| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2019/0917/З |
| Дугаар | 221/МА2021/0230 |
| Огноо | 2021-05-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2021/0230
“У к” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаар шийдвэртэй, “У к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК-ийн гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралт 12 Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, улсын драмын эрдмийн театрын хойд талын Ю.Цэдэнбалын хөшөө бүхий 5100 м.кв газрын солбицол тогтоож, нийтийн эдэлбэр газрын байршил тогтоосон хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дугаартай захирамжийн тухайн байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “У к” ХХК-ийн төлөөлөгчөөс тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын талаар.
Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий тогтоолыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2-т заасантай нийцсэн, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дүгээр тогтоолд үндэслэсэн” гэжээ.
Нэг. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай.
Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэр газарт ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг... зэрэг газар хамаарна” хэмээн ямарваа салаа утгагүй тодорхой заасан. Гэтэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг нийтийн эзэмшлийн талбайд тогтоосон нь хуулийн дээрх заалтыг шууд зөрчсөн байдаг. Ийм байхад анхан шатны шүүх нь уг тогтоолыг Газрын тухай хуулийн 3.1.9, 12.2-т нийцсэн хэмээн хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Хоёр. 2009 оны 9 сарын 28-ны өдрийн 114 дүгээр тогтоолын тухай.
Анхан шатны шүүх нь уг дүгнэлтийг хийхдээ нийслэлийн Засаг даргаас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн танилцуулгыг үндэслэсэн байдаг. Гэтэл уг танилцуулгад 114 дүгээр тогтоол яагаад хэрэгжээгүй талаар тодорхой дурдсан байдаг /ХХ-1-178 дахь тал/. Уг танилцуулгад дурдсанаар “Байршлуудад хил зааг, эргэлтийн цэг тогтоогоогүй, солбицлыг баталгаажуулаагүй, нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгээгүй, Холбогдох байгууллагад хариуцуулаагүй, Хяналт сул” байсны улмаас уг тогтоол хэрэгжээгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх бүх ажиллагаанууд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа бөгөөд нэхэмжлэгчээс авах шаардлагатай арга хэмжээ дурдаагүй байна. Нэхэмжлэгч нь ийм тогтоол байгааг огт мэдээгүй бөгөөд гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх удаа олж мэдсэн байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмаар хамгаалагдана. Тодруулбал, захиргааны байгууллага нь гаргасан тогтоолоо хэрэгжүүлээгүй, бусдад огт мэдэгдээгүй атлаа иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа ашиглаж байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг шууд зөрчиж байгаа болно.
Нөгөөтэйгүүр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид түүгээр зогсохгүй төрийн аль ч байгууллага, албан тушаалтанд аливаа газрыг эзэмшил, ашиглалтад олгохгүй байх, барилга барихыг хориглох тухай шийдвэр гаргах эрх хэмжээ хууль тогтоомжоор олгогдоогүй болохыг онцгойлон анхаарах шаардлагатай. Гэтэл 2009 оны 114 дүгээр тогтоолыг анхан шатны шүүх шийдвэртээ /21 дэх тал/ нийтийн эзэмшил тогтоосон шийдвэр хэмээн агуулга зорилгыг гуйвуулан тайлбарлаж, хууль ёсны мэтээр дүгнэсэн нь хуульд үндэслэх, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн үйлдэл болсон.
2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын талаар.
Юун түрүүнд хариуцагч байгууллагуудын гаргасан шийдвэр хоорондоо зөрчилдөөнтэй, логик алдаатай байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Тухайлбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид нь маргаан бүхий газрыг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 126 дугаар тогтоолоороо нийтийн эдэлбэр газар болгосон. Гэтэл нийслэлийн Засаг дарга нь цаг хугацааны хувьд түүнээс хойно буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Нэгэнт нийтийн эдэлбэр газар болсон бол нэхэмжлэгч компанийн эзэмшил дуусгавар болох нь зүй. Гэтэл нийслэлийн Засаг дарга дуусгавар болсон эзэмшлийг хүчингүй болгох захирамж гаргах боломжгүй юм. Үүнээс үзвэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 126 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/1352 дугаар захирамжууд нь нэгэн зэрэг хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй юм. Ийм атал анхан шатны шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.
Анхан шатны шүүх нь уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг шийдвэр нь “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасантай тус тус нийцсэн” гэж дүгнэжээ. Уг дүгнэлт нь үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Нэг. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлийн талаар.
Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлахдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг үндэслэсэн байдаг. Уг 114 дүгээр тогтоолын хувьд бидний хууль ёсны итгэл хамгаалагдах талаар өмнө дурдсан.
Нөгөө талаар, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу газар эзэмших эрх цуцалж байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах үйлдэл болохынхоо хувьд тус хуулийн 48.3-т заасан таван жилийн хугацааг баримтлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, анх уг газрыг олгосон 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээс хойш таван жилийн хугацаа хэдийн өнгөрсөн байхад ийнхүү цуцалсан нь үндэслэлгүй байдаг.
Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан үндэслэлийн талаар.
Анхан шатны шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримталсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэхдээ мөн зүйлийн 48.3-т заасан маш тодорхой хугацааны талаар огт дүгнээгүй байдаг. Захиргааны ерөнхий хуулиар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах тохиолдолд гаргасан өдрөөс таван жилийн дотор цуцлах эрхийг захиргааны байгууллагад олгосон. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй хэрэглэгдэх хууль тогтоомжийн зохицуулалтын талаар огт дурдалгүй, ямар нэгэн байдлаар дүгнээгүй орхижээ.
Мөн анхан шатны шүүх нь яагаад “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж үзсэн нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь тус газрыг анх эзэмшихдээ цэцэрлэгт хүрээлэнгийн газар дор олон давхарт гараж байгуулах зорилгоор /ХХ-1-48 дахь тал/, газрын зориулалтыг өөрчлөхгүй байх үүрэг хүлээсэн /ХХ-1-23 дахь тал/ бөгөөд уг үүргээ ч биелүүлж ирсэн болно. Өөрөөр хэлбэл, бид хэний ч эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаагүй атал анхан шатны шүүх ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Гурав. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үндэслэлийн талаар.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д заасан эрхийнхээ хүрээнд маргаан бүхий газрыг барьцаалж, зээл авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх “ийм эрхтэй ч барьцаалсан нь хуульд нийцэхгүй байна” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна. Мөн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчин нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч, талуудын хэний ч маргаагүй асуудлаар ийнхүү дүгнэлт хийсэн байна. Ийнхүү маргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагддаг.
Дөрөв. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үндэслэлийн талаар.
Анхан шатны шүүх нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байдаг.
Шүүх нь ийнхүү хууль зөрчиж дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, аливаа хуулийн этгээд нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, Монгол улсад бүртгэгдсэн бол Монгол Улсын хуулийн этгээд байна. Гэтэл анхан шатны шүүх нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь Монгол Улсын хуулийн этгээд биш мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.
Мөн шүүх нь нэхэмжлэгч компанийг 2010 онд анх гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан хэмээн хэрэгт огт авагдаагүй зүйлийг дүгнэсэн байдаг. ХХ-1-155 дугаар талд нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа авагдсан байдаг бөгөөд уг компанийг үүсгэн байгуулагч нь тухайн үеийн "Улаанбаатар хотын банк" ХХК байдаг нь тодорхой харагдана. Улмаар маргаан бүхий газар эзэмших эрхийг олж авах үед ч, анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед ч тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын иргэн М.Мөнхбатаар байгаа болно.
Тав. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн талаар.
Нэхэмжлэгч компани нь 2017 оны 02 сарын 15-ны өдрийн А/91 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байдаг. Ийнхүү газар эзэмших эрхтэй болсноор газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж барагдуулж байсан бөгөөд газрыг зориулалтын дагуу олон давхар газар доорх гараж барихаар зургийн ажлыг эхлүүлсэн байсан болно.
Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 24-нд буюу нэхэмжлэгч газар эзэмшээд 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу цуцлах мэдэгдэл ирсэн байдаг. Улмаар газар эзэмших эрх ийнхүү хууль бусаар цуцлагдах эрсдэл бий болсноор тус газарт хөрөнгө оруулалт татах, төслийн үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэх боломжийг хязгаарласан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д 2 жилийн хугацаа олгосон нь тухайн газар эзэмшигч этгээд зураг төсөл бэлтгэх, хөрөнгө оруулалт татах гэх мэтчилэн бэлтгэл ажил хийх хугацаа олгосон зохицуулалт болно. Гэтэл хариуцагчаас уг эрхийг олголгүйгээр ийм арга хэмжээ авсан байдаг. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.
3. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дугаартай захирамжийн хавсралтын 12 “Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улсын драмын эрдмийн театрын хойд талд Ю.Цэдэнбалын хөшөө бүхий 5100 м.кв талбай”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.
Анхан шатны шүүх нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэхдээ илт үндэслэлгүй логик алдаатай дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, шүүх нь “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” хэмээн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж буй атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “... маргаж буй нь үндэслэлгүй” хэмээн дүгнэлт хийсэн байна. Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, харин нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийсэн бол захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүх нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн тус актын үйлчлэл хэвээр байсан тохиолдолд үндсэн нэхэмжлэл хангагдсан ч нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглах эрх сэргэх боломжгүйгээр зөрчигдсөн хэвээр байх үр дагавартай тал гадагш чиглэсэн, бие даан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шинжтэй захиргааны акт юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “У к” ХХК-аас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Улаанбаатар капитал ХХК-ийн хүчин төгөлдөр гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж буй газарт хамаарах хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжийг, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийн компанид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг[1] гаргажээ.
1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “У к” ХХК-ийн хүчин төгөлдөр гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж буй газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:
Анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 09-ний “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/493 дугаар захирамжаар[2] Улаанбаатар хотын банканд “орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Улсын драмын театрын зүүн талын Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай бүхий 0.4 га газрыг 5 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр” эзэмшүүлэх эрх олгосон, улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар[3] дуудлага худалдааны анхны үнийг нийслэлийн төсөвт бүрэн төлсөн тул Улаанбаатар хотын банкны газрыг эзэмших эрхийг баталгаажуулжээ.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар[4] “У х б” ХХК-ийн орчны тохижилттой газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 4000 м.кв газар эзэмшүүлэх эрхийг нэхэмжлэгч “У к” ХХК-д шилжүүлсэн.
Маргаан бүхий 126 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 56 дугаар зүйлийн 56.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоож, эдгээр газруудыг бүртгэлжүүлэх, хамгаалах, зориулалтын дагуу тохижуулах, шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Уг тогтоолоор нийтийн эдэлбэр газарт хамааруулсан Сөүлийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын хойд талын Ю.Цэдэнбалын хөшөө бүхий 5100 м2 талбайтай нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 18643310147791 нэгж талбарын дугаартай 4000 м2 газар давхцаж байгаа гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллээр[5] тогтоогджээ.
Нийслэлийн Засаг даргаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох” асуудлыг Нийслэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн барьсан.[6]
Үүний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар хуралдаанаар[7] Нийслэл Засаг даргын өргөн барьсан уг асуудлыг хэлэлцэн “Нийтийн эдэлбэр газар”-ын байршил, хэмжээг тогтоож, маргаан бүхий 126 дугаар тогтоолыг гаргажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид ... дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:.хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар тус тус батална.”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “..., нийслэл, ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” гэж тус тус зохицуулжээ.
Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоож, эдгээр газруудыг бүртгэлжүүлэх, хамгаалах, зориулалтын дагуу тохижуулах, шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.
Иймээс нэхэмжлэгчээс “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид ...аливаа газрыг эзэмшил, ашиглалтад олгохгүй байх, барилга барихыг хориглох тухай шийдвэр гаргах эрх хэмжээ хууль тогтоомжоор олгогдоогүй” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, харин давж заалдах гомдолд маргаж байгаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч гомдолдоо “Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэр газарт ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг... зэрэг газар хамаарна” хэмээн ямарваа салаа утгагүй тодорхой заасан. Гэтэл ... 126 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг нийтийн эдэлбэрээр тогтоосон нь хуулийн дээрх заалтыг шууд зөрчсөн” гэж маргажээ.
Гэвч нэхэмжлэгч “У к” ХХК-нь маргаан бүхий газрыг өөрийн толгой компани болох “Улаанбаатар хотын банк” ХХК-иас шилжүүлэн авч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн[8] дагуу газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоол гарсан өдөр хүртэл 2 жил гаруйн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь Нийслэлийн газрын албаны мэдэгдэл[9], “зураг төсөл хийх зэргээр их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа” гэх нэхэмжлэгч компаниас Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн албан бичгээр[10] нэхэмжлэгч зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн зэргээр тогтоогдож байна.
Иймд хуулиар тогтоосон журмын дагуу нэхэмжлэгч компани нь эзэмшлийн газраа гэрээнд заасан “орчны тохижилттой газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн”-гийн зориулалтаар 2 жил дараалан ашиглаагүй байсан гэдэг нь тогтоогдож байхад нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг нийтийн эдэлбэрээр тогтоосон маргаан бүхий 126 дугаар тогтоолыг Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг зөрчсөн хууль бус гэж үзэх үндэслэлгүй тогтоогдсонгүй.
2.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1352 дугаар захирамжаар[11] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг тус тус баримтлан “захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээ олгосон, түүнчлэн газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зохиулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр “У к” ХХК-ийн 4000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолын хавсралтын Сүхбаатар дүүрэгт холбогдох хэсгээр[12] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 2/14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1/1512 албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн нэхэмжлэгч компанийн эзэмшилд олгогдсон газартай давхцалтай “Улсын драмын эрдмийн театрын хойд талын Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбай 0,53 га” газрыг “Нийслэлийн 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгаж” шийдвэрлэсэн.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэхээр олгосон маргаан бүхий газар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээнд хамаарч байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанид эерэг нөлөөлөл бүхий газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу 5 жилийн дотор хүчингүй болгох хугацааг харгалзан үзнэ гэсэн агуулгаар маргаж байгаа нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч зөвхөн энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хуульд нийцээгүй гэж, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Учир нь маргаан бүхий актын үндэслэл нь хоёр өөр үндэслэлээр гарсан, нэг талаас “хариуцагч захиргааны байгууллагаас нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбайг хамгаалах зорилгоор эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон газрын байршил, хэмжээнд хамаарах газартай давхцалтай газарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэх эрх олгосон өмнөх шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон агуулгаар гаргасан. Тодруулбал, анхнаасаа газар эзэмшүүлэхийг хориглосон газарт газар эзэмшүүлсэн хууль зөрчсөн шийдвэрээ өөрөө хүчингүй болгож, алдаагаа зассан агуулгатай.
Нөгөө талаас нэхэмжлэгч компаниас гэрээнд заасны дагуу эзэмшлийн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй буюу нэхэмжлэгч газар эзэмших гэрээнд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч компани Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй болсон өдрөөс маргаан бүхий акт гарсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хоёр жил дараалан хугацаанд өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй гэдэг нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс нэхэмжлэгч талаас “2018 оны 09 дүгээр сарын 24-ний буюу нэхэмжлэгч газар эзэмшээд 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад цуцлах мэдэгдэл ирсэн байдаг, тус газарт хөрөнгө оруулалт татах, төслийн үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэх боломжийг хязгаарласан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
3.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 захирамжийн мараан бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан.
Маргаан бүхий А/344 дүгээр захирамж нь Нийслэлийн хэд хэдэн дүүргүүдийн 32 байршлын нийтийн эдэлбэр газрыг хамгаалах зорилгоор эдгээр газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, нийтийн эдэлбэр газрыг хамгаалах, тохижуулах талаар хамтран ажиллах гэрээг боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах, харьяа дүүргийн хэмжээнд батлагдсан нийтийн эдэлбэр газрыг хамгаалах, зориулалтын дагуу ашиглах, тохижуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгаж, мөн гэрээг дүүргүүдийн Засаг дарга нартай байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгосон байна.
Үүнээс үзэхэд уг акт нь дээд шатны албан тушаалтнаас доод шатны албан тушаалтанд хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтийн талаар үүрэг чиглэл өгсөн дотогшоо чиглэсэн үйл ажиллагаа байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын гадагшаа чиглэсэн байх, нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхэд шууд эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх шинжийг агуулаагүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаан бүхий А/344 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Анхан шатны шүүхийн шийдвэрт “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг буюу гэрчилгээгээр баталгаажсан эзэмших эрхийг барьцаалж болох ч уг барьцааны гэрээгээр хөрөнгө гэх агуулгаар газрыг барьцаалж, улмаар төрийн өмчийн газрыг үнэлж, барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлд тооцохоор заасан нь хуулийн энэ зохицуулалтад нийцэхгүй байна, мөн ...”У к” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанаас үзвэл тус компани 2010 онд анх гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, ...гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани хэмээн бүртгэгдсэн байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан газар эзэмшигчид тавигдах зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байх шаардлагыг хангахгүй байсныг дурдах нь зүйтэй.” гэсэн маргааны үйл баримт, маргаан бүхий актууд гарсан үндэслэлд хамааралгүй, хэрэгт хамааралгүй дүгнэлтүүдийг Үндэслэх хэсэгт хийсэн нь үндэслэлгүй боловч уг үндэслэлийг шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримтлаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “У к” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 1-3, 26-27 дахь тал, 2-р хавтас 11-14, 78-81 дэх тал
[2] Хэргийн 2-р хавтас 12 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 46 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 83-90 дэх тал
[5] Хэргийн 1-р хавтас 104-106 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 33 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 41-44 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 53, 83-89 дэх тал
[9] Хэргийн 1-р хавтас 92 дахь тал
[10] Хэргийн 1-р хавтас 93 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 204 дэх тал
[12] Хэргийн 2-р хавтас 1 дэх тал