Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 013

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

хохирогч Б.А-,

гэрч М.Д-,

шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч О.Санчирбал /ҮД:2580/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүндсамбуу овогт Б-ы Г-д холбогдох эрүүгийн 1810021960658 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Г- нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..." ХХК-ний байранд Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө, Солонгос улс руу явуулна гэж 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.А-ээс 6.583.000 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ц.Д-аас 6.583.000 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Э.Э-аас 6.583.000 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Н.Т-аас 6.583.000 төгрөг, нийт 26.332.000 буюу нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангаж үргэлжилсэн үйлдлээр бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 4 дүгээр сарын дундуур ээжийнхээ суултуур, эмийг авахаар “Дэвших Алдар” компани руу очоод Эрдэнэхорол эгчтэй тааралдсан. Би Эрдэнэхорол эгчид амьдралаа яриад “нөхрөө Солонгос явуулмаар байна. Танд таньж мэддэг хүн байна уу” гэж асуухад тэрээр “манай дарга Б.Г- гэдэг хүн байгаа, их дажгүй охин байдаг юм, би даргаасаа асууя” гэсэн. Маргааш нь Э- эгч над руу залгаад “болно гэж байна, чи ирээд манай даргатай уулзачих” гэхээр нь би нөхөртэйгөө хамт Б.Г-той уулзахад “манай найз Гадаад харилцааны яаманд ажилладаг, асуудалгүй” гэж хэлсэн. Б.Г- маргааш нь над руу залгаад “ 6.000.000 төгрөг 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өгчихвөл 5 дугаар сарын эхний 7 хоногт явуулж болох юм байна” гэсэн. Би Б.Г-той 5 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гэрээ хийгээд мөнгөө хүлээн өгсөн. Үүнээс хойш би Б.Г-д нөхрийнхөө дүү Э.Э-, дүүгийн найз Н.Т-, нөхрийн найз Ц.Д-а нарт виз гаргуулна гэж тус бүр 6.583.000 төгрөг өгсөн. Ц.Д-а Б.Г-той уулзаж гэрээ хийж байгаад мөнгө өгсөн. Э.Э- Эрдэнэтэд байсан тул миний данс руу мөнгөө шилжүүлээд би мөнгийг нь өгсөн. Манай нөхрийн найзын дүү болох Н.Т- над руу мөнгөө явуулсан. Б.Г- Д- гэдэг хүний талаар удаа дараа ярьж байсан. Би Д-тэй уулзъя гэхэд сайдын туслах хийдэг тул завгүй байна гэсэн. Тэгээд “7 дугаар сард наадмын үеэр гэр бүлээрээ аялалаар явсан, 8 сар гаргаж байж ирнэ” гээд байсан. 6 дугаар сард аав маань нас барсан тул Г-гоос мөнгөө буцааж авъя гээд 1.500.000 төгрөг авсан. Тэрнээс хойш 9 сард 8.800.000 төгрөгийг хүмүүст 2.200.000 төгрөгөөр хувааж өгсөн. 10 дугаар сард Д-ын мөнгийг төлж дуусгасан. 12 дугаар сарын 25-ны өдөр 2 хүний мөнгийг төлж дуусгаад миний мөнгөний тал мөнгийг өгөөд үлдэгдэл 1.300.000 төгрөгийг өнөөдөр өгсөн. Одоогийн байдлаар хохирол төлбөр байхгүй, санал гомдол байхгүй, мөнгөө буцааж авсан гэв.

Гэрч М.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б.Г-той Анагаах ухааны их сургуульд хамт суралцаж төгссөн найзууд. Би Солонгос улсын Элчин сайдын яаманд ажиллаж байгаагүй. Б.Г-той хамтарч “Солонгос улс руу хүн явуулна” гэж мөнгө аваагүй. Би Б.А- гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Би Б.Г-гоос 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэй зээлсэн. Би Б.Г-гоос зээлсэн 6.000.000 төгрөгөө хүүтэй нь бодоод 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4.900.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.700.000 төгрөг, нийт 6.600.000 төгрөг болгож төлсөн. Б.Г- “надад Хаан банкны данс байхгүй, чи энэ данс руу хийчих гээд данс явуулсан тул би тухайн данс руу нь мөнгө хийсэн. Гэтэл тэр данс нь Б.А-ийн данс байсан гэв.

 

Эрүүгийн 1810021960658 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.А-ээс гаргаж өгсөн 19 хуудас мессэжний хуулбар /хх-ийн 19-38-р хуудас/,

Хохирогч Б.А-ийн Хаан банкны ... тоот дансны хуулбар /хх-ийн 40-42-р хуудас/

Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 49- 54, 150-р хуудас/

Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-59-р хуудас/

Хохирогч Ц.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-64-р хуудас/

Хохирогч Н.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-69-р хуудас/

Гэрч Ч.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-81, 153-р хуудас/

Гэрч М.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-р хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 149-р хуудас/

Б.Г-, М.Д- нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 151-р хуудас/

Хохирогч Б.А-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 183-186-р хуудас/

Шүүгдэгч Б.Г-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 98-99, 203-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101, 109-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 108-р хуудас/, жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 114-р хуудас/, бусад /хх-ийн 115-118-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 119-р хуудас/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1333 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 188-191-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.Г- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ний байранд “БНСУ-ын виз гаргаж өгнө, Солонгос улс руу явуулна” гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.А-ээс 6.583.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ц.Д-аас 6.583.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Э.Э-аас 6.583.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Н.Т-аас 6.583.000 төгрөг, нийт 26.332.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан болох нь:

 

Хохирогч Б.А-ээс гарган өгсөн 19 хуудас мессэжний хуулбар /хх-ийн 19-38-р хуудас/,

Хохирогч Б.А-ийн Хаан банкны ... тоот дансны хуулбар /хх-ийн 40-42-р хуудас/

Хохирогч Б.А-ийн ...2018 оны 4 дүгээр сард танил Э- гэх хүн надад “Манай дарга Солонгос улс руу гаргадаг танил хүн байгаа, өөрийнхөө дүү болон найзыгаа Солонгос улс руу гаргаж байсан, би чамайг тэр хүнтэй танилцуулъя” гэж хэлээд Б.Г- гэх хүнийг танилцуулсан. Б.Г- надад “нэг хүний 6 сая төгрөг болно, гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, цусны бүлэг байхад болно. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг нь өгөх юм бол 5 дугаар сарын 26-ны өдөр явна, танай нөхөр Солонгос хэл байхгүй бол ганцаараа явах хэцүү, өөр хүнтэй хамт явуул” гэж хэлсэн. Үүний дагуу би нөхрийн дүү Э-, найз Д-а, Т- нарын материалыг бүрдүүлээд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 6.583.000 төгрөгийг Г-гийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Саарлын 10 дугаар байрны 1 давхрын үйлчилгээний хэсэг дотор өгсөн. Д-а 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 6.583.000 төгрөгийг уг газарт өгсөн. Э- Эрдэнэт хотод байсан болохоор 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр миний данс руу 6.700.000 шилжүүлэхээр нь Б.Г-гийн ажлын байран дээр аваачиж өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Т- миний данс руу 6.700.000 төгрөгийг шилжүүлэхээр нь би үүнийг авч Б.Г-гийн ажлын байран дээр хүргэж өгсөн. Би Б.Г-д 26.332.000 төгрөг өгсөн. Б.Г- нь Д-ад 1.583.000 төгрөгийг өгсөн. Мөн надад 1.500.000 төгрөгийг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-54, 150-р хуудас/,

 

Хохирогч Э.Э-ын ...А- эгчийн данс руу 6.700.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэт хотын Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод ирээд А- эгчтэй уулзахад надаас гадна өөр 3 хүн явахаар болсон байсан. Мөн А- эгч надаас авсан 6.7 сая төгрөгөөс илүү гарсан 117.000 төгрөгийг надад буцаан өгсөн. Би ингээд А- эгчид нийт 6.583.000 төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 55-58, 59-р хуудас/,

 

Хохирогч Ц.Д-ын ...2018 оны 6 дугаар сарын 04-ний өглөө А- рүү залгаад уулзах талаар хэлэхэд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н үйлчилгээний төв орчимд уулзахаар болсон. Тэгээд А-тэй уулзаад бид хоёр саарлын 10 дугаар байрны орчимд Г-той уулзсан. Г- нь  “Автомашины үйлдвэрт 5 жилийн хугацаатай ажиллах гэрээгээр найдвартай гаргаж өгнө, харин төлбөр нь 6.583.000  төгрөг” гэж хэлсэн. Хадам дүү Цогбаяраас 6.600.000 төгрөг аваад буцаад 10 дугаар байрны орчимд ирээд Г-д бэлнээр 6.583.000 төгрөг түүнд өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 60-63, 64-р хуудас/,

 

Хохирогч Н.Т-ын ...2018 оны 6 дугаар сард хүргэн ах О- надад фэйсбүүкээр холбогдоод “Гэрээний ажилтнаар Солонгос улс руу явж ажиллах уу” гэж асуухаар нь “хэдэн төгрөгөөр Солонгос улс руу явуулах вэ” гэж асуухад “6.583.000 төгрөгөөр явуулна” гэхээр нь зөвшөөрсөн. Би А-тэй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н үйлчилгээний төвийн орчимд уулзаад ах Одхүүгээс авах байсан 6.600.000 төгрөгийг А- эгчийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Солонгос улс руу гаргаж өгөх Г- гэх хүнтэй саарлын 10 дугаар байрны орчимд уулзаад мөнгө болон миний гадаад паспорт, цусны бүлгийн болон гэрлэлтийн талаарх лавлагааг түүнд өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 65-68, 69-р хуудас/,

 

Гэрч Ч.Э-гийн ...А- надаас “Солонгос улс руу гаргаж өгдөг хүн байна уу” гэхээр нь “Манай компанийн салбарын дарга Г- өмнө нь дүү, найз хоёроо Солонгос улс руу гаргаж байсан болохоор түүнээс асуухаар болсон юм. 2 хоногийн дараа Г- намайг “нөгөө Солонгос улс руу явах гээд байгаа хүнээ дуудчих” гэхээр нь А- рүү залгаад дуудсан. А- нөхөр А-ын хамт манай ажил дээр ирж Г-той уулзсан. Энэ гурав уулзаж байхад нь би хажууд нь байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 79-81, 153-р хуудас/,

 

Гэрч М.Д-ийн ...Би Б.Г-той 2005-2011 оны хооронд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд нэг ангид хамт суралцаж байсан юм. 2018 оны 6 дугаар сарын эхээр надад мөнгөний хэрэгцээ гарсан тул Г-гоос “надад 6 сая төгрөг хүүтэй ч хамаагүй олоод өг” гэхэд “1 сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх хүн байна” гэхээр нь зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар Г-гоос 6.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Г- над руу залгаад “надад мөнгө хэрэг болчихлоо буцаагаад мөнгөө хүүтэй нь авъя” гэхээр нь “1 сарын хугацаа болоогүй байна” гэхэд “яаралтай буцаагаад өг” гээд залгаад байхаар нь 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1.700.000 төгрөгийг Г-гийн хэлсэн данс руу шилжүүлсэн. Би Г-той БНСУ руу хэн нэгнийг явуулах талаар огт ярилцаж байгаагүй, худлаа ярьж намайг гүтгэж байна. Би Г-гоор дамжуулан авсан 6.000.000 төгрөг дээр нэмж 5 сая төгрөг нэмж Сүхбаатар аймгаас очиж 1 үхрийг 950.000-980.000 төгрөгний хооронд бодож сүүний чиглэлийн 10 үхэр аваад Өмнөговь аймгаас 45 км зайд малчин айлд байгаа. Намайг Г-гоос зээл аваад үхэр авсныг өөр гэрчлэх хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

 

Гэрч Б.Б-ы ...Манай охин Г- хүмүүст тус болж БНСУ-ын виз гаргаж өгнө гэж мөнгө авсан талаар хэлсэн. Тухайн үед мөнгө өгсөн А- гэх эмэгтэйтэй уулзаж учир байдлын талаар сонссон тул тодорхой хэмжээний өр төлбөрийг барагдуулсан. Мөн өр төлбөрийн үлдэгдлийн барьцаанд Завхан аймагт байх Г-гийн төрсөн дүү Гантуяагийн өмчлөлийн газрын гэрчилгээг тавьж нотариатаар гэрээ байгуулсан. Бусад нарийн асуудлын талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 90-р хуудас/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 149-р хуудас/,

 

Б.Г-, М.Д- нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 151-р хуудас/,

 

Хохирогч Б.А-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 183-186-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г-гийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Би тухайн үед гэрчээр мэдүүлэхдээ Д-ийн асуудалд оруулаад яахав гэж бодоод өөрөө хэрэглэсэн гэж хэлсэн. Мөн хоёр хүн болохоор хэрэг хүндэрч магадгүй гэж бодсон юм. Д-т өгсөн мөнгөө буцааж аваад би хэрэглэсэн юм чинь ялгаа байхгүй гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99, 203-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Б.А-т “Гадаад харилцааны яаманд сайдын туслахаар ажилладаг найзаараа дамжуулан “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө, Солонгос улс руу гэрээт ажилчнаар явуулна” гэж итгүүлэн хохирогч Б.А-ээс 6.583.000 төгрөг, хохирогч Ц.Д-аас 6.583.000 төгрөг, хохирогч Э.Э-ын 6.583.000 төгрөгийг, хохирогч Н.Т-ын 6.583.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 26.332.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г-г бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.        

 

          Шүүгдэгч Б.Г- болон түүний өмгөөлөгч О.Санчирбал нар нь “хэргийн үйл баримт болон болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

               Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-т 6.583.000 төгрөгийн, хохирогч Ц.Д-ад 6.583.000 төгрөгийн, хохирогч Э.Э-т 6.583.000 төгрөгийн, хохирогч Н.Т-д 6.583.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Б.А-, Ц.Д-а, Э.Э-, Н.Т- нар нь “шүүгдэгч Б.Г-гоос хохирлоо бүрэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг болон хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалаас улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

          Шүүхээс шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн Д.Энх-Учрал гэх охины хамт өрх толгойлж амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь Ерөнхий боловсролын 102 дугаар дүнд сургуульд эмчээр сарын 579.598 төгрөгийн цалинтай ажилладаг ба шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтов.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Г овогт Б-ы Г-г бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР