Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 000096

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

                                                   Ч.Г.т холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0242/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд:   

 

               Прокурор                                            Ц.Мөнхтуяа

               Нарийн бичгийн дарга                      Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолтой Ч. Г.т холбогдох, 201714000227 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулагч мэргэжилтэй, ХХК-д насосны машинист ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овгийн Ч. Г.

 

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баянцагаан багт ХХК-ний өөрөө нунтаглах хэсгийн душны гадаа Б.Л-тай маргалдан түүний зүүн гарын 5 дугаар хурууны 3 дугар шивлүүр ясыг хугалж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч А овогт Ч-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.Г.т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.Г.ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Ч.Г нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г.т урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Ч.Г.д холбогдох хэргийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрхи мөнгөн төлбөрийг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” –ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэсэн заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагагыг хангаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд Ч.Г.т холбогдох Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт  оруулах саналтай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

              

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн ХХК-ний өөрөө нунтаглах хэсгийн душны гадаа Б.Л-тай маргалдан түүний зүүн гарын 5 дугаар хурууны 3 дугаар шивлүүр ясыг хугалж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Л-ийн мэдүүлэг, гэрч С.А, Э.У нарын мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны хохирогч Б.Л-ийн зүүн гарын 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүр ясны далд сэтэрхийт хугарал үүссэн бөгөөд энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ..., Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт, шүүгдэгч Ч.Г-ийн ...хохирогч Б.Л-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдожээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Г.т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Г.т торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4.д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулахдаа ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр биелүүлэхийг тогтоох хэсэгтээ тодорхой зааж өгөөгүй байна.

 

Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авч шийтгэх тогтоолд нэмэлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар Ч.Г.т оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд сарын 150 000 төгрөгөөр хэсэгчлэн тооцож төлөхөөр тогтоосугай гэсэн заалтыг нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          З.ХОСБАЯР                                                                                           

 

               ШҮҮГЧИД                                                                               Ц.ТУЯА

           

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА