| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02925/и |
| Дугаар | 2925 |
| Огноо | 2016-04-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2925
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Мандал даатгалын офисс хаягт үйл ажиллагаа явуулдаг Мандал даатгал ХХК /РД:5473489/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, хувьсгалчид Г 11-52 тоот хаягт оршин суух Загдаагийн Батсайхан /РД:ОЮ77042614/-д холбогдох 778,704.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Мандал даатгал ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн З.Батсайхан нь 2011 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Мобиком корпораци ХХК-тай 20155414 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, 99600436 тоот дугаар авч ашигласан.
2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2012 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөр 519,136.00 төгрөг болсон. Гэрээний дагуу төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 519,136.00 төгрөг, алданги 259,568.00 төгрөг болж байна.
Мандал женерал даатгал ХХК нь Мобиком корпораци ХХК-тай Төлбөрийн даатгалын тасалдлын гэрээ байгуулж, уг гэрээгээр Мобиком корпораци ХХК-ийн хэрэглэгчийн гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөөгүй тохиолдолд даатгалын тохиолдол үүсч, даатгалын нөхөн төлбөрийг олгодог. Мобиком корпораци ХХК нь 519,136.00 төгрөгийн нөхөн төлбөрийг манай компаниас авсан.
Манай компани Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагчийн шаардах эрхийг шилжүүлэн авсан болно.
Иймд, З.Батсайханаас 778,704.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Хариуцагч З.Батсайханы зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хариу тайлбартаа Мандал женерал даатгал ХХК-ийн нэхэмжилсэн 778,704.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэвч цалингийн орлоготой учраас төлбөрийг 6 /зураа/ сараар сар бүр 129,785.00 төгрөгөөр төлж барагдуулна, иймд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацаанд тогтсон хэмжээгээр төлөх тухай түүний тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өгснөөс тус тус дүгнэвэл талууд 778,704.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхой хугацаанд, тогтсон хэмжээгээр төлөхөөр эвлэрэхээр тохирчээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба эвлэрэл нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч З.Батсайхан нь 2011 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, Мобиком корпорацийн үйлчилгээг авахаар тохирчээ.
Мандал женерал даатгал ХХК нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олгосон 2/21 тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд Мобиком корпораци ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 12076 тоот дугаартай Даатгалын гэрээ байгуулж, тус гэрээгээр Мобиком корпораци ХХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээний төлбөрийн тасалдлыг даатгахаар болсон байна.
Талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.9, 6 дугаар зүйлийн 6.1, 6.9-д тус тус зааснаар даатгагч нь даатгуулагч этгээдэд учирсан хохирлыг барагдуулах зорилгоор нөхөн төлбөрийг даатгуулагчид олгож, хохирол учруулсан этгээдээс шаардах эрхийг шилжүүлэн авахаар тохирсон байх ба энэхүү шаардах эрх нь даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ буюу даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг; мөн 4.1.6.даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгох бөгөөд даатгуулагчаас даатгагч этгээдэд шилжүүлж болох шаардах нь зөвхөн бодитоор гарсан болон даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрийн хүрээнд байх ёстой юм.
Хэдийгээр нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК-нд Мобиком корпораци ХХК-ийн зүгээс 12076 тоот дугаартай Даатгалын гэрээний дагуу шаардах эрхээ шилжүүлсэн боловч хариуцагч З.Батсайхантай байгуулсан 2011 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээнд заасан алданги нэхэмжлэх шаардах эрхийг шилжихгүй.
Гэвч хариуцагчийн зүгээс нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 778,704.00 төгрөгийг төлөхөөр болсон тул түүний энэхүү зөвшөөрлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс үзвэл хариуцагчаас нэхэмжилж буй 519,136.00 төгрөг, түүний алданги 259,568.00 төгрөг, нийт 778,704.00 төгрөгийн асуудал нь 2011 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээнээс улбаатай бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 519,136.00 төгрөг байна гэжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/-н жил байх ба хөөн хэлэлцээг хугацааг тус хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох зохицуулалттай бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй юм.
Гэсэн хэдий ч хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөр болсон учраас тэрээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар энэхүү үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхгүй юм.
Нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр В.Мандах /РД:ХЛ81032217/ итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг түүнд эдлүүлэхээр болсон байх бөгөөд уг итгэмжлэл нь хуулийн шаардлага хангажээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болон гэсэн заалттай.
Нэгэнт талуудын эвлэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож буй этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх тул бүрэн эрхгүй этгээдүүд эвлэрсэн гэж үзэхгүй юм.
Ийнхүү хариуцагч З.Батсайхан нэхэмжлэлийн шаардлагыг аливаа хэлбэрээр эсэргүүцэж, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр болсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах зөвшөөрсөн, зохигч нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байхаас гадна хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар Тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэв.
Түүнчлэн талуудын эвлэрэл нь нэхэмжлэлд цугларсан бусад баримт болоод нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн хүсэл зоригоо илэрхийлсэн тохиролцоо байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авч, батлах нь зүйтэй байна.
Иймд, Мандал женерал даатгал ХХК-ийн гаргасан З.Батсайханд холбогдох 778,7040.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Мандал женерал даатгал ХХК-ийн гаргасан З.Батсайханд холбогдох 778,7040.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 23,526.90 төгрөгийн 50 хувь болох 11,763.45 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2600016627 тоот данснаас, үлдэх 50 хувь болох 11,763.45 төгрөгийг хариуцагч З.Батсайханаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР