Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 018

 

       

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Ц.М-,

шүүгдэгч Л.Г-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор мод овогт Л-ын Г-д холбогдох эрүүгийн 1903005120298 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Л.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “...”-ны урд автобусны буудлын замд ... тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч Ц.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би байнгын өвчин намдаах эм ууж, эрчимжүүлсэн эмчилгээ хийлгэж байгаа. Би гэмтлээс болж ажлын ачаалал даах чадваргүй болсон. Учир нь ажлаасаа тараад орой гэртээ ирэхэд нүүр битүү хавантай болчихдог. Манай нөхөр улирлын чанартай ажил хийдэг тул санхүүгийн боломж муу байна. Би шүүгдэгч Л.Г-гаас эмчилгээний зардалд 3.400.000 төгрөг авсан хэдий ч цаашид эмчилгээ хийлгэх хүсэлттэй байна. Мөн ажилгүй байсан хугацааны 3 сарын цалингаа нэхэмжлэх хүсэлттэй байгаа хэдий ч холбогдох баримтуудаа гаргаж өгөөгүй, гэрт байгаа. Би маш их гомдолтой байна гэв.

 

Эрүүгийн 1903005120298 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тзмдэглэл. үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,

Хохирогч Ц.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-22-р хуудас/

Иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэгч/ М.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

Гэрч А.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн №786 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-50-р хуудас/,

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-78-р хуудас/,

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны №513 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-78-р хуудас/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-17-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 103-р хуудас/,

Хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/, “Улаанбаатар буйдан хийц” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/, бусад /хх-ийн 28-р хуудас/,

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 56-66-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 112-127-р хуудас/,

Шүүгдэгч Л.Г-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ш.Б- мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 93-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 100-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 102-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 129-131-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Г-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Л.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “...”-ны урд замд ... тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч хохирогч Ц.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн шагайн үений гадна, дотор хэсгийн өнгөц болон гүний холбоосуудын суналт, зүүн шилбэний гүний булчингийн суналт, зүүн шагай ясны хэмт эдийн хаван, баруун мөр, тохойн үе, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун бугалга, баруун дал, хоёр шилбэ, тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тзмдэглэл. үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,

 

Хохирогч Ц.М-ын ...Явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явж байсан автомашины жолооч эогсолгүй шууд ирээд мөргөж унагаасан. Маш их гомдолтой байна, хохирлоо хуулийн дагуу нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22-р хуудас/,

 

Иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэгч/ М.Г-ын ...Би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Т.Витц маркийн автомашиныг эхнэрийн дүү Л.Г-д унаж явах зөвшөөрөл өгсөн. Автомашинд эвдрэл гэмтэл учраагүй тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

 

Гэрч А.А-ын ...Жолооч гэнэт “хүн дайрчихлаа” гэж хашгирсан. Би тухайн үед юу болов гээд хартал автомашины хойд талд явган хүний гарцан дээр эмэгтэй хүн /М-/ сууж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн №786 дугаартай дүгнэлтэнд: Ц.М-ын биед зүүн шагайн үений гадна, дотор хэсгийн өнгөц болон гүний холбоосуудын суналт, зүүн шилбэний гүний булчингийн суналт, зүүн шагай ясны хэмт эдийн хаван, баруун мөр, тохойн үе, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун бугалга, баруун дал, хоёр шилбэ, тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 48-50-р хуудас/,

 

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэнд: “...Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдэлийн хувьд: Баруун гар талын толь сууриараа хугархай, дуут дохио ажиллахгүй, ухрах арааны баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. /хх-ийн 73-78-р хуудас/,

 

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны №513 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ...Т.Витц маркийн ... улсын дугаартай автомашины Л.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Л.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. /хх-ийн 73-78-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 103-р хуудас/,

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 56-66-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 112-127-р хуудас/,

Шүүгдэгч Л.Г-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 2.100.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл хохирлыг удахгүй төлнө...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Г-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Л.Г-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Л.Г- нь ... тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “...”-ны урд талын замд явган зорчигч Ц.М-ыг гарцан дээр мөргөж унагаасны улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Л.Г-гийн жолоодон явсан ... тээврийн хэрэгсэл нь Майнбаяр овогтой Г-ын эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-ийн 103-р хуудас/ тогтоогдсон.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч Л.Г-гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас иргэн Ц.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ц.М-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд баримтаар 3.390.620 төгрөгийн /хх-ийн 115-127-р хуудас/, мөн ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин нэхэмжилсэнийг шүүгдэгчээс 3.400.000 төгрөг өгч төлж барагдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нь “хохирлын баримт дотор шатахууны зардлын баримтууд авагдсаныг хасч тооцуулах хүсэлт” гаргасан хэдий ч хохирогч нь осолд орсны улмаас зүүн хөлөндөө гэмтэл авсан нөхцөл байдлаас үзэхэд тээврийн зардал нэхэмжилсэнийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Л.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

 

          Шүүгдэгч Л.Г- нь хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршгийн шинж чанар болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Г-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Ц овогт Л-ын Г-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-г 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Г-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г- нь хохирогч Ц.М-д эмчилгээний зардалд 3.400.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Ц.М- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Л.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР