нэг согтуу ах буусан. Тэгээд цааш би зүүрмэглээд явж байтал гэнэт манай автобусыг хүчтэй мөргөх шиг болсон. Би тухайн үед унтаж явсан болохоор яг юу болсоныг мэдээгүй. Тэгээд гэнэт хүмүүс шуугилдаад автобуснаас буухаар эхнэр бид 2 дагаад автобуснаас буусан. Тэгсэн чинь манай автобусны хажуу талаас хүнд даацын ачааны машин ирж мөргөсөн байсан” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 64 хуудас/,
Гэрч Д.Бя мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Баянгол сумын 2 даваа гэх газар Төв замын хажуу талын түр шороон замаар өгсөж явж байгаад орой дээр нь гарахын алдад машин гэнэт унтарахаар нь Б гар тоормозоо татаад хөл тоормозоо гишгэж машинаа зогсоосон. Тэгсэн чинь машин нь тоормоз барихгүй хойшоо өнхөрсөн. Өнхөрч явахдаа руль нь дийлдэхгүй арагшаа ухарч өнхөрсөөр гэнэт нэг далжигас хийгээд араас ирж явсан автобусны хажуугаас арын тэвш хэсгээрээ ухарч мөргөөд зогсоон. ...Яг нарийн явах эд ангийг нь үзэж шалгаагүй. Зөвхөн тос масло зэргийг нь шалгасан. Замын-Үүдээс гарсанаасаа хойш машинд техникийн ямар нэгэн гэмтэл саатал гараагүй хэвийн явж ирсэн” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 66-67 хуудас/
Гэрч Б.Нг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэгээд би тухайн автобусанд суугаад шууд унтаад явж байгаад гэнэт автобус тоормозлох шиг болсон. Тэгээд би урд талын сандлаа мөргөөд сэрсэн. Сэрэх үедээ гар утсаа доошоо унагасаан байсан учраас тонгойгоод утсаа олчихоод дээшээ өндийгөөд хартал хүмүүс бужигнаад орилолдоод автобуснаас бууж байсан. Тэгээд би нилээн хойгуур сууж байсан учраас сүүлд буухад урд талын цонхоор Хово маркийн автомашины бөгс хэсэг нь ороод ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 74 хуудас/
Гэрч Ц.Мс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Тэгээд би замын тал болох Бамбарууш хүртэл унталгүй сэрүүн шороон замаар явж ирсэн. Тэгээд Бамбарууш дээр буугаад бие засчихаад буцаж автобусандаа суусан. Тэгээд би замдаа унтаад явж байтал Сэлэнгэ аймгийн Баянгол сум өнгөрөөд явж байтал гэнэт чимээ гараад сэртэл автобус дотор утаа тортог үүсээд хүмүүс орилолдоод эхэлсэн. Тэгээд зорчигчид болон нөхөр бид хоёр буугаад хартал манай автобусны зүүн хэсгийг том Хово машин ачаа хэсгээрээ мөргөж осол гаргасан байсан” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 79 хуудас/
Гэрч А.Чб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Улаанбаатараас Дархан чиглэлд явж байх замд Баруунхараагаас 10 км зайд 00-13 ДАХ улсын дугаартай том оврын автобусан дотор би 34 дүгээр суудалд зорчиж явж байсан чинь гэнэт манай автобус мөргөлдөх шиг болоод сэрсэн чинь гэнэт автобусан дотор сууж байсан хүмүүс орилолдоод байсан. Манай машины жолооч настайвтар ах байсан. Тухайн үед манай автобусны жолооч архи согтуурлах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан. Тэгээд осол болдог үед манай автобус замын зорчих хэсгийн баруун талд байж байсан” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 84 хуудас/
Гэрч Ж.Гц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд манай автобусан дотор сууж байсан урд талаасаа 3-4 дэх суудалд сууж байсан хүн гэмтсэн байна гэж хүмүүс ярьж байсан. Тухайн үед яг хаана явж байгаад осол болсон талаар би мэдэхгүй байна. Учир нь би тухайн замаар анх удаагаа явж байсан болохоор. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 85 хуудас/
Иргэний хариуцагч Р.Бс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Замын-Үүд боомтоор оруулж ирээд тэндээс би жолооч Д.Быг явуулж авчруулсан юм. Тэгсэн чинь Замын-Үүд сумаас нааш ирэх замдаа 2019 оны 08 дугаар сарын 28-ны шөнө осол гаргасан байсан. Зам тээврийн осол гаргасан “Beiben truck” маркын улсын дугааргүй хүнд оврын ачааны тээврийн хэрэгсэл нь манай “Газар өгөөж” ХХК-ны өмч буюу миний хувийн өмч байгаа юм. ...Би Замын-Үүд сумаас гарахаас нь өмнө Бтай утсаар нь холбогдоод за яаж байна гэхэд боломжийн юм байна гэхээр нь за тэгвэл наашаа гар гэж хэлсэн. Түүнээс надад энэ нь тийм байна тэр нь тийм байна ажиллахгүй эвдрэл гэмтэлтэй юм байна гэж хэлээгүй ээ” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 54-55 хуудас/
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “1. Bieben truck маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна. 2. Уг тээврийн хэрэгслийн урд их гэрэл баруун, зүүн тал асахгүй, дохионы гэрэл баруун, зүүн тал асахгүй, баруун гар талын оврын гэрэл асахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, ухрах арааны гэрэл оврын гэрэлтэй асдаг, жолоочын бүхээг доторхи жолоочиййн нарны хаалт байхгүй, бүхээг доторх голын толь байхгүй, дуут дохио ажиллахгүй, цахилгааны утас масстай, шалбарсан, тасарсан, тоормосны хийн даралтын шланк стандартын шаардлага хангахгүй, цоорсон, хий алдагдалтай, зогсоолын тоормос бүрэн ажиллахгүй, зогсоолын тоормос бүрэн ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. 3. Уг тээврийн хэрэгслийн урд их гэрэл баруун, зүүн талууд нь асахгүй, дохионы гэрэл баруун, зүүн талууд нь асахгүй, дуут дохио ажиллахгүй, цахилгааны утаснууд нь масстай, шалбарсан, тасарсан гэх эвдрэл, гэмтлүүд нь зам тээврийн осолд хэрхэн нөлөөлөхгүй. Тоормосны хийн даралтын шланк стандартын шаардлага хангахгүй цоорсон, хий алдагдалтай, зогсоолын тоормос бүрэн ажиллахгүй гэх эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлнө. Жолооч тээврийн хэрэгслийг аюул саад тулгарах үед шаардлагатай арга хэмжээ авч тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох боломжгүй байдалд хүрнэ. 4. Тоормосны хийн даралтын шланк стандартын шаардлага хангахгүй цоорсон, хий алдагдалтай, зогсоолын тоормос бүрэн ажиллахгүй байна. 5. Уг тээврийн хэрэгсэл нь ачаа ачих стандарт, заавар журам зөрчөөгүй гэж үзэж байна” гэх №66242 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 225-231 хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Одбаярын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “1. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. 2.а. “Beiben Trucк” улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техиникийн зөрчлийн жагшаалт-Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 1. Тоормосны систем 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх: 1.2. Шингэн дамжуулагтай тоормосны системийн битүүмж алдагдсан: 1.3. Хийн буюу хий-шингэн дамжуулагтай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон: гэж заасан байдаг уг тээврийн хэрэгслийн хийн даралтын шланк стандартын шаардлага хангахгүй, цоорсон, хий алдагдалтай, зогсоолын тоормос бүрэн ажиллахгүй зэргээс зам тээврийн осол гарсан гэж үзэв. 2.б. “Hyundai universe” маркийн 00-13 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Цм нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. “Beiben Truck” улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.Б нь хийн даралтын шланк стандартын шаардлага хангахгүй цоорсоноос зогсоох арга хэмжээ аваагүй. 4. “Beiben Truck” улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.Бын ачиж явсан ачаа нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй” гэх 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 214-215 хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Одбаярын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “1.”Beiben truck” улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засвраын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг зөвшөөрнө: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандратын шаардлагыг хангаагүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин мехназмыг ашиглахыг хориглоно: 1. Тоормосны систем 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх: 1.2. Шингэн дамжуулагатай тоормосны системийн битүүмж алдагдсан: 1.3. Хийн буюу хий-шингэн дамжуулагатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон: 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй бюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох: гэсэн заалт зөрчигдсөн байна. .... 3. “Beiben truck” улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засвраын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг зөвшөөрнө: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандратын шаардлагыг хангаагүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин мехназмыг ашиглахыг хориглоно: 1. Тоормосны систем 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх: 1.2. Шингэн дамжуулагатай тоормосны системийн битүүмж алдагдсан: 1.3. Хийн буюу хий-шингэн дамжуулагатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон: 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй бюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох: гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв” гэх №17 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 212-213 хуудас/
Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Би тэр осол хэрэг үйлдэгдсэн Давааны нэрийг мэдэхгүй байсан. Дараа нь хүмүүс ярьж байгааг сонсоход Сэлэнгэ аймгийн Баянгол усмын Хоёр даваа гэдэг нэртэй газар байсан. Осол хэрэг үйлдэгдсэн газарт би 23 цаг өнгөрч бахад явж очсон байх гэж бодож байна. Би Замын-үүд сумаас авсан машинтайгаа тэвшин дээр ачсан 12.5 тонн ачаатайгаа Хоёр давааны өөд өгсөн явтал миний жолоодож явсан машин 2 дугаар араандаа явж байгаад гэнэт унтарчихсан. Миний жолоодож явсан машин хийн тоормосны системтэй машин байсан. Би машин унтарсан даруйд гар тоормосоо татаж, хөл тоормосоо гишгэсэн. Тэр үед машин 1-2 минутын дотор бага багаар хойшоогоо алдаж ухарч эхэлсэн. Би арыг харах хоёр толиндоо хартал араас машин ирж яваа бололтой гэрлийн үзүүр харагдсан. Машин хойш ухраад байхаар нь машинаа замаас гаргаж өндөр тал руу чиглэж ухраад зогсооё гэж бодоод рулээ баруун тийш дарахад руль хатуурчихсан хүч хүрэгдэхгүй байсан. Би рулээ баруун гар тийш дараатай явж замаа чөлөөлөөд зогсоё гэж бодоод ухарч байтал машины ард түс хийх чимээ гараад машин зогссон. Би машинаас буугаад ирсэн миний жолоодож явсан машины араас шар өнгөтэй том оврын автобус ирээд мөргөөд зогссон байсан. Би автобусан дотор сууж байсан хүмүүсийг автобуснаас булгаж замын машинд гар өргөж зогсоод эмнэлэг рүү явуулсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 239-240 хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 1 дүгээр хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 2 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг 2 дугаар Даваа гэх газарт “Beiben Truck” загварын улсын дугааргүй хүнд оврын ачааны машин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4 дүгээр зүйлийн а, 3.7 дугаар зүйлийн в, тус дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1, 1.2, 1.3, дахь хэсгүүдэд заасныг зөрчсөний улмаас “HYUNDAI UNIVERSE” загварын “00-13” ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хажуу талаас нь мөргөж улмаар Б.Осийн амь нас хохирч, О.Эт, Э.Эм, Э.Өм, М.Мж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хууль ёсны төлөөлөгч, хохирогч Г.Баатарын мөрдөн байцаалтанд мэдүүлэг /1-р ХХ-ийн 40-41 хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний дүгнэлт /ХХ-ийн 135-137 хуудас/, Иргэний нэхэмжлэгч О.Эты мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 44, 51, 52 хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Туяагын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт /ХХ-ийн 160-161 хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Туяагын дүгнэлт /ХХ-ийн 167-168 хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Туяагын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №737 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 174-175 хуудас/, Иргэний нэхэмжлэгч М.Мжгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 63 хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Отгончимэгийн дүгнэлт /ХХ-ийн 156-157 хуудас/, Иргэний нэхэмжлэгч С.Бямбаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлэг /1-р ХХ-ийн 59-60 хуудас/, Ашид билгүүн ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Автомашин техникийн №361 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 126-130 хуудас/, Гэрч Ц.Мтгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 114-115 хуудас/, Гэрч С.Цмийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 72 хуудас/, Гэрч Г.Нбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 64 хуудас/, Гэрч Д.Бяын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 66-67 хуудас/, Гэрч Б.Нггийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 74 хуудас/, Гэрч Ц.Мсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 79 хуудас/, Гэрч А.Чбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 84 хуудас/, Гэрч Ж.Гцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 85 хуудас/, Иргэний хариуцагч Р.Бсы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 54-55 хуудас/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №66242 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 225-227 хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Одбаярын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 214-215 хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Одбаярын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №17 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 212-213 хуудас/, Д.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 239-240 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг 2 дугаар Даваа гэх газарт “Beiben Truck” загварын улсын дугааргүй хүнд оврын ачааны машин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4 дүгээр зүйлийн а, 3.7 дугаар зүйлийн в, тус дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1, 1.2, 1.3, дахь хэсгүүдэд заасныг зөрчсөний улмаас “HYUNDAI UNIVERSE” загварын “00-13” ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хажуу талаас нь мөргөж улмаар Б.Осийн амь нас хохирч, О.Эт, Э.Эм, Э.Өм, М.Мж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрх хасах ял оноон, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баатарын “...миний нэхэмжилсэн хохирол 30000000 төгрөгийг “Газар өгөөж” ХХК болон Д.Б нь төлж багадуулсан тул гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хэлцэл /2ХХ-н 55 дугаар хуудас/, хохирогч,иргэний нэхэмжлэгч О.Эты “...одоогийн байдлаар гомдол санал байхгүй, харин шүүх хурлаас хойшхи гарах эмчилгээний зардал нэхэмжлэлийг иргэний шүүхэд хандан нэхэмжлэх саналтай байна...” гэх хүсэлт /2ХХ-н 56 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч М.Мжгийн “...надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт, мэдүүлэг / 1ХХ-н 15, 2ХХ-н 63 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Бямбаагийн “...шүүгдэгч Д.Б нь “HYUNDAI UNIVERSE” загварын 00-13 ДАХ улсын дугаартай автобусны хохирол төлбөрт 16000000 төгрөг төлөхөөр тохиролцон, 15000000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Үлдэгдэл 1000000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаа тогтоон төлж барагдуулахаар тохиролцсон тул манай зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх ба энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Мөн Д.Бын №29711 дугаартай жолоочийн “В.С.D.Е” ангилалын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, С.Цэгмэдийн “B.C.D.E” ангилалын жолооны №087338 дугаартай үнэмлэхийг эзэмшигч С.Цэгмэдэд буцаан олгож, “HYUNDAI UNIVERSE” загварын 00-13 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн №02331015 дугаартай гэрчилгээг эзэмшигч “Шарзам ирээдүй” хоршоо, итгэмжлэгдсэн төлөөлөгч Шомбо овогт Сэнгээгийн Бямба /РД:УО63020913/-д буцаан олгож, энэ хэрэгт хураагдан ирсэн хэргийн газрын үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг, цогцост үзлэг хийсэн бичлэг бүхий 2 ширхэг СD /хуурцаг/-г тухайн хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргах, энэ хэрэгт Шандас овогт Рэнцэнхандын Бсы эзэмшлийн “Beiben Truck” загварын улсын дугааргүй, хүнд оврын ачааны автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 30 дугаартай тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгсэлийг эзэмшигч “Газар-Өгөөж” ХХК, захирал Р.Бс /РД:ТК63031618/-д буцаан олгож, энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт Додгон-Ойдовын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг Оюуны ирээдүй сургуулийн зүүн урд байршилтай “Шарзам ирээдүй” хоршоо, итгэмжлэгдсэн төлөөлөгч Шомбо овогт Сэнгээгийн Бямба /РД:*/-д олгосугай.
5. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бын №29711 дугаартай жолоочийн “В.С.D.Е” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, С.Цэгмэдийн “B.C.D.E” ангилалын жолооны №087338 дугаартай үнэмлэхийг эзэмшигч С.Цэгмэдэд буцаан олгож, “HYUNDAI UNIVERSE” загварын 00-13 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн №02331015 дугаартай гэрчилгээг эзэмшигч “Шарзам ирээдүй” хоршоо, итгэмжлэгдсэн төлөөлөгч Шомбо овогт Сэнгээгийн Бямба /РД:*/-д буцаан олгож, энэ хэрэгт хураагдан ирсэн хэргийн газрын үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг, цогцост үзлэг хийсэн бичлэг бүхий 2 ширхэг СD /хуурцаг/-г тухайн хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт Шандас овогт Рэнцэнхандын Бсы эзэмшлийн “Beiben Truck” загварын улсын дугааргүй, хүнд оврын ачааны автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 30 дугаартай тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгсэлийг эзэмшигч “Газар-Өгөөж” ХХК, захирал Р.Бс /РД:*/-д буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.