Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020

 

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2016/02020

 

Альфа Транс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00899 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Альфа Транс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Цайны зам трейд ХХК-д холбогдох

 

Тээвэр зуучлалын хөлс, алдангид 67 235 759.25 төгрөг гаргуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Аделбекийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Э.Байрта

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Дашдамба

Хариуцагчийн төлөөлөгч: П.Буяннэмэх

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Аделбек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Альфа транс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байрта  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулан  ажилласан.  Гэрээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт орж гарах экспорт, импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, Цайны Зам Трейд ХХК нь үйлчилгээний хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээж,  манай компани нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Гүрж Улсаас Монгол Улс хүртлэх тээврийг амжилттай зохион байгуулж, гэрээний үүргийг тогтоосон газарт, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлсэн. Цайны зам Трейд ХХК нь гэрээнд заасны дагуу 2015 оны 12 сарын 17-ны өдрийн дотор 13 700 ам.доллар, 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 14.700 ам.доллар, нийт 28 400 ам.доллар төлөх үүрэгтэй байсан бөгөөд уг төлбөрөөс 22 468 03 ам.долларыг үлдэгдэлтэй байна. Мөн гэрээгээр алданги тооцоход 11 234 045 ам.доллар болсон. Иймд Цайны зам Трейд ХХК-иас нийт 33 702 135 ам.доллар буюу 67 235 759  төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээнд заасны дагуу давагдашгүй хүчин зүйл болоогүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Цайны зам трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрбаатараас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тээвэр зуучлалын гэрээ байгуулж, Гүрж улсаас ногоон цай оруулж ирсэн. Энэ үед Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Цайны Зам Трейд ХХК-д холбогдох иргэний хэрэгтэй холбоотойгоор хөрөнгө хамгаалах захирамж гарч, гаалийн агуулахад байгаа манай барааг битүүмжилсэн.  Үүний улмаас цай хөгзөрч устгалд оруулж, манай байгууллага борлуулалт хийхгүй алдагдалд орсон. Иймд үндсэн төлбөр болох 22 468 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийг багасгаж тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цайны зам трейд ХХК-иас 66 535 429 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Альфа Транс ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 700 330.24 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559 130 төгрөгөөс 494 128 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Цайны зам трейд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 490 627 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Альфа транс ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 65 001 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж Альфа Транс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Аделбек давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Альфа транс" ХХК нь цай оруулж ирэх үед Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс "Цайны Зам Трейд" ХХК-д холбогдох иргэний хэрэгт холбогдуулан хөрөнгө хамгаалах захирамж гарч нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас гаалийн агуулахад байгаа манай барааг битүүмжилсэн. Тухайн иргэний хэрэг нь хэрэгсэхгүй болсон ба үүний дараа Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шапгаж битүүмжилсний улмаас цайны хадгалах горим алдагдаж цай хөгзөрч мэргэжлийн хяналтын байгууллагаас устгалд оруулж, манай байгууллага борлуулалт хийхгүй алдагдалд орсон. Иймд шүүх "Тээвэр зуучлалын гэрээ"-ний 4-р зүйлийн 4.1 дэхь заалтыг үндэслэн алдангийг багасгах боломжтой тул үндсэн тээвэрлэлтийн төлбөр болох 22 468 ам.доллар буюу 44 356 775 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба алданги болох 11 234,05 ам.доллар буюу 22 178 486 төгрөгийг хүлээн зөвшөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 22 178 486 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Альфа транс ХХК нь хариуцагч Цайны зам трейд ХХК-д холбогдуулан тээвэр зуучлалын хөлс, алдангид 67 235 759 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч төрийн эрх бүхий байгуулагын шийдвэрээр эд хөрөнгө нь битүүмжлэгдэж, эд хөрөнгийн алдагдалд орсон нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж өгөхийг хүссэн тайлбар гарган маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тээвэр зуучийн үйлчилгээний 11232015 тоот гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр Альфа транс ХХК нь хариуцагчийн  захиалгаар Монгол улсын нутаг дэвсгэрт орж гарах экспорт, импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, Цайны зам трейд ХХК нь үйлчилгээний хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэр томьёо, талуудын хүлээх эрх, үүрэг, гэрээний зорилго, агуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь үйлчлүүлэгч буюу  хариуцагчаас бичиг баримт мэдээллийг авч, түүний нэрийн өмнөөс тээвэрлэгч байгууллагатай холбож, гэрээ байгуулж, тээвэрлэлтийн бүх явцыг зохион байгуулан хянаж, шаардлагатай мэдээллээр хариуцагчийг хангаж, терминал, гаалийн хяналтын талбайд буусан барааны бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авч, хариуцагчийг байлцуулан гаалийн бүрдүүлэлт, шалгалтад ороход туслалцаа үзүүлсэн нь тээвэрлэлтийн гэхээс илүүгээр тээвэрлэлт хийх этгээдтэй холбож өгөх, мөн хэлцлийг амжилттай хэрэгжихэд нэмэлт үйлчилгээ үзүүлэн, зохион байгуулах шинжтэй холимог маягийн гэрээ байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. / х.х-ийн 8-10 /

            Нэхэмжлэгч Альфа транс ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн, харин хариуцагч Цайны зам трейд ХХК нь 28 400 ам.долларын хөлс төлөхөөс 22 468  ам.долларыг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. Талууд гэрээндээ алданги тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч  нь  хариуцагчаас алданги шаардсан нь үндэслэлтэй байна.

 

            Гэвч гэрээний 3.1-т тээврийн хөлсийг ачаа ирснээс хойш ажлын 10 хоногийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон хэдий ч ачааг тээвэрлэн ирүүлсэн хугацаа хэрэгт авагдсан баримтаас тодорхойгүй байна.

 

Талууд №001 тоот тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 22 468  ам.долларын үлдэгдэлтэй болохоо баталгаажуулж, гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, үлдэгдлийг тодорхойлсон бөгөөд уг баримтад алдангийн талаар заагаагүй байна. /х.х-ийн 25 дугаар хуудас/

 

Гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу хариуцагч Цайны зам трейд ХХК-ийн үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байх бөгөөд уг өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу 58 хоногийн алдангийг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Дээрхээс дүгнэвэл 6 496 ам.доллар /112 ам. доллар х 58 хоног/-ийн алданги төлөхөөр байх бөгөөд үндсэн төлбөр 22 468 ам.доллар, нийт 28 964 ам.доллар буюу 57 181 308 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00899 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “66 535 429” гэснийг “57 181 308” гэж, “700 330.24” гэснийг “10 054 451.24” гэж, 2 дах заалтын “490 627” гэснийг “443 857” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Цайны Зам трейд ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                                    Ш.ОЮУНХАНД