Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0843/З |
Дугаар | 961 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 961
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Г” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ: “Манай компани нь 2009 онд 2 хувьцаа эзэмшигчтэйгээр гадаад худалдаа, аялал жуулчлал чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан бүх яамдаас санал авч боловсруулсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст цахим хэлбэрээр өргөдлийн NE-****** дугаар авч Төв аймгийн Бүрэн суманд Баян-Өндөр нэртэй 7229.56 гектар талбайд хүсэлт гаргасан. Дээрхи хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хянаж үзээд Төв аймгийн Засаг даргад хүсэлт илгээсэн байдаг.
Гэвч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Засаг дарга дээрхи газарт хайгуульн тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай саналыг ирүүлсэн. Төв аймгийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай саналыг манай компанийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артагт хүсэлт илгээсэн. Энэхүү хүсэлтийг хүлээн авч хянан үзээд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/1210 дугаартай Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад “Г” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг судлан хуулийн дагуу шийдвэрлэн ажиллах нь зүйтэй гэсэн хариу хүргүүлсэн байдаг.
Үүнээс хойш Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 041 дугаарт “2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ашигт малтмал, газрын тосны газраас сонсох ажиллагаа явуулахыг доорхи аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдэж байна.” гэсний дагуу манай компани нь өөрийн тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн. Ингэж тайлбар хүргүүлснээс хойш ямар нэгэн хариугүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7/5279 дугаартай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирын “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье” гэсэн шийдвэрийг бидэнд хүргүүлсэн байна. “Г” ХХК нь дээд шатны захиргааны байгууллага, гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад хандах эрхтэй гэснийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №05 тоот гомдол гаргасан боловч 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/6786 тоот хариу ирүүлсэн байна. Үүнд “сонсох ажиллагаанд тайлбар ирүүлээгүй бөгөөд Засаг даргаас “дэмжихгүй” саналыг үндэслэн гомдол хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн бас л бидний сонсох ажиллагаанд тайлбар хүргүүлсэн баримт бичигтэй танилцаагүй, дэмжихгүй саналын үндэслэлийг харалгүйгээр хариу ирүүлсэн байна.
“Г” ХХК нь дур мэдэж өөрийн санаачлагаар хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Төв аймгийн Бүрэн суманд Баян-Өндөр нэртэй газрыг сонгоогүй бид Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улс орон даяар нээлттэй зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайгаас сонгож, дээрхи Төв аймгийн Бүрэн суманд Баян-Өндөр нэртэй 7229,56 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гарсан байдаг. Гэтэл манай компанид дээрхи талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу ирүүлсэн. Гэвч 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор зарласан талбайнууд дотор Төв аймгийн Бүрэн сумын Баян-Өндөр нэртэй газарт мөн л хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор зарласан байгаа нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулж өгнө үү. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй" гэж тус тус заасныг үндэслэн ийнхүү шүүхэд хандаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч “Г” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Тус шүүхэд “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдох “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэрэг хянагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа “Г" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай” гэж нэмэгдүүлж байна.
Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг маргааны бүхий актын хууль зүйн үндэслэлээс харвал Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг үндэслэсэн байна.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 10-д уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “татгалзсан хариу өгч болно’' гэдгийг “Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан байна. Гэтэл Төв аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь хэсгийг үндэслэн “дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд уг саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуульд үндэслээгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа болно.
Төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг хүлээн авснаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ажиллагааг явуулсны үндсэн дээр хүсэлтийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд хэрэв хүсэлтэд дурдсан талбай нь тусгай зөвшөөрөл олгох боломжгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасныг үндэслэн хүсэлтэд заасан баримт бичгийн хамт манай компанид буцаан олгох байсан.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал үүсээгүй бөгөөд тиймдээ ч төрийн захиргааны байгууллага нь хүсэлтийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шалгаад тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн тухайн Засаг даргад хүсэлт хүргүүлсэн билээ. Манай компани нь Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын татгалзсан саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20 дугаартай албан бичгийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артагт хүргүүлсэн. Дээрхи хүсэлтийг Уул уурхайн яам хүлээн авч хянан шалгаад Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад “Г” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг судлан хуулийн дагуу шийдвэрлэн ажиллах нь зүйтэй” гэсэн хариуг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3/1210 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна.
Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй байхад хууль бус саналыг үндэслэн татгалзаж шийдвэрлэж байгаа нь манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул “Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “Г” ХХК-иас нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Манай компани нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст цахим хэлбэрээр өргөдлийн NE-****** дугаар авч Төв аймгийн Бүрэн суманд Баян-Өндөр нэртэй 7229.56 гектар талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж, хавсаргана” гэж заасныг үндэслэн хүсэлт гаргасан.
Энэхүү хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох", мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайг зургийг хавсаргана” гэж заасны дагуу Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргад хүсэлтийг илгээсэн.
Гэвч Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дээрхи газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай саналыг ирүүлсэн байна.
Энэхүү дэмжихгүй саналын хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг үндэслэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан татгалзсан хариу өгч болно гэсэн зохицуулалтыг хэрхэн ойлгох талаар Монгол Улсын Дээд Шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 10-д уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “татгалзсан хариу өгч болно” гэдгийг “ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан байна.
Тиймээс Төв аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн саналыг ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд уг хууль зүйн үндэслэлгүй саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.
Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох талбайн хилийн зааг болоод солбицлыг холбогдох төрийн эрх бүхий байгууллагууд зөвшилцөн гаргадаг бөгөөд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байгаа. Гэтэл хууль зүйн үндэслэлгүй татгалзлыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа учраас ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. Мөн манай компанид тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: “Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.
Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. “Г” ХХК нь Төв аймгийн Бүрэн сумын Баян-Өндөр нэртэй 7229,56 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-****** дугаарт бүртгүүлсэн байна.
Кадастрын хэлтсээс “Гуулин талын жонш” ХХК-ийн өргөдөлд Ашигт
малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/666 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Уг саналд Төв аймгийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/298 тоот албан бичгээр NE-****** дугаартай өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг 182 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна. Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна.
Сонсох ажиллагаанд “Г" ХХК нь тайлбар ирүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92,2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дүгээр шийдвэрээр NE-****** дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/5279 дугаартай албан бичгээр тус компанид мэдэгдэл хүргүүлсэн байна.
Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг зарласан, нээлттэй байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаар олгох үйл ажиллагаа явагдсан боловч техникийн саатал гарсан. Улсын Дээд Шүүхийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 10 дахь хэсэгт хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “татгалзсан хариу өгч болно” гэдгийг “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж заасан. Энэ нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарах, бүрэн эрхэд хамааралтай зохицуулалт биш. Аймаг, нийслэлийн Засаг дарга санал өгөхөд хамааралтай зохицуулалт юм. Манай зүгээс Засаг даргаас дэмжээгүй санал ирсэн учраас маргаан бүхий шийдвэрийг гаргасан. Ашигт малтмалын тухай хуульд зөвхөн дэмжсэн санал ирсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн зохицуулалт байгаа. Дэмжээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох зохицуулалт байхгүй.
Иймд “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Г” ХХКомпани, түүнийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Г тус шүүхэд хандаж “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн “Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага гаргаж улмаар “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” гэж тодруулсан болно.
Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төв аймгийн Засаг даргын дэмжээгүй санал ирсэн гэдгээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...дэмжээгүй санал нь хуульд үндэслэсэн эсэхэд Кадастрын хэлтэс дүгнэлт өгөх ёстой байсан...” гэж тодорхойлсон ба хариуцагч үүнийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч компаниас 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хандаж Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших Баян-Өндөр нэртэй 7229 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-****** дугаар өргөдөл гаргасан, хариуцагч уг өргөдлийг хянаад тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, Төв аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6/9711 тоот албан бичгийг хүргүүлжээ.
Төв аймгийн Засаг дарга дээрхи албан бичгийн хариуд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар албан бичгээр “дэмжихгүй” гэж хариу өгсөн, уг саналыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан Кадастрын хэлтсийн даргаас “Г” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 460 дугаар шийдвэрийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар аймаг нийслэлийн засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дөгуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, мөн хуулийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэснээс үзвэл хариуцагч Ашигт малтмалын газраас Төв аймгийн Засаг даргад санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн нь дээрхи хуулийн заалтад нийцжээ.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын даргын, 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж аймаг, нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг тодорхойлсон ба Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийн талаар аймгийн Засаг даргын татгалзсан болон дэмжсэн санал нь тухайн нутгийн захиргааны байгууллагын шийдвэр болон хуульд үндэслэсэн байх шаардлагыг тогтоосон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Төв аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар бүхий “дэмжихгүй” санал ирүүлэхдээ хавсаргаж ирүүлсэн баримтуудаас үзвэл Төв аймгийн Бүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар бүхий “санал уламжлах тухай” тогтоолоор “...бэлчээрийн гол нутаг...тахилга шүтлэгтэй уул, усны сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс тогтоосон булаг, горхи...багтаж байгаа” гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, уг тогтоолын 2 дахь заалтаар “уг тогтоолыг хуулийн хугацаанд Ашигт малтмалын газар болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг сумын Засаг даргад даалгасан”, үүний дагуу Бүрэн сумын Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт уг саналыг хүргүүлсэн, Төв аймгийн Иргэдийн иТөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 49 дүгээр тэмдэглэлд “...сумаас ирүүлсэн санал, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтуудыг удирдлага болгон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй” гэж шийдвэрлэн...энэ шийдвэрийг үндэслэн саналаа хуулийн хугацаанд өгөхийг аймгийн Засаг даргад даалгажээ.
Эдгээр шийдвэр тогтоолуудыг үндэслэн Төв аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 163 дугаар бүхий бичгээр “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтуудыг үндэслэн нуур цөөрөм давхардсан гэх үндэслэлээр “уг талбайд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” саналыг хариуцагч байгууллагад хүргүүлсэн, нэхэмжлэгчээс уг саналыг гаргасан захиргааны байгууллагуудад холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй.
Төв аймгийн Засаг даргын дээрхи санал нь эрх бүхий нутгийн захиргааны байгууллагуудын саналууд болон Газрын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэсний дээр татгалзлын үндэслэлийг нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “хуульд заасан үндэслэлээр татгалзах” үндэслэлд хамаарахаар байх тул аймгийн Засаг даргын дэмжээгүй саналыг үндэслэн нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Төв аймгийн Засаг даргаас саналаа 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/12 дугаар албан бичгээр ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасан хугацаанд хамаарч байх бөгөөд ийнхүү хугацаанд нь өгсөн саналын талаар шийдвэр гаргаагүй атлаа хариуцагч захиргааны байгууллагаас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/666 дугаар албан бичгээр саналыг дахин авахаар хүргүүлсэн нь хуулиар зөвшөөрөөгүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан нэхэмжлэгчийн өргөдлийг хариуцагч захиргааны байгууллагаас татгалзаж шийдвэрлэсэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэсэн тул “хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН