Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2924

 

  Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 103/3 дугаар байр хаягт байрлах Хом ланд хотхон СӨХ /Гэрчилгээний дугаар 161/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 103/1 дүгээр байр, 2 тоот хаягт оршин суух Гонгорын Болортунгалаг /РД:СЮ83013067/-т холбогдох 457,115.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Хом ланд хотхон СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хотхоны 103/1 дүгээр байр, 2 тоот хаягт оршин суух Гонгорын Болортунгалаг нь 2014 оны 12 дугаар сараас 12 дугаар саруудын, 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын, 2016 оны 1, 2 дугаар сарын нийтийн зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын 385,824.00 төгрөгийг төлөөгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлд зааснаар тэрээр уг төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

            Г.Болортунгалаг нь манай СӨХ-тэй байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д зааснаар төлбөрийг дараа сарын 25-ны өдрийн дотор төлөх хэрэв төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлнө гэсний дагуу 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт төлбөрийн алданги 66,291.00 төгрөг болж байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад 5,000.00 төгрөгийн нотариатын зардал гарсан тул нийт түүнээс 457,115.00 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.

Хариуцагч Г.Болортунгалагийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа “нэхэмжлэгч Хом ланд хотхон СӨХ-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа ба тус СӨХ-д учруулсан өр төлбөрөө 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3 /гурав/ сард хуваан төлж барагдуулна, иймд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацаанд тогтсон хэмжээгээр төлөх тухай түүний тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өгснөөс тус тус дүгнэвэл талууд 457,115.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхой хугацаанд, тогтсон хэмжээгээр төлөхөөр эвлэрэхээр тохирчээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба эвлэрэл нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Г.Болортунгалаг нь нэхэмжлэгч Хом ланд хотхон СӨХ-тэй Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ байгуулж, орон сууцны дундын өмчлөлийн инженерийн байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэх, хяналт тавих, сууц өмчлөгчдийн болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд үүссэн харилцааг зохицуулах, сууц өмчлөгч зохих төлбөрийг тохирсон хугацаанд төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Хом ланд хотхон нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас олгосон 161 тоот гэрчилгээний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан Төрийн банкны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн лавлагаагаар хариуцагчийн төлбөл зохих төлбөр 385,824.00 төгрөг, нэхэмжлэгчийн гаргасан тооцооллоор 66,291.00 төгрөгийн алданги төлөх тухай тус тус баримт авагджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Болортунгалаг нэхэмжлэлийн шаардлагыг аливаа хэлбэрээр эсэргүүцэж, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр болсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болорчимэг зөвшөөрсөн, зохигч нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байхаас гадна хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар Тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэв. 

Нэхэмжлэгч Хом ланд хотхон СӨХ нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Х.Болорчимэгт /РД:РЭ91070603/ итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг түүнд эдлүүлэхээр болсон байх бөгөөд уг итгэмжлэл нь хуулийн шаардлага хангажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болон гэсэн заалттай.

Нэгэнт талуудын эвлэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож буй этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх тул бүрэн эрхгүй этгээдүүд эвлэрсэн гэж үзэхгүй юм.

Түүнчлэн талуудын эвлэрэл нь нэхэмжлэлд цугларсан бусад баримт болоод нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн хүсэл зоригоо илэрхийлсэн тохиролцоо байхаас гадна Эвлэрлийн гэрээ нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.

Иймд, Хом ланд хотхон СӨХ-ийн гаргасан Г.Болортунгалагт холбогдох 457,115.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хом ланд хотхон СӨХ-ийн гаргасан Г.Болортунгалагт холбогдох 457,115.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 14,364.00 төгрөгийн 50 хувь болох 7,182.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 50 хувь болох 7,182.00 төгрөгийг хариуцагч Г.Болортунгалагаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

                                   

                        ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР